Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2022/00089

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2022/00089

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй,  хариуцагч

 Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх

газар 437 ду гаар нээлттэй хорих анги,

******* ХХК-нд холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2022/00780 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги,

Хариуцагч: ******* ХХК-нд холбогдох,

“******* ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ321/1106/1107 тоот үнэлгээг хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1668 дугаартай шийдвэрийг биелүүлэх зорилгоор Орхон аймгийн Баян-Өндөр сум, 5-24а-38 тоот Ү-2101021128 тоот бүртгэлтэй 4 өрөө орон сууц ны үнэлгээ, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ миний эрх ашгийг хохироож маш бага үнэлгээгээр үнэлснийг шийдвэр гүйцэтгэлийн газраас 2021 оны 05 дугаар сарын 14-ний мэдэгдэл өгсөнтэй танилцаад үнэлгээг эс зөвшөөрч байна. Тухайн орон сууцны үнэлгээг тогтоохдоо зах зээлийн үнэ цэнээр үнэллээ гэж байгаа боловч өнөөдөр орон сууц барилгууд байршил, засварын байдал, зах зээлд ашиглагдаж байгаа байдал, мкв хэмжээгээр тооцвол 115.909.994 төгрөг, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 13.000.000 төгрөг гэж үзэх үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн байна. Зах зээлийн доод үнэ орон сууц 130.000-180.00.000, авто зогсоолын үл хөдлөх хөрөнгийг 20.000.000-25.000.000 төгрөгөөр үнэлэх боломжтой хөрөнгө. Иймд үнэлгээг тогтоохдоо илтэд үндэслэлгүй тогтоосон гэж үзэж байх тул ******* ХХК ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ321/1106/1107 тоот үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1668 дугаартай шийдвэрийг биелүүлэх зорилгоор Орхон аймгийн Баян-Өндөр сум, 5-24-63 тоот Ү-2101004429 тоот бүртгэлтэй 50 м.кв 4 өрөө орон сууцад үнэлгээ хийхдээ эрх ашгийг хохироож маш бага үнэлгээгээр үнэлснийг шийдвэр гүйцэтгэлийн газраас 2021 оны 05 дугаар сарын 14-ний мэдэгдэл өгсөнтэй танилцаад үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан ба ******* ХХК-ийн үнэлгээ нь хөрөнгийн бодит үнэлгээг тогтоогоогүй. ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөлд даатгалын хохирлын үнэлгээ гаргах эрхийг олгосон байх тул үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хийх эрхийг олгосон гэх байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсонгүй, ялангуяа салбар төлөөлөгчийн газар болох ******* ХХК-ийн Орхон аймгийн салбар. ******* ХХК-ийн Орхон аймгийн салбар гэх 33 дугаар хуудаст авагдсан баримтаар эрх үүрэг нь тодорхойгүй буюу Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаар салбар төлөөлөгчийн эрх үүрэг нь буюу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хийх эрх байгаа эсэх хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.Учир нь тухайн салбарын зөвшөөрлийг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 134 тушаалаар олгосон гэх ба энэ үед үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийх эрхийг ******* ХХК аваагүй байсан нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс харагдаж байна. ******* ХХК зөвшөөрлийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр авсан болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дэх бүртгэлд байх боловч салбар уг эрхийг эдлэх эрх олгогдсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Захирал нь Ч.Жамьян гэх хүн байх /32 хх, 56 хх/ ба Б.Уянгад шинжилгээ хийх эрхийг хэн олгосон талаарх баримтгүй байхад Б.Уянга гэх этгээд шинжээч томилох тогтоол, эрх үүргийг танилцуулсан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9,13,14,17-р зүйлийг зөрчсөн. ******* ХХК-ийг шинжээчээр томилсон боловч тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдэд тогтоол болон шинжээчийн эрх үүргийг танилцуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар буюу Б.Уянгыг томилсон талаарх баримт байхгүй байгаа нь Шүүх шинжилгээний хуулийн 9-р зүйлийг зөрчиж, дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Хэт доогуур үнээр үнэлсэн тухайд хэрэгт нотлохыг нэхэмжлэгч хүсч хууль ёсны дагуу үнэлгээ хийлгүүлэхээр шинжээч 2 удаа томилсон ба Халиун капитал ХХК-ийг анх Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/Ш32021/03589 тоот шүүгчийн захирамжаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийлгүүлэхээр томилохдоо түүнд шинжээчийн эрх үүргийг танилцуулсан баримт 100 хх авагдсан. Харин Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/Ш32022/01094 тоот шүүгчийн захирамжаар дахин үнэлгээ хийлгүүлэхээр томилохдоо 2021 дүгээр 04 дүгээр сарын байдлаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гэж өөрчлөн дахин томилсон ба шинжээчийн эрх үүргийг тухайн компанид огт танилцуулаагүй буюу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШЗ2022/01094 тоот шүүгчийн захирамж дах Шүүх шинжилгээний тухай хуулийн 9,13,14,17 заалт буюу эрх үүргийг танилцуулахаар заасныг биелүүлээгүй дүгнэлт гаргасан нь хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байна. Тус хэрэгт шинжээчээр хувь иргэнийг бус байгууллагыг шинжээчээр томилсон байхад байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд болон тухайн үнэлгээнд ямар эрх хэмжээтэй шинжээч оролцохоор томилогдсон баримт болон тухайн шинжээчид эрх үүргийг танилцуулсан баримт байхгүй байгаа нь тухайн үнэлгээ хууль ёсны дагуу гарсан үнэлгээ гэж үзэх боломжгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн дүгнэлтийг хууль ёсны нотлох баримт гэж үзэх боломжгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй болсон байна гэж үзэж байна. Хэдийгээр нэхэмжлэгч өөрийн орон сууцны зах зээлийн үнийг хуулийн дагуу зөв тогтоолгож, хямд үнэлснийг нотлохоор шинжээч томилж үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн хүсэлтийг шүүх хүлээн авч, шинжээч томилсон боловч шинжээчийн дүгнэлт нь хууль зөрчсөн нь шүүгчийн захирамжийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Үл хөдлөх хөрөнгөө нэхэмжлэгч тухайн үед өөрийн хөрөнгийг үнэлж /47хх / гаргасан саналаас доогуур үнэлсэн үнэлгээ талуудын саналыг харгалзсан гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгчийн 190 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ямар үндэслэлээр доогуур үнэлснээ хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй буюу үнэлгээ үндэслэлтэй талаарх нотолсон баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Хостав ХХК-иас 160.399.098 төгрөг гаргуулж Капитрон банканд, мөн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1668 дугаар шүүгчийн захирамжаар 56.000.000 төгрөг гаргуулж Д.Энхжаргал нарт олгохоор тус тус шийдвэрлэсэн. Капитрон банкны нэхэмжлэлтэй Хостав ХХК-д холбогдох шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үлдэгдэл 49 966 078 төгрөг бөгөөд шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан 3 үл хөдлөх хөрөнгөөс төлбөр авагч Капитрон банкнаас Хостав ХХК-ний захирал *******ын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-63 тоот 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн. Мөн Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй *******од холбогдох 56.000.000 төгрөгийн төлбөрөөс 14.650.000 төгрөг төлөгдөж 41.350.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг гүйцэтгэх баримт бичиг нь 2017 онд ирсэн бөгөөд төлбөр төлөлт удааширч байгаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахын тулд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-63 оот орон сууц, 5-24а-38 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан. Төлбөр төлөгч *******ын өмчлөлийн 5-24-63 тоот орон сууц, 5-24-а-38 тоот авто зогсоолуудын үнийн саналыг талуудаас авч, өөр өөр санал ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу "*******" ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний тайланг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр талуудад танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан гаргадаг тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг манай байгууллага хариуцахгүй болно. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх шинжээч томилсон. Тухайн байгууллагын гаргасан үнэлгээ ******* ХХК-ийн үнэлгээ хоёрын хооронд 3.000.000 төгрөгийн зөрүүтэй байдаг. Иймд ******* ХХК зах зээлд нийцсэн үнэлгээ буюу дундаж үнэлгээ гаргасан гэдэг нь харагдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 6 сарын хугацаанд хэлбэлзэх боломжтой байдаг. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гарсан үнэлгээ нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гаргасан үнэлгээ нь бараг 1 жилийн зайтай гаргаж байхад 3.000.000 төгрөгийн зөрүүтэй гарч байна. ******* ХХК-ийг томилохдоо шинжээчид эрх үүрэг, хариуцлагыг танилцуулж тэмдэглэл үйлдсэн. Ингээд үнэлгээтэй холбоотой шүүх хуралдааны явцад шүүхээс томилсон үнэлгээний компани манай байгууллагаас томилсон үнэлгээний компанийн зөрүү 3.000.000 төгрөгийн зөрүүтэй гарч байгаа нь зах зээлийн ханшийн дагуу үнэлгээ гарсан гэсэн үг юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Манай компанийн зүгээс үнэлгээг зөв гаргасан. Зах зээлийн үнэлгээнээс доогуур гаргасан гэж байгаа боловч шүүхээс томилсон үнэлгээний компани мөн манай дүнтэй ойролцоо дүн гаргасан байсан. 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тогтоолын дагуу үзлэг хийсэн. 2021 оны зах зээлийн байдал, тухайн үеийн судалгаа дээр үндэслээд үнэлгээг гаргаж байна. Байр орон сууц үнэлгээ 159.999.990 төгрөг гарч байсан. Гаражийн талаар судалгаа хийж үзэхэд 10.000.000 төгрөгөөс 15.000.000 төгрөг байсан. Үүний дундаж байдлаар 13.000.000 төгрөг гэж гаргасан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр томилогдсон шинжээч болон манай байгууллагын гаргасан дүгнэлтэд 3.000.000 төгрөгийн зөрүү нь гарах нь хэвийн зүйл юм гэв.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Энхжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгчөөс мөнгө гаргаж өгөхгүй, ажиллагаа удаашралтай байна. *******оос 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1668 тоот шийдвэрээр 60.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч бүтэн 5 жилийн хугацаанд 10.000.000 төгрөгийн төлбөр гаргуулсан буюу 60.000.000 төгрөг, жилд 2.000.000 төгрөгөөр тооцоход бүтэн 30 жилийн хугацаанд төлбөр төлөгдөхөөр ажиллагаа явагдсан байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг Ерөнхий газарт нь гомдол гаргасан юм. *******ын хүсэлтээр бүтэн 1 жил хурал хойшилсон байна.2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хурал хойшлогдсон, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурал хойшлогдсон, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үнэлгээ тогтооход ирээгүй, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хурал хойшлогдсон, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хурал хойшлогдсон,2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурал хойшлогдсон байна. Ингэж Бүрэнтогтох нь Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Үнэлгээний газар болон төлбөр авагч надаар тоглож хугацаа хожиж байгаа тул би өөрөө гуравдагч этгээдээр дараагийн шүүх хуралдаанд оролцохгүй. Намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Учир нь би эд хөрөнгөөрөө бүрэн хохирсон, одоо цаг хугацаагаар хохироод байн байн шүүх хуралдаанд ирж хойшлогдож байх тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. ******* ХХК, Халиун капитал ХХК үнэлгээний газар нь эд хөрөнгийг яг адилхан үнэлсэн байна. ******* нь хугацаа хожиж, хуулийн байгууллагуудаар тоглож байгааг анхааралдаа авч өгнө үү. ******* нь хойшид дахиад хурал хойшлуулах болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2022/00780 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ321/1106/1107 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.28-ны өдрийн 1668 дугаартай шийдвэрийг биелүүлэх зорилгоор Орхон аймгийн Баян өндөр сум 5-24-63 тоот Ү-2101004429 тоот бүртгэлтэй 50 мкв 4 өрөө орон сууц үнэлгээ хийхдээ эрх ашгийг хохироож маш бага үнэлгээгээр үнэлснийг шийдвэр гүйцэтгэлийн газраас 2021.05.14-ний мэдэгдэл өгсөнтэй танилцаад үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан ба ******* ХХК ийн үнэлгээ нь хөрөнгийн бодит үнэлгээг тогтоогоогүй . ******* ХХК ийн тусгай зөвшөөрөлд Даатгалын хохирлын үнэлгээ гаргах эрхийг олгосон байх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хийх эрхийг олгосон гэх байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй, ялангуяа салбар төлөөлөгчийн газар болох ******* ХХК ийн Орхон аймгийн салбар үнэлгээ хийх эрхтэй эсэх баримт хэрэгт гаргаж өгөөгүй. ******* ХХК-ийн Орхон аймгийн салбар гэх 33 хуудаст авагдсан баримтаар эрх үүрэг нь тодорхойгүй буюу Иргэний хуулийн 29 -р зүйлийн 29.4-т зааснаар салбар төлөөлөгчийн эрх үүрэг нь буюу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хийх эрх байгаа эсэх хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.Учир нь тухайн салбарын зөвшөөрлийг 2014.05.14-ний өдрийн 134 тушаалаар олгосон гэх ба энэ үед үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийх эрхийг ******* ХХК аваагүй байсан нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс харагдаж байна. ******* ХХК зөвшөөрлийг 2019.12.17-нд авсан болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дэх бүртгэлд байх боловч салбар уг эрхийг эдлэх эрх олгогдсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Захирал нь Ч.Жамьян гэх хүн байх/ 32 хх/ ба 56 хх авагдсан Б.Уянгад шинжилгээ хийх эрхийг хэн олгосон талаарх баримтгүй байхад Б.Уянга гэх этгээд шинжээч томилох тогтоол, эрх үүргийг танилцуулсан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9,13,14,17 -р зүйлийг зөрчсөн байхад шүүх нотлох баримтгүйгээр эрх олгогдсон этгээд гэж үзсэн нь үндэслэлгүй. Хэт доогуур үнээр үнэлсэн тухайд хэрэгт нотлохыг нэхэмжлэгч тал хүсэж хууль ёсны дагуу үнэлгээ хийлгүүлэхээр шинжээч 2 удаа томилсон ба халиун Капитал ХХК ийг анх Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ 2021/ШЗ/03589 тоот шүүгчийн захирамжаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийлгүүлэхээр томилохдоо түүнд шинжээчийн эрх үүргийг танилцуулсан. баримт 100 хх авагдсан. Харин Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ /Ш32022 /01094 тоот шүүгчийн захирамж биелүүлээгүй асуудлаар хэлэлцэхдээ захирамжийг өөрчилж , 2021.04 сарын байдлаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гэж томилсон ба шинжээчийн эрх үүргийг тухайн компанид огт танилцуулаагүй.Шинжилгээ хийх гэж байгаа нөхцөл өөрчлөгдсөн байхад хууль сануулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй . Шинжээчийн эрх үүргийг танилцуулсан баримт 100 хх авагдсан баримт нь өмнөх шүүгчийн захирамжийг биелүүлэхтэй холбоотой бөгөөд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ /Ш32022 /01094 тоот шүүгчийн захирамж дахь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9,13,14,17 заалт буюу эрх үүргийг танилцуулахаар заасныг биелүүлээгүй дүгнэлт гаргасан нь байхад удаа дараа эрх үүргийг танилцуулсан гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба Шинжээчээр хувь иргэнийг бус байгууллагыг шинжээчээр томилсон байхад байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд болон тухайн үнэлгээнд ямар эрх хэмжээтэй шинжээч оролцохоор томилогдсон нь нотлох баримтгүй байхад үнэлгээ хийсэн гэж үзсэн нь хуульд нийцээгүй буюу хууль ёсны дагуу үнэлгээ гарсан гэж үзэх боломжгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47-р зүйлийн 2-т заасныг зөрчсөн дүгнэлтийг хууль ёсны нотлох баримт гэж үзэх боломжгүй байгааг хүлээн авч нэхэмжлэгчийн өөрийн орон сууцны зах зээлийн үнийг хуулийн дагуу тогтоолгон , хямд үнэлснийг нотлохоор шинжээч томилсныг шүүх хүлээн авсан атлаа эрх үүргийг шинжээчид танилцуулаагүй нь Шүүхийн шинжилгээний хуулийг зөрчсөн нь гэж үзэж байгаа бөгөөд энэ нь шүүгчийн захирамжийг биелүүлбэл зохих этгээд биелүүлсэн гэж үзэх боломжгүй . Мөн Үл хөдлөх хөрөнгөө нэхэмжлэгч тухайн үед өөрийн хөрөнгийг үнэлж /47хх / гаргасан саналаас доогуур үнэлсэн үнэлгээний асуудлаар няцаасан баримт хариуцагч талуудаас гаргаж өгөөгүй байхад үнэлгээ үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.02-ны 142/ШШ2022/00780 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, ******* ХХК-нд холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-321/1106/1107 дугаар үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч ******* нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Хостав ХХК-иас 160 сая төгрөгийг Капитрон банканд төлөх, мөн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1668 дугаар шүүгчийн захирамжаар 56 сая төгрөгийг Д.Энхжаргалд төлөхөөр шийдвэрлэгдсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа хийж *******ын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24-63 тоотын 4 өрөө орон сууц, 5-24-а-38 тоот авто зогсоолыг хурааж авсан. Эдгээр үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад өөрөөр санал ирсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т заасны дагуу ******* ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр 4 өрөө орон сууцыг 115.909.994 төгрөгөөр авто зогсоолыг 13.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасны дагуу шүүх Халиун капитал ХХК-ийг шинжээчээр томилсон ба 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр орон сууцыг 118.720.000 төгрөг, авто зогсоолыг 14.686.000 төгрөгөөр үнэлжээ.

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн үнэлгээ нь хөрөнгийн бодит байдлыг тогтоогоогүй, миний эрх ашгийг хохироож, маш бага үнэлгээгээр хэт доогуур үнэлсэн, ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөлд даатгалын хохирлын үнэлгээ хийх эрхийг олгосон, салбар төлөөлөгчийн газар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх байгаа эсэх нь нотлогдохгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд ******* ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь даатгалын хохирол үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх ба хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг /2017.01.11-2020.01.11/ хугацаанд заасан байна.

Иймд ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийж эрх нь сунгагдсан эсэх нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй байхад ******* ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-321/1106/1107 дугаар үнэлгээг тухайн цаг үед хийгдсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Халиун капитал ХХК-ийг дахин шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээчид эрх үүрэг тайлбарлаагүй. Өмнө нь шинжээчээр томилохдоо эрх үүрэг танилцуулсан 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн баримт хэрэгт авагдсан /ХХ-100/ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн байгаа хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодруулж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдан гомдолд дурдсан бусад үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2022/00780 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                             С.УРАНЧИМЭГ