Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2022/00084

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2022/00084

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.*******өд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2022/00781 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******өд холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20.012.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, хариуцагч Б.*******, өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* нь 2019 оны 05 дугаар сарын эхээр Эрдэнэт хотод надтай ирж уулзаад би Сэлэнгэ аймгийн Хөтлийн цемент шохой компанитай гэрээ байгуулаад өрөмдлөгийн ажил хийж байгаа юм. Гэтэл би ажлаа хийж гүйцээж амжихгүй болчхоод хэцүү байна, чи машинаа авч очоод туслан гүйцэтгэгчээр ажиллаад өрөмдлөг хийгээд өгөөч, би 1 тууш метр өрөмдлөгийг 25.000 төгрөгөөр тооцож ажлын хөлсийг нь төлнө, туслаач гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн юм. Би өөрөө өрөмдлөг хийдэг, зохих зөвшөөрөл, ажилчидтай энэ чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг тул Б.*******ийн санал болгосон ажил буюу Хөтлийн цемент шохой ХХК-ний тэсэлгээний өрөмдлөгийн ажил хийхээр Т.Батбаяр, Г.Ганцолмон нарын хамт өөрийнхөө Atlas Power 6000 маркийн өрөмдлөгийн машинтай очсон. 2019 оны 06 дугаар сард 343 тууш метр өрөмдлөг, 2019 оны 07 дугаар сард 1 361.5 тууш метр өрөмдлөг нийт 1 704.5 тууш метр өрөмдлөг хийсэн ба Б.******* бид хоёрын тохиролцсоноор 1 метр тууш өрөмдлөгийг 25 000 төгрөгөөр тооцож үзэхэд 42 612 500 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Б.*******ийн Хөтлийн цемент шохой ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд би туслан гүйцэтгэгчээр ажиллаж дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн ба Б.******* бид хоёрын хувьд ажил гүйцэтгэх аман гэрээ байгуулагдаж, Б.*******өөс 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлын урьдчилгаа хөлсөнд 4.000.000 төгрөгийг авсан, түлшний зардалд 7 сая орчим төгрөгийг авсан, цемент 60 тонн авсан /11.000.000 орчим төгрөг болсон байх/, хоолонд 600.000 төгрөг эдгээр мөнгийг 42.612.500 төгрөгөөс хасахаар 20.012.500 төгрөгийн үлдэгдэл авлага байгаа юм. Би Б.*******тэй ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу өөрийн гүйцэтгэх ажлыг үр дүнгийн доголдолгүй хийж гүйцэтгэсэн ба Хөтлийн шохой цемент ХХК ажлыг хүлээж аван Б.*******өд ажлын хөлс төлбөрөө өгсөн байх гэж бодож байна. Гэтэл Б.******* надад зохих ажлын хөлсийг төлөлгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Б.*******тэй аман гэрээтэй тул надад түлшний зардал, цементийн үнэ зэргийн талаар бодит мэдээлэл баримт байхгүй, Хөтлийн цемент шохой ХХК-иас холбогдох баримт авах гэхээр тантай гэрээ байгуулаагүй, гэрээг Б.*******тэй хийсэн тул баримт өгөхгүй гэж хэлсэн. Иймд Хөтлийн цемент шохой ХХК-ний тэсэлгээний өрөмдлөгийн ажил хийсний үлдэгдэл төлбөр болох 20.012.500 /хорин сая арван хоёр мянга таван зуун төгрөг/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжаваас гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлдээ ...2019 оны 06 дугаар сард 343 тууш метр өрөмдлөг, 2019 оны 07 дугаар сард 1361.5 тууш метр өрөмдлөг, нийт 1704.5 тууш метр өрөмдлөг хийсэн ба ... тооцож үзэхэд 42 612 500 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Хөтлийн цемент шохой ХХК-ийн тэсэлгээний өрөмдлөгийн ажил хийсний үлдэгдэл төлбөр болох 20 012 500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдаад байгаа цаг хугацаанд зөвхөн Б.*******гийн өрөмдлөгийн машинаас гадна манай өрөмдлөгийн машин хамт ажиллаж байсан. Б.*******гийн авто машин эвдэрч, зөвхөн манай өрөмдлөгийн машин ажиллаж байсан үе бий. Ажлын гүйцэтгэлийн тухайд санхүүгийн баримтуудаа тулган үзэж, үлдэгдэл байгаа эсэхийг дахин нягталъя. Б.*******д их хэмжээний өглөг үүсэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2022/00781 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******өөс 13.844.500 төгрөг /арван гурван сая найман зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.168.000 төгрөг /зургаан сая нэг зуун жаран найман мянга/-ийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258.012 төгрөг /хоёр зуун тавин найман мянга арван хоёр/-ийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******өөс 227.173 төгрөг /хоёр зуун хорин долоон мянга нэг зуун далан гурав/ гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.*******, өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Б.******* би өмгөөлөгчийн хамт Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-06-02-ны өдрийн 00781 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан, хийсвэр шийдвэр боллоо. 00781 дугаартай шийдвэрт: ... Нэхэмжлэгч Б.******* 2019 оны 06 дугаар сар болон 07 дугаар сард ажилласан бөгөөд нийт 1704.5 уртааш метр өрөмдлөгийг хийсэн болох нь зохигчийн тайлбар, Цемент шохой ТӨХК-иас ирүүлсэн Гүрдэд баян ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ажлын мэдээний нэгтгэлээр нотлогдож байна. Нэхэмжлэгч Б.******* өрөмдлөгийн ажил гүйцэтгэх явцдаа 5160 метр\10053 уртааш метр өрөмдөхөд 30433 л түлш зарцуулсан\ дизель зарцуулсан ба 2300 төгрөгөөр тооцвол нийт 11.868.000 төгрөгийн дизель түлш хэрэглэсэн гэж үзнэ савласан цемент 205.000 төгрөг байсан талаар үнийн дүнд маргахгүй гэсэн тул 12.300.000 төгрөгийн үнэ бүхий цементийг хүлээж авсан гэж үзнэ. нийт ажилчдад хувааж үзвэл 600.000 байх боломжтой..., Б.*******г нийт 42.612.500 төгрөгийн \25000х1704.5\ өртөг бүхий ажил гүйцэтгэснээс 28.768.000 төгрөгийг \бэлнээр болон эд зүйлсээр\ хүлээн авсан гэж дүгнээд хариуцагч Б.*******өөс 13.844.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэв..." гэснийг тус тус эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд: Б.******* зөвхөн 6 дугаар сард ажилласан ба энэ хугацаанд 1143 тууш метр өрөмдсөн. 1у\м өрөмдөхөд 25.000 төгрөг гэж тооцоход 28.575.000 төгрөг, 29.452.500 төгрөгийн түлшний өр үүсгээд явсан гэсэн Б.*******ийн тайлбарыг шүүх үнэлээгүй. Хариуцагч өрмийн машин, компрессорын техникийн паспортаар түлш зарцуулалтыг тодорхойлсон ба түлш зарцуулах үзүүлэлтийг тооцож дээрх тооцоог гаргасан.Шүүх зөвхөн ажлын мэдээний үзүүлэлт, сүүлд гэрээ дүгнэсэн актад дурдсан тооцооллыг авсан нь буруу байна. Эдгээр тооцооллыг гаргахад мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Нэхэмжлэгч Б.******* 2019 оны 06 дугаар сар болон 07 дугаар сард ажилласан бөгөөд нийт 1704.5 уртааш метр өрөмдлөгийг хийсэн болох нь зохигчийн тайлбар, Цемент шохой ТӨХК-иас ирүүлсэн Гүрдэд баян ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ажлын мэдээний нэгтгэлээр нотлогдож байна. Нэхэмжлэгч Б.******* өрөмдлөгийн ажил гүйцэтгэх явцдаа 5160 литр \10053 уртааш метр өрөмдөхөд 30433 л түлш зарцуулсан\ дизель зарцуулсан ба 2300 төгрөгөөр тооцвол нийт 11.868.000 төгрөгийн дизель түлш хэрэглэсэн гэж үзнэ савласан цемент 205.000 төгрөг байсан талаар үнийн дүнд маргахгүй гэсэн тул 12.300.000 төгрөгийн үнэ бүхий цементийг хүлээж авсан гэж үзнэ. нийт ажилчдад хувааж үзвэл 600.000 байх боломжтой. Б.*******г нийт 42.612.500 төгрөгийн \25000х1704.5\ өртөг бүхий ажил гүйцэтгэснээс 28.768.000 төгрөгийг \бэлнээр болон эд зүйлсээр\ хүлээн авсан гэж дүгнэсэн гэх тооцоололд *******гийн гүйцэтгэсэн 1143+343 уртааш метр=1486 байна. *******гийн гүйцэтгэсэн ажил 1704.5 гэсэн тооцоолол *******гийн гаргасан нэхэмжлэлд байгаагаас бусад баримтаар нотлогдоогүй. Хэрэгт авагдсан баримтаар ажлын хөлсийг 25.000 төгрөгөөр тооцоход нийт 37.150.000 төгрөг болно. 6-8 дугаар сарын гэрээг дүгнэсэн \6034 уртааш метр өрөмдөхөд 20682 дизель түлш зарцуулсан бол 1486 уртааш метрт 5033 литр түлш зарцуулах ба 2300 төгрөгөөр тооцвол нийт 11.713.900 төгрөгийн дизель түлш хэрэглэсэн. савласан цемент 205.000 төгрөг 60 тн 12.300.000 төгрөгийн үнэ бүхий цементийг хүлээж авсан ... хоолны зардал 600.000 төгрөг, ...бэлнээр 4.000.000 төгрөг авсан гэснийг нэгтгэсэн *******д нийт 28.613.900 төгрөг төлсөн. Төлбөрийн зөрүү нь 8.536.100 төгрөг тооцоолог гарлаа.Эдгээр тооцооллыг аль тооцоолол үндэслэлтэй эсэх эргэлзээтэй хэвээр байна. ...Ажил гүйцэтгэх хугацаанд өрмийн машин эвдэрч, зөвхөн компрессор ажиллаж байсан талаар талууд маргаагүй, энэ талаар гэрч Мэнджаргалын мэдүүлэгт дурдсан... Компрессорыг дангаар түрээслэн ажиллуулж түрээсийн мөнгийг авч байсан талаар талууд маргаагүй тул маргаагүй үйл баримтанд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй... гэсэн нь дэндүү хийсвэр дүгнэлт болжээ. Д.Мэнджаргалд ажлын хөлс 2.400.000 төгрөг төлсөн, Б.*******гийн тооцоонд орох ёстой масло үнэ 254.800 төгрөг, байрны түрээс 880.000 төгрөг НӨАТ зэрэг шууд зардлуудыг тооцоогүй. Шууд зардалд оруулахгүй талаар дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гэж үзнэ. Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан үзэж, 781 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав давж заалдсан гомдолд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зохигч, түүний өмгөөлөгч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй талаар зохицуулсан.хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанчлан Б.******* нь 1143 тууш метр өрөмдлөг өрөмдөөгүй харин 1704.5 уртааш метр өрөмдлөг хийсэн, энэ 25.000 төгрөгөөр тооцоход 42.612.500 төгрөгийн ажил хийсэн болно. Мөн хариуцагчийн гомдолд 29.452.500 төгрөгийн түлшний өр үүсгээд явсан гэдэг нь үндэслэлгүй, учир нь энэ талаар хариуцагч ямар нэгэн нотлох баримт, сөрөг нэхэмжлэл зэргийг гаргаж, түүнийгээ нотлоогүй нь хариуцагч өөрсдөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохоос биш анхан шатны шүүхийн буруу биш юм. Түлшний хувьд хариуцагчаас шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өөрсдөө 2019 оны байдлаар 2300 төгрөгөөр тооцох санал тавьсан үүнийг нь нэхэмжлэгчээс хурлыг хойшлуулахгүй, үргэлжлүүлэн явуулахын тулд зөвшөөрсөн. Миний хувьд тухайн үед мөрдөгдөж байсан шатахууны үнэлгээг гаргаж өгсөн тэр баримтанд шатахуун бол 2195-2295 төгрөгийн хоронд хэлбэлзэж байсан тул үнийн дүнд хол зөрүү гарахгүй юм байна гэж үзэж зөвшөөрөн хурлыг үргэлжлүүлсэн. Түүнчлэн цементийн үнэ ханшийг ч гэсэн хариуцагчийн хэлж байгаа үнээр буюу 205.000 төгрөгөөр буюу манай үнэлгээнээс 25,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байдлаар буюу хариуцагчид ашигтай байдлаар хоёр тал харилцан тохиролцсон энэ талаарх баримт нь хурлын тэмдэглэлийн 2-4 дүгээр хуудсанд тодорхой бичигдсэн байгаа. Хоёр талын харилцан тохиролцсон эцсийн үнийн дүнгээр анхан шатны шүүх тооцож шийдвэр гаргасан нь үндэслэлтэй болсон. Хариуцагчийн гомдолд 1704,5 гэсэн тооцоолол *******гийн гаргасан нэхэмжлэлд байгаагаас бусад баримтаар нотлогдоогүй гэжээ. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч Хөтлийн цемент шохой ХХК-иас нотлох баримтыг гаргуулсан ба уг баримтанд Б.*******гийн хийсэн ажлыг маш тодорхой гаргаж ирүүлсэн байдаг, гэтэл нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж гомдолд худлаа бичжээ. 1704.5 у/м*25,000?=42.612.500 төгрөг болох нь шууд ойлгомжтой байхад хариуцагчаас 37.150.000 төгрөг гэж буруу тооцоолсон байна. Хариуцагч нар анхан шатны шүүхийн шийдвэрт байгаа 11.868.000 төгрөгийн дизель түлш хэрэглэсэн гэсэн бичвэрийг өөрсдөө 11.713.000 төгрөг гэж буруу бичээд өөрсдөө буруу тооцчихоод анхан шатны шүүхийг тооцоолол дээр алдаа гаргасан гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Тодруулбал 11.868.000+12.300.000+600.000+4.000.000=28.768.000 төгрөг болж байгаа юм. Б.******* нь өрмийн машин эвдэрсэн байх үеийн буюу ажиллаагүй үеийнхээ цалин хөлсийг зохиомлоор нэхэмжлээгүй, зөвхөн 1.704.5 уртааш метр өрөмдлөг хийсэн түүнийхээ ажлын хөлсийг нэхэмжилсэн болохыг хариуцагч нар анхаарна уу. Компрессорыг Б.******* түрээсэлж аваад ажиллуулсан ба түүнийхээ төлбөрийг цаг тухай бүрт нь олгож байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Б.******* болон Б.******* нарын дансны хуулгаар тодорхой харагддаг. Д.Мэнджаргалд өгөөгүй гэх ажлын хөлсний хувьд энэ талаар хариуцагчаас ямар нэгэн сөрөг нэхэмжлэл, шаардлага гаргаагүй ба анхан шатны шүүх зохигчдын гаргаагүй шаардлагыг тооцооноос хасах боломжгүй. Тэгээд ч Д.Мэнджаргал ажлын хөлсөө аваагүй гэж байгаа бол өөрөө нэхэмжлэлээ гаргаад мөнгөө нэхэмжлээд явах эрх нь өөрт нь нээлттэй, хэн нэгний ажлын хөлсийг Б.******* болон Б.******* хоорондох харилцаанаас хасах боломжгүй юм. Миний хувьд хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь хүний хийсэн ажлыг үнэгүйдүүлэх, нэгэнт хийчихсэн ажлын хөлсийг өгөхгүй байх арга саам эрэлхийлж, төлбөрөө төлөхгүй, цаг хугацаа хожих гэсэн явуургүй арга гэж үзэж байгаа болно. Б.******* Хөтлийн цемент шохой ХХК-иас хийсэн ажлынхаа хөлсийг нэгэнт авчихсан, одоо тэр мөнгөнөөс Б.*******гийн хийсэн ажлын хөлсийг бүрэн өгөх үүрэгтэй хүн. Дээрх тайлбараас харахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2022/00781 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхино уу гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******өд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20.012.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч Б.*******өөс 13.844.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.168.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б.******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсан ба энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Б.******* нь Гүрдэд баян ХХК-ний нэрээр Хөтөлийн Цемент шохой ХК-тай АГГ/2019/27 дугаар ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулжээ. Нийт 10.000 м уртааш газарт өрөмдлөг хийх, ажлын хөлсийг 25.500 төгрөг байхаар тохирчээ.

Энэхүү ажилдаа туслан гүйцэтгэгчээр Б.*******г ажиллуулахаар болж 1м уртааш өрөмдлөгийг 25.000 төгрөгөөр хийхээр тохиролцжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.*******г нийт 1704.5 м уртааш өрөмдлөг хийсэн гэж дүгнэсэн боловч х/х-ийн 58 дугаар хуудсанд авагдсан Гүрдэд Баян ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ажлын мэдээний нэгтгэлийн хэмжээ болон х/х-ийн 95, 96 дугаар хуудсанд авагдсан хэмжээснүүд зөрж байх тул давж заалдах шатны шүүхээс х/х-ийн 95,96 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг үнэлэх үндэслэлтэй байна .

Нэхэмжлэгч Б.******* нь Хөтөлийн Цемент шохой ХК-ийн Хөтөл -1, Хөтөл-2 шохойн чулууны ил уурхайд 6, 7 дугаар сард ажиллаж нийт 1486 м уртааш өрөмдлөг хийжээ.

Хариуцагч Б.*******, өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.

Анхан шатны шүүх ... 28.768.000 төгрөгийг /бэлнээр болон эд зүйлсээр/ хүлээн авсан гэж үзсэн нь зөв болжээ.

Иймд нэхэмжлэгч Б.*******г нийт 1486мx25.000=37.150.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна гэж дүгнээд үүнээс 28.768.000 төгрөгийг хасаад хариуцагч Б.*******өөс 8.382.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.630.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 227.173 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2022/00781 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.*******өөс 13.844.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.168.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ... Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч Б.*******өөс 8.382.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.630.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258.012 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******өөс 227.173 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258.012 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******өөс 149.062 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 227.173 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР