Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 111/2018/0004/З |
Дугаар | 221/МА2018/0626 |
Огноо | 2018-12-06 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2018/0626
2018 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2018/0626 | Улаанбаатар хот |
Л.О-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Н, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 111/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Л.О-гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Баянхонгор аймгийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 111/ШШ2018/0022 дугаар шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 4.1, 23 дугаар зүйлийн 23.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 131 дүгээр зүйлийн 131.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 3.1 дэх хэсэг, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, Л.О-г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэ мандал ахлах сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсгийг баримтлан Л.О-гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Н нарт холбогдох Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 4.3 дахь хэсэг, Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19-02/93 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 9.385.861 /Есөн сая гурван зуун наян таван мянга найман зуун жаран нэгэн/ төгрөгийг нэхэмжлэгч Л.О-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т давж заалдах гомдолдоо: “Шалгалтаар сургуулийн удирдлага, менежер, багш нарын гаргасан алдаа, дутагдлуудаас дүгнэхэд 2013-2018 оны хичээлийн жилд нийт суралцагсдын тоо буурсан үзүүлэлттэй, аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Үр дүнгийн гэрээний хугацаа дууссан, хүүхдийн сургалт, хүмүүжлийн талаар анхаарал муу хандуулдаг, багш, ажилчдын ур чадвар, үр дүнгийн нэмэгдлийг хэт хавтгайруулан олгодог нь төсвийг үр ашиггүй зарцуулж байгаа, сургуулийн удирдлагын тухайд багш ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хаадаг байдал тогтоогдсон.
... Сонсох ажиллагааны хуудсаар уг ажиллагааг явуулсан нь нотлогдох боловч тухайн үед нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг албан тушаал учраас хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэх шаардлагагүй.
Аймгийн Засаг дарга Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргатай Л.О-г албан тушаалаас чөлөөлөх тухай зөвшилцсөн, мөн аймгийн Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө албан ажилдаа ирээд бичиг баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан.
Иймд дээрх баримтуудын дагуу ажлын хэсгийн дүгнэлтийг шүүх үнэлж дүгнээгүйгээс, мөн үр дүнгийн гэрээг дүгнэх хугацаа болоогүй байхад дүгнэх шаардлагагүй байгааг харгалзалгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 111/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Л.О-гээс Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19-02/93 дугаар актыг хүчингүй болгуулах”,
Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Эрдэнэмандал” ахлах сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын Гуравдугаар зүйлийн 3.1, Дөрөвдүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-аар тодруулж, анхан шатны шүүх хуралдаанд “Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын Дөрөвдүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19-02/93 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзаж, үлдэх шаардлагаа дэмжсэнийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэжээ.
НЭГ. “Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын Гуравдугаар зүйлийн 3.1, Дөрөвдүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 /Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна/, 69.5 /Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална/, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн Хоёрын 2.1 /Дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино/-д зааснаар Дотоод аудитын үйл ажиллагааны зорилго нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийж, үүнтэй уялдуулж үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж, тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой байна.
Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хороо дээрх зорилгын хүрээнд Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Баянхонгор сумын “Эрдэнэмандал” 3 дугаар сургуулийн багш, ажилтны нэр бүхий төлөөллөөс аймгийн Засаг даргад ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг томилох тухай” А/715, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталсан “Баянхонгор сумын “Эрдэнэмандал” 3 дугаар сургуулийн багш, ажилтны нэр бүхий төлөөллөөс аймгийн Засаг даргад ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын удирдамж”[1]-ийн дагуу тухайн сургуульд санхүүгийн хяналт, шалгалтыг хийжээ.
Улмаар дүрмийн Долоогийн 7.7 /Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, дотоод аудитор нь хяналт шалгалт, аудитын тайланг бэлтгэн нэгжийн даргад танилцуулна. Хэрэв Дотоод аудитын хороотой бол тайланг тус хороогоор хэлэлцүүлнэ/-д зааснаар шалгалтын дүнг хурлаараа хэлэлцэж, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын Гуравдугаар зүйлийн 3.1 дэх заалтаар “хяналт, шалгалтаар Ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, санхүүгийн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй” “Эрдэнэмандал” ахлах сургуулийн захирал Л.О-д хариуцлага тооцох”-ыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгажээ.
Хэдийгээр уг тогтоол Засаг даргад “даалгах” агуулгатай мэт боловч Төсвийн тухай хууль болон Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн дээр дурдсан холбогдох заалтуудаас үзвэл Санхүүгийн хяналт, аудитын хорооны уг тогтоол “захирамжилсан” шинж чанарыг агуулах боломжгүй.
Өөрөөр хэлбэл, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шинжийг агуулаагүй, зөвлөсөн шинжтэй байна.
Нөгөөтэйгүүр, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын Дөрөвдүгээр зүйлийн 4.3 дахь заалт нь мөн адил захиргааны актын шинжийг шууд агуулаагүй.
Энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах байтал хүлээн авч, хянан шийдвэрлэсэн нь буруу байна.
ХОЁР. Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж болон удирдамжийн дагуу хийсэн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах зорилгоор Санхүүгийн хяналт, шалгалтын ахлах байцаагч Б.Н, Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Л.Ж, аудитор Д.Т нар “Дотоод аудитын дүрэм”-ийн Долоогийн 7.5 /Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ/-д заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19-02/93 дугаар актыг үйлджээ.
Уг актыг хүчингүй болгох нэхэмжлэгчийн шаардлагатай холбогдуулж, шүүх уг актыг үйлдсэн улсын байцаагч, аудитор нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулах шаардлагатай байсан боловч нэхэмжлэгч нэгэнт тухайн шаардлагаасаа татгалзсан энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.
ГУРАВ. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Эрдэнэмандал” ахлах сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд:
Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар “Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор “ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, багш ажилчдаа ялгаварлан харьцдаг, санхүүгийн зөрчил гаргасан” нь тогтоогдсон” гэх үндэслэлээр “Эрдэнэмандал” ахлах сургуулийн захирал Л.О-г үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 /ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон/-т зааснаар ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 /аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх/-д зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлөхдөө түүний үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үндэслэн аймгийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх учиртай.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Эрдэнэмандал” ахлах сургуулийн захирал Л.О-тэй байгуулсан гэрээг дүгнээгүй нь тогтоогджээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга захирал Л.О-тэй байгуулсан Үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнээгүй атлаа аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 34 дүгээр тогтоолыг үндэслэн сургуулийн захирал Л.О-г “ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэдгийг тогтоосон” гэх дүгнэлт хийсэн нь хуулийн дээрх заалтууд болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 /зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх/-д заасан зарчимд нийцээгүй байна.
Захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтооно/, 25 дугаар зүйлийн 25.2 /Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход оролцогч энэ хуульд заасан хүрээнд оролцож болно/-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтоох, үүний тулд 26 дугаар зүйлийн 26.1 /Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/-д заасны дагуу захиргааны шийдвэр гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох ёстой.
Гэтэл хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа дээрх ажиллагааг явуулалгүй “Эрдэнэмандал” ахлах сургуулийн захирал Л.О-д тухайн нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй байна.
Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар Л.О-г ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Эрдэнэмандал” ахлах сургуулийн захирал “Л.О-тэй уулзаж ажлаас чөлөөлөх талаар сонсох ажиллагааг явуулсан” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүйгээс үзвэл хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 /хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх/-д заасан сонсох ажиллагааг явуулаагүй байна.
Үүнээс гадна хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга төрийн үйлчилгээний албан хаагч болох “Эрдэнэмандал” ахлах сургуулийн захирлаар Л.О-г өмнө томилсон атлаа гагцхүү “Үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг” гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал буруулах зохицуулалт буюу Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 /албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн/ дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн маргаан бүхий акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй, алдаатай шийдвэр болжээ
Зүй нь төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрлөхтэй холбоотой харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах ёстой.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн хариуцагч албан тушаалтны шийдвэрийг хууль бус гэж үзэн холбогдох нэхэмжлэлийг ханган, түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулсан нь үндэслэлтэй.
Эдгээрээс дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
[1] 1 дүгээр хавтсын 133 дахь тал