Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 211/МА2022/00027

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          П.Лын нэхэмжлэлтэй иргэний

             хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2022/00415 дугаартай шийдвэртэй

П.Л-ын  нэхэмжлэлтэй

Д.Ч-т холбогдох

1.840.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн өмгөөлөгч Э.М-ийн заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагч Д.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Д.Ч нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр надтай тохиролцож, 42 тооны эм хонийг 5.250.000 төгрөгөөр /42*125.000=5.250.000/, 25 тооны эр хонийг 4.125.000 төгрөгөөр /25*165.000=4.125.000/, 17 тооны төлгийг 1.785.000 төгрөгөөр /17*105.000=1.785.000/, 17 тооны эр ямааг 1.360.000 төгрөгөөр /17*80.000=1.360.000/, 1 тооны эр ямааг 130.000 төгрөгөөр, 4 тооны эр үхрийг 6.000.000 төгрөгөөр /4*1.500.000=6.000.000/, 5 тооны соёолон үхрийг 6.500.000 төгрөгөөр /5*1.300.000/, 7 тооны хязаалан үхрийг 7.000.000 төгрөгөөр /7*1.000.000=7.000.000/, 12 тооны шүдлэн үхрийг 8.400.000 төгрөгөөр /12*700.000=8.400.000/, нийт 130 тооны малыг 40.670.000 төгрөгөөр худалдаж авсан. Манай гэр бүлийн хүн өөд болчхоод би малаа цөөлж, Д.Чт худалдсан. Д.Ч нь 130 тооны малыг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цагийн үед бүгдийг тоолж аваад туугаад явсан. Би бичиг үсэг мэдэхгүй учраас малыг хүлээж авч, өгсөн баримтад миний өмнөөс эгч н.Б гарын үсгээ зурсан. Д.Ч нь малын үнэ 40.670.000 төгрөгөөс 37.940.000 төгрөгийг төлсөн. Одоо 2,730,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Д.Ч нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр П.Лаас авсан малаа чононд хазуулчихлаа гээд 7 тооны эм хонь, 1 тооны эр хонь, 2 тооны төлөг, нийт 10 тооны шархтай малыг манай эгч н.Бд хүлээлгэж өгчхөөд явсан байсан. Иймд Д.Чын төлөх ёстой 2.730.000 төгрөгөөс буцаан авчирч өгсөн 10 тооны малын үнэ 1.250.000 төгрөгийг хасаж, үлдэх 1.480.000 төгрөгийг Д.Чаас гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. Д.Ч нь намайг хань ижлийг минь өөд болсноор далимдуулж хүчиндэхийг завдсан. Үүнд би гомдолтой байгаа.

Нэхэмжлэгч П.Л миний бие Д.Чт холбогдуулан 1.480.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа Д.Чын чононд хазуулчхаад үлдээгээд явсан 10 тооны шархтай хонины үнийг хасаж нэхэмжилсэн. Гэвч Д.Ч нь надад өгөх ёстой малын үлдэгдэл мөнгийг одоог хүртэл өгөхгүй, худал үнэн хэлж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Д.Чын чононд хазуулчхаад үлдээгээд явсан 10 тооны хониноос ихэнх нь шархаа даалгүй үхсэн. Эдгээрээс 4 тооны хонь нь эгч П.Баас надад хүлээлгэж өгөөгүй байхдаа үхсэн тул уг 4 тооны /1 эр хонь, 3 төлөг/ хонины үнэ 480.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Би эгч П.Бд шархтай 10 хонийг хүлээж ав гэж хэлээгүй байхад эгч П.Б, Д.Ч нар хоорондоо тохиролцоод хүлээлгээд авчихсан байсан. Иймд хариуцагч Д.Чаас 480.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Д.Ч надад мөнгөнийхөө ихэнхийг нь өгсөн. 1.200.000 төгрөг одоо өгнө эгчээ гэж хэлэхээр нь надад 1.500.000 төгрөг өгөх байлгүй дээ гэж хэлсэн чинь өгөхгүй гэж хэлсэн. Ах, дүү нар үүний малыг гол ус гаргаж өгөх гэсэн. Энэ малаа харанхуй бүрэнхийгээр хаячихсан. Д.Ч өөрөө малаа туугаагүй нь өөрийнх нь хохь байхгүй юу. Түүнээс миний мөнгийг өгсөн бол одоо надад ингэж явах шаардлага байхгүй. Би үүнээс худлаа мөнгө төгрөг нэхээгүй. Би үүнд малаа зарсан. Манай ах, дүү нартай ямар ч яриа байхгүй. Бид хоёрын дундын яриа байгаа. Энэ ингэсэн, тэр тэгсэн гэх асуудал байхгүй. Эгч 4 хонь өгсөн гэж хэлсэн. Маргааш нь эгч хүргэнийг манай малыг аваад яв гэж хэлсэн. Д.Ч 4 хоногийн дараа хонь олсон гэж шал худлаа хэлж байна. Үнэн юм үнэнээрээ байх ёстой. 12 хонь манай эгч хүлээж авсан гэх бичиг нь ч байгаа. Олон түмэнтэй ямар ч яриа байхгүй. Тэр тэгсэн, энэ ингэсэн гэж миний малыг маллаж байгаа манай дүү нарыг хүртэл оролцуулсан байна. Д.Ч бид хоёр л яриатай. Маргааш нь миний малыг туугаад явсан. Тэгэхэд миний мал дутсан байсан. Миний хонь байгаагаараа л байсан. Илүү дутуу хонь очоогүй байна лээ. Би эрх биш 10 гаран жил мал дээр байсан. Өрх толгойлж байгаа хүн юмаа мэдэлгүй яах вэ. 7 шархтай хонь долуулаа үхсэн. Би Д.Чт хүлээлгэж өгсөн юм чинь нэхэх ёстой шүү дээ. Хар ухаанаар бодоход би тэрийгээ нэхээгүй. Би хонины мөнгө 1.840.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би юман дээрээс харж хэлнэ үү гэхээс цээжээр худлаа хэлээд яах вэ. Би худлаа ярьдаггүй. Би олон ах, дүү нартайгаа зөрөлдмөөргүй байна. Би өрх толгойлж байгаа ганц бие эмэгтэй хүн. Хүний гар харах болно. Би хавраас хойш дуугүй л байгаа. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1.480.000 төгрөг гэж зөрүүтэй нэхэмжилсэн байна. Яг тооцоо нь 1.360.000 төгрөг болж байгаа уг мөнгийг нэхэмжилнэ. Үүн дээр 480.000 төгрөг нэмэгдүүлж, нийт 1.840.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Д.Ч шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багт оршин суугч П.Л гэдэг хүн над руу 08 дугаар сарын 29-ний өдөр залгаж хонь, ямаа зарах гэсэн юм гэхээр нь би одоо хот руу явах гэж байна гэсэн. Гэтэл чи заавал авчхаач, одоо очоод авахад бэлэн гэсэн. Тэр өдрөө би хот яваад 09 дүгээр сарын 07-ны өдөр П.Л руу залгаад ялгачих гэсэн за гэсэн. Тэгээд 07-ны орой ярьсан чинь би аньсанд яваад ирлээ, маргааш өглөө очоод ялгачихъя, чи орой очоод аваарай гэсэн. 09 дүгээр сарын 08-ны өдөр би явах гээд ярьтал хүн олдсонгүй би Архангай аймаг яваад ирлээ, унаа олдохгүй байна, чи цуг явах уу гээд мотоциклоор надтай хамт явсан. Тариат сумаас очих газар нь 85 км байдаг юм байна лээ. Очоод хонь, ямааг нь ялгах гэсэн чинь хашаа байхгүй өвөлжөөнд нь очиж ялгасан бөгөөд би өөрөө ялгалцсан. Ялгаж дуусахад үд өнгөрсөн ба хонь, ямаагаа ялгачхаад үхрээ ялгахад 03 цаг 30 минут болж байсан. Малаа хэн туух вэ гэж ярилцаад та хонио туу, би үхэр тууя гэсэн. Тэр нутгийн н.Гантөмөр гэдэг залуу 6 ямаа зарсан. Нэг ямаа 80.000 төгрөг байсан. Би 6 ямааг чинь нэгийг нь 100.000 төгрөгөөр авъя, харин чи мориороо хонь туугаад гол гаргаад өг гэсэн. Намайг Цахир сумаар тууя гэхэд н.Г-ийн ах нь энэ голоор асуудалгүй мал гарч байгаа нүүдлийн айлууд гараад байна гэсэн. Би тэр хавиас үхэр нэмж аваад ялгаж өгчхөөд явж байтал н.Лхагважаргалын дүү нь араас ирээд манай эгчийг та аваад яв, би үхэр, хонийг нь туугаад гол гаргаад өгье гэсэн. н.Гантөмөр морио болиод мотоциклоор тууж ирсэн. Дөрвөн хүн ирсэн. Явган болохоор үхэр гол гарахгүй нэлээд цаг авсан. Үхрээ арай гэж гол гаргаад н.Лхагважаргалаар урд талыг нь харуулсан би голын наанаас хүний морь гуйж унаад гол гарсан. Хонь, ямаа нь голоор урсаад гарч болохгүй байсан. Мал тууж яваа дөрвөн хүнээ наад өндөр хашаандаа хашаад үүдийг нь сайн хаагаад, мотоциклоороо мануухай болгоод орхичих гэсэн. П.Лын дүүг хонио хашчихаад залгаарай гээд дугаараа өгсөн. Би өглөө эрт ирээд авъя гээд үхэр дээрээ очтол буцаагаад гол гаргаад алдчихсан. Тариат сум руу орж ирсэн н.Л-ын дүүг залгахгүй байхаар нь гэртээ ирээд 12 цаг болж байхад залгаад хаана хашсан гэж асуутал голын захад тамхи татаж байгаад босоод иртэл хонь, ямаа алга болчихлоо гэсэн. Тэгэхээр нь одоо яах уу, би очих уу гэтэл яах вэ зүгээр би гэрэлтүүлээд хоноё гэсэн. Маргааш өглөө нь яваад очтол энд тэндгүй чоно идсэн байсан. Та нар шөнөжин явсан юм уу гэхэд дуугарахгүй байсан. П.Л руу чоно идчихсэн байна гээд ярихад би аймаг дээр байна гэсэн. Тэгээд дахиад залгаад утсаа аваагүй. Ганцаараа гол үертэй байхад яаж 2 толгой мал тууж явах вэ дээ. Би хэдэн мянган мал авдаг хүмүүс малаа авчирч өгөөд мөнгө аваад явдаг. П.Лын дүү нь өөрөө малаа туух гээд мэдэмхийрэн би тууна, эгчийг аваад яв гэж надад уурласан. н.Г мориор гол гаргаж өгнө гэж надтай 120.000 төгрөгөөр хөлс тохирсон. П.Лын хотноос нэг ах 20 ямаа өгсөн бөгөөд тэр хүн мал туулцсан. Мөн 1 хайнагийн шар өгсөн. Тэгтэл 12 ямааг нь чоно идсэн байсан. Тэр ах чоно идсэн малын мөнгөөр яах вэ 8 ямааны мөнгийг нь өгчих гэсэн. Тууж яваад хариуцлага алдсанаа мэдсэн учир тэр хүн тэгсэн. 1.480.000 төгрөгийг би төлөхгүй. Би тууж яваад хариуцлага алдаагүй, тууж явсан дөрвөн хүн хариуцлага алдсан. Өөрсдийн хариуцлага алдсанаас болж чоно нохойнд орсон бөгөөд хүргэх газар нь хүргэж өгөөгүй. н.Л-ын дүү залуу мэдэмхийрэн би тууна гэсэн, залгаад алдсан гэхэд нь би очих уу гэхэд би гэрэлтүүлж хононо гэсэн. Хүргэх газраа хүргэж чадаагүй энэ залууд хариуцлага тооцох ёстой. П.Л гэдэг авгай намайг хүчиндэхийг завдсан гэж ор үндэсгүй гүтгэж нэр төрд минь халдаж байна.

Архангай аймгийн Хангай сумын Ар баясгалант гэх газар оршин суугч П.Лын төрсөн эгч нь малыг нь хардаг байсан. н.Б нь 10 шархадсан хонийг нь Портер машинаар ирж авсан. 3 үхсэн, 7 амьд хонь авч явсан. 10 шархадсан хониор би мал хийчихнэ гэж хэлээд аваад явсан. П.Лын нэхэмжилсэн 480.000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. н.Б нь анх төрсөн дүү П.Лын мал хонь, ямаа нийлсэн 368 толгой мал хүлээн авсан. Надад үүнээсээ 102 хонь ямааг өгч, үргээж алдсанаас 10 хонь шархдаж, 9 хонь, 1 ямаа хажуу айлын хониноос авсан ба үнэн зөвийг н.Б мэдэж байгаа. Миний авч үлдсэн хонь 82 байгаа юм. н.Быг би шүүх хуралд оруулж үнэн зөвийг хэлүүлэх хүсэлтэй байна.

Би өгөх ёстой малыг нь өгсөн. Малыг нь ах, дүү нар нь олсон. Би П.Лд энэ мөнгийг өгөх ёсгүй болоод өгөхгүй байгаа. 10 хонийг эгч нь би энэ байтугай малаар мал хийнэ гэж хэлсэн. Өөрийг нь би хүрээд ир, эд нар тууж яваад мал чинь юманд орсон байна гэж би сумын хэсэг рүү хүртэл ярьсан. Тэгсэн Архангай аймагт дэлгүүрт явж байна гэж хэлсэн. Ингэж худлаа яриад тухайн үед нь учраа олчих байсан. Дараа нь хонь, ямааг нь олсон, ямар ч иймээ тиймээ юм байхгүй болсон, мөнгөө хийгээгүй бол хасаж хийгээрэй гээд би мөнгөө хасаж хийсэн. 9 хонь, 1 ямааг нь олоод мал нь бүрэн бүтэн хотондоо байгаа учраас би төлөх ёсгүй гэж бодож байна. Хүний туранхай эцэнхий малыг зарснаараа ингэж дарамтлуулах ёстой юм уу. Эгч, дүү нар нь чамайг гүтгэж худлаа яриад байна,  энэ байтугай худлаа ярьж явдаг хүн, бид нар гэрч болъё гэж хэлсэн. 368 хонь хүлээлгэж өгсөн. Түүнээс 285 хонь нь очсон байдаг. Одоо харж байгаа 2 дүү нь хүртэл 285 хонь байгаа гэж ярьсан. Малын тоо нь зөрөхгүй байхад надаас нэхэмжилж байна. Би энэ дээр туйлын гомдолтой байна. Та үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би П.Лд малын мөнгө гэж 37.940.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2022/00415 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ч-аас 1.840.000 /нэг сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Л-д олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.680 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Д.Чаас 44.390 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Лд олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.М-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “П.Лын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Чт холбогдох 1.840.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2022/00415 дугаартай шийдвэрийг хүлээн аваад хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Уг шийдвэр нь зохигчдын хооронд үүссэн маргаан бүхий үйл явдалд  үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах хуулийн зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах харилцаа үүссэн гэж дүгнэсэн хэдий ч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд тухайн үед болсон маргаан бүхий үйл явдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Учир нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар нийт 130 тооны толгой малыг нэг бүрийн үнийг харилцан тогтоож, худалдаж болон худалдан авсан үйл баримт маргаангүй. Харин талууд худалдсан эд хөрөнгийг /хонь, ямааг/ өөр газар хүргэх, хүлээн авахтай холбоотой асуудлыг хэрхэн тохиролцсоныг, мөн нэхэмжлэгч /худалдагч/-д 20 тооны хонь, ямаа үнэхээр дутаж хохирсон эсэх, энэ нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй хамааралтай эсэх, хариуцагч нь жинхэнэ хариуцагч мөн эсэх зэрэг дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хэрэгт цугларсан бичгийн болон мэдүүлгийн нотлох баримтыг шинжлэн судлахад талууд нэхэмжлэгч, түүний дүү, ах дүү, хамаатан саднаар дамжуулан худалдсан эд хөрөнгийг худалдагчийн байгаа газраас тодорхой 3-4 км зайтай газарт хүргэж өгөхөөр амаар харилцан тохиролцож, тодорхой үйлдэл хийсэн. Ингэж тохиролцоод явж байхдаа урьдаас тооцоолоогүй эрсдэлд орсон нөхцөл байдал тогтоогдож байна. Гэрч П.Бын мэдүүлгээр өөрийн хүлээж авсан 10 хонь дээр уулын мод, айлд очсон байсан 10 хонь, ямаа нийт 20 тооны хонь, ямааг буцаан хүлээж авч, нэхэмжлэгчийн малтай нийлүүлсэн болох нь тогтоогддог. Хариуцагч Д.Ч нь өөрийн худалдаж авсан 82 тооны хонь, 28 тооны үхрийн үнэд 37.940.000 төгрөг өгсөн байдаг. Хариуцагч Д.Ч нь нэхэмжлэгч П.Лын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан этгээд биш юм. Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2022/00415 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.М-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.Л хариуцагч Д.Чаас худалдсан малын үнийн үлдэгдэл 1.840.000 төгрөг нэхэмжилж, хариуцагч Д.Ч худалдаж авсан малын үнийг бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар явуулсан, зохигч, тэдгээрийн өмгөөлөгчийн эрхийг зөрчөөгүй, зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, анх худалдсан малын тоо, тохирсон үнэ, төлсөн дүнд зохигчид маргаагүй талаар зөв дүгнэжээ.

Харин нэхэмжлэгч П.Л нь хариуцагч Д.Чт 130 тооны малыг шилжүүлж, хариуцагч хүлээн авсан тул 20 тооны хонь ямаа дутагдсан эрсдэлийг худалдан авагч Д.Ч хариуцах үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Зохигчид 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр  84 тооны хонь, 18 тооны ямаа, 28 тооны үхэр, нийт 130 тооны малыг 40.450.000 төгрөгөөр үнэ тохирон, худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. /хх-ийн 3/

Нэхэмжлэгч П.Лын 368 тооны хонь, ямаа түүний эгч П.Бынд байсан ба хариуцагч Д.Чт 28 тооны үхэр, 102 тооны хонь, ямаа хүлээлгэж өгсөн, Д.Ч 130 тооны мал хүлээн авч, тууж явах замд малд чоно орсноос болж, 10 тооны хонь шархдаж, 9 тооны хонь, 1 ямаа сарниж, алга болсон бөгөөд шархадсан 10 тооны хонийг 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр П.Бд хүлээлгэж өгсөн /хх-ийн 3/, сарнисан 9 тооны хонь, 1 тооны ямааг П.Б олж, малдаа нийлүүлсэн, шархадсан 4 хонь үхсэн бөгөөд үлдэгдэл 282 тооны хонь, ямааг П.Лын төрсөн эгчийн хүүхдүүд болох П, Л нарт хүлээлгэж өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрч П.Б /хх-ийн 41-43/, гэрч П.Б /хх-ийн 67/ нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хариуцагч Д.Ч 102 тооны хонь, ямааг хүлээж авсны дараа 4 хонь чононд бариулж, үхсэн нь тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т зааснаар эрсдэл худалдан авагч Д.Чт шилжих тул 4 хонины үнэ 480.000 төгрөгийг нэхэмжлэгч П.Лд төлөх үүрэгтэй.

 Харин сарниж алга болсон 9 тооны хонь, 1 тооны ямааг П.Б олж, П.Лын малд нийлүүлсэн нь тогтоогдож байхад тэдгээр малын үнийг  Д.Чт хариуцуулах нь үндэслэлгүй юм.

Энэ үндэслэлээр бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагаас 480.000 төгрөгийг хангаж, 1.360.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.680 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага хангасан, хэрэгсэхгүй болгосон хэмжээгээр, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 44.390 төгрөгийг мөн давж заалдах гомдол хангагдсан хэмжээгээр тус тус хуваарилах нь зүйтэй болно.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2022/00415 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагч Д.Ч-аас 1.840.000 /нэг сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Л-д олгосугай” гэснийг “хариуцагч Д.Ч-аас 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч П.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  1.360.000 /нэг сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “44.390 /дөчин дөрвөн мянга гурван зуун ер/ төгрөг гаргуулж” гэснийг “15.050 /арван таван мянга тавь/ төгрөг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Э.М-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 дугаар сарын 02-ны төлсөн 44.390 /дөчин дөрвөн мянга гурван зуун ер/ төгрөгөөс 15.050 /арван таван мянга тав/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, 29.340 /хорин есөн мянга гурван зуун дөч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

       

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ДАВААСҮРЭН

                  ШҮҮГЧИД                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                  Л.НЯМДОРЖ