Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 211/МА2022/00026

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

                                           Н.Ж-ын хүсэлттэй иргэний

                                                           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2022/00397 дугаартай шийдвэртэй

Н.Ж-ын мал маллаж байснаа болон цэргийн алба хааснаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагч Н.Жын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Ж, түүний өмгөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Ж шүүхэд гаргасан хүсэлт болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний иргэний үнэмлэхэд Н.Ж гэж бүртгэгдсэн боловч сургуульд байх үеэс миний нэр Н.Жсайхан гэж бүртгэгдэж байсан. Миний 1995-2000 оны малын А данс архиваас гараагүй. Мөн 2004-2007 оны малын А данс Н.Ж гэдэг нэрээр гардаг. Дээрхээс шалтгаалан сумын орон тооны бус зөвлөл намайг 1995-2000, 2004-2007 онд мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Би 1985-1988 онд цэргийн алба хаасан. Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаанд Н.Ж нэрээр бүртгэгдсэн учраас дээрх хугацаанд Хилийн ба ДЦУЕГ-ийн 05 дугаар ангид цэргийн алба хааснаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний 2001-2003 оны малын А данс Н.Жсайхан нэрээр гарсан боловч энэ хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргаагүй. Би 1998, 2000 онд өөрийн хувийн малаа маллаж байсан. Тухайн үед буруу ойлгоод хүн ам, орон сууцны 2000 оны тооллого болон хүүхдийн төрсний ХААТР-11 маягтад эрхэлсэн ажилгүй гэж бүртгүүлсэн байна. Эхнэр 1998 онд эрхэлсэн ажилгүй, манайх сумын төвөөс 4 км-ийн зайтай байсан. 2003 оноос эхлэн эхнэр ажил эрхэлж эхэлсэн. 2007 онд би малаа маллаж байсан бөгөөд тухайн үед гадаадын иргэн надад цалин хөлс өгч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Би хувьдаа малаа маллаж байгаа хүнийг малчин гэж ойлгож байгаа. Иймд миний Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2004 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хувийн малаа маллаж байсныг, 1985-1988 онд Хилийн ба ДЦУЕГ-ийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2022/00397 дугаартай шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Н.Ж-ын Архангай аймгийн Төвшрүүлэх  суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл, 1999 онд, 2004 оны 01 сарын 01-ний өдрөөс 2007 оны 10 сар хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1998, 2000 он, 2007 оны 10 сараас 2008 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Н.Ж-ын 1985 оны 05 сарын 30-ны өдөр цэргийн албанд татагдаж, Хилийн ба ДЦУЕГ-ийн 05 дугаар ангид алба хааж 1988 оны 06 сарын 19-ний өдөр цэргээс халагдсан болохыг тогтоож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж; Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

                   

Хүсэлт гаргагч Н.Жын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2022/00397 дугаартай шийдвэрийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Н.Ж намайг анхан шатны шүүхээс 1995-1997, 1999 онуудад хувийн малаа маллаж байсан байдлыг тогтоочхоод 1998, 2000 онуудад мал маллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би 1990 оноос хойш одоог хүртэл хувийн малаа маллаж, амьдралын эх үүсвэрээ залгуулж ирсэн. 1998 онд баг хүү Ж.С-ыг төрөхөд 4 дүгээр багийн Сөрт гэх газраа хувийн малаа маллаж байсан. Хүү Ж.С-ыг төрснийг бүртгэх ХААТР-1 маягтыг би болон манай эхнэр бид хоёр өөрсдөө очиж бүртгүүлээгүй. Мөн хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогыг манай гэрт албаны хүмүүс өөрсдийн биеэр орж ирж тооллого явуулаагүй. 1995-1997 онд мал маллаад, нэг жил өнжөөд дараа жилээс нь дахиж мал маллана гэсэн ойлголт огт байхгүй. Манай багийн 1995-2000 оны малын А данс олдохгүй байгаа. Сумын аль нэг албан тушаалтнуудын ажилдаа хайнга, хайхрамжгүй хандаж маягт тооллогоо өөрийн үзэмжээрээ буруу бичсэн үйлдлийн улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учраад байгаад би гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв тайлбар гаргахыг надад сануулсны дараа миний бие мал маллаж байсан талаараа шүүхэд үнэн зөв тайлбар гаргасан. Мөн хууль сануулж мэдүүлэг авсан гэрч Н.С, Д.Н, Б.Б нарын өөрсдийн мэдэх үйл явдлаа эх сурвалжаа тодорхойлон үнэн зөвөөр мэдүүлсэн атал мэдүүлгүүдийг нь огт үнэлэлгүй, эх сурвалж нь тодорхойгүй, бүртгүүлсэн хүмүүсийн нэр, гарын үсэггүй, анх цуглуулахдаа хууль журам зөрчиж цуглуулагдсан, бичмэл нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй, нотариатчаар гэрчлүүлээгүй, ХААТР-11 маягт, хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын бүртгэлийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2022/00397 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Н.Ж намайг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хувийн малаа маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Шүүх хуралд хүсэлт гаргагч миний бие өмгөөлөгч Э.М-ийн хамтаар оролцох болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хүсэлт гаргагч Н.Ж Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2004 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хувийн малаа маллаж байсныг, 1985-1988 онд Хилийн ба ДЦУЕГ-ийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Анхан шатны шүүх хүсэлтээс Архангай аймгийн Төвшрүүлэх  суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл, 1999 онд, 2004 оны 01 сарын 01-ний өдрөөс 2007 оны 10 сар хүртэл мал маллаж байсан байдлыг, 1985 оны 05 сарын 30-ны өдөр цэргийн албанд татагдаж, Хилийн ба ДЦУЕГ-ийн 05 дугаар ангид алба хааж 1988 оны 06 сарын 19-ний өдөр цэргээс халагдсан болохыг тус тус тогтоож, 1998, 2000 он, 2007 оны 10 сараас 2008 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргагч Н.Ж “анхан шатны шүүх 1995-1997, 1999 онуудад хувийн малаа маллаж байсан байдлыг тогтоочхоод 1998, 2000 онуудад мал маллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Ж.С-ын төрсний ХААТР-11 маягтад эцэг Н.Ж эрхэлдэг ажилгүй гэж, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын 3-р хуудсанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр баг, сумын төвд оршин суугч Намнангийн Жаргал өрхийн тэргүүлэгч, сүүлийн 7 хоног ажил эрхлээгүй ажил хайж байгаа гэж тоологдсон зэрэг баримтаар түүний 1998, 2000 онд мал маллаж байсан нь  тогтоогдохгүй байна гэж дүгнэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд дотор 1998, 2000 онд мал маллахаас өөр ажил эрхэлж байсан талаар баримтгүй, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон Ж.Сүхбаатарын төрсний ХААТР-11 маягт, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын баримтад Н.Жыг эрхэлсэн ажилгүй гэж бичигдсэнтэй холбогдуулан хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн “сүүлийн үед л мал маллаж байгаа хүмүүсийг малчин гэдэг болсон, урьд нь мал маллаж байсан хүмүүсийг эрхэлсэн ажилгүй л гэдэг байсан болохоор тэдгээр баримтуудад эрхэлсэн ажилгүй гэж бичсэнийг мал маллаагүй гэж үзэх боломжгүй” гэсэн тайлбар, хүсэлт гаргагч  Н.Жын “1995-1997 онд мал маллаад, нэг жил өнжөөд дараа жилээс нь дахиж мал маллана гэсэн ойлголт огт байхгүй. Манай багийн 1995-2000 оны малын А данс олдохгүй байгаа. Сумын аль нэг албан тушаалтнуудын ажилдаа хайнга, хайхрамжгүй хандаж маягт тооллогоо өөрийн үзэмжээрээ буруу бичсэн үйлдлийн улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учраад байгаад би гомдолтой байна” гэсэн тайлбар, “Тус сумын 4 дүгээр багийн иргэн Н.Ж нь багийн байнгын оршин суугч бөгөөд 1995-2000 онд мал маллаж амьдарч байсан нь үнэн болно” гэсэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 тоот тодорхойлолт зэргийг үндэслэж, хүсэлт гаргагчийн 1998, 2000 онд мал маллаж байсныг тогтоож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Н.Жын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:                                              

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2022/00397 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Н.Ж-ын Архангай аймгийн Төвшрүүлэх  суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл, 1999 онд, 2004 оны 01 сарын 01-ний өдрөөс 2007 оны 10 сар хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1998, 2000 он, 2007 оны 10 сараас 2008 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Н.Ж-ын Архангай аймгийн Төвшрүүлэх  суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч Н.Ж-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

     ШҮҮГЧИД                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                    Л.НЯМДОРЖ