Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0762/З |
Дугаар | 45 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 45
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Т.Э, Г.А нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 220017230 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Г.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, иргэдийн төлөөлөгч Б.Б, гэрч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““М" ХХК-ийн 2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э, Г.А нар хэсэгчилсэн шалгалт хийж, 90909091 төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 220017230 дугаар актаар 9090909.1 төгрөгийн нөхөн татвар, 2727272.7 төгрөгийн торгууль, 3797793.5 төгрөгийн алданги, нийт 15615975.3 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Актад “М” ХХК нь “С т” ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14709055 дугаар НӨАТ-ын падаанаар 41972727 төгрөгийн, 2013 оны 11 сарын 10-ны өдрийн 14709052 тоот НӨАТ-ын падаанаар 48936364 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ ногдуулалт, төлөлтийн тайланд тусган тайлагнаж НӨАТ ногдуулах орлого бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэх, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэл заажээ.
Тус компани ноос, ноолуур боловсруулах, самнах, ээрэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад, “А б” ХХК-ийн зээлийг барагдуулж чадаагүй тул 2014 оны 01 дүгээр сард дуудлага худалдаагаар үйлдвэр, тоног төхөөрөмжөө шилжүүлэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон билээ.
"М” ХХК нь “С т” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Түүхий эд худалдах, худалдан авах” 01/07/13 дугаар гэрээ байгуулж, тэмээ болон хонины угаасан ноосыг бэлэн мөнгөөр тооцоо хийж худалдан авсан. Худалдагчийн зүгээс албан ёсны тамга, гарын үсэг бүхий НӨАТ-ын падаанууд бичиж өгсөн байх тул худалдан авагч нь зохих журмын дагуу тухайн сарын НӨАТ-ын тайландаа тусгаж, НӨАТ-ын тайлан болон НӨАТ-ын падаануудыг интернетээр илгээхэд НӨАТ-ын падаан мөн, үнэн зөв гэж хүлээн зөвшөөрөгдөж харъяа татварын албаар баталгаажсан байдаг.
“Түүхий эд худалдах, худалдан авах” тухай 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01/07/13 дугаар гэрээ, “С т” ХХК-иас бичиж өгсөн НӨАТ-ын 2 падаан, материалын зарлагын падаан, мөнгө хүлээн авсан кассын орлогын баримт, 2013 оны 10, 11 дүгээр саруудын НӨАТ-ын тайлан, жилийн санхүүгийн тайлан, худалдан авалтын дэвтэр, ажлын хүснэгт, ерөнхий журнал, кассын орлого, зарлагын тайлан зэргийг татварын улсын байцаагчдад гаргаж өгсөн байна.
Нийлүүлэгч компани НӨАТ-ын падааныг хуулийн дагуу хэрэглэж буй эсэхийг шалгах нь татвар төлөгчийн бус, харин татварын байгууллагын үүрэг, худалдан авагчийн зүгээс “С т” ХХК-ийн тамга, гарын үсэгтэй НӨАТ-ын падаануудыг тайландаа оруулж, харъяа татварын албаар баталгаажуулж, нягтлан бодох бүртгэлийн журнал бичилтүүдийг холбогдох хууль, журмын дагуу хийж баримтжуулсан болно.
Татварын улсын байцаагчид нь Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газраас ирүүлсэн албан тоотыг үндэслэн тус компанийн худалдан авалтын падааныг хий бичилттэй хэмээн нотлогдсон гэж үзсэн. Гэтэл энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй, хэн нэгэн этгээдийн гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад “М” ХХК-ийг буруутгах үндэслэл болгон ашиглаж болохгүй юм. “С т” ХХК-ийн НӨАТ-ын падаанууд хууль бус болохыг татварын байгууллага нь цагдаагийн байгууллагаас мэдэгдсэнээр олж мэдсэн атлаа худалдан авагч урьд нь тэдгээрийг хуурамч эсэхийг мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг анхааралгүйгээр худалдан авагч талд хариуцлага ногдуулж байгаа нь шударга бус байна.
“М” ХХК нь ноос худалдан авах үед худалдагчаас олгосон НӨАТ-ын падаанууд хуурамч эсэхийг мэдэх боломжгүй байсан, худалдан авалтын талаарх баримтыг татварын болон нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид заасан журмын дагуу бүрдүүлж, санхүүгийн тайландаа тусгасан болно.
“М” ХХК нь татварын албанаас тараасан жинхэнэ НӨАТ-ын падааныг үндэслэж, хасалт хийсэн бөгөөд энэ нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг зөрчөөгүй бөгөөд эсрэгээр, яг энэхүү шаардлагад нийцэж баримтаар нотлогдож буй НӨАТ-ын падааныг үндэслэж хасч тооцсон болно. Үүнийг нь ч харъяа татварын албанаас удаа дараа хасах нь зүйтэй гэж үзэж баталгаажуулж байсан байдаг.
Баримт бол жинхэнэ баримт гэдгийг хэрэгт авагдсан материалаар нотлогдож байна. Улсад учруулсан хохирлоо “С т” ХХК төлнө гэдгээ илэрхийлсэн баримт хэрэгт мөн авагдсан. Аж ахуйн нэгж ноос, ноолуур худалдан авсан худалдан авалтаараа борлуулалт хийгдсэн гэдэг нь бүх санхүүгийн баримтаар нотлогдож байна. Нягтлан бодогчийн хариуцлагагүй үйлдлээс болж зарим зүйл дээр огноо зөрсөн байхыг үгүйсгэхгүй. Нийлүүлэлтийн гэрээ ноос, ноолуур авсан орлогын болон зарлагын баримтаар нотлогдсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг зөрчсөн зүйл байхгүй. Хөдөөнөөс ноос, ноолуур худалдан авахад малчид НӨАТ төлөгч биш байдаг болохоор энэ компанитай тохиролцон баримтыг нь авсан. Энэ асуудал Прокурорын байгууллагад шалгагдаад “С т” ХХК компани 44 аж ахуйн нэгжид ийм баримт бичиж өгсөн үүнийхээ хохирлыг барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрөөд Өршөөлийн хуульд хамрагдсан байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тул Иргэний шүүхээр хохирлоо барагдуулах боломжтой гэдэг нь тогтоогдсон байхад хоёр газраас хохирол гаргуулах гээд байна. Үнэн хэрэг дээрээ жинхэнэ баримтыг ашиглуулаад хуурамч бичилт хийсэн этгээдүүд зүгээр үлдээд, ажил үүргээ гүйцэтгэж байгаа иргэд хохироод үлдэж болохгүй гэж үзэж байна. Бидний гэм буруу байхгүй. Тогтоолд заасны дагуу нэхэмжлэх эрхээ эдэлж “С т” ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй. Актыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.10-д заасны дагуу тамга, тэмдэг баримтаа ашиглуулсан “С т” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах ёстой. “М” ХХК-д хамааралгүй. Иймд Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 220017230 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн татварын газрын улсын байцаагч Т.Э, Г.А нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн татварын газартай харилцдаг 2077043 регистрийн дугаартай, улсын бүртгэлийн 9011****** дугаар гэрчилгээтэй, "М" ХХК-ийн 2013 оны НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн байдлыг хэсэгчлэн Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10а/2-4061, Татварын ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 албан тоотын дагуу Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, хяналт шалгалтын ажлын (22/15)0100016 дугаар томилолтоор 2014 оны 04 дүгээр сарын 02-оос 2015 оны 4-р сарын 7-ны хооронд санхүүгийн тайлан тэнцэл, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд,нэмэгдсэн өртгийн албан татвар төлөлтийн тайлан болон падааны судалгаа, хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчийн ярилцлага, Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын 2014 оны 08-р сарын 11-ний өдрийн 10а/2-4061, Татварын ерөнхий газрын 2014 оны 11-р сарын 28-ны өдрийн 7/3353 албан тоот зэрэгт үндэслэн Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Э, Г.А бид нар шалгалт хийж, 2015 оны 4-р сарын 08-ны өдрийн 22/0017230 тоот актаар 15615975.30 төгрөгийг ногдуулсан билээ.
Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газрын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10а/2-4061, Татварын ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 тоот албан бичгийн дагуу шалгахад “М” ХХК нь 5******* тоот регистрийн дугаартай “С т” ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14709055 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 41972727.00 төгрөгийн, 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14709052 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 48936364.00 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт төлөлтийн тайланд тусган тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д ”Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэх, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй...” гэж заасан заалтыг зөрчсөн нь тогтоогдсон.
“М” ХХК нь “С т” ХХК-ийн баримт дээр хуурамч бичилт хийсэн гэдэг нь тогтоогдсон. “С т” ХХК-ийн баримтыг ашиглаж худалдан авалт хийж татвараа бууруулсан. НӨАТ-ын баримт авсан хариуцлагаа хүлээх ёстой. Харилцагчаа танихгүй байна гэж байхгүй. “М” ХХК нь НӨАТ-гүй газраас бараа аваад НӨАТ-аа бууруулахын тулд энэ компаныг ашигласан. Хамгийн гол нь НӨАТ-ын баримтаа бүрдүүлэхийн тулд “С т” ХХК-ийг сонгож, тодорхой хэмжээний ашигтай учраас хуурамч бичилт хийсэн гэж ойлгож байна. Юу ч мэдэхгүйгээр хохирсон гэсэн ойлголт байхгүй. “М” ХХК-ийг НӨАТ бууруулсан үйлдэлд нь акт тавьсан, “С т” ХХК падаан, тамга, тэмдэг ашиглуулсан гэдэг үндэслэлээр тусдаа хариуцлагын асуудал яригдаж байна. Энэ хоёр бол хоёр өөр зөрчил.
Иймээс "М" ХХК-ийн 90909091.00 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 9090909.10 төгрөгийн нөхөн татвар, 2727272.73 төгрөгийн торгууль, 3797817.91 төгрөгийн алданги ногдуулсан болно гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Б.Б дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал нь бодит худалдан авалт хийсэн, зохих ёсоор бүртгэлүүдээ хийж ямар нэгэн зөрчил гаргаагүй гэж дүгнэж байна. Нэхэмжлэгчийн өргөдөл үндэслэлтэй хэмээн дүгнэж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б “Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 220017230 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10а/2-4061 дүгээр албан бичгээр Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалтын удирдлага арга зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид хандан “Тус хэлтэст шалгагдаж буй “Ц.Ж нь 5******* регистртэй “С т” ХХК-ий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 2012-2013 оны хооронд бусдад зарж борлуулан татвар төлөхөөс санаатай зайлсхийх гэмт хэрэгт хамтран оролцсон” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй 2014250004082 тоот хэрэгт хавсралтад дурдагдсан регистрийн дугаар нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь дээрх компаниас худалдан авалт хийсэн мэтээр татварын тайлан гаргасан эсэх асуудалд хэсэгчилсэн шалгалт хийж, холбогдох акт дүгнэлтийг гаргуулах ажыг зохион байгуулж хариуг ирүүлнэ үү” гэжээ.
Дээрх албан бичгийг үндэслэн Нийслэлийн татварын газраас “М” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийж гүйцэтгэн, татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 220017230 дугаар актаар 90,909,091.00 төгрөгийн зөрчилд 9,090,909.1 төгрөгийн нөхөн татвар, 2,727,272.7 төгрөгийн торгууль, 3,797,793.5 төгрөгийн алданги, нийт 15,615,975.3 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 220017230 дугаар актаар “М” ХХК нь 5******* тоот регистрийн дугаартай “С т” ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14709055 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 41,972,727.0 төгрөгийн, 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14709052 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 48,936,364.0 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусган тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого бууруулсан зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэн татварын улсын байцаагч нар нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлтэй байна.
“М” ХХК, “С т” ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 01/07/13 дугаартай “Түүхий эд худалдах худалдан авах гэрээ” байгуулж, мөн оны 08 дугаар сарын 16, 30 болон 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд түүхий эд нийлүүлсэн талаарх орлого, зарлагын баримт , 8 дугаар сарын 30, 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд кассын орлого болон зарлагын баримт , 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын 0014709052, 0014709055 дугаар падаан үйлджээ.
Шүүхээс “С т” ХХК-ийн захирал Ц.Ж-ыг гэрчээр асуухад “С т” ХХК-ийг мэдэхгүй, уг компанитай түүхий эд худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, миний гарын үсэг биш, “М” ХХК-тай худалдан авалт хийгээгүй, манай компани нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг” гэсэн мэдүүлгээс үзвэл “М” ХХК “С т” ХХК-иас худалдан авалт хийгээгүй ажээ.
Түүнчлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2703 дугаар тогтоолд “Ц.Ж нь “С т” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2012, 2013 оны аж ахуйн нэгжийн албан татварын падаанд 21.2 тэрбум төгрөгийн хуурамч бичилт хийж татвараас зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан хэрэгт сэжигтнээр тооцогдон, Ц.Ж, Я.Н, Н.Д, Ж.Б нар нь 44 аж ахуйн нэгжид НӨАТ-ын падаанд хуурамч бичилт хийж 63118220930 төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийх боломж олгосон болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон” гээд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ .
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбарт ноос зарж байгаа иргэдээс НӨАТ-ын баримтаа аваад ир гэхэд энэ компанийн баримтыг авч ирж өгсөн, баримтыг шивэхэд хүчинтэй падаан байсан гэсэн тайлбараар “М” ХХК “С т” ХХК-иас худалдан авалт хийгээгүй нь мөн нотлогдож байна.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзэхэд “М” ХХК “С т” ХХК-тай бодит худалдан авалт хийгээгүй, иргэдтэй худалдан авалт хийсэн, тэдгээр иргэдээс НӨАТ-ын падаан авчирахыг шаардаж, улмаар “С т” ХХК-тай худалдан авалт хийсэн мэтээр тайлагнасан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.” гэж заасныг “М” ХХК зөрчжээ.
Иймд татварын улсын байцаагчийн 2015 оны 220017230 дугаар актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн төлбөр ногдуулсан нь зөв байна.
Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д ”Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж зааснаар тус актаар ногдуулсан 2,727,272.7 төгрөгийн торгууль, 3,797,793.5 төгрөгийн алданги, нийт 6,525,066.2 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, 9090909.1 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-аас гаргасан Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 220017230 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэггт заасныг тус тус баримтлан Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 220017230 дугаар актаар ногдуулсан 2,727,272.7 төгрөгийн торгууль, 3,797,793.5 төгрөгийн алданги, нийт 6,525,066.2 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
Ц.МӨНХЗУЛ
С.ТӨМӨРБАТ