Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 243

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Ц.Батбямба,

хохирогч Л.Цэцэгдулам,

шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н-д холбогдох 1834005160224 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, УБДЦС-2-т үйлчилгээний ажилтан хийдэг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо Тоосгоны 24-А-36 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг харицах чадвартай, Б овогт Л.Н гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Н нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэр засмал замын 116 дахь км-н шонгийн дэргэд 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цагийн орчим 52-10 УНЭ улсын дугаартай Тоёото Спасио маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан  “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Цэцэгдуламын эрүүл мэндэд хүндвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н: “Би 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас Улаанбаатар хот руу зарын дагуу замаасаа хоёр хүн аваад гэр бүлийнхэнтэйгээ хамт гарсан. Сэлэнгэ аймгийн нутгаас гараад Улаанбаатар хот руу явж байгаад Төв аймгийн Жаргалант сумын нутагт засмал зам дээр явж байгаад машины дугуй замын ховил руу ороод би жолоодлого алдаад замын хажуу руу унасан. Тэгээд Л.Цэцэгдулам эгчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Би Л.Цэцэгдулам эгчийн томографийн шинжилгээ оношилгооны зардлыг нь гаргаж эмнэлгээр авч явсан. Эмчийн дүгнэлтээр хүндэвтэр гэж гарсан боловч өөрт нь хүнд ноцтой шарх сорви илрээгүй гэж эмчийн дүгнэлтэнд хэлсэн. Би Л.Цэцэгдулам эгчийн томографик, гарын сарвууны зургийг нь  авахуулахад 330.000 гаран төгрөгийн оношилгоо хийлгэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Цэцэгдулам: “2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас Улаанбаатар хот руу Л.Нгийн машинд суугаад явсан. Би нэг мэдсэн чинь унтчихсан байсан. Тэгээд хүмүүс орилолдоод дуугараад байхаар нь харсан чинь эсрэг урсгал руу орсон явж байгаад өөрийн урсгал руу ороод унасан. Би унах нь тодорхой болохоор доошоо суусан. Нэг мэдэхэд машин аль хэдийн унаад би өөрөө ухаангүй нөхөр маань намайг тэвэрсэн гадаа сууж байсан. Тухайн үед миний цээжээр хүндвэрлэж байсан. Энэ осол автын осол учраас санаатай осол биш юм. Эрүүл мэндийн хувьд эмчилгээ хийлгэж байгаа, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Ажилгүй байсан цалин гээд 1.200.000 төгрөг, эм тарианы 400.000 төгрөг, эмчилгээний зардал 436.000 төгрөг, унааны зардал 170.000 төгрөг, ахуйн хэрэглээ гээд нийт 2.730.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Үүнд:

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Н яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас Улаанбаатар хот руу нөхөрийн эзэмшлийн 52-10 УНЭ улсын дугаартай Тоёото Спасио маркийн тээврийн хэрэгслийг жолоодон нөхөр Л.Бат-Эрдэнэ, хүү Б.Анх-Эрдэнэ, охин Б.Амин-Эрдэнэ, хамаатны дүү Н.Оюунбаяр, манай аавын танил гэх Ц.Эрдэнэбаяр, Л.Цэцэгдулам нарын хамт явсан. Сэлэнгэ аймгийн нутгаас гараад Улаанбаатар хот руу явж байгаад Төв аймгийн Жаргалант сумын нутагт засмал зам дээр явж байгаад замын ховил дайрч гартал тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын дугуй хагарч тээврийн хэрэгсэл тэнцвэр алдаж жолоодлого алдагдсан тэгтэл эсрэг урсгалаас машин ойртон ирж явахаар нь би баруун тал руугаа дараад замын хажуу руу унаж онхолдсон. Тэгээд машинаас буугаад зорчигчдоосоо биеийн байдлыг нь асуухад Л.Цэцэгдулам гэх хүний хүзүү хөдлөхгүй байсан бусад хүмүүсийн биед учирсан гэмтэлгүй байсан тэгээд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Би тухайн үед 60 км/ц хурдтай явж байсан. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдал нартай, цэлмэг, халуун өдөр байсан. Замын нөхцөл байдал бага зэрэг уруу, эвдрэлтэй, шулуун, хуурай байсан. Би 2016 онд жолооны “Жон бээс” сургуулийг В үнэмлэхтэй төгссөн, 6 сар гаруй тээврийн хэрэгсэл жолоодож байна. Тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан 2018 оны 04 дүгээр сард оношлогоонд орсон тээврийн хэрэгсэл байсан юм. Замын ховил руу орж дугуй хагараад жолоодлого алдсан. Л.Цэцэгдулам гэх хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан байсан өөр бусад хүмүүсийн биеийн байдал нь хэвийн байгаа. Би нийт хохиролд 336590 төгрөгийн эм тариа, эмчилгээний зардал гаргаж өгсөн надад баримт нь байгаа. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байгаа санамсар болгоомжгүй байдлаас болж ийм асуудал гаргасан гэдгээ ухаарсан” гэх мэдүүлэг /хх-53 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Цэцэгдуламын: “Би 2018 оны 07 сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас Улаанбаатар хот руу Нгийн гэр бүлийхэн болон нөхөрийн хамт явсан. Бид нар Сэлэнгэ аймгийн самбартай даваа уруудаад Төв аймгийн Жаргалант сумын нутагт явж байхад хүмүүс орилолдоод байхаар нь сэртэл манай машин эсрэг урсгалд орчихсон явж байсан тэгээд замын хажуу руу онхолдсон. Нэг мэдэхэд манай нөхөр намайг тэврээд байж байсан. Би эмнэлгийн тусламж аваад эмнэлэгт үзүүлсэн. Миний бие хүзүү, цээж хэсэгт гэмтэл учирсан. Одоо биеийн байдал гайгүй эдгэрч байна. Би унтаж байсан учраас мэдээгүй жолооч удаан явж байсан. Гэмтлийн эмнэлэгт эм тариа авч өгч MRI зураг болон сарвууны зураг авахуулж өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй, би шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,

 

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Бат-Эрдэнийн: “2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас манай гэр бүлийн миний нэр дээр байдаг 52-10 УНЭ улсын дугаарт Тоёото Спасио маркийн машиныг манай эхнэр Л.Н жолоодон манай машинд 7 настай хүү Анх-Эрдэнэ, 3 настай охин Амин-Эрдэнэ, нутгийн ах эгч, хамаатны Оюунбаяр нарын хамтаар Улаанбаатар хот орохоор явж байгаад Төв аймгийн Жаргалант сумын нутаг 116 дахь шонийн орчимд 60 км цагийн хурдтай явж байхад манай эхнэр замын нүх дайраад би хажуу талаас нь хурдаа хас гэж хэлээд манай эхнэр сандраад үрүүлээ алдаад 2 тийш мушгиж байгаад замаас гарч өнхөрч унасан. Гадаа гэгээтэй замын үзэгдэх орчин зүгээр байсан. Миний зүүн гар мөр хэсгээрээ бага зэрэг хүндүүртэй байна өөр гэмтсэн зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай нутгийн ахын эхнэр нуруу хэсгээрээ гэмтсэн байж магадгүй. Өөр гэмтсэн хүн байхгүй. Манай гэр бүлийн машин учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хоёр хүүхэд гэмтээгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй”  гэх мэдүүлэг  /хх-25 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Эрдэнэбаярын:“2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумаас Улаанбаатар хот орохоор нутгийн дүүгийн Т.Спасио маркийн машинд эхнэрийн хамтаар дайгдан явж байгаад Төв аймгийн Жаргалант сумын нутагт уг машин нүх дайраад жолоодож явсан Н сандраад хоёр тийшээ дараад замаас гарч унасан. Гадаа гэгээтэй замын үзэгдэх орчин зүгээр байсан. Уг машиныг Л.Н жолоодож дэргэд нь нөхөр Бат-Эрдэнэ өвөр дээр нь охин Амин-Эрдэнэ, арын суудалд манай эхнэр Цэцэгдулам, нутгийн дүү Оюунбаяр, Оюунбаярын өвөр дээр Бат-Эрдэнийн хүү Анх-Эрдэнэ дэргэд нь би сууж явсан. Би бэртэж гэмтээгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний эхнэр Л.Цэцэгдуламын нуруу, хүзүү гэмтсэн. Өөр бэртэж гэмтсэн хүн байхгүй. Уг машин замын турш 60-70 км цагийн хурдтай явсан. Жолооч болон зорчигч нар архи уугаагүй зүгээр байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-26 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Оюунбаярын: “Би 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ах Бат-Эрдэнэ, эгч Н 2 хүүхэд бас эрэгтэй эмэгтэй 2 хүний хамт машинтай 13 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хот орохоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас гарсан тэгээд Тахилтын даваа уруудаад явж байтал замын ховилд цохиулаад машин 2 тийшээ дайваад явцан тэгээд нэг шон мөргөөд машин хөмөрцөн ийм л зүйл болсон. Манай жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Манай жолооч 60 км цагийн хурдтай явсан замын турш их хурдтай яваагүй. Н жолоодож явсан. Тухайн үед тэнгэр цэлмэг цас, бороо ороогүй цаг агаар тогтуун сайхан замын харагдах орчин сайн байсан. Надад ямар нэгэн зовиур алга байна. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Бид нар долуулаа явсан 5 том хүн 2 хүүхэд явсан нэг хүн гэмтэж бэртсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал алга” гэх мэдүүлэг /хх-27 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Анх-Эрдэнийн: “Би аав Л.Бат-Эрдэнэ, ээж Л.Н, дүү Аминаа, Шонхоо ах, өөр 2 ах эгчийн хамт хот орохоор явж байгаад ээжийн машины дугуй нүх рүү ороод ээж жолоогоо алдсан тэгээд машин онхолдсон. Манай ээж машин жолоодож байсан. Ээж архи уугаагүй. Би хөмсгөө юманд цохисон гэхдээ өвдөхгүй байгаа өөр гэмтэл байхгүй. Манай машин удаан явж байсан тэгээд ээж нүх дайраад хажуу тийшээ болоод замаас гарч унасан. Надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-04 тал/,

-зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-05 тал/,

-Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг 116-р км шонгийн дэргэд жолооч Л.Н нь Т.Spacio маркийн 52-10 УНЭ улсын дугаартай автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх материалд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-12 тал/,

-тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-23 тал/,

-Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн №441 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

1.Л.Цэцэгдуламын биед хүзүүний 5-6-р нугаламын жийргэвч цүлхийлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохигдох, дарагдах, шахагдах үед үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /хх37-38 тал/,

 

-2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №00000066 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

1. Хэргийн материалтай танилцахад Тоёото Спасио маркийн 52-10 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв.

2.Тоёото Спасио маркийн 52-10 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

3.Зам тээврийн осол болоход замын болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

4.Асуултанд дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно” гэжээ /хх-43 тал/,

 

-Согтуурал хэмжсэн тэмдэглэл /хх-72 тал/,

 

-Шүүгдэгч Л.Н-ийн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-54 тал/ болон бусад хувийн байдал тогтоосон баримтуудыг шинжлэн судласан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

            Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

         Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Н нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэр засмал замын 116 дахь км-н шонгийн дэргэд 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цагийн орчим 52-10 УНЭ улсын дугаартай Тоёото Спасио маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан  “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Цэцэгдуламын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Цэцэгдуламын “Бид нар Сэлэнгэ аймгийн самбартай даваа уруудаад Төв аймгийн Жаргалант сумын нутагт явж байхад хүмүүс орилолдоод байхаар нь сэртэл манай машин эсрэг урсгалд орчихсон явж байсан тэгээд замын хажуу руу онхолдсон. Нэг мэдэхэд манай нөхөр намайг тэврээд байж байсан. Би эмнэлгийн тусламж аваад эмнэлэгт үзүүлсэн. Миний бие хүзүү, цээж хэсэгт гэмтэл учирсан” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Бат-Эрдэнийн: “...Төв аймгийн Жаргалант сумын нутаг 116 дахь шонийн орчимд 60 км цагийн хурдтай явж байхад манай эхнэр замын нүх дайраад би хажуу талаас нь хурдаа хас гэж хэлээд манай эхнэр сандраад үрүүлээ алдаад 2 тийш мушгиж байгаад замаас гарч өнхөрч унасан”  гэх мэдүүлэг  /хх-25 тал/,

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Эрдэнэбаярын: “2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумаас Улаанбаатар хот орохоор нутгийн дүүгийн Т.Спасио маркийн машинд эхнэрийн хамтаар дайгдан явж байгаад Төв аймгийн Жаргалант сумын нутагт уг машин нүх дайраад жолоодож явсан Н сандраад хоёр тийшээ дараад замаас гарч унасан. ....Миний эхнэр Л.Цэцэгдуламын нуруу, хүзүү гэмтсэн” гэх мэдүүлэг /хх-26 тал/,

              Мөрдөн шалгах ажиллагааны гэрч Н.Оюунбаярын: “Тахилтын даваа уруудаад явж байтал замын ховилд цохиулаад машин 2 тийшээ дайваад явцан тэгээд нэг шон мөргөөд машин хөмөрцөн ийм л зүйл болсон. Манай жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Манай жолооч 60 км цагийн хурдтай явсан замын турш их хурдтай яваагүй. Н жолоодож явсан” гэх мэдүүлэг /хх-27 тал/,

               Мөрдөн шалгах ажиллагааны насанд хүрээгүй гэрч Б.Анх-Эрдэнийн: “хот орохоор явж байгаад ээжийн машины дугуй нүх рүү ороод ээж жолоогоо алдсан тэгээд машин онхолдсон. Манай ээж машин жолоодож байсан” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

             гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-04 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-05 тал/, Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг 116-р км шонгийн дэргэд жолооч Л.Н нь Т.Spacio маркийн 52-10 УНЭ улсын дугаартай автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх материалд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-12 тал/,

            Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн №441 дугаартай “ 1.Л.Цэцэгдуламын биед хүзүүний 5-6-р нугаламын жийргэвч цүлхийлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохигдох, дарагдах, шахагдах үед үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх37-38 тал/,

               2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №00000066 дугаартай “1. Хэргийн материалтай танилцахад Тоёото Спасио маркийн 52-10 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. 2.Тоёото Спасио маркийн 52-10 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. 3.Зам тээврийн осол болоход замын болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 4.Асуултанд дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно” гэх шинжээчийн дүгнэлтэд /хх-43 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

       

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

 

          Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүх шүүгдэгч Л.Нг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, эрүүгийн хариуцлага  хүлээлгэх нь зүйтэй байна.

         Шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар торгох ял сонгон оногдууллаа.

 

          Торгох ялыг шүүгдэгч Л.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд  шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож, солихыг тус тус сануулав.

 

Тав: Бусад зүйлийн талаар.

            Хохирогч Л.Цэцэгдулам нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт ажилгүй байсан хугацааны цалин 1282120  төгрөг, үзлэг эмчилгээ 435000 төгрөг, эм тариа 436660 төгрөг, ахуйн хэрэглээ 450341 төгрөг унааны зардал 175000 төгрөг, нийт 2779121 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Цэцэгдуламын биед нь хүндэвтэр хохирол учирснаас гарсан үзлэг эмчилгээний зардал 435000 төгрөг, эм тарианы төлбөр 436660 төгрөг, унааны зардал 175000 төгрөг нийт 1046660 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон байх тул шүүгдэгч Л.Н-гаас 1046660 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Цэцэгдуламд олгож,

          -Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн 1282120  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлосон баримт буюу эмнэлгийн магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан бичиг баримтын шаардлагыг хангаагүй, ажилтаны нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн хүснэгт, өвчтэй байсан хуацааны тэтгэмжийн зөрүүг тооцсон баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг үлдээж,

        -хоол унд ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн зардал гэх 450341 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэргийн улмаас учирсан зардал гэж үзэх боломжгүй тул 450341 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус хянан шийдвэрлэлэлээ.

 

            Хэрэгт шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б овогт Л.Н-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Н нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож солихыг сануулсугай.

5. Хэрэгт шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нгаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөрт нийт 1046660 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Цэцэгдуламд олгож, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн 1282120 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас хоол унд, ахуйн хэрэгцээний зардал 450341 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Л.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ