Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 218

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч М.Гансувд,

хохирогч Х.Сарантуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох 1734002290064 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ Хөтөл салбарт борлуулалтын инженер хийдэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Жимстэйд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Б гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг 124-ын даваа гэх газар Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн 51-23 СЭА улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт  “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож зорчигч Х.Сарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:

шүүгдэгч Б.Б: “Би хэрэг гардаг өдөр Би Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу явж байсан. Хүргэн ах, дүү, найз Г.Булгантамир, Баярбаатар, Х.Сарантуяа эгчтэй явж байсан 124 даваагаар давахад том машин гүйцэд түрүүлсэн тэгээд эгнээндээ ороод том машинтай зөрөхөд том машины бөгсөнд хажуу талаараа цохигдоод жолоо алдагдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс тогтоосон хохирол нөхөн төлнө.” гэв.

хохирогч Х.Сарантуяа: “2017 оны 8 дугаар сарын 13-ны  өдөр манай охин 7 хоног хүүхэд хараад өг гэсэн. Тэгээд би хүүхдүүд дээрээ очих гээд явж байсан. Тахилтын даваан дээр даваад ороод ирэхэд эсрэг урсгалын машинууд цуваа болсон байсан. Хамгийн урд талд нь Оросоос бараа татдаг асар урт том машин байсан. Тэгээд Б.Б хүргэн ахтайгаа яриад манай машины урьд явж байсан том машиныг гүйцэд түрүүлчих үү гэсэн чинь амживал амжих л юм байна гээд байсан. Би арай амжихгүй юм биш үү гэж хэлтэл газар шороо ухдаг том машиныг гүйцэд түрүүлэх гээд давихсан. Тэгээд 130 км цагийн хурдтай давихаж байгаад голд нь ирээд 80 км цагийн хурдтай явсан. Тэгэхлээр нь би гүйцэд түрүүлэхээ болихоно дээ гэж бодож байтал дахиад хаазаа нэмээд хурууны дайтай хоёр машины завсраар орсон. Би яаг мөргөлдлөө гээд бодоход гараад явсан. Би дотроо за за гарчихлаа гээд бодтол тас гээд явсан, тэгээд машин нисээд хамраараа буусан. Өөдөөс ирж явсан урт машин бол өөрийнхөө урсгалд явж байсан. Б.Б замын хөдөлгөөний гүйцэд түрүүлэхгүй гэсэн дүрмийг зөрчсөн. Нэг мэдсэн жолооч нь намайг татаж байсан, миний салтаа салж унах гээд би орилоод хэвтээд байсан. Тэр үед манай хүү Жаргалант суманд байсан болохоор хурдан хүрээд ирсэн. Тэгээд Орос жолоочтой ярьсан байсан. Тэгээд тэр том машиныг манай хүү очиж харахад тохой хэрээтэй гарсан гүпер байна, тэрэнд нь цохигдсон байна гэж манай хүү хэлсэн. Тэр Орос жолооч би дүрмээ баримтлаад 40 км цагийн хурдтай явж байсан энэ хүүхэд гүйцэд түрүүлж орж ирээд миний машины гүперд цохиулаад унасан гэж хэлсэн. Машинд явж байсан хүмүүс намайг ганцааранг маань тэнэг болгосон. Би тэс өөр юм яриад бусад нь өөр юм яриад байсан. Би энэ хэргийг ахиад мөрдөн байцаалтанд буцаалгаж чадахгүй. Миний бие их өвдөж байгаа, би харахад зогсож байгаа боловч бие маань хэзээ ч эдгэхгүй юм шиг байна лээ. Би бүх арга хэмжээ авч байгаа, үсээ хүртэл засуулсан. Учир нь хүмүүс намайг ямар аймар болцон юм гээд байдаг. Тэнгэр муудахад би хавтгайгаараа хэвтдэг, эм уухгүй, тос түрхэхгүй бол би үхэх гээд байдаг. Би бие сэтгэлээрээ хохирчихоод байна. Би ямар нэгэн баримт цуглуулаагүй, зүгээр л миний нэхсэн мөнгийг өгчих би сэтгэлээл хууръя гэж бодож байна. Би 30 жил Б.Бтэй зууралдаад байнга эмчилгээний мөнгө аваад явж болно. Надад 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр утсанд мессэж ирэхээр нь шалгасан чинь миний дансанд 2.000.000 төгрөг орсон байсан. Би тэр мөнгийг нь үрээгүй, би одоо аарцаг задлаж барьдаг өвгөн байдаг гэсэн, тэр хүн дээр очиж эмчилгээ хийлгэх гэж байгаа болохоор хадгалаж байгаа. Би өмгөөлөгч авч чадахгүй байгаа. Учир нь би өдөрт 6200 төгрөгийн тос түрхэдэг, тэр тос нь 10 хонодог, 19800 төгрөгийн үнэтэй 20 ширхэг эмийг өөрөөсөө харамлан барин 11 хоног уудаг. Манай нөхөр намайг шүүх хуралтай гээд явах гэж байхад эм тарианы баримтаа аваад гар гэсэн боловч би авч гараагүй. Би одоогоор 10.000.000 гаран төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байгаа. Сард 200.000, 300.000 төгрөгийн эм хэрэглэдэг. Миний энэ зовлонг хэн ч ойлгохгүй. Би хүүхдүүдээсээ зөрөөд би хэрэгтэн биш юм чинь өмгөөлөгч авахгүй гэсэн. Би урьд нь нэг удаа өмгөөлөгч авсан боловч надад онцгүй санагдсан. Би өөрийнхөө хэлэх үгийг хэлчихээд гараад ирье гэж бодсон. Би одоо 5 дахь өдөр эмчилгээнд явж зөрсөн аарцагны ясаа бариулахаар болсон. Сэтгэл санааны буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 20000000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Үүнд:

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б “  Би надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Сарантуяагийн эмчилгээний зардлыг тодорхой хэмжээгээр төлсөн байгаа цаашид хохирлыг төлж барагдуулна, өөр хүмүүсийн биед учирсан гэмтэл байхгүй , гомдол саналгүй гэж байгаа” гэх мэдүүлэг /хх-46 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Сарантуяа: “Би 2017 оны 8-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сайхан сум орох гээд хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн ард талын голын суудалд суухаар хөдөлсөн юм. Оройн 17 цагийн үед гараад 19 цагийн үед “Урьхан” зоогийн газарт үдлээд хөдөлсөн ингээд Төв аймгийн Жаргалант сумын 124-н даваа даваад уруудаж явахад жолоо барьж явсан залуу маань нэг том машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руугаа ороод хурдаа нэмсэн боловч нөгөө том машин бас хурдан явсан учир миний сууж явсан машины жолооч мөн хурдаа нэмээд том машиныг гүйцсэн боловч өөрийнхөө урсгалд орсон боловч эгнээгээ эзэлж чадалгүй замаас гараад онхолдсон юм. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан ба миний сууж явсан тээврийн хэрэгсэл тухайн үед 120-130 см цагийн хурдтай явсан юм. Би учирсан бүх хохирлоо буруутай этгээдээр гаргуулмаар байна. Одоогоор хохирлын баримтуудыг цуглуулж байгаа. Хөл дээрээ босох болоогүй хэвтрийн байдалтай одоо хөл дээрээ босох хүртэл 1 сар гаран болно. Боссон хойноо сууж чадахгүй 2 сар болно гэж эмч нар оношилж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/, .....Бие болон сэтгэл санаа нүүрний гоо сайхан, эмчилгээний зардалд би гэм буруутай  этгээдээс 25000 000/хорин таван сая төгрөг/ нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-170 тал/,

 

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч  Г.Булгантамир: “...Би 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сайхан сум орох гээд 51-23 СЭА улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад гарсан. Тэгээд Төв аймгийн сумын 3 дугаар багийн нутаг 124-н даваа Сэлэнгэ тал руугаа даваад уруудаж яваад машины жолооч машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эгнээ байраа эзэлж чадалгүй замын хажуу тал руу унаж осол болсон. Би унтаад явж байсан учир хэдэн км цагийн хурдтай явж байсныг сайн мэдэхгүй байна. Жолоочтой нилээд 4 том хүн 1 хүүхэд явж байсан. Манай машинаас Х.Сарантуяа гэдэг эгчийн зүүн талын далны яс, зүүн талын сүүжний яс хэсгээр өвдөж байна гэж байсан. Өөр бэртэж гэмтсэн хүн байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гадаа 20 цагийн үе болж байсан учир гадаа бүрэнхий байсан. Гэхдээ үзэгдэх орчин харагдаж байсан. Би Төв аймгийн Борнуур сумын Урьхан зоогийн газар өнгөрөөд унтаад өгсөн. Яг осол юунаас болж гарсныг сайн мэдэхгүй байна. Нэг сэрсэн осолд орсон байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”  гэх мэдүүлэг  /хх-28 тал/,

 

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Батболд:“Би 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сайхан сум орох гээд 51-23 СЭА улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад гарсан. Тэгээд Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг 124-н даваа Сэлэнгэ талруугаа даваад уруудаж яваад машины жолооч машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эгнээ байраа эзэлж чадалгүй замын хажуу тал руу унаж осол болсон. Миний сууж явсан Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 80 км цагийн хурдтай явж байсан. Жолоочтой нийлээд 4 том хүн нэг хүүхэд явж байсан. Манай машинаас Х.Сарантуяа гэдэг эгчийн зүүн талын далны яс, зүүн талын сүүжний яс хэсгээр өвдөж байна гэж байсан. Өөр бэртэж гэмтсэн хүн байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гадаа 20 цагийн үе болж байсан учир гадаа бүрэнхий байсан. Гэхдээ үзэгдэх орчин харагдаж байсан. Жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд дуусаж байхад урд талаас машин гарч ирсэн тэгээд өөрийн эгнээнд орон байрлалаа эзэлж чадалгүй замын хажуу тал руу унасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Жаргал: “Би Б.Бт холбогдох эрүүгийн 1734002290064 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан ба бие уг хэргийг хүлээн авч шалгахдаа хохирогч Х.Сарантуяагаас нэг удаа хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан байгаа. Гэхдээ миний бие замын цагдаагийн тасагт шинжээч томилохдоо хохирогч Х.Сарантуяагийн биеийн байдал муу ирж чадахгүй байсан болохоор удаа дараа утсаар ярьж хэргийн нөхцөл байдал болон шинжээч томилж байгаа талаар мэдэгдэж хохирогчийг мэдээллээр хангаж ажилладаг байсан. Миний бие хохирогч Х.Сарантуяа хэвтэрт байсан болохоор гэрт нь очиж хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан ба 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр очиж мэдүүлэг авсан байгаа. Тухайн үед Х.Сарантуяа хэвтэрт байсан учир мэдүүлэг авсны дараа шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэргийн материалыг танилцуулж гарын үсэг зуруулсан байгаа. Би тухайн үед мэдүүлэг авсан сар, өдрөө андуурч бичсэн байна. мөн хэргийн материал танилцуулсан тэмдэглэлийн бланк Цагдаагийн газрын 116 тоот өрөө гэж андуурч бичигдсэн байсан байна. Үүнийг анзаарахгүй хохирогчид хэргийн материал танилцуулсан байна. Би 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 98 дугаартай дүгнэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр очиж мэдүүлэг авахдаа хохирогчид танилцуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-171 тал/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8 тал/,

-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-09 тал/,

-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-10 тал/,

-хохирлын баримтууд /хх-13-16 тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-18 тал/,

-эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-19 тал/,

-Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирол үнэлгээний тайлангийн хавсралт /хх-21 тал/,

 

-2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №503 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

“1. Х.Сарантуяагийн биед тархи доргилт, цээжний зүүн талд 1 хавирганы хугарал, сээрний 6-р нугаламд хугарал, аарцаг ясны хугарал, зүүн уушигны няцралт, уруул хацар, завжинд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-35-37 тал/,

 

-2017 оны 07 дүгээр сарын 04-ний өдрийн №00000098 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “хэргийн материалтай танилцахад хар өнгийн 51-23 СЭА улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөн гэж үзэв. 2. Хэргийн материалтай танилцахад осол гарахад замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 3. Хар өнгийн 51-23 СЭА улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөнөөс болж осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэв. 4. Шинжилгээний явцад асуултанд дурдаагүй нөхцөл байдал шинээр илрээгүй болно” гэжээ /хх-39 тал/,

-цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-165-169 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №467 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1.2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 503 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Х.Сарантуяагийн биед умдаг ясны дээд, доод салааны хугарал, зүүн 1 дүгээр хавирганы хугарал, сээрний th-6-р нугаламын шахагдсан хугарал, зүүн уушигны голомтлог няцрал, уруул хацар завьжний зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1 зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.

5.Х.Сарантуяагийн биед тухайн үед дээрх гэмтлүүд учирсан байна” гэжээ /хх-175 тал/,

-хохирогч Х.Сарантуяагийн өвчний түүх /хх-180-192 тал/,

 

 -Шүүгдэгч Б.Бийн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50 тал/ болон бусад хувийн байдал тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, Б.Бт холбогдох хэргийн хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг 124-ын даваа гэх газар Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн 51-23 СЭА улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт  “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож зорчигч Х.Сарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

хохирогч Х.Сарантуяагийн: “...жолоо барьж явсан залуу маань нэг том машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руугаа ороод хурдаа нэмсэн боловч нөгөө том машин бас хурдан явсан учир миний сууж явсан машины жолооч мөн хурдаа нэмээд том машиныг гүйцсэн боловч өөрийнхөө урсгалд орсон боловч эгнээгээ эзэлж чадалгүй замаас гараад онхолдсон юм” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/, гэрч  Г.Булгантамирын: “...Би 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сайхан сум орох гээд 51-23 СЭА улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад гарсан. Тэгээд Төв аймгийн сумын 3 дугаар багийн нутаг 124-н даваа Сэлэнгэ тал руугаа даваад уруудаж яваад машины жолооч машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эгнээ байраа эзэлж чадалгүй замын хажуу тал руу унаж осол болсон.”  гэх мэдүүлэг  /хх-28 тал/,

 гэрч С.Батболдын: “... Тэгээд Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг 124-н даваа Сэлэнгэ тал руугаа даваад уруудаж яваад машины жолооч машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эгнээ байраа эзэлж чадалгүй замын хажуу тал руу унаж осол болсон. .....Манай машинаас Х.Сарантуяа гэдэг эгчийн зүүн талын далны яс, зүүн талын сүүжний яс хэсгээр өвдөж байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-28 тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8 тал/, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-09 тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-10 тал/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирол үнэлгээний тайлангийн хавсралт /хх-21 тал/, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №503 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-35-37 тал/, 2017 оны 07 дүгээр сарын 04-ний өдрийн №00000098 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-39 тал/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №467 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-175 тал/ хохирогч Х.Сарантуяагийн өвчний түүх /хх-180-192 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

       

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.

             Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-ийг дээрх гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн болон Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлж барагдуулахаар тогтоож хянан шийдвэрлэлээ.

 

Тав. Бусад зүйлийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Сарантуяа нь 3042404 төгрөгийн,

Шүүхийн шатанд гэм хорын хохиролоос гарсан хор уршгийн зардал буюу сэтгэл санааны хохирол 20000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Үүнд:

Нотлох баримтын шаардлага хангасан 3042404 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч Б.Б нь шүүхийн шатанд 2000000 төгрөгийг төлсөн байх тул хасч үлдэх 1042404 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хянан шийдвэрлэв.

Харин гэм хорын хохирлоос гарсан хор уршгийн зардал буюу сэтгэл санааны хохирол 20000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2, 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирлоос үүссэн хор уршиг болох эм тариа, сувилал, бариа заслын төлбөрт 5000 000 /таван сая/ төгрөг нийт 6042404 төгрөгийг шүүгдэгч Б.Бээс гаргуулан хохирогч Х.Сарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 1734002290064 тоот хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн №01651078 дугаартай гэрчилгээ, жолоочийн №1067631 дугаартай үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-т буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б овогт Б.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 1000/нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000/нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000 0000 /нэг сая / төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1734002290064 тоот хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн №01651078 дугаартай гэрчилгээ, жолоочийн №1067631 дугаартай үнэмлэх зэргийг шүүгдэгч Б.Б-т буцаан олгосугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөрт зарцуулсан зардал 1042404 төгрөгийг,

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2, 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирлоос үүссэн хор уршиг болох эм тариа, сувилал, бариа заслын төлбөрт 5000000 /таван сая/ төгрөг нийт 6042404 /зургаан сая дөчин хоёр мянга дөрвөн зуун дөрвөн/ төгрөгийг шүүгдэгч Б.Бээс гаргуулан хохирогч Х.Сарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б нь хохирогчид 2000000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ