| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэнсамбуугийн Өнөржаргал |
| Хэргийн индекс | 197/2025/14196/И |
| Дугаар | 197/ШШ2026/09959 |
| Огноо | 2026-04-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2026/09959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******,*******,******* тоот хаягт оршин байрлах, ******* ХХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Анчин овогт /Регистрийн дугаар: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,302,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээг ажлын гүйцэтгэлээр цуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь Н.д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,302,500 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Н. нь ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг ажлын гүйцэтгэлээр цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
3.Зохигчид дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Н. манай компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээг үндэслэн гүний худдаг өрөмдөх ажлыг хийж гүйцэтгэн, хариуцагчид хүлээлгэн өгсөн тул үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж тодорхойлсон.
3.2.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Өрөмдлөгийн ажил тохирсон хэмжээнд хүрээгүй, ажлыг хүлээн өгөөгүй тул би төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.
3.3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: Гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгээгүй буюу тохирсон гүнд хүрээгүй тул гэрээг гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр цуцалж өгнө үү гэж тодорхойлсон.
3.4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд татгалзлын үндэслэлээ: Гэрээнд заагдсан өрөмдлөгийн ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн ба насос, таг суурилуулчихвал дуусах байсан ч өөр компаниас насос авч суурилуулсан байсан. Насос, тагны үнийг хасч тооцоход татгалзахгүй гэж тодорхойлсон.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас ******* ХХК, нөгөө талаас Н. нар харилцан тохиролцож, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ. Уг гэрээгээр: Гүйцэтгэгч нь захиалагчийн эзэмшлийн газарт дунджаар 20-30 метр гүнтэй гүний худгийн цооног өрөмдөж, өрөмдлөгийн дараа усны насос, насосны кабель холболт хийх, ус өргөх хоолой сантехникийн холболт хийх, худгийн таглаа гаргах ажлыг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр, захиалагч ажлын хөлс 7,000,000 төгрөгийг урьдчилгаа 70 хувь /4,900,000 төгрөг/-ийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 30 хувь /2,100,000 төгрөг/-ийг өрөмдлөг дуусаж, гүний насос, түүний дагалдах хэрэгслийг худалдан авах үед төлөхөөр тохиролцжээ. /хх 9-10/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байна.
Гэрээг байгуулсан үйл баримтад талууд маргаагүй болно.
4.2.Гэрээний дагуу 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 4,900,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д Худгийн төлбөр 70 хувь гэсэн утгаар хариуцагч Н. төлсөн, уг мөнгийг хүлээн авсан гэдэгт талууд маргаагүй /хх 45/
5.Харин үлдэгдэл хөлсийг төлөх, гүйцэтгэгч ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх маргаан зүйл болжээ.
5.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж, ажлыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээхээр заасан.
Нэхэмжлэгч гүний худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн, 24 тууш метр өрөмдөж, цайрдсан 4 ширхэг ган трубаг суурилуулж хүлээлгэн өгсөн гэж,
харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажлыг хүлээн аваагүй, худгийн гүн тохирсон хэмжээнд очоогүй тул гэрээг ажлын гүйцэтгэлээр цуцалсан гэж өөр өөрөөр тайлбарласан.
5.2.Нэхэмжлэгч талаас баримтаар ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн өрөмдмөл худгийн техникийн паспортод: цооногийн гүн 24 м, цооногийн бэхэлсэн суултын яндангийн урт 24, хий дамжуулах 24 м янданг тус тус суулгаж гүйцэтгэв, ...Өрөмдмөл худгийг 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 06/12 тоот актаар комиссын дарга Н.Батбилэг, захиалагч Н.г төлөөлж ээж Ж.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй комисс ашиглалтанд хүлээлцүүлэв гэж тусгагдсан байна. /хх 58-65/
Мөн хариуцагч Н.гийн хариу тайлбарт ...Манай ээж, аав хоёр өрөмдлөгийн үед байсан. 4 ширхэг труба суурилуулсан ба сүүлийн трубаг хэлж гагнуулсан, нэхэмжлэгчийн ...ажил хүлээлцэх үед Н.гийн аав, ээж хоёр хамт байсан ба Ж.Наранцэцэг гэхээр нь эмэгтэй хүний нэр гэж бодоод ээж Ж.Наранцэцэг гэж бичиж техникийн алдаа гаргажээ гэсэн тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч гэрээт ажлыг зохих хэмжээнд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна.
5.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажлыг хүлээн аваагүй, худгийн гүн тохирсон хэмжээнд хүрээгүй, гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй, доголдолтой талаарх дэмжих баримтыг ирүүлээгүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад шүүхэд аливаа санал хүсэлтийг гаргаагүй тул тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Мөн хариуцагчийн аав Ж.Наранцэцэг байхад ээж Ж.Наранцэцэг гэж бичиж, худгийн техникийн паспортыг хуурамчаар үйлдсэн гэж маргасан ч техникийн паспортыг хуурамчаар үйлдсэн талаар ямар нэгэн гомдол гаргаагүй гэж өөрөө тайлбарласан тул нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч талаас ...аавынх нэрийг эмэгтэй хүний нэр гэж бодоод ээж Ж.Наранцэцэг гэж бичиж техникийн алдаа гаргасан талаар тайлбарлаж, хариуцагч талаас уучлалт хүссэн ба техникийн алдаанаас болж тухайн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.
5.3.Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-д Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж захиалагчийн үүргийг тусгажээ.
Хариуцагч талуудын байгуулсан гэрээний 8 дугаар зүйлд заасан ... үлдэгдэл 30 хувь /2,100,000 төгрөг/-ийг өрөмдлөг дуусаж, гүний насос, түүний дагалдах хэрэгслийг худалдан авах үед бүрэн төлж барагдуулна гэсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчид хандсан 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 22/0608-1 дугаартай албан тоот болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 11-12/
5.4.Хариуцагч талаас гэрээг ажлын гүйцэтгэлээр цуцлах гэж сөрөг шаардлага гаргасан хэдий ч гэрээний дийлэнх хэсэг хэрэгжсэн буюу ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэн тул гэрээнээс татгалзах талаар шаардсан гэж үзлээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай байвал гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн буруутай буюу гэрээгээр тохирсон хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүйн улмаас ажлыг бүрэн гүйцэтгээгүй нь тогтоогдож байна.
5.5.Нэхэмжлэгч ...гэрээгээр тохирсон ажлын 95 гаран хувийг гүйцэтгээд 320,000 төгрөгийн усны насос, 60,000 төгрөгийн ус өргөх 24 м хоолой, 25,000 төгрөгийн таг тавиад ажиллахад бэлэн болсон байсан ба эдгээр хийгээгүй ажлын төлбөрийг хасуулахад татгалзах зүйлгүй гэж, хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч насос суурилуулж өгөөгүй тул Эко улаан нар ХХК-аас гүний насос, кабельтайгаа 320,000 төгрөгөөр авч суурилуулж худаг ажиллаж байгаа талаар тус тус тайлбарласан.
5.6.Нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй ажлын тооцоог насос 320,000 төгрөг, ус өргөх хоолой 60,000 төгрөг, худагийн таг 25,000 төгрөг гэж нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хасаж тооцох нь зүйтэй. Энэ тооцоололд хариуцагч маргаагүй ба насос 320,000 төгрөгийн зардал гарсан гэсэн баримтаас өөр баримт гаргаж өгөөгүй болно.
Үлдэгдэл 2,100,000 төгрөгөөс гүйцэтгээгүй ажлын дүн болох 405,000 төгрөгийг хасч, 1,695,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
6.Иргэний хуулийн 232 зүйлийн 232.6-д Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр заасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 14-т Захиалагч тал ажлын хөлсийг гэрээнд заагдсан хугацаанд барагдуулаагүй нөхцөлд үлдэгдэл дүнгээс хоног тутам 05 хувиар тооцож, гүйцэтгэгч талд алданги төлнө байх тул шүүх дээрх алдангийг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэв.
Гэрээний үүрэгт тооцон гаргуулах 1,695,000 төгрөгнөөс тооцон алдангид 847,500 төгрөг гаргуулав.
7.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-д Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж, захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-Худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдаг авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч худаг өрөмдөх зөвшөөрлийн төлбөр 150,000 төгрөг, худгийн паспортын үнэ 2,500 төгрөг, нийт 152,500 төгрөгийг нэмэлт зардал хэмээн шаардсан нь дээрх заалттай нийцэхгүй байх тул энэ хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй.
8.Эдгээрийг нэгтгэн хариуцагч Н.гээс 2,542,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 760,000 төгрөгийг болон ******* ХХК-д холбогдох гэрээг гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр цуцлах тухай Н.гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус баримтлан Н.гээс 2,896,000 /Хоёр сая найман зуун ерэн зургаан мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 405,000 төгрөгийг болон ******* ХХК-д холбогдох гэрээг гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр цуцлах тухай Н.гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,790 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,350 төгрөгний 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн илүү төлсөн 23,150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 61,294 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨНӨРЖАРГАЛ