Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01519

 

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01519

 

А.Д-, Ш.А- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/02583 дугаар шийдвэртэй,

А.Д-, Ш.А- нарын нэхэмжлэлтэй

Ш.Г-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч А.Д-, Ш.А- нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ш.А- 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг Ш.Г-д, А.Д- 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5,200,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 470,000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,160,000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус Ш.Г-д өгсөн. Хариуцагч нь 670,000 төгрөгийг буцаан өгсөн.  

1.2. А.Д-, Ш.Г- нар хамтран амьдарч байгаад 2019 оны 10 сард салж, тусдаа амьдрах болсон учир үүнээс хойш шаардах эрх үүссэн.

1.3. Иймд зээлийн гэрээний үүрэгт Ш.Г-гээс 6,360,000 төгрөг гаргуулан А.Д-д, 2,000,000 төгрөг гаргуулан Ш.А-ид тус тус олгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 2.1. Аав Ш.А- нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний данс руу трайлерийн хөлс гэж 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгийг банкнаас бэлнээр аваад Дундговь аймгийн Хулд сум дахь Ш.А-ийн хариуцах жоншны уурхай руу явах экскаваторын жолоочид 1,500,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 500,000 төгрөгийг Ш.А-ид өөрт нь өгсөн.

2.2. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр А.Д-гийн картыг ашиглан “Скай дистрбьюшн” компанийн данс руу түгээлтийн орлогыг шилжүүлсэн. 5,200,000 төгрөгийн тухайд би картаа гэртээ орхичихоод А.Д-гийн картыг ашиглаад компанийхаа данс руу түгээлтийн орлогыг шилжүүлсэн.

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр түгээлтийн орлогыг А.Д-гаар бэлэн тушаалган өөрийн дансанд авсан. 5,000 төгрөгөөс доош мөнгийг АТМ авдаггүй учраас би задгай мөнгөнүүдээ гэртээ орхиод, дараа нь банк дээр очиж компанийхаа данс руу шилжүүлдэг байсан.

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,160,000 төгрөг А.Д-гаас орж ирсэн. Энэ нь миний төрсөн эгч Ш.Цэнджаваас зээлсэн мөнгийг над руу шилжүүлж, би Ш.Цэнджавын данс руу шилжүүлсэн нь дансны хуулгаар харагдана.

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтран амьдрагч А.Д-гийн дансыг ашиглан өөрийн данс руу бэлэн мөнгө хийсэн. Энэ нь А.Д-гийн дансны хуулгаар харагдах болно.

2.3. А.Д-тай хамтын амьдралтай байх хугацаанд би түгээлтийн компанид ажиллаж, өдөр болгон түгээлтийн орлогоо бэлэн мөнгөөр буцааж төлдөг, өдрийнхөө орлогыг эхнэр А.Д-гийн дансыг ашиглан “Ш.Г- орлого” гэж компанид тушаадаг байсан. Эдгээр мөнгө бол А.Д-гийн болоод миний мөнгө биш, компанийн мөнгө байсан.

А.Д-гаас 2018 онд мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш.Г-гээс 6,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Д-гийн 2,000,000 төгрөг гаргуулах тухай Ш.А-ийн нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч А.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас 9,030,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8,360,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүх 8,360,000 төгрөгийг нэхэмжлэгч нарын данснаас хариуцагчийн данс руу шилжүүлсэн болохыг хүлээн зөвшөөрсөн боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Ш.Г-д 8,360,000 төгрөг өгсөн нь нотлогдсон байхад зээлдүүлсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч нарын эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 8,360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А.Д-, Ш.А- нар нь хариуцагч Ш.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,360,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. А.Д- болон Ш.Г- нар 2011 оноос 2019 оны 10 сар хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан талаар талууд маргаагүй.

 

Ийнхүү тэд хамтран амьдарч байхдаа А.Д-гийн, ХААН банк дахь 5039066948 тоот данснаас хариуцагч Ш.Г-гийн, ХААН банк дах 5034676799 тоот данс руу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр /99700723/-G гэх утгаар 200,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр /99700723/-D гэх утгаар 470,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр /99700723/-D гэх утгаар 1,160,000 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5447065838 тоот данс руу /Гомбосүрэн/ гэх утгаар 5,200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Хамтран амьдрагч нар хоорондоо мөнгөн хөрөнгө шилжүүлэхдээ зээл гэсэн утгыг тодорхойлоогүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

4. Нэхэмжлэгч Ш.А- нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Г-гийн, ХААН банк дахь 5034676799 тоот данс руу “Трайлерийн хөлс” гэх утгаар шилжүүлжээ. /хх-6/ Энэ баримтыг үндэслэн Ш.А- болон Ш.Г- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэхгүй юм.

 

5. Иймд зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тэдгээрийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш.Г-гээс 6,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Д-гийн, 2,000,000 төгрөг гаргуулах тухай Ш.А-ийн нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                                    ШҮҮГЧИД                                      М.БАЯСГАЛАН

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА