Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 40

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Д.Б-ийн нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ц-д холбогдох

“******* арлын дугаартай автомашиныг барааг тодорхойлох, кодлох уялдуулах системийн 87.03 ангилалд хамааруулсан гаалийн улсын байцаагч Н.Ц-ын шийдвэрийг хүчингүй болгуулж, онцгой албан татвар болон гаалийн агуулахын төлбөрт төлсөн 1,735,150.80 төгрөгийг буцаан гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Н.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б миний бие 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Япон улсаас ******* арлын дугаартай, 350 кг даац заалттай, 650сс мотортой, мосттой, бүхээгтэй ачааны машиныг “С М” ХХК-аас захиалан, 2016 оны 9 дүгээр сарын 19 өдөр Прогресс транс дахь гааль дээр хүлээн авахаар гаалийн бүрдүүлэлт хийсэн болно. Монгол улсын иргэн импортоор бараа таваар оруулж ирэхдээ уг барааны ангилал болон татварын талаар сайн судалж үзэх үүрэг хүлээдэг журмын дагуу миний бие уг автомашиныг гэр бүлийн хэрэгцээндээ хэрэглэхээр захиалахын өмнө Монгол улсад импортоор орж ирээд бүртгээд улсын дугаараа аван замын хөдөлгөөнд оролцож буй Daihatsu Hijet Van маркийн машинууд бүгд ачааны ангиллаар бүртгэгдэж улсын дугаараа авсан болон импортоор орж ирээд автомашины захууд дээр борлогдож буй машинууд бүгд бүхээгт ачааны ангилал буюу 87.04 ангилалд багтан гаалийн бүрдүүлэлт хийгдэн гаалийн татвараа төлөн гаалийн бичиг нь гарсан байхыг маш сайн судалж үзсэн болно. Мөн захиалга өгсөн компани болон гаалийн бүрдүүлэлт хийдэг гаалийн мэдүүлэгчдээс асууж судлахад бүгд уг автомашиныг ачааны болон хагас ачааны гэсэн ангиллаар бүрдүүлэлт хийдэг болох мэдээл зөвлөгөө өгсөн.  

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн байцаагч барааг тодорхойлох, кодлох, уялдуулах системын 87.04 ангиллаар үнэлсний дагуу ******* бар кодтой ******* дугаартай татварын нэхэмжлэлээр 519.877.50 төгрөгийн татварыг төлсөн. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр автомашинаа авах гэтэл гаалийн байцаагч Н.Ц нь гаалийн бүрдүүлэлт буруу барааг тодорхойлох кодлох уялдуулах системын 87.03 ангилалд хамааруулна гэх шалтгаанаар хотын гаалийн газарлуу явуулахад гаалийн байцаагч Ц.Э нь хоёр өдөр хүлээлгэн гурав дахь өдрөө он сар болон дугаарлалт буруу бичсэн албан бичгээ өгсөн. Дараагийн шатны газар болох Гаалийн ерөнхий газарт 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүсэлт гаргахад гаалийн байцаагч н.У болон бүрдүүлэлтийн газрын дарга З.Ц нар нь асуудалд явцуу хандан судалгаа дүгнэлт хийхийн оронд бие биенийгээ эвсэн хамгаалж, хоорондоо үгсэн сар болоход хариу өгнө хэмээн ганц машины асуудлыг их хэмжээний судалгаа хийх мэт 2016 оны 10 дугаар сарын 24 өдөр  хэвээр нь хариу өгөв. Үүний үр дүнд  1.711.150.80 төгрөгийг онцгой албан татварт, 24.000 төгрөгийг гаалийн агуулахын төлбөрт нэмж төлөв. 

Гэвч Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 13 дугаар тогтоолоос хойш хэдэн зуун бүхээгт ачааны машинууд бүгд 87.04 ачааны ангиллаар орж ирсэн. Би тухайн үеийн гаалийн байцаагчид бүгд ажлаа буруу хийн буруу дүгнэлт гаргаж байсан гэж бодохгүй байна. Тэд зөв ангилал кодоор тухайн автомашинуудыг үнэлж бүртгэсэн гэж бодож байна. 

Мөн уг машиныг гаалийн бүрдүүлэлт хийж онлайнаар шивэхэд арлын дугаар нь зөвхөн ачааны автомашины бүлэгт гарч ирдэг бөгөөд суудлын автомашины бүлэгт оруулахын тулд дараа нь хүчээр кодолж оруулдаг болно. Иймээс анхнаасаа суудлын автомашинаар гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй байдаг. Улаанбаатар, Замын-Үүдийн гаалиар 2007 оноос хойш импортоор ийм яг адилхан бүхээгт автомашин олон орж ирсэн. Тэд бүгд ачааны юмуу хагас ачааны автомашины төрөл ангилалтай техникийн гэрчилгээтэй байдаг. 

2007 оны тогтоолоос хойш өөр шийдвэр, тогтоол гараагүй байхад гаалийн газар урьд, одоо, ирээдүйд гэсэн утгагүй зарчимгүй шийдвэр гаргаж иргэдийг хохироох эрх байхгүй. Уг тогтоолыг яг адилхан машинууд дээр өөр өөрөөр ашиглаж байгаа нь хууль шудрага ёсонд байж болохгүй асуудал юм. 

Барааг тодорхойлох, кодлох, уялдуулах систем код 87.03 нь арын бүхээгт зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан стандартаар үйлдвэрлэгдсэн хүн ба ачаа тээвэрлэдэг хосолмол зориулалт бүхий нэг бүхээгт (van wagon) тээврийн хэрэгсэлд зориулагдсан олон улсын стандарт буюу түүнд тохирох тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Дээд шүүхийн 13 дугаар тогтоолд хамрагдах ёстой. Ийм автомашинууд зөндөө байдаг ба арын суудалдаа аюулгүйн бүстэй, сандлын суурь болон түшлэг нь хоёр талаараа хөдөлгөөнгүй түгжигддэг, сандлын түшлэг өндөр эсвэл толгойн дэртэй, эсвэл бүхээгийн хана дагасан сандалтай, зорчигчидын бариулыг хананд бэхэлсэн байдаг. 

Барааг тодорхойлох, кодлох, уялдуулах систем код 87.04 нь хосолмол зориулалттай хэдий ч голдуу ачаа тээвэрлэх зориулалт бүхий бүхээгт ( van cargo ) автомашинд хамаарагддаг болно. Харин Daihatsu Hijet Van маркийн автомашин нь голдуу ачаа тээврийн зориулалт стандартын дагуу үйлдвэрлэгдсэн арын бүхээгийн хана болон дээвэр (салон) хэсэг нь тохилог доторлогоо байхгүй төмрөөрөө, бүхээгийн дээр зорчигчдод зориулсан гэрэл байхгүй, зөвхөн арын хаалга уруу тусах арын цонхон дээр гэрэлтүүлэг хийгдсэн, арын зорчигчдод зориулсан хогийн сав болон тамхины үнсний сав байхгүй, бүхээгрүү халаах халаалтын төхөөрөмж огт байхгүй, сандлын хөл болон түшлэг нь зорчигч тээвэрлэх стандартад үл нийцсэн, сандлын түшлэг болон суудал нь түгжээ байхгүй байнгын хөдөлгөөнтэй байдаг, арын бүхээгт байрлах сандлын ард ачаа тээвэрлэвэл ачаа гулгах түрж орох аюултай, зорчигчдод зориулсан бариулууд огт хийгдээгүй,  сандлын дэр буюу толгойн түшлэг байхгүй,  аюулгүйн бүсээр тоноглогдоогүй, бүхээгийн арын хэсгийн 70% нь ачаанд зориулагдсан байгаа нь зөвхөн ачаа тээврийн зориулалт бүхий тээврийн хэрэгсэл гэдэг нь ойлгомжтой юм. Мөн автомашины арын хаалга болон дагалдах номонд ачаа тээврийн буюу cargo гэж тодотгосон. 

Дээр дурдсан зүйлүүд нь суудлын автомашины стандарт үл нийцэх бөгөөд зориулалтын бус автомашинаар хүн ба зорчигч тээвэрлэх, автомашины зориулалтын бус хэсэгт сууж зорчих, автомашины зориулалт ангилал төрлийг өөрчлөн бүртгэсэн албан байгууллага ажилтан нь хуулийн хариуцлага хүлээх заалт автотээврийн болон замын хөдөлгөөний хууль дүрмүүдэд тодорхой заасан байдаг. Гаалийн байцаагчдын тодорхойлолтонд тусгасан шалгуур үзүүлэлтүүд нь Дэлхийн стандарт болон барааг тодорхойлох, кодлох, уялдуулах системд бүхээгт ачааны машинд ч байдаг ба бүхээг хэсэг шилгүй байх заалт байхгүй, ачаа ачих хаалга хаашаа онгойх ганцаарчилсан заалт байхгүй, ачааны хаалт хамгаалалтыг ачааны онцлогоос шалтгаалж нэмэлтээр тоноглож болдог үйлдвэрээс заавал хийх шаардлага байхгүй,  арын эвхэгддэг суудал нь ачааг хүлээлцэх болон харгалзан явах шаардлага бүхий хүн түр зорчих зориулалттайгаас гадна ачааны хаалт тулгуур бэхэлгээ хийхэд  зэрэгт ашигладаг болно. Энэ үзүүлэлтүүд нь зорчигчын ая тух аюулгүй байдалд огт хамааралгүй өнгөцхөн гаргасан дүгнэлт юм.

Хэрвээ уг машин нь суудлын машин юм бол хүн тээвэр болон жуулчин тээвэрлэх, хөлсний такси үйлчилгээ хийх, арын суудалд хүүхдийн аюулгүйн сандал бэхлэх болон хүүхэд тээвэрлэж болох техникын үндэслэлтэй байх ёстой. Гэвч энэ техникын шаардлагыг огт хангахгүй байгаа юм. Тухайлбал Гаалийн газрын гаргасан шийдвэр нь Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн стандартын 1, 2, 3, 4, 5, 7 дугаар бүлгүүд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйл, 21 дүгээр зүйл, 22 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн бөгөөд эдгээр хууль тогтоомжийг зөрчихыг тулган хүлээлгэсэн шийдвэр гаргасан.

Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь заалтанд Daihatsu Hijet Van машины арын эвхэгддэг суудал хамаарна. Уг машин нь зөвхөн ачаа тээврийн зориулалт стандартын дагуу үйлдвэрлэгдсэн байтал Прогресс транст байрлах гаалийн газрын хяналтын байцаагч Н.Ц, Д.О болон Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Г.Э  барааг тодорхойлох кодлох уялдуулах системын албаны байцаагч Ц.Э, гаалийн ерөнхий газрын байцаагч н.У, бүрдүүлэлтийн газрын дарга З.Ц нар нь Монгол улсын стандарт, тээврийн тухай, замын хөдөлгөөний хууль дүрмүүдийг уландаа гишгэн иргэн бүрт адил тэгш үйлчлэх гаалийн ажилтны тангараг дүрмээ зөрчин иргэн надад ялгаварлан хандаж хохирол учруулж байна.

Дор дурдсан автомашинууд нь бүгд барааг тодорхойлох, кодлох, уялдуулах систем код 87.04-д хамрагдах бүхээг нь шилтэй, арын хаалга нь дээш онгойдог, ар талдаа эвхэгддэг сандалтай бүхээгтэй ачааны машины ангиллаар манай улсад Япон болон Солонгос улсуудаас импортлогддог болно. Эдгээр машинууд бүгд гаалийн газраас ачааны авто машины ангиллаар үнэлэгддэг болно. Мөн гаалийн байцаагчид асуудал үүсгэдэг хэрнээ ачааны ангиллаар л гаргадаг. Одоо үед Япон, Солонгос гэх мэт орнууд хүнсний болон хүүхдийн, гоо сайхны бараа бүтээгдхүүнийг заавал битүү ачааны машинаар тээвэрлэх шаардлага тавьдаг болсон.

Энэ бүгдийг үзэж судлан мэдээлэл аваад бензин маш бага зарцуулдаг, овор багатай аж ахуйн  ажилд зориулан хувийн хэрэгцээндээ уг машиныг захиалсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Н.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Прогрестранс дахь гаалийн хяналтын бүс дээр намайг ажиллаж байхад иргэн Д.Б Япон улсаас Daihatsu Hijet Van маркийн тээврийн хэрэгслийг уялдуулсан системийн 87.04 ангилалд тодорхойлон гаальд мэдүүлж ирсэн. Чингэлгээс тухайн тээврийн хэрэгслийг гаргуулаад үзлэг  хийхэд тухайн тээврийн хэрэгсэл нь зөвхөн ачаа ачих нэг бүхээгтэй, хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай тээврийн хэрэгсэл гэж би үзсэн юм. Тиймээс тухайн тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийг зөвшөөрөх боломжгүй байгаа талаар хяналтын бүс хариуцсан ахлах байцаагч Д.О-т танилцуулж дараа нь иргэн Д.Б-д амаар хэлсэн.

Уялдуулсан системийн жагсаалтын 87.04 ангилалд үйлдвэрлэлээсээ зөвхөн ачаа ачих зориулалттай үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслэлүүд ангилагддаг. Харин 87.03 ангилалд хүн ба ачаа аль алинийг нь тээвэрлэх хосолмол зориулалттай тээврийн хэрэгслэлүүд ангилагддаг.

Онцгой албан татварын тухай хуулийн 4 дэх хэсэгт “Суудлын автомашин” гэснийг Уялдуулсан системийн жагсаалттай холбон хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байсан учраас 2007 онд, тухайн үед үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтаар хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх чиглэлийг Монгол Улсын Дээд Шүүх гаргадаг байсны дагуу нягтлан үзэж, 2007 оны 13 дугаар тогтоолд Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан “Суудлын автомашин” гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” 1983 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Олон Улсын Конвенцийн 87.03 ангилалд хамаардаг хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно гэж маш тодорхой зааж өгсөн.

Гэтэл нэхэмжлэгч Д.Б нь уялдуулсан системийн ангиллыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн үндэсний төвийн эрх зүйн актуудад үндэслэн тодорхойлох мэтээр буруу ойлгож нэхэмжилжээ.

Тэгэхээр Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн жагсаалтын ангилалыг эрх зүйн актын хэмжээнд ойлгож тодорхойлох боломжгүй. Учир нь Уялдуулсан системийн ангиллын жагсаалт нь Монгол улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ бөгөөд барааны ангилалыг тодорхойлоход тухайн Олон Улсын гэрээгээр тохирсон дүрэм, зааврыг баримталдаг. 

Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 21 зүйлийн 21.1 дэх хэсэгт “Барааг гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалтад хамааруулах, түүнчлэн гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээг эрхлэн гаргах зорилгоор Уялдуулсан системийг хэрэглэнэ” гэжээ. Ингэхээр иргэн Д.Б-ийн автомашиныг импортын бүрдүүлэлт хийж, гаалийн мэдээллийн сан бүрдүүлэх, бүртгэх, мөн гаалийн болон бусад татварыг ногдуулж барагдуулах зорилгоор уялдуулсан системийн ангиллын кодыг мэдүүлэгт бичүүлж тухайн кодонд хамаарах бараанд ногдох татварыг төлүүлсэн. Энэ нь тухайн машиныг өөр бусад эрх зүйн зориулалтаар ачаа, суудлынх гэж гаалийн байгууллага тодорхойлоогүй гэж үзэж байна. 

Уялдуулсан системийн жагсаалтад тээврийн хэрэгслүүд нь 87 дугаар бүлэгт ангилагддаг, 87.01 нь трактор, 87.02 нь автобус, 87.04 нь зөвхөн ачаа бараа тээвэрлэх тээврийн хэрэгсэл, 87.05 нь тусгай зориулалтын моторт тээврийн хэрэгсэл, түүнээс цааш сэлбэг хэрэгслүүд хамаарагдахаар байдаг бөгөөд 87.03 ангилалд дээрх ангиллуудад шалгуураар орохгүй бусад бүх тээврийн хэрэгслүүд хамаардаг. Тэгэхээр их өргөн хүрээний ангиллын тээврийн хэрэгслүүд 87.03 ангилалд хамаардаг. Үүнийг тодорхойлох учир нь “ачааны” болоод “суудлын” гэдэг үгэнд анхаарч алдаа гаргаад байгааг харуулах гэлээ.

Ингэхээр маргаанд хамаарах тээврийн хэрэгсэл нь уялдуулсан системийн 87.03 ангилалд хамаарах болохыг дээрх эрх зүйн актын хүрээнд шийдвэрлэдэг болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ц-д холбогдуулан “******* арлын дугаартай автомашиныг барааг тодорхойлох, кодлох уялдуулах системийн 87.03 ангилалд хамааруулсан гаалийн улсын байцаагч Н.Ц-ын шийдвэрийг хүчингүй болгуулж, онцгой албан татвар болон гаалийн агуулахын төлбөрт төлсөн 1,735,150.80 төгрөгийг буцаан гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

Гаалийн улсын байцаагч Н.Ц нь Гаалийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар Прогресс транс дахь гаалийн хяналтын бүсэд 02-2141004-16-I33953R мэдүүлгээр мэдүүлсэн Д.Б-ийн S331V-0039740 арлын дугаартай “Hijet Van” маркын автомашиныг 8704.21 кодоор мэдүүлсэн нь ачааны автомашины үзүүлэлттэй тохирохгүй, 8703.00 ангилалд хамаарна гэсэн аман шийдвэрийг /захиргааны акт/ гаргаж, нэхэмжлэгчид мэдэгджээ . 

Улмаар Д.Б уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.1-д заасны дагуу хянаад гаалийн улсын байцаагч Н.Ц-ын шийдвэрийг хэвээр үлдээжээ . Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга урьдчилан шийдвэрлэх журмаар гаалийн улсын байцаагч Н.Ц-ын захиргааны актыг хянасан атлаа шийдвэрт захиргааны акт гаргасан албан тушаалтныг Барааг тодорхойлох, кодлох, уялдуулах систем, үнэ үнэлгээ хариуцсан гаалийн улсын байцаагч Ц.Э гэж буруу бичсэн нь гаалийн улсын байцаагч Ц.Э-ийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... Daihatsu Hijet Van маркийн автомашин нь голдуу ачаа тээврийн зориулалт стандартын дагуу үйлдвэрлэгдсэн. Барааг тодорхойлох, кодлох, уялдуулах систем код 87.04-д хамрагдана. Учир нь бүхээг нь шилтэй, арын хаалга нь дээш онгойдог, ар талдаа эвхэгддэг сандалтай, ачааны машины ангиллаар манай улсад Япон болон Солонгос улсуудаас импортлогддог” гэжээ. 

“Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тайлбар бичигт зааснаар 87.04 ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл нь хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэж болох нэгдсэн нэг талбайтай, бараа тээвэрлэх зориулалтын хэсэг нь тусгаарлагдсан, битүү эсвэл задгай тэвштэй аль нь ч байх, урд талын суудлын хойно ямар ч вандан сандал суурилуулах, бэхэлгээний нүхгүй, хойд цонх нь битүү, хоёр хажуу талдаа шилэн цонхгүй, ачаа ачих хэсгээс жолоочийн болон зорчигчийн хэсгийг хамгаалсан хаалт буюу хамгаалалттай, зорчигчийн хэсэгт байдаг тохижилт, дотоод засал, тоноглолгүй зэрэг шинжүүдээр тодорхойлогддог байна. 

Харин “Уялдуулсан систем”-ийн 87.03 ангилалд хамаарах тээврийн хэрэгсэлд хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, хүн бүрийн аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болох хамгаалалтын бүс, суурин суудалтай болон суудлыг суурилуулах зориулалтын бэхэлгээний суурь, суудлууд нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн, эвхэгддэг, бэхэлгээний сууринаасаа салдаг буюу хураагддаг, хоёр хажуу тал буюу хойд талдаа шилэн цонх бүхий, жолоочийн эгнээний хэсэг, хүн ба ачааны аль алиныг нь тээвэрлэж болох хойд хэсгийн хооронд хөдөлгөөнгүй суурилуулсан хаалт буюу хамгаалалтгүй, эсвэл салгаж авч болдог хаалт, хамгаалалттай байхаар тодорхойлогдсон байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзэхэд “Daihatsu Hijet Van” маркийн автомашин нь ачааны болон суудлын автомашины аль альных нь шинжийг агуулж байх тул “Уялдуулсан систем”-ийн 87.03-д хамаарах хосолсон шинжтэй автомашин гэж үзэхээр байна.

Тодруулбал, “Daihatsu Hijet Van” маркийн автомашин нь зорчигч, ачаа ачих хэсгийн тусгаарласан хаалт байхгүй, хойд талын хэсгийн хоёр хажуу талдаа шилэн цонхтой, мөн хойд талд эвхэгддэг сандалтай, мөн автомашины гэрчилгээнд  2/4/ хүний суудалтай, жин 1370 кг /1380 кг/, техникийн тодорхойлолтод  суудлын тоо 5 гэж зааснаас үзвэл хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэж болох хосолмол зориулалттай тээврийн хэрэгсэл байна.

Мөн Улсын Дээд шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Онцгой албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 13 дугаар тогтоолд “Нэг. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан “Суудлын автомашин” гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай” 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон Улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно. Түүнчлэн автомашины үндсэн онцлог шинжийг хадгалж буй бүрэн бус суудлын автомашин болон суудлын автомашины анхны зориулалтыг өөрчилсөн тээврийн хэрэгсэл мөн үүнд хамаарна” гэж тайлбарлажээ.

Иймд маргаан бүхий актаар тодорхойлогдсон уг автомашинд Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Дараахь бараанд онцгой албан татвар ногдуулна: ... 4.1.4 “суудлын автомашин” гэж зааснаар татвар ногдуулсан гаалийн улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Гаалийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн гаалийн улсын байцаагч Н.Ц-д холбогдуулан гаргасан “******* арлын дугаартай автомашиныг барааг тодорхойлох, кодлох уялдуулах системийн 87.03 ангилалд хамааруулсан гаалийн улсын байцаагч Н.Ц-ын шийдвэрийг хүчингүй болгуулж, онцгой албан татвар болон гаалийн агуулахын төлбөрт төлсөн 1,735,150.80 төгрөгийг буцаан гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэрэг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 ШҮҮГЧ                                    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ