Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 175

 

         Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

         Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

        Шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Монголмууд овогт Г. Г-д холбогдох 1835003290192 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,  эцэг, эх, 2 дүүгийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суух Монголмууд овогт Г.Г /РД:... /.

     Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 18-нд Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт хохирогч А.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Шүүгдэгч Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

      Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт хохирогч А.С-ыг зодсон болох нь хохирогч А.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 9 дүгээр  сарын 18-ны өдөр өөрийн эхнэр Алтантуяагийн хамт гэрээ өвөлжөөний буйр /бууц/-нд барьж байгаад 18-19 цагийн үед “Баян Чандмань” дэлгүүр орж гэртээ хүнсний зүйл, өөртэй  1 шил 0.5 литрийн архи аваад дэлгүүрээс гарахад үл таних 4 залуу намайг дуудсан. Тэгээд би ганцаараа тухайн 4 залуу руу очсон. Тэр 4 залуугийн хар хувцастай залуу над руу дөхөж ирээд сайн муу болж мэндэлсэн. Би тухайн үед гэрийн доторхи тавилгаа янзлаагүй байсан  болохоор тухайн 4 залууг тус болоод гэрийн тавилга тавилцаад өг гэж хэлээд бид тав манай гэр лүү орсон. Тухайн залуучуудыг өмнө нь би харж байгаагүй танихгүй залуучууд байсан бөгөөд 2.5 литрийн нэг сав пивотой байсан. Тэгээд манай гэрт ороод бид тав эхлээд 2.5 литрийн пивоо ууж дуусгаад миний 0.5 литрийн архийг ууж дуусгасан. Тухайн үед 4 залуу нэрээ хэлж танилцсан боловч би нэрийг нь тогтоож аваагүй. Гэхдээ Наранбулаг сумаас ирж “Мон Тува” ХХК-д ажиллаж байгаа гэж хэлж байсан. Бид тав архиа ууж дуусгаад 3 залуу нь гэрлүүгээ яваад ирье гэж хэлээд гараад явсан. Сүүлд үлдсэн залуугийн нэрийг Г гэх нэртэй  байсныг санаж байна. Би Г гэх залуутай хэсэг сууж байгаад дахин архи авахаар дэлгүүр лүү хамт явсан. Би тухайн үед нэлээд согтсон болохоор гараад юу болсон талаар сайн санахгүй байна. Сүүлд үлдсэн Г  нь надтай хамт байж байгаад бид хоёр маргалдаж  намайг цохиж унагаад миний дээрээс олон удаа цохиод байсан. Тэгээд яваад өгөхөөр нь би өөрийн гэртээ ороход миний хамраас цус гарч байсан. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр намайг Гөөс өөр хүн зодоогүй. Г.Г нь миний эмчилгээний зардалд гарсан 300.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Миний биед одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад Г.Г-өөс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р талд/,

     гэрч Ц.З мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед ажлаа тараад А.Д, М, Г.Г бид 4 буянт хороолол тал явган яваад нэрийг нь мэдэхгүй нэг дэлгүүрийн гадна очоод Г.Г 2.5 литрийн пиво авсан. Тэгээд уг дэлгүүрийн гадна нэг танихгүй ах бид нарыг манай гэрт очоод гэрийн тавилга өргөөд өг гэсэн тэгээд бид нар  тэдний гэрт очоод гэрт нь хулдаас дэвсээд, гэрийн тавилгыг зөөж тавьж өгсөн. Бид нар авч очсон пиво хувааж ууж дуусгаад А.С ах “Их Монгол” нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирээд задалсан.  Тэгээд би Мтай хамт тэдний гэрээс гарч яваад эгчийндээ очоод буцаад ирэхэд Г, А.С хоёр их согтсон байдалтай байсан. Би Гийг авч явах гэхэд А.С ах Гийг явуулахгүй байсан. Одоо нэг шил архи хувааж уугаад дүүгээ явуулна гээд 3 хамт тэдний гэрээс гарч Г.Г, А.С хоёр хамт дэлгүүр ороод нэг шил архи, нэг ундаа аваад гараад ирсэн. Тэр хоёр архиа А.Сын гэрт орж ууна гэхээр нь би эгчийнхээ гэр лүү явсан. Г.Г, А.Сбдном хоёр А.Сын гэр лүү явсан. Тэр хоёр нэлээд согтсон байдалтай явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

      гэрч А.Д мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 18-ны орой ажил тараад найз Г З, М нарын хамт гахайн байрны тэнд нэрийн мэдэхгүй дэлгүүр лүү орж 2.5 литрийн 1 сав пиво аваад байж байхад нэг танихгүй ах дэлгүүр лүү орж ирээд бид нарыг юм аа авч дууссан бол би юм авмаар байна гэж хэлсэн. Бид нар гараад дэлгүүрийн үүдэнд тамхилаад зогсож байхад нөгөө ах дэлгүүрээс гарч ирээд бид нартай танилцаад ахын дүү нар манайд ороод гэр янзлаад өг гэхээр нь бид нар тэр ахын гэрт орсон. Тэдний гэрт ороход тэр ахын эхнэр болон охин 2 нь байсан. Бид 4 нөгөө ахтай  хамт гэрт нь ороод өөрсдийнхөө авч орсон 2.5 литрийн пивоо уугаад дахиад ах нэг шил архи задлахаар нь бид нар хувааж уугаад гэрийг нь янзлаж өгөөд М, З, бид 3 тэр ахын гэрээс гарч явсан.Тэгээд бид нар салаад гэр гэрлүүгээ явсан. Г тэр ахын гэрт ганцаараа үлдсэн.Би гэртээ очоод амарсан. Дахиж гэрээсээ гараагүй. Маргааш нь Г шүд өвдөөд байна эмнэлэг явмаар байна гэж хэлж байсан. Гийн биед ил харагдах шарх сорви байгаагүй. Хацар нь бага зэрэг шалбарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

       гэрч Ц.М мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Г, З, Д нарын хамт ажлаа тараад гахайн байрны тэнд байх нэг дэлгүүрээс 2.5 литрийн 1 сав пиво аваад гарч явтал нэг танихгүй ах бид нартай таараад бид нараас холхон гарч Г-тэй уулзаад Г бид нар дээр ирээд С гэх хүний гэрт очоод тавилгыг нь өргөөд өгье гээд бид нар тэр хүнтэй хамт тэр ахын гэр лүү явсан. Тэнд очоод бид нар дэлгүүрээс авсан 2.5 литрийн пивоо задлаад тойруулсан би тэр пивоннаас уугаагүй. З бид хоёр С гэх ахын гэрээс гарч Згийн эгчийн гэр үү явсан. Сын гэрт Г, Д хоёр үлдсэн би З-гийн эгчийн гэрт очоод би З-гээс салаад ахынхаа гэрлүү ганцаараа явсан. Тэгээд 7 хоногийн дараа цагдаа дээр бид нарыг дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

      Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 9 дүгээр сараас эхлээд Увс аймагт байдаг “Мон Тува” ХХК-д ажилд ороод нядалсан малын мах угаагч ажил хийж байсан. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны орой хамт ажилладаг Ц.З, Д, М нарын хамт ажлаасаа гараад гахайн байранд байх Баян Чандмань дэлгүүр ороод бид нар нэг ширхэг 2.5 литрийн пиво аваад байж байтал гаднаас нэг танихгүй согтуу ах орж ирээд бид нартай танилцаад бид нарыг гэрийн тавилга эд зүйл зөөлцөөд тавилцаад өг гэж бид нарт хэлсэн. Тэгээд бид нар зөвшөөрөөд хамт А.С ахын гэрт очиж дэлгүүрээс авсан 2.5 литрийн пиво хувааж уугаад А.С ахын гэрийн тавилга янзалж өгөөд гэрийн хулдаасыг нь янзалж гэрийн гэрлийг нь тавьж өгсөн юм. Тэгж  байтал А.С ах нэг 0.5 литрийн “Их Монгол” нэртэй архи задлаад бид нар хувааж уугад дуусаж байтал М, Д, З нар гараад явсан. Би тэдний гэрэл тавьж өгөөд үлдээд хэсэг байж байтал Ц.З С-ынд буцаад ирсэн. Тэгээд С, Ц.З бид гурав тэдний гэрээс гараад нөгөө Баян Чандмань дэлгүүр лүү ороод А.С нэг шил архи, нэг ундаа авсан. Би тухайн үед явна гэхэд А.С ах хамтдаа байж бай хамт нэг шил архи хувааж уунаа гээд намайг явуулаагүй. Тэр үед 22 цаг болж байсан. Тэгээд Ц.З явчихсан. А.С бид хоёр А.Сын гэр лүү явж байгаад замдаа маргалдаад А.С миний гар утас аваад газар луу шидчихсэн юм тэгээд би ахаа болиоч хоёулаа харья гэж хэлэхэд А.С миний нүүр лүү нэг удаа цохьсон. Тэгээд би газарт унаад босож ирээд миний дургүй хүрээд А.С-ыг шанаадаад авсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад би А.С-ыг унагаагаад хэд хэдэн удаа цохьчихсон юм. Тэр үед А.С-ын хамраас цус гарч байсан. Тэгээд би Улаангом суманд байдаг өөрийн жижиг гэр лүү явсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

     Шүүгдэгч Г.Г нь хохирогч А.С-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын баруун угалз, баруун зулайн хуйханд язарсан шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамрын зүүн талд, зүүн хөмсөгний гадна хэсэгт, дээд уруул, зүүн гарын 1-р хуруунд зулгаралт зөөлөн эдийн гэмтэлүүд  үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 635 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

     Иймд шүүгдэгч Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч Г.Г нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

       2. Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

       Шүүгдэгч Г.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      Хохирогч А.С нь “Би Наранбулаг сумын 3-р багийн иргэн Г.Г миний эмчилгээний зардалд гарсан 300.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Одоо надад Г.Г-өөс нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн тодорхойлолт гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

     Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Монголмууд овогт Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

     4. Шүүгдэгч  Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

       5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ