Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2026/04055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрхийн *******,*******,******* тоот хаягтай, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянгол дүүрэг, *******,*******,*******,*******, тоот хаягтай, /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүрэгт 11,829,840 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., А., нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч нь 2024.06.24-ний өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, 91 ширхэг бараа материалыг хүлээн авсан боловч одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй тул уг барааг акталсан...иймд түрээсийн үнэ 1,880,560 төгрөг, акталсан барааны үнэ 6,006,000 төгрөг, нийт 7,886,560 төгрөг болон гүйцэтгээгүй үүрэгт алданги 50 хувиар тооцож 3,943,280 төгрөг, нийт 11,829,840 төгрөгийг шаардах эрхтэй гэж,

          Хариуцагч татгалзлын үндэслэлээ...91 ширхэг труба түрээсэлсэн, үүний төлбөр 1,880,560 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө...хүлээн авсан 91 ширхэг трубаг хүлээлгэн өгөх хүсэлтэй байна... захиалагч компанийн буруугаас түрээслэн авсан труба болон бусад тоног төхөөрөмж, бараа материал зэргийг барилгын талбайгаа авч чадаагүй хугацаа өнгөрсөн гэж маргаж байна.

          2.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2024.06.24-ний өдөр барилгын туслах материал түрээслэх 24-0284 тоот гэрээ байгуулж, түрээслүүлэгч буюу ******* ХХК нь 6м труба 91 ширхгийг хүлээлгэн өгөх, түрээслэгч Б. бараа материалыг хүлээн авч  төлбөр төлөх, гэрээг 2024.06.24-өөс 2024.07.05 хүртэл хугацаатай...түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөр болон мөн гэрээний 7.3,7.4-т заасан төлбөрийг тус тус зохих ёсоор хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийг төлөөгүй болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх...түрээслэгч нь хүлээн авсан бараа материалыг хүлээн авснаас хойш бараа материалыг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүй эвдсэн, дутаасан тохиолдолд түрээсэлсэн барааг акталсан үнээр тооцож төлбөрийг 100 хувиар төлүүлнэ гэж тус тус зааж, гэрээний талууд гарын үсгээр баталгаажуулсан байна.

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх ба Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Талууд нь түрээсийн гэрээний зүйл болох 91 ширхэг труба хүлээн авсан, түрээсийн төлбөрт 1,880,560 төгрөг төлөх мөн гэрээний зүйлийг буцааж хүлээлгэн өгөөгүй талаар маргаагүй байна. 

Харин гэрээний 2.13-д түрээслэгч нь гэрээний хугацаа дуусмагц бараа материалыг түрээслүүлэгч талд бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэгтэй,

7.2-д түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөр болон мөн гэрээний 7.3,7.4-т заасан төлбөрийг тус тус зохих ёсоор хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийг төлөөгүй болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх...түрээслэгч нь хүлээн авсан бараа материалыг хүлээн авснаас хойш бараа материалыг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүй эвдсэн, дутаасан тохиолдолд түрээсэлсэн барааг акталсан үнээр тооцож төлбөрийг 100 хувиар төлүүлнэ гэж тус тус заажээ.

Хариуцагч нь түрээсийн гэрээний зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөөгүйгээс түрээслүүлэгч нь гэрээний дээрх заалтыг үндэслэн 2025.02.14-ны өдөр акт үйлдэж, 6 метр 91 ширхэг трубаны үнэ 6,006,000 төгрөг гэж тогтоосон болох нь бичгийн баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлд ийн 232.4-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.

Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь түрээсийн төлбөр 1,880,560 төгрөг болон бараа материалыг үнэ 6,006,000 төгрөг, нийт 7,886,560 төгрөг гэж үзэхээр байх ба гэрээнд алданги тооцохоор заасан тул хуульд зааснаар 50 хувиар хэтрэхгүйгээр 3,943,280 төгрөг, нийт 11,829,840 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хуралдаан хойшлуулах хүсэлт, баримтын хамт ирүүлсэн боловч тухайн хуралдааны зарын огноо бичигдээгүй мөн баримтууд нь хуулбар хувь байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн  хүсэлтээр түүний эзгүйд хэргийг баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Б.гээс  гэрээний үүрэгт 11,829,840 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 204,228 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 204,228 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЦОЛМОН