| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2026/00003/И |
| Дугаар | 318/ШШ2026/00102 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 318/ШШ2026/00102
| 2026 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 318/ШШ2026/00102 | Увс аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э овогт В-ийн О,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие .... онд төрсөн, .. настай. Би эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд татагдаагүй. 1987 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөөд 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд илгээлтээр малчнаар ажиллах болсон ба 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Давшилт нэгдэлд малчнаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймл миний Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 356 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн хурлын 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр Нэгдэлд гишүүн элсүүлэх тухай тогтоол, хавсралт, гэрч Г.С, Ч.У нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Ч.У-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, В.О-ийн паспорт авах өргөдлийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч В.О-ийн 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч В.О-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн хуудсанд: В.О-ийн ажилласан жилийг тооцоход хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй тул тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 356 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн 1987-1990 оны тушаал, цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй тул В-ийн О-тэй холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй болно гэжээ.
3.3. Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн хурлын 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр Нэгдэлд гишүүн элсүүлэх тухай тогтоол, д 1986-1987 онд Зүүнхангай сумын 8 жилийн дунд сургууль, Баруунтуруун, аймгийн 10 жил төгсөж МАА-н үйлдвэрлэлд илгээлтээр гарч байгаа дараах 15 охид, хөвгүүдийг нэгдлийн гишүүнд элсүүлж авсугай гэж, хавсралтад В.О 8 дугаар анги гэжээ. Тухайн тушаал нь нэхэмжлэгчийн 1987-1989 онд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамааралтай байх тул тушаалыг шийдвэрийн үндэслэл болгов.
3.4. В.Оийн паспорт авах өргөдөлд: Овог, нэр В-ийн О, ажилладаг байгууллага Давшилт нэгдэл, эрхэлдэг ажил малчин, маягтыг бүртгэсэн огноо 1990.08.15 гэж бүртгэгджээ. Тухайн баримтад нэхэмжлэгчийн 1990 онд ажиллаж байсан байдлын талаар тусгагдсан байх тул баримтыг 1987-1989 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй гэж үзлээ.
3.5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.С, Ч.У хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь Г.С-г гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан ба гэрч Ч.У Би 1981 онд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малын эмчээр ажилд орсон ба 1996 онд тус нэгдэл тарахад ажлаас гарч хувийн эмнэлэгт ажилд орсон. В.О нь Давшилт нэгдэлд 1987 онд малчнаар ажилд орж байсан ба 1993 он хүртэл ажиллаад хувиараа мал маллахаар нэгдлийн ажлаас гарсан. Би В.О-тэй тус нэгдэлд 1987-1993 онд хамт ажиллаж байсан нь үнэн болно гэж мэдүүлсэн ба түүний шүүхэд өгсөн мэдүүлэг Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн хурлын 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр Нэгдэлд гишүүн элсүүлэх тухай тогтоол, хавсралтаар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэв.
4. В.О-ийн цалингийн баримт Увс аймгийн Архивын хэлтэст хадгалагдаагүй хэдий ч нэхэмжлэгч нь 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн хурлын 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр Нэгдэлд гишүүн элсүүлэх тухай тогтоол, хавсралт, Ч.У-ын мэдүүлгээр тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Э овогт В-ийн О-ийн 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч В.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Э овогт В-ийн О-ийн 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч В.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ