Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01548

 

2022.08.19                                     № 210/МА2022/01548

Э.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2022/01088 дугаар шийдвэртэй,

Э.М-гийн нэхэмжлэлтэй

“НТ” ХХК-д холбогдох,

2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 64, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

8,278,725 төгрөгийг буцаан гаргуулах, компанийн 40,717 хэрэглэгчийн дата, санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээллийг буцаан хүлээлгэж өгөхийг даалгах, уг мэдээллүүдийг бусдад шилжүүлэн өгөх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.М-, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ө.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1 Э.М- 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр "НТ” ХХК-д Стратеги хөгжлийн захирлын албан тушаалд контракт байгуулан ажилласан. Анх ажилд ороход компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс, цаг бүртгэлийн журам, ажлын байрны тодорхойлолтыг огт танилцуулаагүй. Хэдийгээр уг баримтуудтай танилцаагүй ч компанийн ТУЗ-ийн дарга С.Б-, гүйцэтгэх захирал X.У- нартай ярилцаж ажил байдлаа түргэсгэх, шуурхай ажиллах зорилгоор ажлын цагийн хуваарилалтыг гарган ажилласан.

Миний бие тухайн компанид байх хугацаандаа компанийн бүтцийг боловсронгуй болгож, үйл ажиллагааг сайжруулах, стандартжуулах үүднээс ISO9001:2015 нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Мөн охин компаниудын үйл ажиллагаа давхцалтай байгааг анзаарч, сайжруулах тал дээр удаа дараа санал гарган үр бүтээлтэй ажилласан.

2019 оны 06 дугаар сард ТУЗ-ийн дарга С.Б-эд “НТ” ХХК жилд маш их зардлыг урамшуулал, хөнгөлөлт, хямдралд зарцуулж байгааг судалгааны үндсэн дээр үзүүлж, Лоялти хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нөхцөл байгааг үзүүлсэн. Тухайн үед “НТ” ХХК-ийн захирал, охин компанийн захирлууд хуралд оролцож 100 хувийн саналаар Лоялти хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжсэн. Ийнхүү бодит тоон үзүүлэлтүүд шаардлагатай, үр ашгийн тооцоог бодит болгох үүднээс Санхүү, төлөвлөлтийн газраас “НТ” ХХК-ийн санхүүгийн үзүүлэлтүүдийг, Маркетингийн газраас хэрэглэгчийн тодорхой датануудыг цуглуулж төслийн үр дүн, үр ашиг зэргийг гарган эцсийн байдлаар 2019 оны 07 дугаар сарын 09-ний хуралд танилцуулсан. Ингээд 07 дугаар сарын 16-ны өдөр баяр наадмын амралт дууссаны дараагаас эхлэн ямар ч шийдвэр гаргалгүй 08 дугаар сарын 01-ний өдөр хүрсэн.

Гэтэл 08 дугаар сарын 01-ний өдөр надтай холбоотой тушаалууд гарсан болохыг олж мэдсэн бөгөөд уг тушаалуудыг надад огт танилцуулаагүй. Тодруулбал, “НТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар “Цалин өөрчлөх” тухай тушаал, “НТ” ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай тогтоол, “НТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 64 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалуудыг тус тус гаргасан байсан.

Миний бие тус компанид ажилд орохоос өмнө “United Alliance” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын зах зээлд хамгийн анхны нэгдсэн Лоялти хөтөлбөр болох Npoint-ыг санаачлан боловсруулж нэвтрүүлж байсан туршлагатай. Гэтэл тус компанийн удирдлагууд өөрт хэрэгтэй төслийн материалыг надаар болон миний хамт ажиллаж байсан мэргэжилтнээр хамт дуусгуулчихаад цалин өгөх нь битгий хэл ор үндэслэлгүйгээр сахилгын шийтгэлүүдийг давхардуулан ногдуулж надтай байгуулсан гэрээг цуцалсан тухайгаа 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр амаар мэдэгдсэн. Гэрээг цуцалсан уг тушаалаа гаргаж өгөхийг шаардахад өгөхгүй байж байгаад 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр огноолсон 69 дүгээр “Гэрээг цуцлах” тухай тушаалыг өгсөн.

1.2. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар “Цалин өөрчлөх” тухай тушаалыг гаргаж, гэрээгээр тохиролцсон цалин хөлсийг үндэслэлгүйгээр, урьдчилан мэдэгдэхгүйгээр бууруулж 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн. Компанитай байгуулсан контрактын 4.1-т “Ажилтны цалин хөлс нь энэхүү гэрээний хугацаанд нэг сарын 5,000,000 төгрөг байна" гэсэн заалт хүчин төгөлдөр бөгөөд цалин хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байдаг. Иймд энэ тушаал нь үндэслэлгүй, хууль бус юм.

1.3. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 64 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулсан” тушаалд сахилгын шийтгэл ногдуулах болсон үйлдлийг “...07 дугаар сарын 23-ны өдөр удирдах албан тушаалтнаас 4 цагийн чөлөө авах зөвшөөрөлтэй явсан боловч чөлөө авсан цаг хэтрүүлж чөлөө авах журам зөрчсөн” гэжээ.

Стратеги төлөвлөлтийн захирлын албан тушаал компанийн удирдах, зохион байгуулах, зохих менежмент хийж үйл ажиллагааг сайжруулах ажил бөгөөд хүмүүстэй гадуур уулзалт хийх шаардлага их гардаг. Тухайн өдөр удирдах албан тушаалтанд мэдэгдээд явсан, уулзалт удаан үргэлжилсэн тул чөлөөний хугацаанд очиж амжихгүй талаараа мэдэгдсэн байтал сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Уг сахилгын шийтгэл ноогдуулсан тушаалаа надад огт танилцуулаагүй, мэдэгдээгүй.

1.4. “НТ” ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай тогтоолуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах эрхгүй этгээд гаргасан.

1.5. “НТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр “Гэрээг цуцлах” тухай тушаалд тус компанийн Стратеги хөгжлийн захирлын албан тушаалтай Э.М- нь удаа дараа сахилгын зөрчил гаргасан, ажил олгогчийн зөвшөөрөлгүй ажлын цаг тасалсан, гэрээнд заасан ажлын байрны чиг үүрэг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй..." гэжээ. Миний бие сахилгын зөрчил удаа дараа гаргасан зүйл байхгүй. Сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 64 дүгээр тушаал нь үндэслэлгүй бөгөөд сахилгын шийтгэл буруу ногдуулсан.

Гэрээнд заасан ажлын байрны чиг үүрэг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдол байхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж өөрийн төсөл хөтөлбөрийн судалгааны бэлтгэлээ хийж, төслийн үр дүн, үр ашиг зэргийн тооцооллыг гаргаж ажилласан. Гэтэл ажил олгогчийн зүгээс ямар ч үндэслэлгүй зүйлсийг дурьдаж намайг ажлаас буруу халсан байна.

1.6. Иймд цалин хөлсийг үндэслэлгүйгээр өөрчилсөн тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэл буруу ноогдуулсан болохыг тогтоолгож, уг хууль бус тушаалуудыг хүчингүй болгож, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дах олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Э.М-гийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ажилд орох өргөдлийг үндэслэн “НТ” ХХК-д Стратеги төлөвлөлтийн захирлаар томилж, ажилд авсан. Э.М- нь Наран нэгдсэн рояалти карт, онлайн худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийн төсөл хэрэгжүүлэх, төсөл бичих, хөрөнгө босгох, чанарын удирдлагын тогтолцоог цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, өмнө нь хэрэгжүүлж байсан туршлагатай гэж өөрийгөө танилцуулж ажил олгогчийн итгэлийг олж, төгссөн сургууль болон мэргэжил, ажлын туршлага нь захиргаа, хүний нөөцийн газрын шалгаруулалтанд тэнцсэн тул цаашид “НТ” ХХК-ийг шинэ хөгжлийн түвшинд гаргах, хөгжүүлэхэд идэвхи, хичээл зүтгэл гаргаж, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, өөрийн хувь нэмэрээ оруулна гэж гэрээ байгуулсан.

2.2. Хамтран ажиллах хугацаанд Стратеги төлөвлөлтийн газрын захирлын ажлын байрны үндсэн үүрэг, зорилт болох компанийн бизнес хөгжил болон стратеги бодлогыг нэгдсэн байдлаар гаргах хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, компаниийн маркетингийн нэгдсэн бодлого гаргах, шаардлагатай судалгаа шинжилгээ сайжруулалтыг хийх, хэрэгжилтэнд хяналт тавих, компани мэдээлэл технологийн хөгжлийн бодлогыг гаргах, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, компанийн хөрөнгийн менежментийг төгөлдөржүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, шинэ төслүүдийг удирдан зохион байгуулах, төслийн тооцоо, судалгааг хийх гэж тодорхойлсон ажлуудыг удирдан зохион байгуулж хийх ажлын хүрээнд компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаас тухай бүр өгсөн үүрэг, даалгавар өгч байсан. Үүнд:

2.2.1. Чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх үндсэн багийн төслийн удирдагчаар томилсон боловч төслийн бэлтгэл ажлын талаар хийх уулзалтыг 2 удаа тасалж, ISO-той холбоотой хурал сургалтанд оролцохгүй, гадуур ажилтай гэсэн тайлбар шалтгаан хэлж байсан учир энэ төслийн удирдагчаар ажиллуулах боломжгүй болсон бөгөөд гишүүний хувьд ямар ч ажилд оролцоогүй.

2.2.2. SВN ТV-ийн шинэ контент хөгжүүлэх, менежментийг сайжруулах талаар ажиллаж чадна гэсэн боловч ямар ч ажлын туршлага, телевизийн салбарын талаар ойлголт байхгүй, улмаар тухайн компанийн ажилчдын дунд эцэслэгдээгүй, шийдээгүй асуудлыг ярьж ажилтнуудын ур амьсгалыг эвдсэнээр тогтвор суурьшилтай ажиллаж байсан менежментийн багийн ажилтнууд ажлаас гарах өргөдөл өгч компанийг хүндрүүлсэн учир Э.М-г тухайн ажилд оролцуулах боломжгүй болсон.

2.2.3. “НТ” ХХК-ийн ирээдүйд хэрэгжүүлэх гэж буй үл хөдлөх эд хөрөнгийн төслийн багт орж төслийн төлөвлөгөө гаргах ажлыг эхлүүлсэн боловч шаардлага хангахгүй байсан учир удаа дараа сайжруулах хугацаа боломж өгсөн боловч хийгээгүй гарсан.

2.2.4. Наран нэгдсэн Лоялти картыг хэрэгжүүлэх төсөл, төлөвлөгөөг урьд ажиллаж байсан төслийн хэсгээс хуулж авч хийсэн боловч уг ажил нь гүйцэтгэх хугацаа, эзэн, зарцуулах хөрөнгө, үр ашгийн тооцоо байхгүй, ажилбарууд нь тодорхойгүй, улмаар нэг танилцуулгаа 3 удаа удирдлын багт танилцуулж, ажилтнуудыг бухимдуулж, тухай бүр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй.

Ажлын цаг ашиглалт муу, ажилд орсноос хойш компанийн цагийн бүртгэлд хурууны хээгээ уншуулдаггүй, удаа дараа шаардуулж хийдэг, ажлын цагийн хоцролт их, ирц хангалтгүй, ажлын цагаар хувийн ажлаа амжуулдаг, гадуур ажилтай гэх шалтгаанаар ажлын байранд дээр байдаггүй, гадуур ажиллах бүртгэлийн дэвтэрт бичүүлдэггүй зэрэг зөрчлүүдийг гаргасан.

2.3. Тухайн ажилтан нь манай компаниас өндөр цалин авч байсан боловч дээр дурдсан байдлаар ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, ажлын цагт болон ажлын байран дээр компанид хамааралгүй, хувийн ажил болон бусад зүйлийг хийж, ажил олгогчоос хүлээлгэсэн итгэлийг алдаж, ажилчдын дунд ёс зүйгүй, буруу үлгэр дуурайлал үзүүлсэн нь олон үйл баримтуудаар тодорхой болсон.

2.4. Э.М- нь ажлын байр, гэрээнд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, тодорхой үр дүн гаргаж чадахгүй, өндөр цалингийн хүлээлтэнд нийцэхүйц ажлын бүтээмж, үр дүн гаргахгүй гэдэг нь тодорхой болсон, ажил олгогчийг хуурч ажлын цагт болон ажлын байран дээр компанид хамааралгүй, ёс зүйгүй зүйл үзэж ажлын цагийг үр дүнгүй өнгөрүүлсэн, удаа дараа зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авахуулж, ажил олгогчоос ажлыг сайжруулах үүрэг даалгавар өгч байсан ч үр дүнд хүрээгүй. Мөн тогтмол цалин нь тухайн ажилтанг ажиллуулах хөшүүрэг болж чадахгүй байсан тул үндсэн цалингийн 50 хувийг ажлын гүйцэтгэлээс хамааруулж олгохоор өөртэй нь ярилцаж тушаал гаргасан ч ажилтны ажилдаа хандах хандлага, гүйцэтгэл, ажлын цаг ашиглалт сайжраагүй, улам хангалтгүй болсон.

2.5. Тус ажилд анх томилогдоход нь Э.М-д компаниас олгосон ажлын компьютерт хадгалагдаж байсан файлуудыг хүлээн авахаар үзлэг хийхэд ажилтан нь ажлын компьютер дээр манай компанид хамааралгүй ажлууд хийдэг байсан, түүнчлэн ажлын цагаар ажлын компьютер дээр ёс зүйгүй секс, порно сайтуудыг өдөр бүр олон цагаар үзэж байсан нь нотлогдсон болно.

2.6. Иймд Э.М-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Э.М-гийн ажлын компьютерт хийсэн үзлэг, олон удаагийн хурлын тэмдэглэлүүд, цагийн бүртгэл зэргээс үзэхэд 30 өдрийн бичлэгээс 116 цаг буюу бүтэн 14 ажлын өдрийг тэрээр https://cekc.mn, https://caak.mn, www.facebook.com, www.google.com гэх мэт гадаад дотоодын порно сайтууд үзэж ажлын цагийг үрж байсан нь тодорхой болсон. Мөн түүний компьютер дээрх ажлын файлыг үзэхэд нийт 112 файл байснаас 56 нь манай ажилтай ямар ч холбоогүй, хувийн файлууд байсан. Мөн компьютерт гэрээнд заасан чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн гэх ажил юу ч байхгүй. Энэ бүхэн нь ажилтан Э.М- ажил олгогчийг хуурч өндөр цалин авч байсан болохыг бүрэн дүүрэн илэрхийлж байгаа юм.

Чиг үүргийн удирдлагын газрын захирлаар томилогдсон хүн өөрөө бодлогоо боловсруулж, компанид үр ашигтай ажиллах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулж чадна гэснээр ажилд томилж өөрийнх нь хүссэн цалинг олгохын зэрэгцээ надад туслах хэрэгтэй гэж хүсэлт гаргасны дагуу өөрийнх нь олж ирсэн н.Эрдэнэжаргал гэж эмэгтэйг ажилд авч ажиллах нөхцөл бололцоогоор компанийн зүгээс бүрэн хангасан боловч мөн туслах ажилтнаар ямар ч ажил хийлгээгүй, хувийнхаа ажилд гадуур дагуулж явдаг байсан. Мөн түүний туслах ажилтны компьютерт үзлэг хийхэд тодорхой хийсэн ажлын үр дүнгүй байсан.

3.2. Нэхэмжлэгч нь шаардлагатай байна гээд “НТ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ц.Оюунжаргалын [email protected] мэйл хаягаас өөрийн [email protected] мэйл хаяг руу 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг илгээлгэж авсан. Мөн манай компанийн маркетингийн газрын захирал Э.Болор-Эрдэнийн [email protected] мэйл хаягаас өөрийн туслах болох төслийн менежер н.Эрдэнэжаргалын [email protected] мэйл хаяг руу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 40,717 хэрэглэгчийн дата мэдээг илгээлгэн авсан ба компанид өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй байна. Манай компанийн дээрх хоёр дата, мэдээллийг өөр зорилгоор ашиглах нөхцөл бий болоод байгаа тул бид өөрийн дата, мэдээллийг албан ёсоор буцаан хүлээж авахтай холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлж байна.

3.3. Тиймээс Э.М-гаас цалинд олгогдсон мөнгөнөөс ажиллаагүй болон үр дүнгүй өнгөрөөсөн цагийн хөдөлмөрийн хөлс 8,278,725 төгрөгийг буцаан гаргуулж, манай компанийн 40,717 хэрэглэгчийн дата, санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг буцаан хүлээлгэж өгөх, уг дата мэдээллүүдийг бусдад шилжүүлэн өгөх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг даалгаж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

4.1. Миний бие N-point төслийг эдийн засгийн бодит судалгаа, төслийн үндсэн бодлого, стратеги, бизнесийн үндсэн нөхцөл, систем хөгжүүлэлтийн үндсэн бүрдэл, төсөвт өртөг, ашиг орлогын урьдчилсан тооцоо зэрэг бүх нөхцөлийг хангасан төслийг боловсруулсан. Цаашид Нарангийн хэрэглэгчийн бааз, системийн халдлагаас хамгаалах аюулгүй байдлыг хүртэл тооцоолон боловсруулж 100 хувь дуусгаж өгсөн. Миний оюуны хөдөлмөрийг хуулбар, цаас мэтээр шүүхэд хандсан сөрөг нэхэмжлэлдээ дурьдсан нь төслийг үнэгүйдүүлэх, нэхэмжлэлийн үндсэн гол асуудлыг өөр асуудал руу хамаатуулж булзааруулах гэсэн оролдлого гэж үзэж байна.

4.2. Миний бие хөдөлмөрийн бүтээмжтэй хийсэн ажил нь тодорхой үр дүнтэй ажилласан. Бүр сүүлд асуудал үүсэхээс хэдхэн хоногийн өмнөөс энэ тухай буюу цагийн бүртгэл хийлгэх ёстой тухай ярьж эхэлсэн нь төслийг боловсруулан дуусгуулчихаад намайг эртнээс ажлаас халах, ямар нэг сэжүүр үүсгэхээр бэлтгэж байсны илэрхийлэл юм.

4.3. Сарын үндсэн цалин 5,000,000 төгрөг байсныг 50 хувь үндсэн, 50 хувь гүйцэтгэлийн үнэлгээгээр олгох болсноо мэдэгдэж протокол үйлдэж танилцуулаагүй. Энэ нь хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчиж ажилтантай байгуулсан гэрээг удирдлагаас дур мэдэн өөрчилсөн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас “НТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 64 дугаар Сахилгын шийтгэл ноогдуулсан тухай, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар Цалин өөрчлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, “НТ” ХХК-ийн стратеги төлөвлөлтийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Мөнгөнзалаагаас гүйцэтгэсэн ажилд нь тохирсноос илүү олгосон цалин хөлс болох 8,278,725 төгрөг гаргуулж “НТ” ХХК олгож, “НТ” ХХК-ийн 40.717 хэрэглэгчийн дата, Санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг компанид буцаан гаргуулж, хүлээлгэж өгөхийг даалгах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Мөнгөнзалаагийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж,.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,610 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, З.Мөнгөнзалаагаас 147,410 төгрөг гаргуулж, “НТ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэтэрхий нэг талыг барьсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж дүгнэлт хийгээгүй байх тул энэхүү гомдлыг гаргах үндэслэлтэй байна.

6.1. Шүүхээс “НТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 64 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаартай “Цалин хөлс өөрчилсөн” тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч Э.М- удаа дараа сахилгын зөрчил гаргасан, ажил олгогчийн зөвшөөрөлгүй ажлын цаг тасалсан, гэрээнд заасан ажлын байрны чиг үүрэг, гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 10, 07 дугаар сарын 01-ны өдрүүдэд өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, ТУЗ-ийн даргын 2019 оны 07 дугаар сарын 01, 20, 22-ны өдрийн хурлын тэмдэглэлүүдээр тогтоогдож байх тул гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчийн зүгээс миний өндөр ур чадвартай, бүтээмжтэй ажилладаг байдал, мэдээлэл технологийн ур чадварыг үнэлэн гэрээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс Э.М- нь чөлөө зөвшөөрөл аваагүй, ажил тасалсан, ноцтой зөрчил гаргасан хэмээн маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг. Гэтэл шүүх өөрийн санаачилгаараа дур мэдэн нэхэмжлэгч бол гоц буюу ховор авьяас ур чадваргүй хэмээн миний эрх зүйн байдлыг илтэд дордуулан, гуйвуулан шийдсэнд гомдолтой байна.

Мөн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 93 тоот тушаал “контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил (мэргэжил),албан тушаалын жагсаалт”-ын 2-т “Аж ахуйн нэгж, байгууллагын захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий менежер, алба, хэлтэс, тасгийн менежер, аж ахуйн нэгж байгууллагын доторх нэгж, хэсгийн удирдах албан тушаал”-д авч ажиллуулж болох бөгөөд журмын тайлбар хэсэгт ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг нь нотлох үнэмлэх (сертификат), түүний туршлага болон бүтээлийг нь үндэслэн өөрийн сонголт шийдвэрээр гэрээ байгуулна гэж заасан байна. Миний хувьд Стратеги төлөвлөлтийн захирлын албан тушаалд томилогдсон. Томилогдохдоо өөрийн гадаадад төгссөн сургуулийн диплом, дотоодод төгссөн диплом, сертификат зэргийг ажил олгогчид үзүүлж түүний дагуу ажил олгогч өөрийн сонголтоороо намайг ажилд томилсон. Хэрэгт Э.М- нь өндөр үр чадваргүй, ажлын бүтээмжгүй. ховор авьяас чадваргүй гэх нотлох баримт байхгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг гүйцэтгэж ирсэн. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг гүйцэтгээгүй талаар, миний үнэмлэх диплом, туршилгын талаар маргаагүй.

6.2. Шүүх Э.М- удаа дараа сахилгын зөрчил гаргаагүй, мөн ажил олгогчийн зөвшөөрөлгүй ажлын цаг таслаагүй болохыг тогтоосон боловч гүйцэтгэх захирлын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь ТУЗ-ийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байх тул контрактыг цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Тухайн хурлуудын тэмдэглэлүүдээс үзэхэд Э.М- нь хуралд биечлэн оролцсон, түүний болон компанийн нийт ажилтны ажлын талаар хэлэлцсэн, үр дүн гаргахгүй байгаа тухай, мөн хурал дээр хэлэлцсэн олон асуудлаас шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэх байдлаар тэмдэглэлд дурдсан хэсгээс тасалж дүгнэлт хийсэн байна. Уг хурлын тэмдэглэлд ажилтан нь ажил олгогчийн хэдэн сарын хэдний өдрийн ямар хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаар дурдаагүй, мөн хэдэн сарын хэдний өдрийн хэн хэн оролцсон, хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн болон гэрээг цуцлах талаар баримт байгааг заагаагүй. Өөрөөр хэлбэл, гэрээг цуцлах талаар, ажлаас хална, чөлөөлнө гэх хурлын тэмдэглэл, түүнд би оролцсон гэх ямар ч баримт хэрэгт байхгүй болно. Э.М- нь удирдлын зүгээс хийж буй ажлаа танилцуул гэсний дагуу удаа дараагийн хурлууд дээр Npoint, хийж гүйцэтгэж буй иж бүрэн төслүүдийг хуралд танилцуулж байсан. Тэдгээрийн нотлох баримтыг шүүхэд эх хуваарь нь өгч, нотлох баримтаар шинжлэн судлуулснаар бүрэн нотлогдоод байхад шүүх түүнийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй. Жишээлбэл, Э.М- нь ажилд орсоноос хойш 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр тушаал гарах хүртэл нийтдээ 3 сар 20 хоногийн хугацаанд ажиллахдаа иж бүрэн төсөл болох Наран Лоялти төслийг эхлүүлж, төслийг бичиж дуусгаж, хөгжүүлэлтийн шатанд хүргэсэн, компанийн бүтцийг боловсронгуй болгож, үйл ажиллагааг сайжруулж, стандартжуулах үүднээс 1809001:2015 нэвтрүүлсэн. Мөн охин компаниудын үйл ажиллагаа менежментийг боловсронгуй болгосон. Давхцалтай байгааг анхаарч удаа дараа хурал болгон дээр санал гарган үр дүн гаргаж ажилласан.

“НТ” ХХК-ийн шинээр барьж байгуулах барилын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, санхүүжилт татах судалгаануудыг хийсэн. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранпаласын ард талын газарт шинээр барилга байгуулах төслийн ажлаар хөрөнгө оруулалт талаар уулзалт зохион байгуулж, судалгаа хийж ажилласан. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туул рестораны чанх ард талын газар дээр худалдаа үйлчилгээний оффис барих төслийн талаар судалгаа хийж, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хөрөнгө оруулагч нартай уулзсан.

Түүнчлэн “НТ” ХХК жилд маш их зардлыг гаргаж урамшуулал, хөнгөлөлт, хямдралд зарцуулж байгааг судалж, маркетингийн газраас хэрэглэгчийн тодорхой датануудыг цуглуулан төслийн үр дүнг гаргаж, үр ашиг зэргийг эцсийн байдлаар 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Наадмын амралт эхлэхээс өмнө танилцуулж батлуулсан. “НТ” ХХК-д ажилласан 3 сар гаруй хугацаандаа жил бүр 4,300,000,000 төгрөгийг хямдрал урамшуулал нэрээр үр ашиггүй зарцуулдаг байсныг 3 тэрбум төгрөг болгох төслийг бэлтгэж, эдийн засгийн тооцоог гаргаж батлуулсан. Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлж, идэвхи санаачлагатай аливаа ажлын ард нь гарах гэж хичээн ажиллаж байсныг үгүйсгэсэн шүүхийн шийдвэр гарсан нь үндэслэлгүй байна.

6.3. Ажил олгогчийн “Контрактын гэрээг цуцлах” тухай тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан. Нэхэмжлэгч нь ажил олгогчтой Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, ийм баримт хэрэгт байхгүй. Хуулийн 40.1.7-д “Контрактад заасан үндэслэл буй болсон” гэх заалтыг хууль зүйн үндэслэл болгосон. Шүүх дүгнэхдээ ажил олгогч нь контрактын гэрээг дүгнэсэн, ажил олгогчийн нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсан байна хэмээн үзсэн. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний аравдугаар зүйлийн контрактыг дүгнэх 10.1-т “Контрактын биелэлтийн ерөнхий үнэлгээг жилийн эцсээр дүгнэж, Контрактыг сунгах эсэх асуудлаар гэрээний 2.1-т заасан дагуу тухай бүрт шийдвэрлэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэрээг 4 сарын дотор биш жилийн эцсээр эс бөгөөс 5 жилийн дараа дүгнэхээр байна. Гэтэл ажил олгогчийн зүгээс контрактын гэрээг дүгнэх явцад гэрээг цуцлах үндэслэл бий болж ажилтан зөрчил гаргасан нь тогтоогдсон талаар биш ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, тэрхүү зөрчил нь ноцтой зөрчил хэмээн үзэн уг тушаалыг гаргасан. Мөн уг тушаалд гэрээг дүгнэхэд, эсвэл дүгнэх явцад гэх утга байхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд контрактыг цуцлах үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулсан атал ажил олгогчийн зүгээс тус хуулийн зохицуулалтыг баримтлаагүй. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд нөгөө талд 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй. Гэтэл шүүх 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ажилчдын хурлаар контракт гэрээг цуцалсан байна гэж хууль бус дүгнэлтийг хийсэн нь шүүх нэг талыг барьж шийдвэр гаргасан гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна.

Мөн хэргийн материалд компанийн хөрөнгийг хувьдаа завшсан, хувийн зорилгоор ашигласан, компанийн ашиг сонирхолд харшилсан үйлдэл, эс үйлдэл гаргасан гэх баримт хэрэгт байхгүй, миний бие ийм зөрчил дутагдал гаргаагүй болно.

6.4. Нэхэмжлэгч сахилгын шийтгэл ногдуулсан тогтоолуудыг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, мэтгэлцэж байсан бөгөөд энэ шаардлагаасаа татгалзаагүй болно. Гэтэл шүүх маргаагүй хүчин төгөлдөр болсон гэж дүгнэсэн нь хууль бус.

Түүнчлэн компанийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолыг Компанийн тухай хуулиар ТУЗ-ийн дарга хэзээ ч ногдуулах эрхгүй байтал шүүх хэт нэг талыг барьж ТУЗ-ийн дарга сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд ноцтой алдааг гаргаж хэргийг шийдвэрлэсэн.

Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь зөвхөн гүйцэтгэх захирал байхад хувьцаа эзэмшигч нь тогтоол гаргаж ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах ямар ч үндэслэлгүй юм.

6.5. Ажлаас чөлөөлсөн “Тушаалд” ..2019 оны 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 10, 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй, ТУЗ-ийн даргын 2019 оны 07 дугаар сарын 01, 20, 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдсон талаар дурдсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна”, 131.3 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан. Ажил олгогч нь ажилтны хэзээ гаргасан зөрчилд ямар шийтгэл ногдуулсан эсэх нь ойлгомжгүй. Мөн Компанийн тухай хуульд ТУЗ нь гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж түүний ажлыг дүгнэх талаар, гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажилгааг удирдан зохион байгуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тушаалд дурдсан ажилтны гаргасан зөрчил нь ТУЗ-ийн тэмдэглэлээр нотлогдож байна хэмээн үзэж буй нь хуульд үл нийцнэ. Хариуцагчаас гаргаж өгсөн тэрхүү хурлын тэмдэглэлүүдэд цалин бууруулах, өөрчлөх, ажлаас халах, сануулах талаар үг, өгүүлбэр байхгүй, онцгойлон надад хандан тэмдэглэсэн зүйлгүй. Гагцхүү хамт олны дунд ярилцсан хэлэлцсэн өөр асуудлыг шүүх нэхэмжлэгчид урьд нь сануулж байсан байна, мэдэж байсан байна гэж дүгнэсэн нь хууль бус байна.

6.6. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн хуульчилсан бөгөөд ажлаас чөлөөлөх хуулийн заалтыг зөв хэрэглэлгүй, өөрсдийн ажил нь болсон, хэргээ гаргасны дараа хууль зөрчин намайг чөлөөлсөн тэрхүү шийдвэр бол анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй тушаал тул шүүх энэхүү хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт гүнээ итгэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нар гаргасан тайлбарын агуулга: Тушаалууд нь сахилгын арга хэмжээ авсан, цалинг хэрхэн яаж бодож тодорхойлох талаар гаргасан, контрактыг дуусгавар болгож байгаа асуудлыг дүгнэсэн тус тусдаа тушаалууд юм. Анхан шатны шүүх тус бүрд нь хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтууд, талууд мэтгэлцээн зэрэгт тулгуурлан тус бүрд нь үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

7.1. Өмнө 2 тушаалыг хүчингүй болгосон учир уг 2 тушаалыг хүчингүй болгоно гэсэн гомдлын агуулгыг зөвтгөх боломжгүй. Хүчингүй болгосон сахилгын шийтгэлийн тухайд шүүх дүгнэлт хийхдээ сахилгын зөрчил гаргасан, ажил тасалсан байна гэх талаар дүгнэлт хийгээгүй. Харин тушаал гаргасан үндэслэлийн тухайд дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Үүнийг хэт гуйвуулж тайлбарлах боломжгүй учир үндэслэлгүй юм.

7.2. Шүүх нэхэмжлэгчийг гоц авьяас, ховор ур чадвар байхгүй гэж дүгнэсэн зүйл байхгүй. Хүнийг ингэж дүгнэх боломжгүй. Хэргийн үйл баримтын тухайд дүгнэлт хийсэн. Шүүхийг ингэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

7.2. Контрактад заасан үүргийг удаа дараа биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүх ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгээгүй гэж дүгнээгүй. Энэ талаар хариуцагч маргадаггүй гэсэн үг, өгүүлбэр гомдолд байсан. Хариуцагч энэ талаар маргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг тайлбарлаж нотлох баримтыг шинжлэн судлуулж оролцсон, шүүх мөн дүгнэлт хийсэн байхад бодит байдалтай нийцэхгүй гомдлын агуулга гаргаж байгаа нь үндэслэлгүй.

“2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл иж бүрэн төсөл болон Наран Лоялти төслийг эхлүүлж, төслийг бичиж дуусгасан, компанийн бүтцийг тодорхой болгосон, үйл ажиллагааг сайжруулсан, стандартжуулах үүднээс ISO стандартыг нэвтрүүлсэн, охин компанийн үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгосон, давхцал байгааг анхааруулж удаа дараа хурал болгонд санал гаргаж, үр дүн гарган ажилласан, “НТ” ХХК-ийн шинээр барьж байгуулах төслүүдэд хөрөнгө оруулах судалгаануудыг хийж гүйцэтгэсэн байхад “контрактад заасан үүрэг даалгавар биелүүлсэнгүй” гэж үзэж нэхэмжлэлийн үндэслэлийг анхан шатны шүүхэд болон давж заалдах шатны шүүхэд гаргасан. Гэтэл хэрэгт энэ талаарх баримт байхгүй. “Хуульд заасны дагуу нэхэмжлэгч контрактын үүргийг гүйцэтгэсэн гэвч намайг хурлууд дээр үүргээ гүйцэтгээгүй гэж шүүх дүгнэсэн хэмээн нотлох ёстой атал нотолсон баримт байхгүй. Гагцхүү Лоялти иж бүрэн төслийг ил болгосон гэж мэтгэлздэг. Лоялти төсөл нь удаа дараагийн ТУЗ-ийн хурлуудад шаардлага хангахгүй төслийн хэдэн хуудас материал байна гэдэг нь дүгнэгдэж, сайжруулах, төслийг иж бүрэн дуусгаж хүлээлгэж өгөх үүрэг даалгавар өгөгдөж, биелэгдээгүй үргэлжилсэн. Лоялти хөтөлбөрт маркетингийн албанаас анхан шатны шаардлага хангаагүй гэх дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан, шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Түүнчлэн Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн дэргэдэх арбитрын дэргэдэх бизнесийн төвөөр төсөөтэй дүгнэлт гаргуулсан. Дүгнэлт төсөл шаардлага хангаагүй гэдэг нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн гол үндэслэл үндэслэлгүй болох нь тогтоогдсон буюу шүүх хэргийн баримтад үндэслэн үнэн зөв шийдвэрлэсэн. Иймд гомдлыг хүлээн авахгүй үндэслэлгүй байна.

7.4. Анхан шатны шүүх “2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлд мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй нөхцөл байдал байна” гэж үнэн зөв үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, тушаал 08 дугаар сарын 08-ны өдөр гарсан. 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралд Э.М-д үр дүн гаргаагүй байгааг анхааруулж хэлэлцэн контрактын гэрээг дуусгавар болгож, ямар хувилбараар явахыг өөрт нь хэлсэн. “Гэрээт ажилтнаар явах уу, өөр хувилбараар явах уу гэж өөрийнх нь саналыг сонсож, хурал дээр Э.М- оролцож эргээд мэдэгдье” гэж хэлж гарын үсэг зурсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад уг хуралд ийм зүйл яригдсан гэдгийг уг гарын үсэг минийх гэдгийг хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хариуцагч талаас шүүх хуралд амаар өөрт мэдэгдэж санал тавьсан, уг саналыг Э.М- хүлээж авсан. Энэ тохиолдолд тусд нь заавал бичгээр, шуудангаар авчрах шаардлагагүй нөхцөл байдал байхад мэдэгдсэн гэдэг нь тогтоогдож шүүх зөв дүгнэлт хийсэн. Иймд 1 сарын өмнө мэдэгдээгүй гэх гомдлын агуулгыг хүлээж авах боломжгүй.

7.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5, 8 гэсэн тогтоол байна. Энэхүү тогтоолтой маргалдаж байсан, нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан үүнийг үргэлжлүүлж байсан гэдэг гомдлын агуулга буруутгах гомдолд байна. Энэ нь үндэслэлгүй  худал юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогч шүүхэд үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл шүүхэд бичгээр гаргасан шаардлагад ийм шаардлага байхгүй. Уг хэрэг нь давж заалдах шатны шүүхээр 1 удаа хүчингүй болж дахин хэлэлцүүлсэн. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцаж ирэхэд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй, тодруулаагүй. Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд оролцсон. Нэхэмжлэгч тогтоолтой маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй тул нэхэмжлэлийн анхны шаардлага хэвээр дуусгавар болсон. Энэ тохиолдолд дүгнэлт хийгээгүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон онцгой эрх буюу нэхэмжлэлийг өөрөө тодорхойлох эрхийн хүрээнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалт буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэнэ гэдэг үндсэн зарчим агуулгын хүрээнд шүүх шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын тодорхойлоогүй асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй, маргаагүй учир шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Энэ тохиолдолд шүүхийг буруутгаж байгаа нь гомдлыг хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй гомдол байна.

7.6. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар сахилгын 1 зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын зөрчил оногдуулна. Сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхцуулж оногдуулж болохгүй гэснийг зөрчсөн хэмээх гомдолтой. 2019 оны 07 дугаар сарын 01, 20, 22-ны өдрүүдэд хурал болж тус хурлын тэмдэглэлд гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй. Энэхүү нөхцөл байдал хурлын тэмдэглэлээр тогтоогддог. 2019 оны 07 дугаар сарын 01, 20, 22-ны өдрүүдийн тогтоогдож байгаа нөхцөл байдал сүүлийн нөхцөл байдал бүрэн дүүрэн тодорхой болсон учраас үүнийг үндэслэн 08 дугаар сарын 08-ны өдрийн тушаал гарсан. Хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэдэг агуулга үндэслэлгүй. Үүнийг хэрэгт авагдсан баримт болон гомдлын агуулгыг харьцуулан дүгнэж үндэслэлтэй дүгнэлт хийж байх. Хариуцагчаас гаргаж өгсөн хурлын тэмдэглэлүүд нь “Э.М- чиний цалинг бууруулна, өөрчлөнө, ажлаас хална” гэж тайлбарладаг. Гомдол үндэслэлгүй учир гомдлыг хангахгүй шийдвэрлэж өгнө үү.

 

8. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

8.1. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар “Цалин өөрчлөх тухай” тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчтэй хурал хийж, уг хурал дээр энэ талаар ярилцаж, харилцан тохиролцсон бөгөөд энэ үйл баримт нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлд бүрэн дүүрэн тусгагдсан ба шүүх уг нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх ба үүнээс шууд шалтгаалж дээрх үндэслэлгүй тайлбар, дүгнэлтийг хийхэд хүргэсэн байна.

Уг хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч нь өөрөө гарын үсэг зурсан, энэ үйл баримтын талаар маргадаггүй. Үүнийг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч нь уг хурлаас хойш тус маргаан бүхий тушаалын дагуу ажлаа дүгнүүлэхээр хариуцагч талын ТУЗ-ын даргад мэссэж бичиж байсан бөгөөд энэ харилцан ярианд шүүхээс үзлэг хийж, нэхэмжлэгч нь уг тушаалын талаар бүрэн дүүрэн мэдэж байсан болох нь тогтоогдсон үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй.

Маргаан бүхий тушаал нь нэхэмжлэгчийн цалингийн хэмжээг өөрчилсөн тушаал биш юм. Өөрөөр хэлбэл, Контрактын гэрээний талууд нь уг тушаалаар цалингийн хэмжээг өөрчлөөгүй бөгөөд зөвхөн цалинг яаж, бодож олгох арга, журмын талаар тохиролцон тодорхойлсон, түүнийг үндэслэн гарсан тушаал юм. Үүнийг шүүх агуулгын хувьд зөв дүгнэж тодорхойлж чадаагүй ба бичигдсэн үг үсгийн талаас нь тайлбарлан дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн үнэн зөв, үндэслэл бүхий болж чадаагүй.

Энэ талаарх хэргийн үйл баримтыг давхар нотолсон зүйл бол нэхэмжлэгч  нь уг тушаал гарсны дараа 5,000,000 төгрөгөөр тооцон цалингаа авч байсан зүйл юм. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгэн маргадаггүй болно.Тиймээс анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн тайлбар, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

8.2. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 64 дүгээр “Сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй.

Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан бөгөөд уг журмаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд сахилгын арга хэмжээ авах эрх хэмжээ, журам тодорхой тусгагдсан.

Тухайн маргаан бүхий тохиолдолд ажилтан, ажил олгогч 2 нь хурал хийж, хурлын тэмдэглэлд чөлөө авах талаар хэрхэн мэдэгдэх, чөлөө авах хугацааг хэтрүүлсэн бол ямар сахилгын арга хэмжээг авах, чөлөөг авах талаар мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцож ямар сахилгын арга хэмжээг авах талаар тодорхой тохиролцож, тодорхой болгосон байдаг бөгөөд энэ хурлын тэмдэглэл нь хэрэгт нотлох бармтын шаардлага хангасан байдлаар авагдсан байхад энэхүү тодорхой үйл баримтын талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байх ба үүнээс шалтгаалж шүүхийн шийдвэрийн энэ хэсэг үндэслэлгүй болсон.

Уг хурлын тэмдэглэлд хариуцагч нь өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг бөгөөд үүгээрээ чөлөө авах талаарх журмаа ойлгож мэдсэн байдаг болно.

Хариуцагч нь тус хурлын тэмдэглэлд зурсан байгаа гарын үсэг нь өөрийнх нь гарын үсэг мөн талаар маргадгүй харин ч хүлээн зөвшөөрдөг бөгөөд ийнхүү тохиролион тогтооеон таяаараа ч маргадгүй болно.

Тиймээс энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон.

8.3. Сөрөг нэхэмжлэлийн “Хариуцагч компанийн 40,717 хэрэглэгчийн дата, санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг буцаан хүлээлгэж өгөхийг даалгах” шаардлагыг нэхэмжлэгч надад байхгүй гэх татгалзлыг хүлээн авч, сөрөг нэхэмжлэлийг хангахгүй гэж дүгнэхийн өмнө тухайн үйл баримтын талаар “Э.М-г эдгээрийг хулээн авсан гэж үзэх нь үндэслэл бүхий байна”, мөн талуудын хооронд байгуулсан контрактын гэрээний 9.6-д заасан ажилтны хүлээх үүрэг зэргийг үндэслэл бүхий байдлаар тайлбарлан үнэн зөв дүтнэлтийг хийсэн атлаа үүнийхээ эсрэг зөрчилдөөн бүхий логикгүй шийдэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх болоомжгүй байна.

Иймд гомдлыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч гаргасан тайлбарын агуулга:

9.1. Хариуцагч үндсэн цалинг 5,000,000 төгрөгөөр тогтоож, контрактын гэрээ байгуулсан. Үндсэн цалингийн хэмжээгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын суутгал хийгддэг. Гэтэл 2,500,000 төгрөгийг би ажлаа хийсэн эсхүл хийгээгүй гэдгээс шалтгаалан KPI гэж бууруулж болно. Түүнийгээ хариуцагч тал бууруулаагүй хэвээр байгаа гэж тайлбарласныг анхан шатны шүүх хянан үзэж уг шийдвэрийг хүчингүй болгосон.

9.2. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас гэсэн мөртлөө 07 дугаар сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан. Би 07 дугаар сарын 22-нд ажил хийгээгүй юм шиг боловч 07 дугаар сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл авах ёстой юу. Логикгүй, үндэслэлгүй зүйл яригдсан. Тус компанийн хэрэглүүлж байсан дотоод сүлжээг, өгсөн компьютерыг ашиглаж байсан. Эдгээр зүйлүүдийг 08 дугаар сарын 01-ний өдөр шууд надаас хурааж авчихаад байхгүй ор үндэсгүй зүйлийг нэхэмжилж байгааг өөрсдөө мөн ойлгож байгаа боловч зөвтгөж ярих гэж оролдож байна.

9.3. Миний бие эрх зүйч, эдийн засагч, Австри улсад Вени их сургууль төгссөн, Монгол улсад ирээд 5 жил болж байна. Npoint нэгдсэн Лоялти төслийг санаачлан хэрэгжүүлсэн хүн. Хэрэгт байгаа бүх материалуудыг үзээд миний төслийг буюу одоо ажиллаж байгаа зүйлийг үгүйсгэх гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Бүх хэлтсийн дарга нар 5-6 хүн долоо хоног бүр хуралддаг байсан. Бид компанийн үйл ажиллагааг сайжруулахын тулд компанид шинэ менежмент хэрэгжүүлэх, шинэ журам нэвтрүүлэх талаар ярьдаг байсан. Хуралд оролцсон бүгд протоколд гарын үсэг зурдаг. Ажлаас халах шийдвэрийг 07 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн мэтээр үндэслэлгүй ярьсан. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлгүй байна, бүх нийтийн хурал буюу ажилчдын хурал байсан гэдгийг ойлгож байна. Би контрактын гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан. Гэтэл 3 сарын дотор маш олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байхад 3 сарын дотор контрактын гэрээг дүгнэж ажлаас хална гэдэг, би яагаад энэ компанаас болж хохирох ёстой юм бэ. Хамгийн сүүлийн цалин аваагүй, миний диплом, бичиг баримт тус компанид 3 жил болж байна. Эдгээрийг өгөхгүй байгаа “НТ” ХХК-д гомдолтой байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Э.М- нь хариуцагч “НТ” ХХК-д холбогдуулж тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 64, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, тус компанийн Стратеги төлөвлөлтийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч цалин хөлсөд төлсөн 8,278,725 төгрөгийг буцаан гаргуулах, компанийн 40,717 хэрэглэгчийн дата, санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг буцаан хүлээлгэж өгөхийг даалгах, уг мэдээллүүдийг бусдад шилжүүлэн өгөх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. /1хх 186-187/

 

3. Ажил олгогч “НТ” ХХК болон ажилтан Э.М- нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Контракт байгуулагдсан, контрактын гол нөхцөл болох ажилтан тус компанийн Стратеги төлөвлөлтийн захирлын албан тушаалд ажиллах, ажил олгогч нь цалин хөлсөд сарын 5,000,000 төгрөгийг ажилтанд төлөх талаар харилцан тохиролцсон, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлд заасантай нийцсэн байна. /1хх 161-165/

 

4. “НТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65 тоот “цалин өөрчлөх” тухай тушаалыг анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.  

Учир нь, контрактын 4.1 дэх хэсэгт талууд ажилтны цалин хөлс гэрээний хугацаанд сарын 5,000,000 төгрөг байхаар тохиролцсон байна. Гэрээний гол нөхцөлд өөрчлөлт оруулах бол талууд харилцан тохиролцсон байх учиртай. Бичгээр байгуулвал зохих гэрээнд бичгээр өөрчлөлт оруулах юм. Гэтэл ажил олгогч нь тушаал гаргаж ажилтны үндсэн цалинг 2,500,000 төгрөг, нэмэгдэл цалинг 2,500,000 төгрөгөөр тогтоож гэрээний гол нөхцөлд нэг талын санаачилгаар өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчим, 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт заасан талууд харилцан тохиролцож гэрээний нөхцөлийг тодорхойлох журмыг зөрчсөн байна.

Тодруулбал, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзвэл ажил олгогч талаас цалинтай холбоотой 2 санал гаргасан. Үүнд:

1. цалинг KPI-ээр дүгнүүлэх, 2. гэрээгээр ажиллах, цагаа тохирох гэжээ. Гэрээний нэг тал болох ажил олгогчийн гаргасан энэ саналыг ажилтан зөвшөөрсөн талаар тухайн хурлын тэмдэглэлд тусгаагүйгээс гадна бичгээр байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах бол бичгээр санал илгээх учиртай. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт заасан гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэг талын саналыг нөгөө тал хүлээж аваагүй тул цалинд өөрчлөлт оруулахаар талууд тохиролцсон гэж дүгнэхгүй юм.

Түүнээс гадна гэрээний 4.1-д талууд цалинг 5,000,000 гэж тодорхойлохдоо цалин хөлсний бүрдэл хэсгийн талаар тохиролцоогүй тул уг цалинг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндсэн цалин гэж ойлгоно. Учир нь мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3 дахь хэсгийн зохицуулалтаас үзвэл ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох, нэмэгдэл хөлсийг хууль болон гэрээгээр тогтоосон хэмжээгээр талууд тохиролцон тогтоох ёстой бөгөөд гэрээнд талууд 5,000,000 төгрөгийн цалинд нэмэгдэл хөлс орсон гэж тухайлан тохиролцоогүй байна.

Түүнчлэн хариуцагчаас гаргасан давж заалдах гомдолд анхан шатны шүүх үйл баримтыг буруу тогтоосон, нотлох баримтад дүгнэлт өгөөгүй гэжээ. Дээр дурдсан хариуцагч байгууллагын хурлын тэмдэглэлд ажил олгогчийн дээрх 2 саналд ажилтан мөн өдрийн 15.00 цагт хариу өгнө гэж гарын үсэг зурсан боловч тэрээр тогтоосон хугацаанд хариу өгөөгүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.3-т зааснаар гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах талаар харилцан тохиролцсон гэж дүгнэхгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авсан бол гэрээг байгуулсанд тооцно. Иймд эсрэгээрээ хариу өгөөгүй тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүй юм. /1хх 107-109/

Шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлд ажил олгогчоос 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ажилтанд илгээсэн зурваст “KPI байхгүй байна” гэсэнд ажилтан “KPI-аа ярилцаж батлуулъя” гэсэн хариу өгсөн байдлаас дүгнэвэл талууд мөн адил цалин, цалин олгох журмын талаар харилцан тохиролцсон гэх байдал тогтоогдохгүй байна. /1хх 209-210/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч байгууллагын давж заалдах гомдлоос 65 тоот тушаалтай холбоотой хэсгийг хангах үндэслэлгүй байна.

 

5. “НТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 64 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалыг анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Уг тушаалаар тус компанийн Стратеги хөгжлийн газрын дарга Э.М- нь 07 дугаар сарын 23-ны өдөр удирдах албан тушаалтнаас 4 цагийн чөлөө авах зөвшөөрөлтэй явсан боловч чөлөө авсан цаг хэтрүүлж Чөлөө авах журмыг зөрчсөн тул “НТ” ХХК-ийн ТУЗ-ийн даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажилтанд үндсэн цалинг 1 сарын хугацаатай 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагч байгууллага нь Чөлөө олгох журам гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул ажилтан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр удирдах албан тушаалтнаас авсан 4 цагийн чөлөөг ямар хугацаагаар хэтрүүлснийг ажил тасалсан сахилгын зөрчилд тооцсон нь тодорхойгүй байна. Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.6-д ажил олгогч нь ажилтны хүсэлтээр чөлөө олгож болох, чөлөө олгох журмыг компанийн ерөнхий захирлын тушаалаар тогтоохоор заажээ. Хурлын тэмдэглэлийн “үүрэг даалгавар” хэсэгт тусгасан байдлаар чөлөө олгох журам тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Уг үүрэг даалгавар гэж тодорхойлсон журам тухайн байгууллагад ямар хугацаагаар, ямар хүрээлэлд, хэрхэн үйлчлэх нь тодорхой бус байна. Иймд сахилгын зөрчилд Чөлөө олгох журам тодорхойгүйгээс сахилгын зөрчилд авсан арга хэмжээ буруу гэж анхан шатны шүүхийн дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хариуцагч байгууллагын холбогдох давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

6.1. “НТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Контрактын гэрээг цуцлах” тухай 69 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.7 дэх заалт, ажилтантай байгуулсан Контрактын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.6 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.7.6, 7.7.7 дахь заалт, “НТ” ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус баримталж, тус компанийн Стратеги хөгжлийн захирал Э.М-г удаа дараа сахилгын зөрчил гаргасан, ажил олгогчийн зөвшөөрөлгүй ажлын цаг тасалсан, контрактад заасан ажлын байрны чиг үүрэг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь 2019 оны 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 10, 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй, ТУЗ-ийн даргын 2019 оны 7 дугаар сарын 01, 20, 22-ны хурлын тэмдэглэлүүдээр тогтоосон гэх үндэслэлийг зааж, талуудын хооронд байгуулагдсан контрактыг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. /1хх 160/

 

6.2. Ажилтан контрактын 9.2.6-д “Энэхүү гэрээний 7 дугаар зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн” нь ажил олгогчийн санаачилгаар контрактыг хугацаанаас өмнө цуцлахаар тохиролцсон тохиролцоо Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасантай нийцжээ.

Ажил олгогч нь ажилтан контрактын 7 дугаар зүйлийн 7.7.6, 7.7.7-д заасныг зөрчсөн гэж тушаалд заажээ. Тушаалын үндэслэлд заасан ажилтны гаргасан гэх зөрчил контрактын 7.7.6-д: “компанийн хөрөнгө, мөнгийг хувийн зорилгоор ашиглах эсвэл бусдад ашиглах боломж нөхцөлийг гаргаж өгөх, бүрдүүлэх” гэж заасанд хамаарахгүй байна.

Харин контрактын 7 дугаар зүйлийн 7.7.7-д: “Компанийн ашиг сонирхолыг төлөөлөх, хамгаалах, дээдлэх үүрэгт харшилсан аливаа бусад үйлдэл болон эс үйлдэл”-ийг ажилтан гаргасан эсэхэд дүгнэлт өгөх учиртай.

Ажилтны ажлын байрны тодорхойлолт гаргаагүй үйл баримтын талаар талууд маргахгүй байна. Иймд ажилтны ажил үүргийг контрактын 1 дүгээр зүйлд зааснаар “ ... энэ контрактад заасан эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн тогтвор суурьшилтай, үр дүнтэй ажиллаж, ойрын, дунд шатны болон алсын хараа стратегийг тодорхойлоход биечлэн оролцон удирдан боловсруулж бизнес төлөвлөгөөний дагуу үр дүнтэй гүйцэтгэх, хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, зохих менежмент хийж, үйл ажиллагааг сайжруулах ...” үүрэгтэй гэж тодорхойлно. Ажилтны жилийн бизнес болон санхүүгийн төлөвлөгөөг хэлэлцүүлж батлуулсан баримтгүй. Ажилтан 4 сар хүрэхгүй хугацаанд ажилласан талаар талууд маргаагүй.

Контракт цуцалсан тушаалд хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаас 2019 оны 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 10, 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд өгсөн үүрэг даалгаврууд, ТУЗ-ийн даргын 2019 оны 07 дугаар сарын 01, 20, 22-ны өдрийн хурлын тэмдэглэлүүдийг ажилтны сахилгын зөрчил тогтоосон баримт гэж заажээ.

Хариуцагч байгууллагын 2019 оны 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 10, 07 дугаар сарын 01, 07 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлүүдэд тусгагдсан мэдээллүүдийг анхан шатны шүүх дүгнэж, ажилтан нь хариуцагч байгууллагын албан тушаалтнаас удаа дараа өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. /1 хх 102, 99-100, 111, 95-97, 107-109, 112-113, 90-93/

Нэхэмжлэгч Э.М- нь дээрх хугацаанд ажлаа зохих ёсоор хийсэн гэх тайлбарыг гаргасан боловч баримтаар нотлоогүй байна. Нэхэмжлэгч баримтаар “Стратегийн хөгжил” гарчигтай 24 хуудас PDF форматаар буулгасан бизнес төсөл гаргаж өгчээ. Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02/924 тоот албан бичигт “... Бизнес төсөл гэсэн баримттай танилцахад уг материал нь Танилцуулгын зориулалттай програм дээр хийсэн, төслийн зөвхөн товч танилцуулга төдий мэдээлэл байгаа бөгөөд ...төслийн боловсруулалт нь хангалттгүй байгаа тул энэхүү бичиг баримтыг Бизнес төслийн боловсруулалт гэж дүгнэх боломжгүй бичиг баримт байна” гэжээ. /2хх 213/ Үүнээс гадна хариуцагч байгууллага нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Npoint танилцуулга материалд дүгнэлт гаргаж, төслийн үндсэн шаардлага хангахгүй байна гэжээ. /1хх 29-53/

Хариуцагч байгууллага нь “СМ” ХХК-тай байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 27, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний дагуу программ хангамж худалдах, худалдан авах, лиценз ашиглах болон үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээнүүдээ дүгнэж 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Систем хүлээлцэх акт үйлдэж, Смарт Лоялти системийг нэвтрүүлсэн байна. Эдгээр үйл баримтыг нэхэмжлэгч нь баримтаар няцаагаагүй болно.

Ажилтан Э.М- нь KPI төлөвлөгөөг хугацаанд өгөөгүй, 07 дугаар сарын 10, 16-ны өдрүүдэд ажлаас чөлөө аваагүй гэх зөрчлийг гаргасан гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Харин уг зөрчилд нь хариуцагч байгууллагын ТУЗ-ийн даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 05, 08 тоот тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу юм. Гэхдээ уг тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /1хх 1-3/. Хариуцагч байгууллагын ТУЗ-ийн даргын тогтоолыг ажилтны зөрчил гаргасан байдлыг тогтоосон бичгийн баримт гэж дүгнэх нь зүйтэй байна.

 

7. Иймд дээрх зөрчлүүд нь контрактын 7 дугаар зүйлийн 7.7.7-д заасанд хамаарах бөгөөд хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 69 тоот тушаал Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь хэсэгт заасантай нийцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

8. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийсэн байдал тогтоогдохгүй байна.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй болжээ.  

 

10. Э.М- нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлын цагаар албаны компьютерээр дуу сонсох, өсвөр насны хүүхдийн секс болон порно хайлт хийсэн, порно, секс үзсэн, ажлын зарын дагуу “Алтай групп”, “Очир Ундраа”, “Алтайн хүдэр” ХХК-д тус тус анкет явуулах зэргээр нийт 116 ажлын цаг буюу 14 ажлын өдөр ажил үүргээ гүйцэтгээгүйг үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон гэж дүгнэж уг хугацаанд хамаарах цалин хөлсөд төлсөн 8,278,725 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.  

 

11.1. Түүнээс гадна хариуцагч байгууллага нь компанийн 40,717 хэрэглэгчийн дата, Санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг буцаан хүлээлгэж өгөхийг даалгах, уг мэдээллүүдийг бусдад шилжүүлэн өгөх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг нэхэмжлэгчид даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх зарим хэсгийг орхигдуулж шийдвэрлэснийг залруулах боломжтой байна.

 

11.2. “НТ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ц.Оюунжаргалын [email protected] цахим шуудангаас нэхэмжлэгчийн [email protected] цахим хаяг руу 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээллийг, мөн компанийн маркетингийн газрын захирал Э.Болор-Эрдэнийн bolor-erdene.ntc@ narangruop.mn цахим хаягаас нэхэмжлэгчийн туслах, төслийн менежер С.Э-ын [email protected] цахим хаяг руу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 40,717 /дөчин мянга долоон зуун арван долоон/ хэрэглэгчийн дата мэдээллийг тус тус илгээсэн байна.    

Иймд уг мэдээллийг нэхэмжлэгч Э.М- хүлээн авсан байдлыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.  

Э.М- болон түүний туслах С.Э-ын эзэмшиж байсан компьютерийг хариуцагч байгууллага хураан авч, өөрийн байгууллагын цахим шууданг хэрэглэхийг хориглосноор уг компьютер болон уг цахим шуудангаар хүлээн авсан байдлаар мэдээллийг буцаан өгөхийг даалгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд холбогдох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгсон нь зөв.

Харин нэхэмжлэгч нь уг мэдээллийг хүлээн авч, танилцсан тул тэрээр ажил хэргийн хүрээнд олж авсан мэдээлэл нь зөвхөн хариуцагч байгууллагын нууцтай холбоотойгоос гадна хэрэглэгчийн мэдээлэл байгаа тул уг мэдээллийн нууцлалыг хадгалах, бусдад тараахгүй байх үүргийг хүлээх учиртай. Иймд үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

12. Шүүхийн шийдвэр 2022 онд гарсан тул 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж буй шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулиас өмнөх хуулийг ялгахын тулд батлагдсан огноо бичиж залруулга хийлээ.

 

13. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2022/01088 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн” гэснийг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн” гэж өөрчилж, “хүчингүй болгож,” гэсний дараа “Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д зааснаар” гэж нэмж , 2 дахь заалтад “НТ” ХХК-ийн 40,717 хэрэглэгчийн дата, санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг компанид буцаан гаргуулж, хүлээлгэн өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Э.М-д “НТ” ХХК-ийн 40,717 хэрэглэгчийн дата, санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээллийг ашиглахгүй байх, бусдад шилжүүлэхгүй байхыг даалгаж, сөрөг нэхэмжлэлээс “НТ” ХХК-ийн 40,717 хэрэглэгчийн дата, санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээллийг буцаан гаргуулж, хүлээлгэн өгөхийг Э.М-д даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “НТ” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                                                       

         ШҮҮГЧИД                                  М.БАЯСГАЛАН

                                                                                             

 Э.ЗОЛЗАЯА