Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 211/МА2022/00024

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          Б.Ц-ын нэхэмжлэлтэй иргэний

             хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2022/00400 дугаартай шийдвэртэй

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

Э.Р-д холбогдох

хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч Э.Рийн заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 07 дугаар сард Э.Ртой танилцан улмаар дотносон бие биеийндээ хонон хамтран амьдрах тухай ярилцдаг байсан. Бид хоёрын дундаас хүү Р.Ө маань 2016 оны 07 дугаар сарын 18-нд төрсөн. Гэтэл Э.Р хүү Р.Өийг төрснөөс хойш зан ааш нь эвдэрч зодож, дарамталдаг болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон учраас би 2019 онд Улаанбаатар хот руу зугтан амьдрах болсон. Хүү Р.Өөө өөр дээрээ авахыг хүссэн ч намайг ална гээд өгөхгүй байна. Иймд миний хүү Р.Өийг Э.Роос надад авч өгнө үү. Мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна. Энэ жил манай хүүхэд 1 дүгээр ангид орно. 1 дүгээр ангид орохоос нь өмнө хүүхдээ өөр дээрээ авмаар байна. Манай хүүхэд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. Мэдээж эцэг хүн үүргээ гүйцэтгэнэ. Тэр мөнгийг нь би авахгүй. 18 нас хүрээд Р.Ө өөрөө л аваад сургууль соёлдоо зарцуулах ч юм уу, өөрөө л хэрэглэнэ гэж бодож нэхэмжлэл гаргасан. Түүнээс би өөрөө авах гэж нэхэмжлэл гаргаагүй. Би хүүхдээ өөрөө заавал авна гэсэн үүднээс би ирсэн. Хүү одоо аавтайгаа хамт байгаа. Эмээтэйгээ амьдарч байгаа бөгөөд Архангай аймагт цэцэрлэгт явдаг. Би эмээгээр нь өсгүүлмээргүй байна. Тэртээ тэргүй Э.Р өөрөө хөдөө мал маллаж байгаа. Тэрээр хүүхэдтэйгээ хамт нэг дор аймагт амьдрахгүй байгаа. Тэглээч сургууль соёл төгсгөж чадахгүй. Би хүүхдээ өөрөө авч, багаас нь сургууль соёлыг нь төгсгөнө гэж зорьсон. Би мэдээж эх хүн хүүхдээ санах үе зөндөө гарч байна. Жишээ нь хотоос 40, 50 км биш, 400, 500 км хүүхдээ санаад нааш цааш ахин дахин явж чадахгүй байна. Хүүхдээ заавал өөрийн асрамжид авч, сургууль төгсгөмөөр байна гэж зорьсон байгаа.” гэжээ.

 

Хариуцагч Э.Р шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Э.Р 1990 онд Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн. Мөн тус сумынхаа Могой багт хүү Р.Өийн хамт оршин суудаг. Нэхэмжлэл гаргасан Б.Цтай 2015 оноос хойш танилцан үерхэж байгаад 2015 оны 08 дугаар сард хадаг тавьж, 10 дугаар сард хурим найраа хийж хамтдаа амьдарсан. 2016 оны 07 дугаар сарын 08-нд миний хүү Р.Ө төрсөн. Бид хоёр хүүгээ 3 нас хүртэл хамт амьдарч байсан. Энэ хугацаанд ойлголцохгүй хэрэлдэж маргалдах үе байсан ч буцаад эвлэрдэг байсан. Манай эхнэр 2019 онд миний эх Р-ын хамт Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Ингэж явахдаа өөр хүнтэй харьцаж, намайг хуурч байсныг манай дүүг мэдмэгц зугтаагаад явсан. Би араас нь хот руу хүүгээ аваад очиж уулзсан боловч гэртээ ирээгүй. Хүү дээрээ эргэж ир гэж гуйсан боловч ирэхгүй байж байгаад 2020 онд өөр хүнтэй сууж хуримаа хийсэн байсан. 2019 онд гэрээсээ явснаас хойш хүүгээ өөр дээрээ авна гэж ганц ч удаа хэлж байгаагүй. Энэ хугацаанд хүүгээ өсгөж цэцэрлэгт явуулж байгаа. Мөн хүү Р.Өийн хүүхдийн мөнгийг би болон хүү минь авч байгаагүй. Харин Б.Ц л авдаг. Одоо миний хүү Р.Ө 6 настай бөгөөд намар сурагч болно. Б.Ц нь хүүг 3 настай байхад нь хаяж явсан болохоор энэ хүнийг ээжээ гэж бараг мэдэхгүй, танихгүй өссөн. Тийм учраас би хүүгээ Б.Цд өгөхгүй. Өөрөө өсгөж хүмүүжүүлмээр байна. Миний хүүхдийг бага байхад нь хаяж явчхаад одоо авна гэхээр нь гайхаж байна. Мөн хүүг минь хайрлаж халамжлаад цаашдаа өсгөнө гэж байгаад нь бүрэн итгэхгүй эргэлзэж байгаа учраас цаашдаа хүүг аавынх нь хамгаалалтад үлдээж өгнө үү. Мөн би хүүхдээ өөрөө өсгөж хүмүүжүүлмээр байгаа болохоор тэтгэлэг төлөх шаардлагагүй гэж бодож байна. Бидний энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.

Би хүүхдээ өгмөөргүй байна. Хүүг маань Р-ийн Ө гэдэг. Одоо надтай хамт амьдарч байгаа. Өвөлдөө эмээтэйгээ аймагт байж цэцэрлэгт явдаг. Энэ намар сургуульд орно. Хүүг багаас нь ээж нь хаяад явсан. Одоо хүүхэд ээжтэйгээ идээшихгүй. Манай хүү 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. Би хүүхдээ өгөхгүй. Хүү минь надтай сайн харьцаатай байдаг. Ээж нь хүүхдээ хаяж яваад 4, 5 жил болж байна. Гэр бүлийн хэрүүл маргаанаас болж Б.Ц хүүхдээ орхиод явсан.” гэжээ.           

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2022/00400 дугаартай шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Р-ийн Өийг 18 насанд хүртэл хугацаанд хичээлийн жилийн улирал буюу 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 06 дугаар сарыг 01-ний өдрийг хүртэл хугацаанд эх Б.Цын асрамжид, хичээлийн жилийн зуны амралтын хугацаанд буюу 06 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эцэг Э.Рийн асрамжид үлдээж; Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Р.Өийг эхийн асрамжид амьдрах хугацаанд сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, /11-16 нас/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Роор тэжээн тэтгүүлж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цын төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Роос улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.Рийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Хариуцагч Э.Р би Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2022/00400 дугаартай шийдвэрийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Б.Ц нь 2019 оноос хойш хүү Р.Өийг миний асрамжид үлдээж явсан. Одоо хүү минь миний асрамжид байдаг. Хүү минь надтай ээнэгшин дассан бөгөөд ээж дээр очихгүй, аав битгий намайг явуулаарай, би сургуульд суухдаа тантай, бас эмээтэй хамт байна гэж надаас гуйж байгаа. Цаашид эх нь хүүтэйгээ уулзах, хүүдээ тусалж дэмжиж байхад нь татгалзах зүйл байхгүй. Харин өвөл нь эхийн асрамжид, зун нь миний асрамжид байхаар асрамжийг хоёр талд тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Миний тухайд бичиг үсэг муу мэддэг. Хэргийн материалд байгаа шинжээчийн дүгнэлт нь ямар үндэслэл шалтгаантай, яаж гарсан талаар сайн мэдэхгүй байна. Шүүхэд нотлох баримт өөрөө гаргаж өгдөг талаар сайн ойлгоогүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байж энэ талаар мэдлээ. Хүүхдийг эцэг, эх хэн аль нь өсгөн хүмүүжүүлэх, зөв дадал олгох үүрэгтэй бөгөөд хэн аль нь асрамжлан халамжлах, өөр дээрээ авна гэх эрхтэй ч хоёр талд асрамж тогтоож явуулах нь зохистой биш санагдаж байна. Иймд Б.Цын нэхэмжлэлтэй, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2022/00400 дугаартай шийдвэртэй хэргийг хянан шийдвэрт өөрчлөлт оруулж, хүү Р.Өийг насанд хүртэл нь эцэг Э.Р миний асрамжид үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцоно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2022/00400 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Э.Рийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан,  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц хүү Р.Өийг асрамждаа авах, эцэг Э.Роос хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Э.Р нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хүү Р.Өийг эх Б.Цын асрамжид өгөхгүй, өөрийн асрамжид өсгөж хүмүүжүүлнэ гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нар хүүхдийн асрамжийн тухайд маргаж байгаа бөгөөд талуудын тайлбараар хүүхдийг хэнийх нь асрамжид үлдээхийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн, энэ асуудлаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байх ба шинжээч Д.Т, Д.О, Г.С нар хүү Р.Өийг одоогийн амьдарч буй гэр бүл, орчин нөхцөлдөө буюу эцэг, дүү нартаа илүү сайн дассан байна гэж дүгнэжээ.

 

Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д...хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх...асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

 

Гэтэл шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан хүү Р.Өийг 18 насанд хүртэл хугацаанд хичээлийн жилийн улирал буюу 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 06 дугаар сарыг 01-ний өдрийг хүртэл хугацаанд эх Б.Цын асрамжид, хичээлийн жилийн зуны амралтын хугацаанд буюу 06 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эцэг Э.Рийн асрамжид үлдээхээр шийдвэрлэж, хүүхэд эхийн асрамжид байх хугацаанд эцгээс нь тэтгэвэр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Хүү Р.Ө 2019 оны 7 сараас хойш эцэг Э.Рийн асрамжид байсан, “хүүхдийн өсөлт хөгжил хэвийн, эцэг, дүү нартаа хандах хандлага, сэтгэл хөдлөлийн харилцаа эерэг хандлагатай, ээнэгшин дасах байдлыг ажиглахад одоогийн амьдарч буй гэр бүл, орчин нөхцөлдөө буюу эцэг, дүү нартаа илүү дассан” байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүх тодорхой хугацаагаар эцэг, эхийн асрамжид ээлжлэн  үлдээхээр шийдвэрлэсэн нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд Гэр бүлийн хуульд заасан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх тухай заалтыг зөрчсөн байна.

 

Иймд хариуцагч Э.Рийн “...Хүү минь надтай ээнэгшин дассан...Өвөл нь эхийн асрамжид, зун нь миний асрамжид байхаар асрамжийг хоёр талд тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй...Хүүхдийг эцэг, эх хэн аль нь өсгөн хүмүүжүүлэх, зөв дадал олгох үүрэгтэй бөгөөд хэн аль нь асрамжлан халамжлах, өөр дээрээ авна гэх эрхтэй ч хоёр талд асрамж тогтоож явуулах нь зохистой биш санагдаж байна...” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хүү Р.Өийг эцэг Э.Рийн асрамжид үлдээхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Цын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хариуцагч Э.Роос гаргуулах үндэслэлгүй болно.

 

Харин хариуцагч Э.Рийн давж заалдах гомдлыг шүүх хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2022/00400 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Р-ийн Өийг 18 насанд хүртэл хугацаанд хичээлийн жилийн улирал буюу 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 06 дугаар сарыг 01-ний өдрийг хүртэл хугацаанд эх Б.Цын асрамжид, хичээлийн жилийн зуны амралтын хугацаанд буюу 06 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эцэг Э.Рийн асрамжид үлдээсүгэй” гэснийг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Р-ийн Өийг 18 насанд хүртэлх хугацаанд эцэг Э.Рийн асрамжид үлдээсүгэй” гэж, 3 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цын төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Роос улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цын төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож,   бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Э.Р-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

       

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                Л.НЯМДОРЖ