Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0619

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 05 өдөр   

  Дугаар 221/МА2018/0619

Улаанбаатар хот

 

 

Г.Э, Ж.Э нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, нэхэмжлэгч Ж.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэртэй, Г.Э, Ж.Э нарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Ж.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: “...1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э-ээс гаргасан “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн Р.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн Р.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-ын гаргасан “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Ж.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Э давж заалдах гомдолдоо: “...шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ж.Э миний зүгээс гомдлыг гаргаж байна. Миний бие өөрийн эзэмшлийн 5.0 га газрыг  Г.Э-д шилжүүлэх хүсэлт гаргаж байгаагүй,  мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдлууд бүрэн тогтоогддог. Маргаан бүхий газрыг миний бие анх эзэмших эрхтэй байсан бөгөөд надаас Г.Э-д шилжсэн үйл баримт тогтоогдож байхын зэрэгцээ Г.Э нь шилжүүлж авсан нь хууль ёсны гэх байдлаар дүгнэж, шилжүүлж авсан газрыг эзэмших эрх хөндөгдсөн гэх байдлаар дүгнэсэн хэрнээ шилжүүлсэн хүн нь газар эзэмших эрхгүй буюу эрх нь хөндөгдөөгүй гэх байдлаар дүгнэж байгаа хуульд нийцээгүй, утга агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлтийг хийжээ.

Г.Э миний газар эзэмших эрх нь хуульд нийцсэн эсэх талаар хэргийн оролцогчдоос хэн нь ч маргаагүй, уг асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Э миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч Ж.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэгч Ж.Э-аас “...Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-д холбогдох хэсгийг, 2015 оны 09 дүгээр  сарын 11-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Ж.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”, Г.Э-ээс “...Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн Р.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл тус тус гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаагүй байхад хариуцагч хууль бусаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн” гэж тайлбарлан маргасан байна.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар[1] Г.Э-д эзэмшүүлсэн фермерийн зориулалттай 5.0 га газрын эзэмших эрхийг Р.Эрдэнэбаярт шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Г.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Ж.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан энэ талаарх гомдлыг хүлээн боломжгүй юм.

Нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анх Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг дарга 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаар захирамжаар[2] тус сумын Энхтал багийн Ноёнхонгорт фермерийн зориулалтаар 5.0 га газрыг Ж.Э-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0403945 дугаар гэрчилгээг[3] 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгож улмаар Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжаар[4] дээрх газрыг Г.Э-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Мөн хариуцагч 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дүгээр захирамжаараа[5] Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн дээрх 142 дугаар захирамжаар эзэмшүүлсэн Ж.Э-ын 5.0 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг анхан шатны шүүх “нэхэмжлэгч Ж.Э-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад буюу Г.Э-д шилжүүлж хүчингүй болгосон хэрнээ дахин захирамж гарган хүчингүй болгож байгаа нь буруу юм” хэмээн дүгнэн Ж.Э-ын гаргасан нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй байхад хариуцагч 159 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

Харин Ж.Э-ын гаргасан “...Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4-т заасантай нийцээгүй төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;”, 38.2.3-д “албан татвар, хураамж төлсөн тухай баримт.”, 38.2.4-д “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;”, 38.3.3-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий 150 дугаар захирамжийг гаргахдаа талуудын хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, албан татвар, хураамж төлсөн тухай баримт зэргийг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэхээр байтал тухайн хуулийн заалтыг зөрчиж, Ж.Э-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг аливаа нэг баримтгүйгээр Г.Э-д шилжүүлсэн байна.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгч Ж.Э маргаж буй газрыг анх эзэмших эрхгүй байсан талаар маргаагүй,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан атал анхан шатны шүүх “хариуцагч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж Ж.Э-д газар эзэмшүүлсэн, ...нэхэмжлэгч Ж.Э нь өөрөө нэхэмжлэл гаргаагүй нь өөрийнх нь тайлбараар тогтоогдож байх тул 150 дугаар захирамжийн улмаас түүний газар эзэмших эрх зөрчигдөхгүй” гэж буруу дүгнэжээ.

Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Э нь 2013-2015 оны газрын төлбөрийг төлж байсан гэдэг нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2018/01 дүгээр тодорхойлолт[6], баримт[7]-аар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Г.Э нь “Ж.Э-аас газрыг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авч эзэмшсэн”  гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар энэ нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ маргаан бүхий 150 дугаар захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авч, газрын төлбөр төлж байгаагүй байна.

Хариуцагч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх хуулийн зохицуулалтыг зөрчиж, Ж.Э-ын газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 150 дугаар захирамжийн Г.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Ж.Э-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч 2 иргэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны өөр, өөр шийдвэрийг хүчингүй болгуулахаар тусдаа нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн байхад анхан шатны шүүх хэргийг нэгтгэж хянан шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцож шийдвэрлэсэн байх тул зөвгөх нь зүйтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-д, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Ж.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж, 3, 4 дэх заалтыг нэгтгэн “3” гэж дугаарлан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э, Ж.Э нараас нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч нарт тус бүр 70200 төгрөгийг олгосугай” гэж, 5 дахь заалтыг “4” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Э-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн -1-127 хуудас

[2] Хавтаст хэргийн -1-182 хуудас

[3] Хавтаст хэргийн -1-32 хуудас

[4] Хавтаст хэргийн -1-184 хуудас

[5] Хавтаст хэргийн -1-226 хуудас

[6] Хавтаст хэрэг-1-25 хуудас

[7] Хавтас хэрэг-1-202 хуудас