| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 211/2022/00022/И |
| Дугаар | 211/МА2022/00025 |
| Огноо | 2022-09-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 211/МА2022/00025
Ц.А-ын хүсэлттэй иргэний
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2022/00350 дугаартай шийдвэртэй
Ц.А-ын эх С.Мгийн хамт мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг
хүсэлт гаргагч Ц.Аын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.А, түүний өмгөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.А шүүхэд гаргасан хүсэлт болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.А нь 2002 оноос хойш өөрийн төрсөн эх С.Мтэй хамт мал маллан амьдарч байгаа. Ц.А нь эхнэр, 1 хүүгийн хамт амьдарч байгаад 2002 оноос хойш хоорондын таарамжгүй харьцаанаас шалтгаалан эхнэр, хүүхэд нь Баянхонгор аймагт тусдаа амьдарч эхэлсэн. Тэд гэрлэлтээ цуцлуулаагүй. Ц.А нь 2002 оноос эхлэн одоог хүртэл эхийгээ асарч, малаа маллаж амьдарч байгаа. Харин малын А данс 2020 оноос өмнөх жилүүдэд малаа эх С.Мгийн нэр дээр, 2020 оноос хойш өөрийн нэр дээр гарч байгаа. Учир нь малаа эх С.Мгийн нэр дээр тоолуулдаг байсан. Энэ байдлаас шалтгаалан Ц.А-ын 2005-2019 онуудад эх С.Мгийн нэр дээр тоологддог малыг маллан амьдарч байгаа гэдгийг тогтоолгох шаардлагатай болсон. Ц.А нь эхээсээ тусдаа өрх бүртгэлтэй хэдий ч эхийнхээ хамт амьдарч байгаа. Эхийнхээ нэр дээр тоологддог малыг маллан амьдардаг нөхцөл байдлыг тогтоолгохоор Эрдэнэбулган сумын Засаг даргын дэргэдэх мал маллаж байсан байдлыг тогтоох зөвлөлд өргөдөл гаргасан боловч тус зөвлөл нь дээрх жилүүдэд өөрийн нэр дээр тоологдсон А данс байхгүй, мал маллаж байсан байдлыг нотлох баримт байхгүй учир мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэсэн. Түүний эхийнхээ хамт мал маллан амьдардаг нөхцөл байдлыг багийн дарга нар, ах, дүү төрөл төрөгсөд, найз нөхөд, тухайн ойр орчмын малчин өрхүүд бүгд сайн мэднэ. Үүнээс шалтгаалан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох Ц.Аын мал маллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. 2005-2019 онуудад мал маллаж байсан байдлаа тогтоолгох нь малчин гэсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой. Нийгмийн даатгалын байгууллага түүнийг мал маллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. Иймд Ц.А-ын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Сангийн толгой гэх газарт ээж С.Мгийн хамт 2005-2019 онуудад мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
2002 онд манай нэг дүү охин нас барсан юм. Түүнээс хойш одоог хүртэл ээжтэйгээ хамт мал маллаж амьдарч байгаа. Мал анхнаасаа ээжийн нэр дээр тоологдож байсан. Би нарийн учрыг нь мэддэггүй байсан. Намайг байх, байхгүй үеэр мал тоолоод явчихдаг байсан. Ийм юм болно гэж бодоогүй. 2005 оноос одоог хүртэл мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. Багийн дарга болон манай нутгийн хүмүүс намайг ээжтэйгээ хамт мал маллаж байсныг мэднэ. Манай ээж одоо 80 гаруй настай, нүдний хараа муутай, бамбайн хордлоготой, малаа маллах ямар ч боломжгүй. 2010 оноос нүдний хараа нь муудаж, нүдэндээ болор суулгуулж байсан. Одоо нүд нь юм харахаа байсан. Ээж маань мал малладаггүй, харин би л малаа малладаг. Анхнаасаа ээжийн нэр дээр бүх мал тоологдож байсан болохоор тэр чигээрээ тоологдоод явчихсан. 2020, 2021 онд миний нэр дээр мал тоологдсон. Би эцэг, эхээс наймуулаа бөгөөд одоо зургуулаа байгаа. 2002 оны хавар эхнэр Баянхонгор аймаг явж байсан. Түүнээс хойш тусдаа амьдарсан.” гэжээ.
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2022/0050 дугаартай шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Ц.А-ын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Сангийн толгой гэх газар ээж С.Мгийн хамт 2005-2019 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч Ц.Аын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Хүсэлт гаргагч Ц.А би Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2022/00350 дугаартай шийдвэрийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Ц.А миний бие гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй, эхтэйгээ нэг ам бүлд бүртгүүлээгүй, зарим үед хоёр өрх бүртгэгдэж явдаг хэдий ч 2002 оноос хойш эхнэр, хүүхдээсээ тусдаа эх С.Мтэйгөө хамт түүний нэр дээр тоологддог хэдэн тооны малаа хариулж одоог хүртэл амьдарч байна. Миний бодит үнэн амьдрал бол эхнэр, хүүхдээсээ тусдаа амьдрах хугацаанд ээжийнхээ хамт мал маллаж амьдралын эх үүсвэрээ болгон амьдарч байсан нөхцөл байдал юм.
Дээрх цаг хугацаанд өрхийн хувьд хоёр өрх байсан нь үнэн. Гэхдээ мал маллаж, түүний ашиг шимээр амьдралаа залгуулж, мал маань ээжийн нэр дээр тоологдож байсан үнэн бодит нөхцөлийг мэдэх гэрч маш олон байгаа. Миний тухайд бичгийн баримт байхгүй нөхцөлд миний бодит амьдралыг мэдэх гэр нар л миний эрх ашгийг хамгаалж өгнө гэж боддог.
2000 оны хүн амын тооллогод малчин гэж тэмдэглэгдсэн гэх Ц.Б нь миний төрсөн дүү бөгөөд ээжтэй минь хамт амьдарч байгаад нас барсан юм. Мөн хүн амын тооллогод малчин гэж тэмдэглэгдсэн Ц.Л нь тусдаа амьдралтай болж өрхийн гишүүнээс гарсан. Эдгээрийг хэдийд яасан талаар надаас шүүх тодруулж асуугаагүй. Харин би тайлбартаа нэг дүү нас барсан талаар хэлсэн байгаа. Нөгөө талаар шүүх шаардлагатай гэж үзсэн бол миний дүү Ц.Л-г гэрчээр дуудан асууж болохгүй байсан юм уу.
Сумын мал маллаж байсан байдлыг тогтоох зөвлөл ээжийн чинь нэр дээр мал тоологдсон болохоор шүүхээр мал маллаж байсан байдлаа тогтоолго, зөвлөл А данс үрэгдсэн тохиолдолд л малчин байсныг тогтооно гэж хэлдэг.
Гэтэл шүүх 2000 оны хүн амын тооллогын баримтад Ц.Б, Ц.Л нарын эрхэлдэг ажил малчин гэж тэмдэглэгдсэн байдал, Ц.А, Ц.Ц нар 1992 оны 02 дугаар сарын 05-нд гэр бүл болж бүртгүүлсэн №151 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр Ц.Аын “...2005-2019 онд хувийн малаа маллаж байсан, ээжтэйгээ хамт хувийн мал маллаж байхдаа өөрийн нэр дээр мал тоолуулаагүй, анхнаасаа ээжийн нэр дээр мал тоологдсон болохоор тэр чигээрээ ээжийн нэр дээр тоологдоод явчихсан...” гэдэг тайлбар үгүйсгэгдэж байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь ээж бид хоёр тусдаа өрх гэж бүртгэгддэг хэдий ч нэг гэр бүлд эхнэр, хүүхдээсээ тусдаа амьдарсан цаг үеэс хойш буюу 2002 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд малаа малладаг сүүлийн жилүүдэд эхийгээ өөрөө асардаг. Би малаа өөрөө хариулдаг талаар тайлбарлаж, энэ талаар гэрч нар ч хэлж мэдүүлсэн. Мөн 011804076211 дугаартай өрхийн бүртгэлийн дэвтрийн бичилтээс ч энэ байдал харагдана.
Л.М гэдэг хүний талаар мэдэхгүй бөгөөд яагаад Л.М гэж хүний лавлагааг Эрдэнэбулган сумын цахим сангаас гаргаж ирүүлснийг мэдэхгүй.
Гэрчээр надтай айл саахалт малаа маллан амьдардаг А.Н, Т.Ц, миний ээж С.М, миний хүү одоо Баянхонгор аймагт амьдардаг А.Б, 4 дүгээр багийн Засаг дарга С.Ж, малын эмчээр олон жил ажиллаж байгаа Г.У нар үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргаж байж асуугдсан. Эдгээр хүмүүсийн мэдүүлгийг давхар нотлох баримтаар нотлоогүй гэж үгүйсгэж байгааг иргэн миний эрх ашгийг хамгаалж, бодит үнэн нөхцөлийг тогтоохын төлөө бус хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Шүүх бодит байдлын талаар үнэн зөв мэдээлэл авахын тулд гэрчид хуульд заасан нөхцөл журмыг тайлбарлаж, үнэн зөв мэдээлэл өгнө гэсэн баталгааг гаргуулж байж гэрчээс мэдүүлэг авсан байж яагаад түүнийг өөр баримтаар нотлогдоогүй гэж үгүйсгэж байгаа юм. Гэрч нар бодит нөхцөл байдал болон өөрсдийн мэдэх зүйлээ л үнэн зөв хэлж мэдүүлсэн шүү дээ.
Би шүүхийг миний өөрийн мэдлэг дутуугаас болж, малаа ээжийнхээ нэр дээр тоолуулж, эхтэйгээ нэг өрхөд байгаа мөртлөө тус тусдаа бүртгэлтэй болж эрхээ зөрчсөн бодит байдлыг үнэн зөвийг тогтоож, зөрчигдөөд байгаа эрхийг минь сэргээж өгнө гэж итгэдэг.
2000 онд бол би эхнэр хүүхэдтэйгээ, ээж маань дүү нартай нэг өрх байсан. Энэ цаг үеэс хойш өрхийн бүтцэд өөрчлөлт орж, би гэрлэлтээ цуцлуулаагүй хэдий ч эхнэр, хүүхдээсээ тусдаа амьдарч, эхтэйгээ хамт малаа маллан амьдралаа залгуулж өнөөг хүрч байгаа бодит байдалд шүүх дүгнэлт хийгээгүй. Зөвхөн 2000 онд тусдаа хүн амын бүртгэл байна, эхнэртэйгээ гэрлэлт бүртгүүлсэн лавлагаа байна гэж үзээд байгааг зөвшөөрөх боломжгүй юм.
Анхан шатны шүүх зөвхөн миний эрхийг зөрчих нотлох баримтыг үнэлж, миний мал маллаж байсан талаар тодорхойлсон сум, багийн Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн мэдээлэл болон гэрч нарын мэдүүлэг зэрэг миний эрх ашигт ашигтай баримтыг үгүйсгэж, нотлох баримтад бодит байдалд нийцүүлэн үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүйгээр нэг талыг барьж хэргийг шийдсэнд гомдолтой байна.
Иймд хэргийг хянаж Ц.А миний хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ц.А 2002 оноос одоог хүртэл эх С.Мгийн хамт мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан байна.
Энэ хүсэлт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал бөгөөд шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргийн нэг төрөл юм.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан.
Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг нь нэг талын хүсэлтэд үндэслэсэн, эрх зүйн маргаантай асуудлаар нэхэмжлэл гомдол гаргахаас өөр онцлог ажиллагаа учраас шүүх зөвхөн хүсэлт гаргагчийн хүсэлтэд тулгуурлалгүйгээр санаачилгаараа эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай юм.
Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч С.М, А.Н,Т.Ц нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч эдгээр гэрчийн мэдүүлэг нь давхар нотлох баримтаар тогтоогддоггүй тул дан ганц гэрчийн мэдүүлгээр түүний мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь гэрч нараас мэдүүлэг авахдаа худлаа мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар анхааруулж, гарын үсэг зуруулж байж авсан мэдүүлэг нь шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт атал давхар нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн нотлох баримтаар тооцохгүй байгаа нь хэт өрөөсгөл болжээ.
Гэрч С.М 1990 онд өндөр насны тэтгэвэртээ гараад мал малласан, хүү А 2002 оноос хойш надтай мал маллаж байгаа гэж мэдүүлсэн, хэрэгт авагдсан С.Мгийн 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, оны мал тооллогын баримтад /хх-ийн 16-24/, ам бүл 2 гэж бичигдсэн, Ц.Аын 2020 оны мал тооллогын баримтад /хх-ийн 25/ мөн ам бүл 2 гэж бичигдсэн байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2012-2020 оны мал тооллогын баримтад ам бүл 2 гэж бичигдсэн байгааг тодруулаагүй, мөн гэрчүүд ээжтэйгээ хамт мал маллаж байсан талаар мэдүүлсэн байхад тэдний мэдүүлгийг шалгах талаар ажиллагаа хийлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргагч Ц.А “Анхан шатны шүүх зөвхөн миний эрхийг зөрчих нотлох баримтыг үнэлж, миний мал маллаж байсан талаар тодорхойлсон сум, багийн Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн мэдээлэл болон гэрч нарын мэдүүлэг зэрэг миний эрх ашигт ашигтай баримтыг үгүйсгэж, нотлох баримтад бодит байдалд нийцүүлэн үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүйгээр нэг талыг барьж хэргийг шийдсэнд гомдолтой байна” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримт хангалтгүй, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ц.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2022/00350 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч Ц.А-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Л.НЯМДОРЖ