Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 48

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х улсын иргэн В

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн A-**30 дугаар “Гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалыг хүчингүй болгож, хуулийн дагуу бүртгэл хийхийг даалгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч В 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...”Ш” ХХК нь Х улсын иргэдийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, вакум хаалга, цонхны үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага юм. 2002 оноос эхлэн байгуулагдаж, өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ГХОГХА-ын А-**46 тоот тушаалаар бүртгэл гэрчилгээнд өөрчлөлт хийлгэсэн ба компаний ерөнхий захирлаар В би ажиллаж байна. Захиргааны шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр шийдвэрээр тус компанийн гэрээ, дүрмийн болон хөрөнгө оруулалт, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт хийсэн ГХОГХА-ын даргын А-**46 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон байсныг мэдэж хуульд заасны дагуу бүртгэлийг дахин хийлгэхээр хандахад Гадаадын хөрөнгө оруулалтын газраас 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн A-**30 тоот тушаал гарч, бидний хөрөнгө оруулалттай компанийг Л-ийн 100 хувь хөрөнгө оруулалттай  компани болгон өөрчилж бидний компанийг гишүүнээс хассан байна. Гадаадын хөрөнгө оруулалтын газар бүртгэлийг дахин шинээр хийхийн оронд бидний оруулсан хөрөнгийг үгүйсгэж, компаний гишүүнээс хассан төдийгүй компаний болон бидний өмч хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэн хууль бус тушаал гарган компанийн хөрөнгө оруулалт улсын бүртгэлийн гэрчилгээнд энэ өөрчлөлтөө оруулсан явдалд бид гомдолтой байна. Энэ талаар Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Гт гомдол гаргасан боловч 2009 оны 11 дүгээр сарын 17-ны  өдрийн 553 тоот албан бичгээр татгалзсан хариу өгч, хууль бус тушаалаа хүчингүй болгохоос татгалзсан тул нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байна. “Ш” ХХК-ийн хөрөнгө оруулагч бидний эрх ашгийг хөндсөн, компанийн аж ахуйн үйл ажиллагааг тасалдуулан, хор уршиг учруулсан  Гадаадын хөрөнгө  оруулалтын газрын даргын  2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн  A-**30 тоот тушаалыг хүчингүй болгох шийдвэрийг гарган бидний зөрчигдсөн эрхийг сэргээн хуулийн дагуу бүртгэлийг хийлгүүлэх үүргийг даалгахыг шүүхээс хүсэж байна” гэжээ.

Хоёр. Хариуцагч Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Г 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах, гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хүлээн авч судлан шийдвэрлэдэг. Х улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ш” ХХК нь 2002 онд байгуулагдсан бөгөөд компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь 100000 ам. доллар буюу 109000000 төгрөг байсан байна. “Ш” ХХК-ийн гэрчилгээнд өөрчлөлт оруулан 7 гишүүнтэй болгох тухай асуудлыг шийдвэрлэсэн агентлагийн даргын  2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-**46 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус компанийн анхны хөрөнгө оруулагч Л нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байсан. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 281 тоот шийдвэрээр ГХОГХА-ийн даргын “гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай” А-**46 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн  2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 27 тоот гүйцэтгэх хуудас, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2/100** тоот бичиг болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлсний дагуу “Ш” ХХК-ийн гэрчилгээг дахин олгохдоо Х улсын иргэн Л-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай гэж өөрчилсөн. Гэрчилгээнд өөрчлөлт оруулахаас өмнө хөрөнгө оруулагч байсан Ли Вэи Сон нь өөрийн эзэмшиж байсан 10 хувийн хөрөнгө эзэмших эрхээ Л-д гэрээгээр шилжүүлсэн байсан болно” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Нэхэмжлэгч В нарын хүмүүс “Ш” ХХК-д хөрөнгө оруулж компаний гишүүдээр 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шинэчилсэн гэрээ, дүрмийн дагуу компаний бүртгэлд орсон. Үүнээс өмнө 2001 онд хамтран ажиллах гэрээгээр “Ш” ХХК-ийн бүрэлдэхүүнд орж, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан. Гуравдагч этгээдийн хувьд 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ бүртгэлийг хуулийн дагуу хийгээгүй явж ирснийг 2005 онд шинээр бүртгэл хийлгэсэн. Гэтэл 2009 онд бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгосон. Бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгосон асуудлыг гишүүд хожим нь мэдсэн. Гуравдагч этгээд Л бүртгэлийг хүчингүй болгож, шинээр бүртгэл хийлгэсэн байсан. Үүнээс болж маргааны эх үндэс үүссэн. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу хөрөнгийн маргааныг шийдсэний эцэст шийдвэрлэнэ гэж хэргийг түдгэлзүүлсэн. Энэ асуудалд гуравдагч этгээдээс гомдол гаргасан. Улсын Дээд шүүх гомдлыг авч хэлэлцээд иргэний хэргийг шийдвэрлэхгүйгээр захиргааны бүртгэлийн асуудал, Гадаадын хөрөнгө оруулалтын даргын тушаал үндэслэлтэй эсэх асуудал, улсын бүртгэлд бүртгэсэн асуудлыг хэлэлцэх боломжгүй байна. Тийм учраас иргэний хэргээ шийдвэрлэ гэсэн. Тэр зааврын дагуу Иргэний хэргийн шүүхэд хандсан. Иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэл маань өнөөдөр Улсын Дээд шүүх дээр хянагдаж байна. Энэ асуудал шийдэгдээгүй байтал гуравдагч этгээд зөвхөн хүчин төгөлдөр бус шийдвэрийг үндэслээд энэ хэргийг сэргээсэн байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-д зааснаар компаний гишүүдийн маргаантай байгаа хөрөнгийн асуудал шийдэгдсэний дараа захиргааны хэргийн асуудал шийдэгдэх ёстой. Улсын Дээд шүүх болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хүчинтэй байгаа. Энэ асуудлаар өмнө нь хүсэлт гаргасан. Миний хүсэлтийг хүлээж аваагүй байна. Хөрөнгө оруулалтын маргааны асуудал шийдвэрлэгдсэний дараа шийдэгдэх ёстой гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн зүгээс тайлбар гаргасан байна. Тус тайлбар дээр 100 мянган долларыг тайлбарыг бүрдүүлээгүй байсан юм шиг тайлбарласан байна. Компаний тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу 5000 доллар оруулсан бол Монголд гадаадын хөрөнгө оруулалттай компани нээх эрхтэй байсан. Энэ нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт орж, 100 мянган доллараас доошгүй хөрөнгө оруулах заалтын дагуу нэмж хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд 100 мянган долларын дүрмийн сантай байна. Нэгэнт энэ компаний дүрмийн сан 2002 онд бүрдсэн байна. Хамтран ажиллах гэрээгээр гурван этгээд бүх хөрөнгийг гаргаад компанийн хувьцааны тус бүр 20 хувийг эзэмшинэ гэж гэрээ байгуулсан. Бусад 4 гишүүний хувьд хөрөнгө оруулаагүй. Тэр гэрээний дагуу тус бүр 10 хувийг эзэмшинэ гэсэн. Үүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байдлаас болоод маргаан үүссэн. Хөрөнгө оруулаагүй гэж яриад байна. Хөрөнгө орсон байгаа. 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2 сая 800 мянган юаныг Л бэлнээр хүлээж авсан. Бусдыг нь 2004 он хүртэл өөрөө баримт үйлдээд хүлээгээд авсан. Энэ нь нотлох баримтад тусгагдсан байгаа. Нэгэнт хийсэн дүрмийн санг дахиж 2005 онд шинээр байгуулах юм шиг хуулийн ойлголтыг буруу тайлбарлаж, хөрөнгө оруулаагүй гэж нотлохыг эрмэлздэг хүмүүс юм. Компани дүрмийн сангаа 2002 бүрдүүлсэн. Хүлээж авсан мөнгөө улсын бүртгэлд бүртгэгдсэн. 4 гишүүнээс 2-ыг нь өөрчилсөн. Нэг гишүүнээс эрх хүлээн авах тухай баримтууд үйлдэгдээгүй учраас улсын бүртгэлийн ажиллагаа хүчингүй болсон байна. Үүнийг шинээр бүрдүүлж, 7 гишүүнтэйгээр гэрчилгээг авах байтал гуравдагч этгээд хууль ёсны 6 гишүүнээ хасаад өөрийгөө бүртгүүлсэн. Тийм учраас тамга, тэмдэг нь хураалттай, аж ахуйн үйл ажиллагаа нь зогссон байдлаас болж компани болон хөрөнгө оруулагч нар хохирч байна. Компанийн улсын бүртгэл хөрөнгө оруулалтаараа бүртгэгддэг. Энэ 7 гишүүн  2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр хүчингүй болсон байна. Улсын бүртгэл бүртгэж авсан байна. Компаний бүртгэл нь хөрөнгө оруулалтаар бүртгэгддэг байгаа. Хөрөнгө маргааныг шийдвэрлэхгүйгээр улсын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр хүчингүй болгосон. Шинэчилсэн гэрээ дүрмийг үндэслээд бүртгэлүүд хийгдсэн. Компанийн гишүүдийг хууль бусаар хассан асуудал яригдаж байна. Энэ хүмүүсийн өмчийг өөрсдийнх нь оролцоогүйгээр шийдвэрлэж байгаа асуудалд гомдолтой байдаг. Хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр Иргэний шүүхэд гомдол гаргасан байна. Бүртгэлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-д заасныг үндэслэн Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүлж өгнө үү гэж хүсэж байна. 7 гишүүний н.Б, н.С нар нь хөрөнгө оруулаагүй. Өөрсдөө захиргааны хэргийн шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн байгаа. 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр хөрөнгө оруулаагүй. Монгол дахь үйл ажиллагааг эрхлэн явуулна. Үүнийхээ төлөө ашгийн 10 хувийг авна гэж тохиролцсон хүмүүс юм. Олон жил ажилласан болохоор хөрөнгийн эзэд зөвшөөрсөн. Гэтэл 281 дүгээр шийдвэрээр бүртгэлийн хүчингүй болгуулж, ганцаараа болж бүртгэгдсэн байна. Энэ бүртгэлийн ажиллагаа хууль бус явагдсан. 2005 оны 07 дугаар сарын 01-ний шинэчилсэн гэрээг хэн ч цуцлаагүй. Шүүхийн 281 дүгээр шийдвэрийг далимдуулаад бүртгэлээ хийлгэсэн. “Ш” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг ганц гишүүнтэй гэж өөртөө авсан. Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал, улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь хууль зөрчиж явагдсан. 4 хүний өмч хөрөнгө бусдад завшигдаж, алдагдал хүлээх байдалд ороод байна. Энэ ажиллагааг засаж залруулахын тулд бүртгэлийг хийнэ үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Л-ийн хийлгэсэн “Ш” ХХК-ийн бүртгэл хууль бус юм. Энэ компани бол анх 4 гишүүнтэй байгуулагдсан. Компаний тухай хуульд компанийг өөрчлөн байгуулах эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгөө нэгтгэж, гишүүд хуулийн дагуу хасагдах, нэмэгдэж орох тохиолдлууд байгаа. 10 сарын 29-ний гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас ингэж яриад байна. Л Ж З нь өнөөдрийг хүртэл 7 гишүүний нэг юм. Нэхэмжлэл гаргаагүй гэж яриад байдаг. Энэ хүнд итгэмжлэл өгсөн байгаа. Л Ж З хасагдсан нэг ч заалт байхгүй. Л Ж З нь анх компанийг байгуулахад байсан. Л-д 10 хувийн хувьцааг шилжүүлсэн гэж яриад байна. Энэ бол худлаа. 281 дүгээр шийдвэрээр зөвхөн бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгосон. Бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгохдоо зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээг хүчингүй болгосон. Тэрийг үндэслээд улсын бүртгэлийг хүчингүй болгосон. Хэрэв улсын бүртгэлийг хүчингүй болгуулах ёстой бол улсын бүртгэл энэ маргаанд татагдаж орох ёстой. 281 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэсэн юм шиг яриад байна. Улсын бүртгэлд албадан бүртгэл хийлгэх эрх хэнд ч байхгүй. Шийдвэр гүйцэтгэлд ч байхгүй. Шүүхэд ч байхгүй. Шүүхийн энэ шийдвэр нь зөвхөн бүртгэлийг хүчингүй болгосон болохоос Л-ийн хөрөнгө гэж тодорхойлоогүй нөхцөлд албадаад нэг гишүүнд бүртгэсэн. Бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгосон захиргааны шийдвэрийг эрх хэмжээгээ урвуулан ашигласан. Энэ компани өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Барилгаа үргэлжлүүлж чадахгүй зогссон байгаа. Хөрөнгийн эзэд гээд байгаа хүмүүс нь нэг ч төгрөг оруулаагүй. Анх гэрчилгээ авахад 5000 доллар оруулаад өөрөө компанийн гишүүнээр орсон байна. Тэр гишүүдийн нэг нь эрхээ Л-д шилжүүлээд нэг нь нөгөө хүндээ 5000 долларыг шилжүүлсэн гээд байгаа. Компанийн тухай хуульд гишүүд нь хасагдаж, нэмэгдэж явсан. 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ гэж байгаа. Энэ гэрээнд тодорхой байгаа. Шинэчилсэн гэрээнд бүртгүүлэхдээ Л Ш Б нь өөрөө тамга дараад улсын бүртгэлийн албанд албан тоот өгсөн байдаг. Энэ дээр Х улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ш” ХХК нь барилгын үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Манай компанид хөрөнгөө оруулсан бөгөөд компанийг байгуулах үед байгаагүй учир гэрчилгээнд бичигдээгүй байсан хүмүүс бүгд цугларан хуралдаж, хэн нь хэдэн хувийн хөрөнгө оруулалт эзэмших тухайгаа тохиролцоод шийдвэрээ гаргаж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай газрын гэрчилгээнд зохих өөрчлөлтүүдийг оруулсан тул улсын бүртгэлд бүртгэж авна уу гэсэн байна. Компаний хууль нь хөрөнгөтэй холбоотой юм.  Өөрөөр хэлбэл ашгийн төлөө байгууллага юм. Энэ хүмүүс нь ашгийн үйл ажиллагаа явуулдаг учраас хөрөнгөө эхэлж бүрдүүлж, энэ бүрдүүлсэн хөрөнгөөрөө улсын бүртгэлд бүртгэгддэг. Тэгээд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмшдэг. Хувьцаа нь тодорхой биш байхад энэ асуудалд төрийн захиргааны байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хөндлөнгөөс оролцох үндэс байхгүй. Энэ хүмүүс нь бүртгэл хүчингүй болохоор алдаа дутагдлаа засаад шинээр бүртгэл хийлгэнэ гэсэн бодолтой байсан. Иргэний хэргийн хувь хэмжээ тогтоож байгаа нөхцөл байдал шийдэгдэхгүйгээр зүгээр бүртгэл юм шиг асуудлыг шийдэж болохгүй. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд эрүү, иргэний хэргийг шийдвэрлэхээс өмнө шийдвэрлэж болохгүй нөхцөл байдал байвал хэргийг түдгэлзүүлнэ гэж заагаад өгсөн байна. Хөрөнгийн хэмжээ хязгаар тодорхой биш байгаа. Эдгээр хүмүүс 100 мянган доллараар хязгаарлаад байх шиг байна. 100 доллар нь нэрлэсэн үнэ болохоос биш цаана нь энэ компанид үнэлэгдээгүй өчнөөн хөрөнгүүд байгаа. Л нь би энэ компанийг байгуулсан, энэ миний хөрөнгө гэж ярьдаг. Тэгвэл Л нь 6 дугаар сард энэ хүмүүсээс 600 мянган юаныг зээлж аваад эдгээр хүмүүстэй монголд ноос, ноолуурын бизнесийн ажиллагаа эрхэлнэ гэсэн. 10 дугаар сарын 29-ний өдөр эдгээр хүмүүстэй гэрээ байгуулаад хөрөнгүүдийг нь хүлээж аваад үүнийг зээл гэж маргадаг. Энэ маргааныг шийдээгүй байхад энэ асуудлыг ярьж болохгүй. Өнөөдөр 3 хүн нэмэгдсэн гэж үздэг бол Ла Ж З гэдэг хүн нэг ч хасагдаагүй. Байгуулагдснаас нь хойш өнөөдрийг хүртэл бүртгэгдээд явж байгаа. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л Ж З нь Л-д өөрийнхөө хувьцааг шилжүүлсэн юм шиг ярьж байна. Тийм зүйл байхгүй. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нотолгоо баримтаар Л Ж З нь би аргагүйн эрхэнд Х руу зугтааж гарлаа гэж мэдүүлгээ өгөөд эдгээр хүмүүст итгэмжлэлээ өгөөд иргэний шүүх дээр хувьцааны асуудал яригдаж байгаа. Эрүүгийн хэргийг гэм буруугүй болоод хэрэгсэхгүй болсон юм шиг тайлбарлаад байна. Шийтгэх тогтоод дээр цагаатгах тогтоол гарсан. Гэхдээ гэм буруутай, гэм буруугүй гэж дүгнээгүй. Яагаад гэвэл Х улсад мөнгөө хүлээж авсан байна. Эрүүгийн хуульд зааснаар Монголд залилан мэхэлсэн гэх үндэслэлгүй байна. Х улс нь үүнийг залилан гэж үзвэл өөрийнхөө хуулиар шийдэх юм байна гэж дүгнэсэн. Тэрнээс гэм буруугүй байна гэж ерөөсөө яриагүй. Уг нь гэрээ нь Монголд хийгдсэн. 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ч зочид буудалд 7 хүмүүс нь гэрээ үйлдсэн. Тэрийг Л нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Тийм учраас бид Улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуульд заасныг зөрчиж бүртгүүлээгүй явсан. Аргагүйн эрхэнд 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээгээ байгуулаад улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ байдал нь Иргэний хэргийн явцад болон Эрүүгийн хэргийн явцад нотлогдсон. Аргагүйн эрхэд шүүхэд хандаж байна гэж тайлбарлаад байна. 2009 онд анх энэ нэхэмжлэлийг гаргасан. Шүүхэд байхад Л энэ 2 хүнийг залилсан гэж өгөөд тэр хэрэг дээр нь үндэслээд энэ маргааныг шалгасан. Энэ хүн нь бас Л-д гомдол гаргаад шалгалтын явцад Л нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаад явсан. Нэгэнт шүүхээс нотлоод тогтоосон зүйлтэй бид маргахгүй. Ийм баримтууд байсаар байтал гуйвуулж болохгүй. 281 дүгээр шийдвэрийг бид хүлээн зөвшөөрч байна. Улсын бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуулиар Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын тушаалаар биш улсын бүртгэлийн газрыг татаж оруулаад шийдвэр гаргах ёстой байсан. Хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлаад байлгүй хуулийн дагуу бүртгэл хүчингүй болж шийдвэрлэгдэх ёстой. Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоогүй. Хөрөнгө оруулалтын гэрчилгээг хүчингүй болгосон. Хуулийг заримдаг байдлаар хэрэглэсэн. Улсын бүртгэлийн асуудал дахиж хийгдвэл эдгээр 7 гишүүд дахиж хуралдаад шинэчилсэн дүрэм, журамдаа өөрчлөлт оруулаад улсын бүртгэлд бүртгэгдэх ёстой. Нэхэмжлэл хуульд заасан журмын дагуу гаргасан байгаа. Нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан байгаа. Журам дүрмийн дагуу шийдэгдэх ёстой. Компаний хуулиар энэ хуулийн этгээдийг авч үзэх хэрэгтэй. Зөвхөн улсын бүртгэл талаасаа биш. Нэгэнт хийсэн бүртгэл маань хүчинтэй байгаа. Уг нь хуулиараа 7 гишүүн нь тайлан баланс гаргаж, хаалтын балансаа хийгээд хууль ёсоороо хийх ёстой. Гэтэл зөвхөн бүртгэл дээр нь би 100 хувийг эзэмшдэг гэж хийлгэсэн байгаа. Цаана нь энэ компанийн хөрөнгийн эзэд, гишүүдийн эрх байна. Компанийн хууль зөрчигдөж байна. Тус компани нь аж ахуйн үйл ажиллагаа явуулаад олон компанитай харьцаж байсан учраас өглөг, авлага байна. Компанийг 5 жилийн дараа татан буулгасан. Энэ асуудал нь Компанийн хуулийн дагуу шийдэгдэх ёстой. Бүртгэлээр нь луйвар явагдсан байна. Компаний тухай хуулийн дагуу иргэний маргаан шийдэгдэж байж гишүүнчлэл, хувьцааны асуудал яригдах ёстой. Өнөөдөр энэ тушаал хүчингүй болсноор өмнөх 3 гишүүнтэй тушаал хүчинтэй байх юм байна гэж үзэж болохгүй. 7 гишүүний хооронд байгуулсан гэрээ байгаа. 7 гишүүний хөрөнгүүд нь байгаа. Энэ асуудлыг 7 гишүүд нь хуулийнхаа дагуу шийдэх ёстой. Анх байгуулсан Л Ж З-ээс авахуулаад цуг явсан. Сүүлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэж заасан учраас компаний 7 гишүүний гэрээ, дүрэм яригдаж байна. Тийм ч учраас сөрөг шаардлага тавиад байна. Сөрөг шаардлага нь үндэстэй байж болно. Үүнийг шийдвэрлэсний дараа ганц гишүүнтэй болж болно. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны шаардлага байгаа. Энэ шаардлагыг гаргах эрх нь Вд байгаа. Компаний тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хуульд заасан асуудлуудыг тал бүрээс нь хараад эцсийн шийдвэр гарах байх гэж бодож байна” гэв.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Маргаан бүхий 2009 оны А/3630 тушаал нь Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 281 тоот шийдвэр, үүнийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх албаны холбогдох бичиг баримтуудыг үндэслэж гарсан байгаа. Энэ тушаал нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр 2946 тоот шийдвэр нь хүчингүй болсон. Л В С нь эрх шилжүүлэх гэрээгээр Л-д шилжүүлсэн. Л Ж З нь анх үүсгэн байгуулсан 4 хүний нэг юм. 7 гишүүнтэй болоход байсан. Өөрийнхөө хувийг шилжүүлсэн нь бүртгэлийн хувийн хэрэгт байхгүй. 2009 оны А/3630 тушаал нь нэг талаараа учир дутагдалтай болсон. Хэрвээ 2946 тоотыг хүчингүй болгосон бол 2005 оны А/488 тоотоор 3 гишүүнтэй болгосон Л 80 хувь, Л Ж З 10 хувь, Л В С 10 хувь гэсэн тушаал нь хүчинтэй болох юм болов уу. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчээр ажиллаж байна. Тухайн үед бүртгэл яаж хийгддэг байсан гэвэл Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын тушаалаар холбогдох байгууллага өөрчлөлт оруулах тушаал гаргаад тэр тушаалыг үндэслээд улсын бүртгэл хийдэг байсан. Хамгийн сүүлд хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулснаар 2946 тоот нь хүчингүй болсон учраас А/448 хүчинтэй байна. Түдгэлзсэн зүйлд бүртгэл хийж болохгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгаж, хоригийг хэвээр үлдээх бичиг авсан байдаг. Манай бүртгэгч зөвхөн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас хориг тавьсан гэж ойлгоод сунгасан гэж ойлгож байна. Өмнөх захиргааны актын биелэлтийг шүүхийн шийдвэрийг анзаараагүй юм байна. Хамгийн сүүлд 2014 оны 12 дугаар сард хугацааг сунгасан. Үүнээс хойш ямар нэгэн бүртгэл хийгдээгүй юм чинь өмнөх 3 гишүүнтэй А/488 тоот хүчинтэй байх талаар ярьсан. Тухайн үед 7 гишүүнтэй бүртгэсэн бүртгэлийг шүүхээс хүчингүй болгосон. Манай гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг гадаадын хөрөнгө оруулалтыг хариуцсан агентлаг бүртгэдэг байсан. Эхэлж Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал нь гараад дараа нь манай бүртгэлийн байгууллага бүртгэл хийдэг байсан. 2014 оноос эхлээд 2 газар бүртгэдэг байсныг 1 газар бүртгэдэг болсон. 7 гишүүнтэй бүртгэсэн бүртгэлийг Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын тушаалаар хүчингүй болгосон. Тийм учраас гэрээ, дүрэм хүчингүй юм” гэв.

Тав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын А/3630 тоотыг хүчингүй болгуулъя гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэж бодож байна. Нэхэмжлэгч нь гишүүдийг хассанаас болж 4 гишүүний эрх ашиг нь зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа боловч өнөөдрийн байдлаар ганцхан В нэхэмжлэл гаргасан байна. Бусад хүмүүс нь нэхэмжлэл гаргаагүй. “Ш” ХХК-д 2002 онд 2 сая 800 мянган юаны хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарлаад байна.  Анх “Ш” ХХК нь 2002 онд Гадаадын хөрөнгө оруулалттай газрын А/459 тоот тушаалаар байгуулагдсан. Байгуулагдахад 4 гишүүнтэй тус бүр 25 хувийг эзэмшдэг байсан. 2013 оны 04 дүгээр сарын 10-нд дахин өөрчлөлт орж, нийт гишүүдийн тоо нь 5 гишүүнтэй болсон. 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин өөрчлөлт ороод Л 80 хувь, Л Ж З 10 хувь, Л В С 10 хувийг эзэмшиж ажиллаж байсан. Энэ хүртэл 2002 оноос хойш хөрөнгө оруулсан гээд байгаа В огт байхгүй байна. В нь 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Ш” ХХК-д гишүүнээр орж ирсэн. 7 гишүүнтэй болж, “Ш” ХХК-ийн үйл ажиллагаа өргөжөөд хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Гэрээний дагуу тус бүр 14 хувийн хөрөнгө оруулах ёстой байсан. Үйл ажиллагаагаа өргөтгөхөөр заасан. Гэтэл гэрээ байгуулаад, хөрөнгө оруулалтын гэрчилгээ, Монгол Улсад оршин суух карт зэргийг авсны дараагаар эдгээр хөрөнгө оруулагч нар хөрөнгөө оруулаагүй. Хөрөнгөө оруулаагүй болохоор нь Л шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Ш” ХХК-ийн 2005 оны шинэчилсэн дүрмээр тус бүр 14.000 долларыг оруулах ёстой байсан. Нэхэмжлэгчийн тухайд ярихад В нь 14.000 долларыг огт оруулаагүй. Нэхэмжлэлийг шүүх шийдэхдээ 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 281 дугаартай шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээр Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн даргын гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2005 оны 12 дугаар сарын 06-ны А/2946 тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосугай гэдэг. Шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэл нь бүхэлдээ хүчингүй болно. Бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байна. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэнэ. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр, 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 10 дугаар сарын  09-ний өдрийн 016069 гэсэн албан бичгүүдээр хийгддэг. Шүүхийн шийдвэрийн дагуу Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/3630 тоот тушаал гарсан. Энэ тушаалын дагуу Л гээд нэг гишүүнтэй бүртгэсэн. Выг орж ирэхээс өмнө 3 гишүүнтэй байсан. 7 гишүүнтэй бүртгэл орж ирлээ гэж бодоход өмнөх 3 гишүүн орж ирэх ёстой. Өмнөх 2 гишүүн ерөөсөө гомдол гаргаагүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байх явцад өмнөх Л В С 10 хувийг, Л Ж З 10 хувийг тус бүр шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн баримт нь нотлох баримт судлахад хэрэгт харагдах байх. Ингээд Л-г нэг гишүүнтэй болгож бүртгэсэн учир нь энэ байгаа юм. Энэ маргаан нь 2009 оноос хойш явсан. 2010 онд “Ш” ХХК-ийн тамга, тэмдэг хураагдаж, “Ш” ХХК-ийн үйл ажиллагаа нь тэр чигтээ зогссон. “Ш” ХХК-иас орон сууц худалдаж авсан иргэд маш ихээр хохирсон. Шийдвэр гүйцэтгэлийн эд хөрөнгөнүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж худалдсан. Тамга хураагдсанаас болж оршин суугчид хохирсон. Тамга, тэмдэг хураагдсанаас болоод байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ зогссон. Вы хүсэлтийн дагуу тамга тэмдэг хураагдсан. Хэргийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх гэж байгаад баяртай байна. Түдгэлзүүлэх хүсэлт нь үндэслэлгүй байна. Үүнийг өмнө нь шийдвэрлэсэн. 

Эхлээд намайг залилсан гэж цагдаад гомдол гаргасан. “Ш” ХХК-ийн захирал 105 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн 148.4-д зааснаар шалгахад 3 шатны шүүхээр залилаагүй юм байна гэж тогтоогдсон. Өмнө нь эрүүгийн хэрэг шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэрэг түдгэлзсэн. Үндэслэл нь арилахаар дахиж сэргэсэн. Хөрөнгө оруулсан байна гэдгээр маргаан гараад Иргэний хэргийн шүүхээр шийдээд явж байтал 2 удаа хөрөнгө оруулсан нь тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн. 2 удаа шийдвэрлэсний эсрэг 2 удаа шийдвэр хүчингүй болсон. Одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Гэхдээ хөрөнгө оруулсан нь дандаа зээлийн баримт байна. Бодитой хөрөнгө оруулалт нотлогдохгүй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу, гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээд захиргааны байгууллага нь өөрөө шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг гүйцэтгэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлд заасан үйл баримт нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар гаргасан нэхэмжлэл байна. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бүртгэл албан ёсны шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан учраас захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм” гэв.

Зургаа. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...А/3630 тоотыг хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Тэгээд бүртгэлийг хуулийн дагуу бүртгүүлэхийг даалгана гэсэн байна. 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Захиргааны хэргийн шүүхийн 281 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/2946 тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон байгаа. Энэ тушаал нь Л В С-ыг хасаж 7 гишүүн орсон зүйл байгаа. Үүнийг хүчингүй болговол урьд нь байсан бүртгэл нь хэвээрээ үлдэнэ. Л В С нь 10 хувийн хөрөнгөө Лд албан ёсоор эрхээ шилжүүлээд өгсөн. А/488 тоот нь хэвээр үлдэж байна. Л Ж З нь ямар ч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Бусад хүмүүсийн эрхийг хамгаалж байгаа мэтээр ганцхан В гаргачихаад байхад 7 хүний эрх зөрчигдөж байгаа юм шиг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэж байгаа эсэх. А/3630 тушаал нь хүчингүй болбол өмнө нь байсан А/488 тушаал нь хэвээр үлдэх гээд байна. Үүнийг шүүх анхаараасай. Нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн ярьж байгааг зөв гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулсан эсэхээ шийдвэрлэсний дараа захиргааны хэргээ шийдвэрлэвэл бүр дөхөм болно. Эрүүгийн хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зээлсэн мөнгөө өгөхгүй болохоор хөрөнгө оруулалт гэсэн. Л Ж З нь хөрөнгө оруулсан эсэхийг би мэдэхгүй Л Ж З нь мэдэж байгаа биз гэсэн мэдүүлгийг албан ёсоор хэлж байсан. Үүнийг шүүх анхаараасай гэж үзэж байна” гэв.

     ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” A-**30 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хуулийн дагуу бүртгэл хийхийг даалгуулах” гэж       нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар мэдүүлэгт үндэслэн хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Х улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ш” ХХК нь 2002 онд үүсгэн байгуулагдаж, 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шинэчилсэн гэрээ, дүрэм, үүсгэн байгуулагчдын шийдвэр, эрх шилжүүлэх гэрээний дагуу Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Гэрээнд нэмэлт оруулах тухай” А-**46 дугаар тушаалаар компанийн  хөрөнгө оруулагчдын бүрэлдэхүүнээс Х улсын иргэн Л В С-ыг хасаж, Х улсын иргэн Б******* /14%  буюу 14000 ам доллар/, В /14%  буюу 14000 ам доллар/, Ж******* /14%  буюу 14000 ам доллар/, С******* /14%  буюу 14000 ам доллар/, В******* /16%  буюу 16000 ам доллар/ нарыг шинээр бүртгэн нэмэлт өөрчлөлт оруулж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээг шинэчлэн олгожээ.

Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн даргын 2005 оны  12 дугаар сарын 06-ны өдрийн А-**46 дугаар тушаалыг Х улсын иргэн Л эс зөвшөөрч Нийслэлийн Захирганы хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Л-ийн нэхэмжлэлээр Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны  агентлагийн даргад холбогдох  хэргийг  2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. 2009 оны 10 дугаар сарын 08 өдрийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/2946 дугаар “Гэрчилгээнд нэмэлт оруулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар Гадаадын хөрөнгө оруулалтын газарт 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2/100** дугаар албан бичгийг  ирүүлжээ. Үүний  дагуу Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн  “Гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” A-**30 дугаар тушаал гарч, уг тушаалын 2 дахь заалтаар 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-**46 дугаар тушаалыг хүчингүй болгож, 1 дэх заалтаар “Ш” ХХК-ийг Х улсын иргэн Л-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болгож өөрчлөлт оруулжээ. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн A-**30 дугаар тушаалыг гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч, 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр шүүхийн шийдвэрт “Гадаадын  хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага болох Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн дарга нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар гадаадын хөрөнгө оруулалтын талаарх бодлого, хууль тогтоомжийг  хэрэгжүүлэх, 14 дүгээр зүйлийн 2.3-д гадаадын хөрөнгө оруулагчдад нэг цэгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх гэж заасан бүрэн эрх, үүргийнхээ хүрээнд 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б-1124 дугаар тушаалаар гадаадын хөрөнгө орууулалттай аж ахуйн нэгж байгуулах, бүртгэх, хөрөнгө оруулалтын гэрээг бүртгэх тэдгээрийн үйл ажиллагаа, тайлан мэдээллийг зохицуулах журмыг батлан гаргажээ. Уг журмын тавдугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь гэрээ дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулах бол энэ тухай 14 хоногийн өмнө гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэдэгдэнэ. Хөрөнгө оруулагчид гэрээ дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар энэ журмын 3 дугаар зүйлийн 3.3-д заасан баримт бичгийг бүрдүүлж өргөдлийн хамт ирүүлнэ гэж заажээ. Гэтэл Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг нь Х улсын 100 хувийн хөрөнгө  оруулалттай “Ш” ХХК-ийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тус компанийн  2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шинэчилсэн гэрээ, дүрэм, үүсгэн байгуулагчдын шийдвэр, 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  эрх шилжүүлэгч Л В С, эрх хүлээн авагч Л нарын хооронд хийгдсэн 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээ зэрэг 4 бичиг баримтаар нэмэлт өөрчлөлт оруулахаар зөвшөөрч шийдвэр гаргасан нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2.3 дахь заалт, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах, бүртгэх, хөрөнгө оруулалтын гэрээг бүртгэх, тэдгээрийн үйл ажиллагаа, тайлан мэдээллийг зохицуулах журмын 3.3, 5.1 дэх хэсэгт заасан заалттай нийцээгүй байна. Хариуцагч Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн  этгээдийн гэрээ, дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ нэмэлт өөрчлөлтийн талаарх баримт бичгийг нягтлан шалгаж судлаагүй, бусад этгээдүүдэд эрх шилжүүлсэн тухай гэрээг шаардаж аваагүй зэрэг бүрдэл дутуу баримтыг хүлээн авч тушаал гаргасан нь буруу байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр мэдүүлсэн тайлбартаа “Ш” ХХК-ийн хөрөнгө оруулсан гэх бусад этгээдүүдийн эрх шилжүүлэх тухай гэрээг дутуу авсан, бүрдүүлбэр дутуу материалыг үндэслэн шийдвэр гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн” зэрэг  үндэслэлүүдийг зааж Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн даргын  2005 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А-**46 дугаар тушаал нь  “Ш” ХХК-ийн хөрөнгө оруулагч Л-ийн эрх ашгийг хөндсөн байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар  сарын 25-ны өдрийн 281 дүгээр шийдвэрээр Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-**46 дугаар тушаалыг хүчингүй болгохдоо хууль зүйн үндэслэлийг хянаж, баримт бичгийн бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон болохоос бус маргалдагч талуудыг хэн нэгнийг хөрөнгө оруулагч мөн эсэхийг шийдвэрлээгүй байна. “Ш” ХХК-ийг 7  гишүүнтэй болгож бүртгэгдэхээс өмнө Л, Л Ж З, Л В С гэсэн 3 гишүүнтэй байжээ. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд “...Шүүхийн шийдвэрээр 2946 тоот шийдвэр нь хүчингүй болсон. Л В С нь эрх шилжүүлэх гэрээгээр Л-д шилжүүлсэн. Л Ж З нь анх үүсгэн байгуулсан 4 хүний нэг юм, 7 гишүүнтэй болоход байсан. Өөрийнхөө хувийг шилжүүлсэн нь бүртгэлийн хувийн хэрэгт байхгүй. 2009 оны А/3630 тушаал нь нэг талаараа учир дутагдалтай болсон. Хэрвээ 2946 тоотыг хүчингүй болгосон бол 2005 оны А/488 тоотоор 3 гишүүнтэй болгосон Л 80 хувь, Л Ж З 10 хувь, Л В С 10 хувь гэсэн тушаал нь хүчинтэй болох юм болов уу” гэж тайлбар гаргажээ. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн дарга /хуучнаар/ Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн  281 дүгээр шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-**46 дугаар тушаалыг хүчингүй болгож, дахин 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн A-**30 дугаар тушаалыг гаргахдаа шүүхийн шийдвэрт зааснаар хөрөнгө оруулагч нарт холбогдох материалуудыг нягтлан шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д зааснаар “Улсын бүртгэлийн байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын тоо, тэдгээрийн эзэмшиж байгаа хувь, хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийн талаар нэгдсэн бүртгэл хөтөлж, энэ талаарх мэдээллийг хагас бүтэн жилээр гаргаж, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдээллэх” үүрэгтэй байх ба мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага”, 16.1.2-д “хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч” гэж зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах эрхтэй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Х улсын иргэн В нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ш” ХХК-ийн хөрөнгө оруулагч мөн болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан байна. Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд бүртгэлийг өөрчлөн бүртгэх эрхтэй байх тул Иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон хуульд заасан баримт бичгүүдийг шаардан авч, шалгаж тогтоон дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзлээ. 

Нийслэлийн Прокурорын газраас Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/619 тоот албан бичгийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан “Ш” ХХК-ийн тамга, санхүүгийн тэмдгийг ирүүлсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 462 дугаар захирамжаар “Ш” ХХК-ийн тамга, санхүүгийн тэмдгийг Нийслэлийн Цагдаагийн газарт хүргүүлжээ. Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн талаар дахин шинэ акт гарсаны дараа  тус компаний тамга, санхүүгийн тэмдгийг эрх бүхий этгээдэд нь буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

                    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус баримтлан Х улсын иргэн Вы нэхэмжлэлээр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргаснаар Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын /хуучин нэрээр/ 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн A-**30 дугаар тушаалыг 6 сарын хугацаагаар түтгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны актыг түдгэлзүүлсэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн  47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ