Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 226/МА2022/00028

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 13-ны өдөр            226/МА2022/00028                                 Хэрлэн сум

 

 

 

 

Ю.Т-ы нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Б-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00028/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгч Ю.Т-,

Хариуцагч Д.Б-,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мандхай,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 156/ШШ2022/00286 дугаар шийдвэртэй Ю.Т-ы нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох “Барилгын суурийг холдуулж, газрыг хуучин хэвд оруулж, газар чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хариуцагч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ю.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б- үйлчилгээний зориулалттай миний эзэмшлийн газрыг 80 айлын орон сууц барих зорилгоор 200.000.000 төгрөгөөр худалдаж авч 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 100.000.000 төгрөг, үлдэгдэл 100.000.000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр тохиролцож хэлцлийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр амаар хийсэн учир би өөрийн газар дээрх 12*12м хэмжээтэй үйлчилгээний зориулалттай барилга, 60*60 м хэмжээтэй хашааг нураалгасан.

Д.Б- мөнгөө өгөхгүй 2 жил хүлээлгэж намайг хохироож байгаа тул газар дээрх барилгын суурийг холдуулж газрыг минь хуучин хэвд нь оруулж чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

Анх Д.Б- Хэнтий аймагт барилга барих бодолтой байгаа гээд миний газрыг худалдан авах санал тавихад нь би газар шороо, тээврийн ажилд хамтарч ажиллаад тээврийн шатахуун, жолоочийн хөлсөө авна, газар шорооны ажлаас олсон ашгаараа байр авна гэхэд Д.Б- зөвшөөрч байраа 200.000.0000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

                                                                                                       

Д.Б- 100.000.000 төгрөгөөр техникийн нөхцөл, бүх зүйлийг авч өг гэхээр нь би 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлэхэд бүх зүйлийг нь бэлэн болгож Д.Б-ы талын гүйцэтгэгч нар ирээд ажил эхэлсэн.

Бид хоёрын дунд Экскэ, Сонсмолын тээврийн хөлс дээрээс болж маргаан үүссэн. Би Д.Б-тай цаашид хамтран ажиллахад хэцүү юм байна гэж бодож байсан хэдий ч бүтээн байгуулалт хийх гэж байгаа учир тэвчиж байсан. Д.Б- мөнгө бүтэхгүй байна гэхээр нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр авах ёстой байсан 100.000.000 төгрөгөө аваагүй, мөн 2022 оны 07 дугаар сарын сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөгөө аваагүй. 2022 оны 09 дүгээр сард дансанд мөнгө орж ирсэн, Д.Б- эхний удаа 20, 30 саяар нь цувуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд Д.Б-ыг байрныхаа суурийг цутгачхаар нь хамтран ажиллах гэж байгаа юм байна гэж итгээд зээлээр Сонсмол, чиргүүл худалдаж авсан. Би 2 жил Д.Б-ыг мөнгөө өгнө гэдэгт итгээд явж байсан, одоо би газраа чөлөөлүүлж авмаар байна...” гэв.

 

Хариуцагч Д.Б- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-н зуучлалаар Ю.Т-тай уулзаж 160.000.000 төгрөгөөр газрыг нь худалдан авахаар тохиролцсон. Б дараа нь надад газрын үнэ 150.000.000 төгрөг юм байна лээ, 10.00.000 төгрөгийг нь надад өгнө гэж хэлсэн. Ю.Т- газрыг чөлөөлж өгөхгүй, тээврийн хэрэгсэл, 2 амбаар зэрэг нь барилгын ажилд саад учруулдаг байсан. Энэ мэтчилэн Ю.Т- нь хэлсэн амандаа хүрдэггүй, туйлбаргүй хүн болох нь харагддаг. Би 60,000,000 төгрөг шилжүүлсэн. Би 60,000,000 төгрөгөөр Ю.Т-аар ажил гүйцэтгүүлээгүй, энэ нь газрын төлбөр юм. 16.000.000 төгрөгийг газрын төлбөр гэж авсан баримт байгаа. Ю.Т- нь газрыг зориулалтын бусаар ашиглаж, захиран зарцуулах эрхгүй байж зарсан, өөрөөр хэлбэл би түүнд залилуулсан. Энэхүү газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах боломж байгаа. Орон сууцны зориулалттай зурагт зоорийн давхар хийгээд хоёр давхар үйлчилгээний зориулалттай газар болгож болно” гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын  23-ны өдрийн 156/ШШ2022/00286 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Д-10 хаягт байрлаж байгаа барилгын суурийг холдуулж, газрыг хуучин хэвд нь оруулж, газар чөлөөлөхийг хариуцагч Д.Б-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Мандхай нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч Д.Б- нь уг иргэний хэрэгт /хавтаст хэргийн 19 хуудас/ Ю.Т-аас 60.000.000 төгрөг болон хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй хурал товлохыг яаравчилж байсан тул шүүхийг хэтэрхий нэг талыг барин хэргийг шийдвэрлэж байна гэж үзэн шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан.

Ю.Т-аас ирсэн нэхэмжлэлд Д.Б-тай байгуулсан хэлцэл, гэрээний үндсэн дээр үүргээ хэн нь зөрчсөн тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Ю.Т- анх суурь цутгахаас өмнө 100.000.000 төгрөгөөр техникийн нөхцөл бүх зөвшөөрлийг авч өгсөн тул хамтран ажиллана гэж итгэн эзэмших эрхгүй боловч эзэмших эрхтэй гэж бодож, итгэсэн тул үйл ажиллагаагаа эхэлсэн. Ажил эхэлсний дараа эргэлзээ төрж Ю.Т-д мөнгө шилжүүлэхээ зогсоосон. Учир нь Ю.Т- анхнаасаа намайг хууран мэхэлж, одоо ч газар эзэмших гэрээгээ шүүхэд нотлох баримтаар өгөхгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Энэ талаар тодруулах зорилгоор хариуцагчийн өмгөөлөгч Мандхай Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Газар эзэмших гэж” газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд өөрийн мэдэлд  байлгах гэж заасан боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл эзэмших эрхийн гэрээний эх хувь эсхүл нотариат, худалдсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй үүнийг хариуцагч бүрдүүлэх боломжгүй тул шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргахад мөн татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж байсан.  

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгээр өмчлөгч, 92 дугаар зүйлээр эзэмшигч болох этгээд нь түүний эзэмших эрхийг гуравдагч этгээдийн зүгээс зөрчсөн тохиолдолд учруулсан хохирлыг арилгуулахаар шаардлага гаргах эрх юм. Нэхэмжлэгч Ю.Т- тухайн үед учирсан саадыг хүлцэх үүрэгтэй этгээд, учир нь өөрийн эзэмшлийн үйлчилгээний зориулалттай газар дээр саад болох гээд байгаа зүйлээ өөрөө хүсч босгуулан хамтран ажилласан гэдгээ ч шүүх хуралдаан дээр зөвшөөрдөг.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт саад болох гэж юу болох, саад учруулагч гэж хэн болох талаар тайлбарлан шүүхийн шийдвэртээ тусгах нь зохистой гэж үзэж байна.

Маргааны зүйл, түүнд хамаарах хэргийн үйл баримтыг талуудын гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлж хэрэгт цугларсан нотлох баримтын үндсэн дээр тодорхойлж улмаар тухайн маргааныг зохицуулсан хуулийг хэрэглэж, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх нь шүүхийн чиг үүрэг байтал газрын үнийг төлөхгүй байх тул хэлцлээсээ татгалзаж, газраа хуучин хэвд нь оруулахыг шаардах эрхтэй байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч даруй шийдвэрлэнэ гэж хуульчилсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч Ю.Т- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан “Барилгын суурийг холдуулж, газрыг хуучин хэвд оруулж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барилгын суурийг холдуулж, газрыг хуучин хэвд нь оруулж, газар чөлөөлөхийг хариуцагч Д.Б-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Ю.Т- нь................ газрын үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг болох нь Газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хавтаст хэргийн 4 хуудас/-аар тогтоогдож байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч байна.

 

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь барилгын суурийг холдуулж, газрыг хуучин хэвд нь оруулж, газар чөлөөлөхийг шаардах эрхтэй байна.

 

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт “...Нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг 2019 онд хариуцагч нь худалдан авч тухайн газар дээр орон сууцны барилга барихаар харилцан амаар тохиролцож барилгын ажил эхэлсэн нь тэдний хооронд газар худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байна гэж дүгнэлээ...” гэж дурдагдсан нь хуульд нийцээгүй байна.

 

Учир нь үл хөдлөх хөрөнгө буюу газрыг эзэмшиж буй /өмчлөгч биш/ этгээд нь тухайн газрыг бусдад худалдах эрхгүй бөгөөд талуудын хооронд хэлцэл бүрэн хийгдсэн гэж үзэх боломжгүй, тэдний хооронд ямар нэгэн эрх үүрэг үүссэн нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоогүй талаар залруулан тайлбарлах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Давж заалдсан гомдлын тухайд:

Хариуцагч Д.Б- болон түүний өмгөөлөгч нар уг иргэний хэрэгт /хавтаст хэргийн 19 хуудас/ Ю. Ю.Т-аас 60.000.000 төгрөг болон хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасан талаар гомдолд дурдагдсан боловч хэрэгт сөрөг нэхэмжлэл болон холбогдох баримтууд хавсаргагдаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт байхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн хүсэлтийн дагуу сөрөг нэхэмжлэлээ шүүхэд өгөх эрхтэй болохоос шүүх сөрөг нэхэмжлэлийг нь бүрдүүлж авах, шаардах үүрэг хуульд тусгагдаагүй юм.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдолд “Ю.Т- анх суурь цутгахаас өмнө 100.000.000 төгрөгөөр техникийн нөхцөл бүх зөвшөөрлийг авч өгсөн” гэж дурдагдсан боловч нэхэмжлэгч ийм хэмжээний мөнгө аваагүй талаар шүүх хуралдан дээр мэдүүлсэн, энэ талаар хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй, хариуцагч тал дээрх байдлыг шүүхэд нотолж чадаагүй байна.

 

Мөн гомдолд “Ю.Т- анхнаасаа намайг хууран мэхэлж, одоо ч газар эзэмших гэрээгээ шүүхэд нотлох баримтаар өгөхгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Энэ талаар тодруулах зорилгоор хариуцагчийн өмгөөлөгч Мандхай Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Газар эзэмших гэж” газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд өөрийн мэдэлд  байлгах гэж заасан боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл эзэмших эрхийн гэрээний эх хувь эсхүл нотариат, худалдсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй” талаар дурдсан ба хэрэгт 000053566 дугаартай газар эзэмших гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хавтаст хэргийн 4 хуудас/ хавсаргагдаж, түүнийг шүүх үнэлэн шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “...саад болох...” гэсэн ойлголтод энэ хэргийн хувьд хууль ёсны эзэмшигч Ю.Т-ы өөрийн эзэмшлийн газраа эзэмшиж ашиглах явцад түүний газар дээр баригдсан хариуцагч Д.Б-ы барилгын суурь саад болж байгаа байдлыг хамааруулан ойлгохоор анхан шатны шүүх тайлбарлан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагч Д.Б- болон түүний өмгөөлөгч Б.Мандхай нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч Д.Б-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч Д.Б- болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 156/ШШ2022/00286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

 

                                     ШҮҮГЧИД                           Г.БОЛОРМАА        

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ