Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 318/ШШ2026/00098

 

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 318/ШШ2026/00098

Увс аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш овогт Е-ын Б,

Р.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Е.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Е.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Б бид хоёр гэрлэлтээ батлуулж, дундаасаа хоёр охинтой болсон ба хоёулаа Р.Б-аар овоглодог. Хоёр хүүхэд маань 9 настай. Р.Б-аас хүүхдийн тэтгэмж авч үзээгүй, хоёр охиноо 8 жил өсгөж байна. Одоо Р.Б-д эцгийн хариуцлагыг нь үүрүүлж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй тул шүүхэд хандаж байна. Р.Б нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж утасны дугаар, оршин суудаг хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулж хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Улаангом сумын 10 багийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 373 дугаар тодорхойлолт, тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2859 дугаартай шүүгчийн захирамж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 663 дугаар шийдвэр зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Р.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Е.Б-ын Р.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Е.Б-ын нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Е.Б, Р.Б нар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас ... оны .. дүгээр сарын ...-ний өдөр охин Б.Н, Б.Н нар төрсөн байна. Улмаар нэхэмжлэгч Е.Б нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Р.Б хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 663 дугаар шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, охин Б.Н, Б.Н нарыг эцэг Р.Б-ын асрамжид үлдээж шийдвэрлэжээ. Гэвч охин Б.Н, Б.Н нар эх Е.Б-ын асрамжид өсөж, хүмүүжиж байна.

4. Улмаар нэхэмжлэгч Е.Б нь хариуцагч Р.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2859 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхийн журмаар Р.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Увс аймаг, Наранбулаг сум, 1 дүгээр баг, 2 дугаар гудамж, 9 тоот хаягт оршин суудаг талаарх лавлагааг ирүүлсэн байна.

Дээрх шүүгчийн захирамжаар Р.Б-ыг тус хаягт оршин суудагггүй болох нь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Ийнхүү Р.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх бөгөөд байнга оршин суух хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, Р.Б-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2859 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

6. Иймд 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ..........., М овогт Р-ийн Б-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Е.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар ...... оны .. дугаар сарын ...-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ............, Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг, 2 дугаар гудамж, 9 тоот хаягт оршин суух байсан, М овогт Р-ийн Б-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Р.Б-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Увс аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Е.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ