Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 120/2020/0003/З |
Дугаар | 392 |
Огноо | 2020-10-26 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 392
Ж.Н-гийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга,
хот байгуулалтын газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай”,
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 120/ШШ2020/0012 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 471 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ю.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.Хнарыг оролцуулан,
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 120/ШШ2020/0012 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 40 дүгээр зүйлийн 40.2, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 41 дүгээр зүйлийн 41.3, 62 дугаар зүйлийн 62.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Н-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ж.Н-г Ханбогд сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 8135392 (найман сая нэг зуун гучин тав гурван зуун ерэн хоёр) төгрөг олгож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 471 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 120/ШШ2020/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.13, 37.1.15, 47 дугаар зүйлийн 47.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Н-гийн “Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч Ж.Н хяналтын гомдолдоо: “...Нэг. Шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Ж.Н миний биеийг ажлаас халсан Өмнөговь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалын гол хууль зүйн үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 гэсэн заалтыг давж заалдах шатны шүүхээс буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан баримтаар миний ажлын үр дүнг жил бүр дүгнэн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан гэж үзсэн. Удаа дараа буюу 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлж зохих хууль журмын дагуу сахилгын шийтгэл оногдуулсан баримт байхгүй байхад шууд хуулийн энэ зүйл хэсгийг шүүхээс хэрэглэж байгаа нь үндэслэлгүй байна.
4. Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/61 дүгээр албан шаардлагад гаргасан зөрчлийг газар эзэмших эрхийн гэрчилгээгүй иргэн, хуулийн этгээдэд хууль бусаар газар эзэмшүүлж ашиглуулсан, иргэн хуулийн этгээдэд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй газар олгосон, газар эзэмшигч, ашиглагчийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргуулаагүй, иргэн хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэхдээ эрх борлуулсны орлогыг ногдуулж, төсвийн орлогод төвлөрүүлээгүй зэрэг зөрчил гаргасан гэж дурджээ. Эдгээр дурдагдсан зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 буюу намайг эдгээр зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэж ажлаас халсан ба Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар эдгээр эрх хэмжээг тухайн шатны Засаг дарга эдлэхээр зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, намайг хуулиар олгогдоогүй эрх хэмжээний төлөө хариуцлага тооцож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
5. Хоёр. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4/3 дугаартай зөвлөмж нь намайг ажлаас халах үндэслэлүүдийн нэг болсон. Уг зөвлөмжид дурдсанаар аудитын шалгалтад хамрагдсан хугацааг 2015-2018 он гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т зааснаар сахилгын зөрчлийг ирлүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэж хуульчилсан ба хэрэв миний биеийг шүүхээс сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол шүүх Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-ийг хэрэглэн хэзээ гаргасан, ямар зөрчилд хариуцлага тооцож байгааг тогтоох ёстой байсан гэж үзэж байна.
6. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс болж иргэн миний эрх ашиг хохирсон гэж үзэж байгаа тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.
8. Нэхэмжлэгч Ж.Н-гээс Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага гаргасан; маргаан бүхий Б/31 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3.3, 27.4.2, 27.5, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 4/3 дугаар зөвлөмж, 2019 оны 1/61 дүгээр албан шаардлага, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “Дотоод журам”-ын 9.6 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг” болон “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчиж удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халжээ.
9. Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч Ж.Н-г тодорхой хэмжээний сахилгын зөрчил гаргасан, энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн дагуу тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль тохирохыг нь ногдуулах байтал хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар хариуцлага тооцсон нь буруу” гэсэн үндэслэлээр Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй; учир нь маргаан бүхий захиргааны актаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг баримталж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулаагүй, харин мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг баримталж, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж ажлаас халсан байх тул шүүх захиргааны актын хуулийн үндэслэлд л дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх учиртай.
10. Давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд анхан шатны шүүхийг хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, захиргааны актын үндэслэл болсон хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.14, 121 дугаар зүйлийн 121.1.1-д заасанд нийцсэн байна.
11. Тодруулбал, давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга П.Золжаргал, мэргэжилтэн Б.Мөнхзул, З.Мөнхцэцэг, О.Хатанбаатар нарын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Ханбогд суманд ажилласан ажлын тайлан; 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Ханбогд сумын Засаг даргын захирамжид хяналт шалгалт хийсэн ажлын тайлан, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Тавантолгойн Гашуунсухайт хүртэлх нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын тайлан; Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/61 дүгээр албан шаардлага, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4/3 дугаар албан бичгээр өгсөн зөвлөмж; Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1-2222 дугаар болон 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1-1844 дүгээр албан бичиг, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 397 дугаар албан бичиг болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, ёс зүйн дүрмийг зөрчсөн гэсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв юм.
12. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 37.1.6-д “Харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.13-д “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.14-д “Удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх”, 37.1.15-д “Харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” гэж; Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө” гээд 2.1.1-д “үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина”, 2.1.5-д албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн албан хаагч нь төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ дор дурдсан ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гээд 3.1.1-д энэ дүрмийн 2.1.1-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: 3.1.1.б. “хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх”, 3.1.1.в. “харъяалах дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах”, 3.1.5.а. “албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн хариуцах;” гэж тус тус заасан.
13. Нэхэмжлэгч Ж.Н нь сумын хэмжээнд Газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргийг дангаар хариуцан ажилладаг субьектын хувьд дээрх хуулийн зохицуулалтын талаар Засаг даргад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллаагүй, хууль зөрчигдөж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтыг зохион байгуулалгүй шууд олгоход оролцсон буюу хууль бус үйл ажиллагааг таслан зогсоогоогүй, хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх үүргээ хэрэгжүүлээгүй, эдгээр алдаагаа хүлээн зөвшөөрсөн атлаа алдааг залруулах арга хэмжээ аваагүй, зөрчил давтагдсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон; эдгээр үйлдэл нь дээрх хууль болон ёс зүйн дүрэм зөрчсөн байхад эдгээр зөрчлийг “ганц Засаг даргад хамааралтай” гэж үзэх боломжгүй, энэ талаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
14. Мөн маргаан бүхий Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;” гэж заасныг баримталсан буюу нэхэмжлэгчийг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас халсан учир сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасанд хамаарахгүй; нөгөө талаас, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны А/272 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2019 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Ханбогд сумын Цагаан хадны бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа Гаалийн хяналтын талбайн газар эзэмших гэрээг дүгнэх, Газрын тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад 2019 онд дахин Газрын тухай хууль зөрчиж, 3 аж ахуйн нэгжид 50 га газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй олгосон; Хандбогд сумын Засаг даргын 2019 оны газар олголттой холбоотой захирамжуудыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны байдлаар авч үзэхэд 74 захирамж гарснаас 41 нь ямар нэгэн байдлаар хууль, дүрэм зөрчсөн алдаатай гэж дүгнэгдсэн бөгөөд нэхэмжлэгчээс энэ талаар тусгайлан маргаагүй; эдгээр зөрчил нь мөн л тушаалын үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.
15. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.