Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 174

 

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

          Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Хас овогт Б.Б-д холбогдох 1835003470191 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт оршин суух Хас овогт Б. Б РД:   .

         Холбогдсон хэргийн талаар:  Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 сарын 03-ны өдөр Улаангом сумын 12-р багийн нутагт  С.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

       Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт хохирогч С.Т-ийг зодсон болох нь хохирогч С.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ Д, Б хоёрын хамт Их монгол нэртэй 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд байж байтал манай хүү Т.А, Т.Г нар хичээлээ тараад ирсэн. Тэгтэл манайд хажуу айлын Б.Б гэх залуу орж ирэхэд манай хүүхдүүд хийж байсан гурилтай шөлнөөсөө Бод хийж өгсөн. Б.Б манай хоолыг давс султай байна гэж хэлсэн. Би дуугүй наад хоолоо ид гэж хэлсэн. Тэгээд би Б.Бод чи миний хүүхдүүдийг хулгайд хардсан гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би Б.Б-ыг уучих гээд станктай архиа өгөхөд Б.Б уухгүй гэхээр нь би ууж байсан станктай архиа Б руу цацсан. Тэгтэл Б.Б өөрийнхөө идэж байсан халуун хоолтой ягаан цоохор цэцэгтэй аягатай хоолоо над руу шидэхэд миний дух хэсэгт цохиод аяга нь олон хэсэг болон хагарсан. Миний духны хэсэг түлэгдээд, духны хэсэгт язралт үүсэж цус их гарч байсан. Тэгээд Б манай гэрээс гараад явчихаар нь би аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очиж оёдол тавиулсан. Миний биед одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад Б.Боос нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал хүсэлт байхгүй. Б бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Б.Б надаас уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р талд/,

     Насанд хүрээгүй гэрч Т.А мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид нар хийсэн хоолоо идэж байтал манай аав С.Т манай хөрш айлын Б гэдэг ахыг янз бүрээр хэлээд удам сударыг нь дуудаад доромжлоод байсан. Тэр үед Б.Б ах би танайд аяга хоол идчихээд гарлаа гэж хэлсэн. Тэгээд манай аав гартаа барьж байсан шаазан станктай архиа Б.Б ах руу шидсэн. Уг станктай архи Б.Б ахыг оноогүй. Тэгтэл Б.Б ах идэж байсан аягатай хоолоо манай аав руу шидэхэд аав С.Тийн толгой хэсэгт онож цохиод уг аяга нь хагарч аавын толгойноос цус гарсан. Тэгээд Б.Б ах манай гэрээс гараад явсан. Манай аав түүний дараа гэрээс гараад хэсэг цусаа гоожуулаад зогсож байгаад хашаанаас гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

    Насанд хүрээгүй гэрч Т.Г мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би хичээлээсээ ирэхэд манай аав С.Т гэртээ архи уусан согтуу байдалтай байсан. Манайд Д гэдэг ах согтуу газраар хэвтэж байсан. Тэгээд манай аав гарч яваад 0.75 литрийн “Их Монгол” гэдэг архи авчихсан Төгсөө гэдэг ахтай хамт ирсэн. Тэгээд тэд нар манай гэрт архиа ууж байхад манай хөрш айлын Б.Б гэдэг ах манайд орж ирсэн. Бид нар хийсэн хоолоо идэж байтал манай аав С.Т манай хөрш айлын Б гэдэг ахыг янз бүрээр хэлээд удам сударыг нь дуудаад доромжлоод байсан. Тэр үед Б.Б ах би танайд аяга хоол идчихээд гарлаа гэж хэлсэн. Тэгээд манай аав тэр хоёр маргалдаад манай аав С.Т гартаа барьж байсан шаазан станктай архиа Б.Б ах руу шидсэн. Уг станктай архи Б.Б ахыг оноогүй. Тэгтэл Б.Б хоол идэж байсан аягатай хоолоо манай аав руу шидэхэд уг аягатай хоол манай аавын толгой хэсэгт онож цохиод уг аяга нь хагарсан юм. Манай аавын толгойноос цус гарсан. Тэгээд Б.Б ах манай гэрээс гараад явсан. Манай аав түүний дараа гэрээс гараад хэсэг цусаа гоожуулаад зогсож байгаад цааш явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

     гэрч З.Т-д мөрдөн байцаалтад өгсөн: “ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай ойролцоо байдаг С.Т-ийн гэрт трактораар аргал ачих зорилготой очсон. Тэднийд Д гэх хүн согтоод унасан байдалтай газарт хэвтэж байсан. Тэгээд С.Т Их Монгол нэртэй архи гаргаж задалсан. Бид хоёр уг архийг хуваагаад ууж байтал гаднаас Б.Б тэдний гэрт орж ирсэн. С.Т согтуу байсан тул Б.Бтой миний хүхдийг хулгайд гүтгэсэн гээд тэр хоёр маргалдсан. Тэгж байтал Б.Б идэж байсан аягатай хоолоо С.Т руу шидэхэд уг аяга нь С.Тийн дух хэсэгт цохиж хагарсан. Тэгээд Б.Б гэрээс гараад явсан. Тэднийд С.Т-ийн 2 хүүхэд байсан ба өөр хүн байгаагүй. С.Т гэрээсээ гараад цусаа гоожуулаад эмчид үзүүлнэ гээд явсан. Тухайн үед би гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

     Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ байтал анай дээд талын хашаанд байдаг С.Т гэх айлын 2 хүүхэд гэрээ дарж уяж байхаар нь туслахаар очсон. Тухайн үед С.Т гэртээ байгаагүй. Удалгүй архи уучихсан согтуу байдалтай орж ирсэн. Тэгээд өөрөө гаднаас авч ирсэн Их монгол гэдэг нэртэй архиа гэрт байсан З.Т-той хувааж уусан. Тэгээд С.Т над руу “чи манай хоёр хүүхдийг хулгай гэж хэлсэн” гэж хэлсэн. 2016 онд манай гэрээс миний гар утас алга болоход С.Тийн хүүхдүүд авчихсан байсан. Би “Та битгий өнгөрсөн зүйл яриад бай” гэж хэлсэн. Тэгтэл надад ууж байсан архинаасаа стаканд хийж өгөөд чи заавал уу гэж архиар шахсан. Би уухгүй гэж хэлсэн тэгтэл гартаа барьж байсан стакантай архиа над руу шидсэн. С.Тийн над руу шидсэн стакантай архи намайг оноогүй миний урдуур зөрсөн. Дотор нь байсан архи миний нүд, нүүр лүү цацарсан. Тэгээд би өөрйинхөө идэж байсан аягатай халуун шөлтэй хоолоо С.Т руу шидэхэд аягатай хоол С.Т-ийн дух орчим хэсэгт цохисон. Тэгээд би шууд С.Т-ийн гэрээс гараад гэртээ орсон” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

      Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Т-ийг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, 2-р зэргийн түлэгдэлт гэмтэлүүд үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 673 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

    Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

      Шүүгдэгч Б.Б нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

      2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

      Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      Хохирогч С.Т нь “Би Улаангом сумын 12-р багийн иргэн Б.Бод зодуулсан. Б.Б миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан одоо надад нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн тодорхойлолт гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

     Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4-д “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон саналыг хүрээнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

   Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн шаазан аяганы 8 /найм/ ширхэг хэлтэрхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Хас овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

     3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

     4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

     5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаазан аяганы 8 /найм/  ширхэг хэлтэрхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ