| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2021/01121/И |
| Дугаар | 207/МА2022/00087 |
| Огноо | 2022-09-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 207/МА2022/00087
| 2022 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 207/МА2022/00087 |
М.Сэржмядагийн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******т ТӨҮГ-т
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/00809 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М.Сэржмядагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т ТӨҮГ-т холбогдох,
******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Б/1112 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, засал чимэглэлч ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч М.Сэржмядаг, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан, Б.Сэр-Оддамба, нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Сэржмядаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие ******* ТӨҮГ-ын Барилга засварын цехэд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр жирэмсний амралттай байсан Г.Чагцалмаагийн оронд ажилд орсон. Ажилтан Г.Чагцалмаа нь жирэмсний амралттай байхдаа дахин төрж, жирэмсний амралтаа үргэлжлүүлэн эдэлж байгаа. М.Сэржмядаг би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад үргэлжлүүлэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс төрөхийн өмнө, төрсний дараах чөлөө авч, хүү О.Төгстөгөлдөр 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мэндэлсэн. Одоо хүүхэд асрах чөлөөтэй байна. Цехийн хүний нөөцийн мэргэжилтэн М.Нямсүрэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тойрох хуудас өгч, чиний тушаал гарч байгаа тойрох хуудсаа зуруул. гэсэн. М.Сэржмядаг миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2021 оны 08 сарын 19-ний өдрийн Б/1112 дугаартай Ерөнхий захирлын тушаалыг 2021 оны 08 сарын 24-ний өдөр гардан авлаа. Г.Чагцалмаагийн хүүхэд 1 нас өнгөрч байгаа, тэрээр хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж байгаад ажилдаа орно гэдэг болохоор үндсэн ажилтан ажилдаа ороогүй байхад М.Сэржмядаг миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ерөнхий захирлын Б/1112 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Г.Чагцалмаагийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд ажиллах М.Сэржмядаг намайг засал чимэглэлч ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Сэржмядаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-н РСЦ компанид үндсэн цех биш байхад нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр жирэмсний амралттай байсан Чагцалмаагийн оронд түр хугацаагаар ажилд орсон. 2019 онд РСЦ ХХК нь үндсэн цех болж хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан. Анх ажилд ороход ч гэсэн гэрээ байгуулахдаа Чагцалмааг ажилдаа ортол ажиллуулна гэсэн, 2019 онд гэрээ байгуулахдаа ч Чагцалмааг иртэл ажиллуулна гэж гэрээ байгуулсан. Үндсэн ажилтан Чагцалмааг ажилдаа эргэн ортол намайг ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хөдөлмөрийн гэрээ нь нэг талаас ажилтан ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох тохиролцоо юм. Ажил олгогч М.Сэржмядагтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хүсэл зориг нь Г.Чагцалмаагийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд ажлын байрыг хуульд заасны дагуу хадгалж, түүний ажлын байранд хөдөлмөрийн эрх зүйн чадвар, чадамжтай иргэнээр тодорхой ажил гүйцэтгүүлж, түүнд цалин хөлс олгох юм. Иймд ******* ТӨҮГ гэрээ байгуулахаас өмнө ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах Г.Чагцалмаагийн ажил үүргийг Б.Сэржмядагаар гүйцэтгүүлэх өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд үүнийг Б.Сэржмядаг хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурснаар энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. М.Сэржмядаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Чагцалмааг хүүхэд асрах чөлөөнөөс ирэх хүртэлх хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэжээ. Энэхүү талуудын тохирсон хугацаа нь ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргаснаар, хүүхэд асрах, мөн ажилтан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зэрэг үндэслэлүүдээр дуусах боломжтой. Учир нь талуудын байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэхээр харилцан тохиролцсон ба хугацаанаас өмнө дуусгавар болгох нарийвчилсан зохицуулалт хууль болон хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалтад хүсэл зориг илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Иймд ажил олгогчид Г.Чагцалмаа хүүхэд асрах чөлөө авсан учир түүний байнгын ажлын байранд тодорхой ажил гүйцэтгэх ажилтан ажиллуулах шаардлага гарсны үндсэн дээр М.Сэржмядагийг ажилд авсан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд Чагцалмааг хүүхэд асрах чөлөөнөөс ирэх хүртэлх хугацаатайгаар байгуулсан гэж хугацааг тогтоож өгсөн нь энэ хугацаанд ажилтан ажил, үүрэг гүйцэтгэх болзолтойгоор байгуулсан гэж үзнэ. Тус хугацаанд М.Сэржмядаг нь жирэмсэн болсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж болон амралтаа авсан. Жирэмсний болон амаржсаны №0651138 тоот хуудсаар чөлөөг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл олгосон байх ба энэ хугацаанаас хойш 3 сарын хугацаанд М.Сэржмядаг нь ажилдаа эргэн орох хүсэлт ирүүлээгүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудад хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй, эрэгтэй, эмэгтэй хүйсээр нь ялгаварлах, давуу байдал тогтоохыг хориглохоор заасан учраас ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлийн дагуу түүний хөдөлмөрийн хугацаатай гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаал нь хэвээр хадгалагдана гэж заасан бөгөөд ******* ТӨҮГ нь ажил олгогчийн зүгээс хүүхэд асрах чөлөөтэй байгаа Г.Чагцалмаагийн байнгын ажлын байрыг хадгалах үүргээ хүлээсэн. Түүний ажлын байранд ажиллаж байсан Б.Сэржмядагийн ажлын байрыг давхардуулан хадгалж, хамтын гэрээний дагуу тусламж, дэмжлэгт хамруулах нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын харилцан эрх тэгш байх зорилготой нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь нэг ажлын байранд хэд хэдэн хүний ажлын байрыг зэрэг хадгалах, буцалтгүй тусламж, нэмэгдэл тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг мөн адил олгох нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахгүй байна. Гэтэл нэхэмжлэгч нь энэ нөхцөл байдлыг ойлгохгүйгээр Г.Чагцалмаагийн байнгын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж хөдөлмөрийн гэрээнд заасан тохиролцоог биелүүлэхгүйгээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй юм. Тиймээс ******* ТӨҮГ-ын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Ерөнхий захирлын Б/1112 тоот тушаалыг хүчингүйд тооцох, М.Сэржмядагийг ажилд нь эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М.Сэржмядаг нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн Б/1112 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилдаа эргэн орох шаардлага гаргасан. Энэ шаардлагын дагуу Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-н зохион байгуулалт, бүтцийн талаар тайлбарлах нь зүйтэй. Тус үйлдвэр нь аж ахуйн тооцоотой, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бүтэц зохион байгуулалтыг тогтоодог. 2019 оны 4 дүгээр 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-н бүтэц орон тоог баталсан байдаг. Ерөнхий захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргаж Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-н бүтэц орон тоог баталсан 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 тоот тушаал хх 29-32 дугаар талд байгаа.Энэ тушаалаар Барилга засварын цехийн орон тоог баталж, Засал чимэглэлчийн хэсэг нь 63 орон тоотой байдаг. Байнгын 1 ажлын байран дээр дээр Чагцалмаатай хугацаагүй гэрээ байгуулсан. М.Сэржмядагтай хугацаатай гэрээ байгуулсан үндсэн шаардлага нь Чагцалмаагийн оронд ажил үүрэг гүйцэтгүүлэх байсан бөгөөд үүний үндсэн дээр хугацаатай гэрээ байгуулж цалин хөлс өгөхөөр тохиролцсон. Чагцалмаа ажилдаа ороогүй энэ хугацаанд М.Сэржмядаг жирэмсний болон амаржсаны амралтыг ажил олгогч олгосон. Энэ хугацаанд чиглэл авсан бичгүүд нааш цааш явж байсан асуудлын тухай нэхэмжлэгч ярьж байгаа. Тэтгэмж авах тухай асуудал яригдаж байсан учир хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хамтын гэрээгээр тэтгэмж олгодог. Энэ асуудлаар чиглэл авах албан бичгүүд явж байсан. Хүүхэд асрах чөлөө аваагүй, ажилдаа орох хүсэлтээ гаргаагүй нь хавтаст хэрэг авагдсан баримтуудаар нотлогдоно. Иймд М.Сэржмядагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах Б/1112 дугаар тушаал гарсан. Байнгын ажлын байр Чагцалмаад хадгалагдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай улсын дээд шүүхийн 36 дугаар тогтоолд жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтан буюу хугацаа дууссаны дараах ажилтан урьд ажиллаж байсан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан тохиолдолд тухайн ажил албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ гэсэн байна. Сэржмядаг чөлөө аваагүй, ажил олгох хүсэлтээ гаргаагүй тул түүний ажлын байрыг хадгалах үүргийг ажил олгогч хүлээхгүй. Хөдөлмөрлөх эрхээ өөрийн сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлээгүй, үүргээ гүйцэтгээгүй учир М.Сэржмядагийг хууль бусаар албадаг гүйцэтгүүлж болохгүй. Хүүхэдтэй гэдгээр нь буюу хүйсээр ялгаварлан давуу эрх олгох боломжгүй. Ажлын хуулийн зохицуулалтыг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Оддамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагууд хангагдах боломжгүй. Ерөнхий захирлын Б/1112 тоот тушаалыг хүчингүйд тооцох гэдэг бол эрх бүхий этгээд өөрөө өөрийнхөө шийдвэрийг хүчингүй болгохыг хэлдэг. Ямар нэгэн зөрчилгүй, өмнөх тушаалын үйлчлэл дууссан гэх зэрэг тохиолдолд буюу ямар нэг этгээд тэр тушаалтай холбоотой шаардлага гаргаагүй тохиолдолд хүчингүйд тооцох гэдэг боломжтой. Практикт шүүх өөрөө байгууллагын тушаалыг хүчингүйд тооцсон тохиолдол байхгүй. Хүчингүйд тооцох нь ихэвчлэн шинэчлэн баталж өмнөх тушаалын үйлчлэл дуусаж байгаатай холбогдуулан хүчингүйд тооцохыг ойлгоно. Иймд М.Сэржмядагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна. Хуучин хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажлын байрыг хэвээр хадгалах 8 тохиолдлыг заасан байдаг. Энд жирэмсний болон амаржсаны амралттай эсвэл хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгална гэсэн байдаг. Тухайн тушаал гарсан үед М.Сэржмядагийн жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дууссан байсан учир ажил олгогч М.Сэржмядагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хэвээр хадгалах боломжгүй байна. Тиймээс ерөнхий захирлын тушаал үндэслэлтэй байна. Чөлөө авах болон ажилдаа орох эрх нь байгаа, хүсэлт гаргаагүй байхад нь ажиллуулна гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг зөрчсөн болно. Хэнийг ч хүчээр албадан ажиллуулж болохгүй. Мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийн хэрэглэхгүй байх болон хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/00809 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Б/1112 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, ******* ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн засал чимэглэлчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч М.Сэржмядагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд, ба, нэхэмжлэгч М.Сэржмядагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.Сэржмядаг, өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн 00809 дугаартай шийдвэрт: ... Нэхэмжлэгч М.Сэржмядаг нь хүүхдээ төрүүлээд амаржсаны амралтын хугацаа дууссанаас хойш байгууллагадаа ажилдаа эргэн орох болон үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө хүсэж өргөдөл, хүсэлт гаргаагүй болох нь зохигчдын тайлбар, ******* ТӨҮГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ТБ-40-12\6104 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна... ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын 19 ний Б\1112 дугаартай тушаалын үндэслэлд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, ажилтан М.Сэржмядагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.4 дэх заалт, Барилга засварын цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 40\248 тоот албан бичиг зэрэгт үндэслэсэн гэж заасан ба уг тушаалд тус газрын ерөнхий захирал Х.Бадамсүрэн биш түүнийг орлож өөр хүн гарын үсэг зурсан байна... Нэхэмжлэгч М.Сэржмядагийг ажлаас чөлөөлсөн тушаалд тухайн үед ерөнхий захирлын эзгүйд түүнийг орлож байсан ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер.Батмөнх гарын үсэг зуран... гэж тайлбарлаж байх ба уг тушаал гарах үед ерөнхий захирлын нэгдүгээр орлогч гарын үсэг зурсан нь тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй ... гэж шүүх дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Үүнд: ... Нэхэмжлэгч М.Сэржмядаг нь хүүхдээ төрүүлээд амаржсаны амралтын хугацаа дууссанаас хойш байгууллагадаа ажилдаа эргэн орох болон үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө хүсч өргөдөл, хүсэлт гаргаагүй болох нь зохигчдын тайлбар, ******* ТӨҮГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ТБ-40-12\6104 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна... гэж дүгнэсэн нь хийсвэр дүгнэлт болжээ. М.Сэржмядаг нь 2-р хэсгийн мастер Оюунгэрэл, хамт ажилладаг найз Мөнхцэцэг, өөрийн биеэр болон утсаар хүний нөөцийн ажилтнууд, хуулийн хэлтсийн орлогч дарга Төгсбаяр, мэргэжилтэнтэй тус тус холбогдож, шинэ хүүхэд төрөхөд олгох 500.000 төгрөг тэтгэмж авъя, сар бүр олгох тэтгэмж өгөхгүй бол ажилдаа оръё... гэх саналыг тавьсан. Хүний нөөцийн ажилтан Нямсүрэн, Чимэгмаа нар шүүх хуралдаанд оролцож, өгсөн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй байгаа нь нотлох баримт үнэлэх журам зөрчсөн алдаа гэж үзнэ. Эрдэнэт-үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын 19 ний Б/1112 дугаартай тушаалын үндэслэлд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх зөөлт, ажилтан М.Сэржмядагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.4 дэх заалт, Барилга засварын цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 40\248 тоот албан бичиг зэрэгт үндэслэсэн гэж заасныг шүүх үнэлэхдээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн биш түүнийг орлох өөр хүн гарын үсэг зурсан байна..." гэж зөв дүгнэлт хийсэн атлаа Ерөнхий захирал хүний нөөцийн асуудлаар түүний эзгүйд энэ талаарх хэрэгжүүлэх эрхээ шилжүүлээгүй... байхад байгууллагын дотоод журамд заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх ажилтан, албан тушаалтныг эрх үүргийг зохицуулсан заалтыг ерөнхийлөн хамааруулж, бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М Сэржмядагийг ажлаас чөлөөлсөн тушаалд тухайн үед ерөнхий захирлын эзгүйд түүнийг орлож байсан ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Батмөнх гарын үсэг зуран... гэж тайлбарлаж байх ба уг тушаал гарах үед ерөнхий захирлын нэгдүгээр орлогч гарын үсэг зурсан нь тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй ..." гэсэн нь үндэсгүй.Тодруулбал: Хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирал удирдах ба түүний эзгүйд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер удирдах ... гэж заасан ба уг дотоод журмын 2.5-д Ерөнхий захирал, түүний эрх олгосон албан тушаалтан хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрийн газрын ба цехийн үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргана... Гэж заасны дагуу Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч нь хүний нөөцтэй холбоотой, ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргасан нь хууль бус байна. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь хүний нөөцтэй холбоотой, ажилтныг ажлаас чөлөөлөх асуудал-аар өөрийн эрхээ шилжүүлсэн эрх зүйн баримт гараагүй бөгөөд хэрэгт авагдаагүй, энэ талаар шүүх дүгнэлт хийсэнгүй. М.Сэржмядаг нь анх 2017 онд Г.Чагцалмаагийн оронд ажилд орсон.Үндсэн ажилтан Г.Чагцалмаа нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд дахин төрж, 2023-07-03 хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байгаа. ******* ТӨҮГазрын 2019-12-31 ний өдрийн 40\19\Т-007 дугаартай гэрээний Найм.Бусад нөхцөл-ийн 8.4. Ажилтан М.Сэржмядагийн хөдөлмөрийн гэрээг ажилтан Г.Чагцалмааг хүүхэд асрах чөлөөнөөс ирэх хүртэлх хугацаатайгаар байгуулав гэсэн заалтыг шүүх огт үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гэж үзнэ. Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан үзэж, 809 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Нэхэмжлэгч М.Сэржмядаг нь хариуцагч ******* ТӨҮГ-т холбогдуулан ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Б/1112 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Г.Чагцалмаагийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд Барилга засварын цехийн засал чимэглэлч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Б/1112 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, ******* ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн засал чимэглэлчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч М.Сэржмядагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Засал чимэглэлчний үндсэн ажилд ажиллаж байсан Г.Чагцалмаа нь РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаар тушаалаар компанийн 2 дугаар хэсэгт засал чимэглэлчээр 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаад тус компанийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/142 дугаар тушаалаар 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө авчээ.
РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/165 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Сэржмядагийг компанийн засал чимэглэлийн хэсэгт засал чимэглэлчнээр 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн жирэмсний амралттай байгаа засал-чимэглэлчин Г.Чагцалмааг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд ажиллуулахаар болжээ.
******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дугаар тушаалаар РСЦ ХХК нь татан буугдаж, бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдөн Барилга засварын цехийн бүтцээр 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллажээ.
******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/7192 дугаар тушаалаар Г.Чагцалмааг ******* ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсэгт 3 дугаар зэргийн засал чимэглэлчээр ажиллуулахаар болж , түүнтэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулжээ.
2017 оны 08 дугаар сарын 14 ний өдөр РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал нь М.Сэржмядагтай РСЦ ХХК-ийн засал чимэглэлчний ажил үүргийг гүйцэтгүүлэхээр түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
2019 оны 12 дугаар сарын 31 ний өдөр ******* ТӨҮГ нь М.Сэржмядагтай ******* ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн 3 дугаар зэргийн засал чимэглэлч албан тушаалд ажиллуулахаар, түүнтэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулжээ.
******* ТӨҮГ-ын Барилга засварын цехийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар Г.Чагцалмаад 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаагаар хүүхэд асрах чөлөөг олгожээ.
Нэхэмжлэгч М.Сэржмядаг нь Г.Чагцалмаагийн оронд ажиллаж байх хугацаандаа 2021 оны 03 дугаар сарын 19-нд хүү О.Төгстөгөлдөрийг төрүүлж, жирэмсний болон амаржсаны амралттай байжээ.
М.Сэржмядагийг ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын 19-ний Б/1112 дугаар тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1. дэх заалт, ажилтан М.Сэржмядагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.4 дэх заалт, Барилга засварын цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 40/248 тоот албан бичиг зэргийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Энэхүү тушаалыг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн биш түүнийг орлож өөр хүн гарын үсэг зурсан нь буруу гэж нэхэмжлэгч тал маргаж байгаа боловч анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв байна .
Тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заажээ . Гэтэл РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/165 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Сэржмядагийг жирэмсний амралттай байгаа засал-чимэглэлчин Г.Чагцалмааг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд ажиллуулахаар заажээ . Засал-чимэглэлчин Г.Чагцалмаа нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байгаа ба одоо ч ажилдаа эргэн ороогүй, тухайн албан тушаал нь эзэнгүй байгаа, энэ тушаал одоо болтол хүчин төгөлдөр хэвээр ямар нэгэн байдлаар дээрх тушаалыг хүчингүй болгосон эрх зүйн баримт бичиг гараагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх боловч хөдөлмөрийн гэрээндээ хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар ямар нэгэн хугацаа тавиагүй байна.
Хариуцагч ******* ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Чагцалмаагийн байнгын ажлын байр хадгалагдаж байгаа гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4.-т зааснаар нэхэмжлэгч М.Сэржмядагийг ажил, албан тушаал хэвээр хадгалагдах байжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4., 40.1.5.-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заажээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4., 40.1.5.-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч М.Сэржмядагийг үүрэгт ажлаас нь чөлөөлж хууль зөрчжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т ... ажил олгогч нь энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Мөн хүүхэд асрах чөлөө дууссан байхад ажил олгогчоос түүнтэй холбогдож цаашид ажиллах үгүйг тодруулах боломжтой байжээ.
Гэрч Э.Чимэгмаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг ... Хүний нөөцийн бодлогын газрын мэргэжилтэн Дөлгөөнтамир жирэмсэн хүнийг ажлаас халж болохгүй гэсэн үндэслэлээр программ дээрээ халах боломжгүй, тушаал гаргах боломжгүй хаачихсан байсан. Үндсэн ажилтан орж ирсэн тохиолдолд энэ асуудал яригдах байсан гэв... , ... Тухайн үед нөгөө хүний нөөцийн мэргэжилтэн М.Сэржмядагийг хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гаргасан гэж хэлсэн...,
Гэрч М.Нямсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг ...Би өөрөө *******т хөдөлмөрийн харилцааны маргаантай явж байгаа тул ямар нэгэн байдлаар М.Сэржмядагт зөвлөмж, зөвлөгөө өгөөгүй... , М.Сэржмядаг нь манай ажилтан Мөнхцэцэгээр дамжуулан өргөдлийн талаар лавлаад өгөөч гэж асуулгаж орж ирэхэд нь би хүний хариуцсан ажил руу орохгүй, хариулах боломжгүй Чимэгмаагаас асуу гэж Мөнхцэцэгээр дамжуулан амаар хэлсэн, Сүүлд 95348080 гэсэн дугаараас залгаж өргөдлөө өгөөгүй байгаа яах вэ гэхэд нь бичиг , чиглэл ирсэн байгаа талаар хэлсэн гэв..., Ийм хоёр бичиг ирсэн ирсэн байна тухайн хариуцаж байсан Чимэгмаагаас тодруулж энэ асуудлаа шийдвэрлүүл гэж хэлж байсан гэв..., гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч М.Сэржмядаг нь ******* ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд өргөдлөө өгөх талаар хандаж байсан, мөн ******* ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсэгт 3 дугаар зэргийн засал чимэглэлчийн ажилд Г.Чагцалмааг орсон үеэс нэхэмжлэгч М.Сэржмядагийн асуудал яригдах байсан болох нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн тайлбараар тогтоогдож байх тул түүнийг хүүхэд асрах чөлөө аваагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг болон Тогтоох хэсэгт ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Б/1112 дугаар тушаалыг хүчингүйд тооцсон атлаа ******* ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн засал чимэглэлчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч М.Сэржмядагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ойлгомжгүй болжээ.
Иймд ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Б/1112 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, М.Сэржмядагийг ******* ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн 3 дугаар зэргийн засал чимэглэлч албан тушаалд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.Сэржмядаг, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гомдлын зарим хэсгийг шүүх хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/00809 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Б/1112 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, ******* ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн засал чимэглэлчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч М.Сэржмядагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Б/1112 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Сэржмядагийг ******* ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн 3 дугаар зэргийн засал чимэглэлч албан тушаалд эгүүлэн тогтоосугай ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч М.Сэржмядаг, өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР