Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0608

 

 

 

 

Х.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Ж нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 110/ШШ2018/0061 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Х.А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 110/ШШ2018/0061 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.6, 18 дугаар зүйлийн 18.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Х.А-г хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөн олговор 7.041.786 төгрөгийг /долоон сая дөчин нэгэн мянга долоон зуун наян зургаан/ Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд Х.Д-аас гаргасан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулахыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

   Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:

1. Шүүхээс татгалзах хуульд заасан үндэслэл байсаар байхад шүүгч хувийн ашиг сонирхлын үүднээс буруу шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Х.Т нь энэ хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн туслахаар удаан хугацаанд ажиллаж байсан бөгөөд шүүгчийн туслахын ажлаас чөлөөлөгдөөд нэг жил ч хүрэхгүй хугацаанд өөрийнхөө төрсөн дүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-д “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д “урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөхийг албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд хориглоно” гэж заасан үндэслэлээр шүүгчдээс татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан. Гэтэл шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болон тухайн шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан Х.Т бусдыг төлөөлөн оролцохгүй байх үндэслэл байсан бөгөөд татгалзан гаргах хүсэлт гаргасаар байхад шүүгч хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөлд хуулийг буруу тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэсэн.

2. Шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчдын эрх, үүргийг буруу хуваарилж, шүүх хуралдааныг буруу даргалсны улмаас мэтгэлцэх зарчим алдагдсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасан. Шүүх хуралдаан даргалагч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т-ыг өмгөөлөгч бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн статусаар оролцуулсан явдал нь түүнд илүү их давуу байдал олгож, мэтгэлцэх зарчим, талуудад тэгш бололцоо олгох журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч Х.Т-д итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2 удаа, өмгөөлөгчийн хувьд 2 удаа тайлбар хийх боломж олгосон байхад бусад оролцогчдод зөвхөн нэг тайлбар болон нэмэлт тайлбар хэлэх боломжийг олгосон. Энэ нь шүүхээс гарах шийдвэрт хүчтэй нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.

3. Гуравдагч этгээд Х.Д би хуульд зааснаар бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хууль бусаар томилогдсон Х.А-ийн төрийн жинхэнэ албанд томилогдсон тушаалыг хүчингүйд тооцуулахыг хүссэн билээ. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр бие даасан шаардлагыг маань огт хэлэлцүүлээгүй мөртлөө шийдвэрт энэ талаар хэлэлцүүлсэн мэтээр тусгасан нь үндэслэлгүй болжээ. Бие даасан шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч хүчингүй болгосон талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар аваагүй. Бие даасан шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагын адил шүүх хуралдаанд хэлэлцүүлэх ёстой атлаа хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцүүлэхгүйгээр хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.

4. Нотлох баримтыг буруу үнэлснээс болж шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардагдах нотлох баримтыг шүүх цуглуулаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь төрийн албанд хууль бусаар томилогдсон учраас томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах талаар гаргасан шаардлагын үндэслэлийг тогтоогоогүй. Тухайлбал, Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас тухайн орон тоонд сул орон тоо гэж үзэж захиалгаа хүргүүлээгүй байсныг тогтоогоогүй, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс захиалга ирүүлээгүй албан тушаалд нэр дэвшүүлэн тогтоол гаргахдаа Төрийн албаны салбар зөвлөл хуралдахгүйгээр хуурамч тогтоол гаргасан. /Хэрэв хуралдсан бол хурлын тэмдэглэл байх ёстой, тэмдэглэлийг гаргуулах тухай удаа дараа хүсэлт гаргасан байсан/, тухайн сул орон тооны талаар нийтэд мэдээлээгүй байсан. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасан байхад энэхүү заалтыг зөрчиж сул орон тооны талаар нийтэд мэдээлэлгүйгээр Х.А-г төрийн албанд томилгоо хийж хуулийг зөрчсөн гэж маргаж, удаа дараа хүсэлт гаргасаар байхад нотлох баримтыг албаар гаргуулаагүй /Өлгий сумын Засаг даргын Тамгын газар нь сул орон тооны талаар нийтэд мэдээлэх байтугай сул орон тооны захиалга ч өгөөгүй байсан/. Хавтаст хэрэгт авагдсан бүртгэл хяналтын картыг Х.А-ийн өргөдлийн хамт иргэн Х.Б шүүхэд гаргаж өгсөн. Яагаад гэвэл шүүхээс Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэг, архивд үзлэг хийхэд Х.А нь чөлөө хүсэж өргөдөл ч гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон. Энэ үед нэхэмжлэгч тал сандарсандаа урьд нь Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан /одоо ажилгүй байгаа/ Х.Б-ээр нөхүүлж нотлох баримт бүрдүүлэн шүүхэд гаргаж өгсөн. Х.Б нь нотлох баримтыг нөхөж бүрдүүлэн шүүхэд гаргаж өгөхдөө тухайн баримтын он сар өдрийг “2016 оны 06 дугаар сарын 25”-ны өдөр гэж бичсэн байна. Ингэж хуурамч бичиг баримт үйлдэхдээ 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр амралтын өдөр гэдгийг мартсан бололтой. Х.Б-ний гэрээс Х.А-ийн 2 жилийн өмнө өгсөн өргөдөл болон бүртгэл хяналтын карт нь олдсон байж болох ч амралтын өдөр Х.Б ажилтны өргөдлийг шийдвэрлэж байсан гэдэг нь эргэлзээтэй байсаар байхад шүүх үүний талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Х.А-ийн нэрийг дэвшүүлсэн тогтоолыг Төрийн албаны салбар зөвлөлөөс томилох эрх бүхий этгээдэд явуулсан, томилох эрх бүхий байгууллага болох Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлж байгаагүй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Х.А-ийн нэрийг дэвшүүлсэн тогтоол гарсан нь эргэлзээтэй, түүнийг маргаан бүхий орон тоонд томилон ажиллуулсан гэх нь ч эргэлзээтэй байсан. Х.А нь төрийн албанд томилогдсон гэх 2016 оны 06 дугаар сарын 23-ны үед Өлгий суманд биш Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан юм. Улаанбаатар хотод эмчилгээ, оношлогоо гаргаж байсан хүнийг төрийн албанд томилж ажиллуулсан гэж үзэх боломжгүй. Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн Х.А-г “Health-Aid” эмнэлэгт 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжилгээнд хамрагдсан тухай нотлох баримт, Люкс центр төвийн дүгнэлтийн хуудас, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тийз зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа. Мөн Х.А нь маргаан бүхий орон тоонд нэг ч өдөр ажиллаагүй болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх бүх нотлох баримтуудыг зөвхөн нэг талыг баримтлан үнэлэн шийдвэр гаргасан.

5. Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасны дагуу төрийн албанаас түр чөлөөлөгдсөн байсан юм. Нэхэмжлэгч Х.А ажлын чөлөө авсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д зааснаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн хүн нь мөн хуулийн 23.5-д заасны дагуу тухайн төрийн албан хаагчийг зөвхөн нөөцөд байгаад тооцох ёстой байсан юм. Гэтэл анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлан, Хөдөлмөрийн тухай хуультай хольж хутгаснаас болж шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй. Х.А нь төрийн албаны харилцаанд байгаагүй /энэ орон тоонд нэг ч өдөр ажиллаагүй/ төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны баталгаа эдлэх ойлголт байхгүйгээс гадна хөдөлмөрийн харилцаа ч үүсээгүй байсан /үр дүнгийн гэрээ байгуулаагүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, төрийн албаны харилцаанд ороогүй, хөдөлмөрийн гэрээ ч хийгээгүй, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй/. Төрийн албаны тухай хуульд тодорхой заасан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийг иш татан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж байгаа нь учир дутагдалтай болсон. Төрийн албан мэргэшсэн, тогтвортой байх зарчмын үүднээс төрийн албанаас хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д зааснаар түр чөлөөлөгдсөн албан хаагчийг зөвхөн нөөцөд бүртгэж, дахин төрийн албанд орж ажиллахаар байвал нөөцөөс нэр дэвшин ажиллах ёстой байтал Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу төрийн албанаас түр чөлөөлөгдсөн хүнийг дахин тухайн орон тоонд томилж байгаа шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм. Тэгээд ч маргаан бүхий орон тоонд гуравдагч этгээд миний бие хүчин төгөлдөр тушаал шийдвэрийн үндсэн дээр сэлгэн ажиллаж байгаа. Миний сэлгэн ажиллаж байгаа тушаал шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Х.А гаргах эрхгүй. Х.А нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тул түүний ажлын байр нь хэвээр хадгална гэсэн ойлголт байхгүй. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх үүднээс намайг тухайн орон тоонд томилон ажиллуулсан ба өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байна.

6. Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Хариуцагчаас миний бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага болох мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй, хууль бусаар томилогдсон Х.А-ийн анх томилогдсон тушаалыг хүчингүй болгосон. Энэ талаар миний өмгөөлөгч шүүх хурлын үеэр нотлох баримт шинжлэн судлуулах шатанд тодорхой дурдаж, үндэслэлийг хэлсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэлд ч тусгаагүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлийг дутуу, алдаатай бичсэн асуудлаар өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргаж, нөхөж бичүүлсэн боловч зарим нэг зүйлс дутуу тусгагдсан байжээ. Анхан шатны шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй хүнийг тухайн ажлын байранд томилж байгаа нь төрийн албаны үндсэн зарчимд нийцэхгүй байна.

7. Х.А-г Өлгий сумын хэвлэл мэдээлэл, өргөдөл, гомдол хариуцсан ажилтнаар томилон ажиллуулахдаа Төрийн албаны зөвлөлөөс 2003 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ыг зөрчиж туршилтын хугацаа тогтоогоогүй байна. Дээр дурдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 2-т заасан “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах үүднээс төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулна”, 6-д заасан “Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр төрийн албан хаагчийн тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болгоно” гэснийг зөрчсөн юм. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 110/ШШ2018/0061 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Эсхүл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.А нь “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Х.А-г Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

1. Анх нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар тушаалаар хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар томилж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалаар түүнд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл чөлөө олгосон байна.

Дээрх тушаалуудыг хүчингүй болгосон Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаал хууль бус байна.

Нэхэмжлэгчийг Төрийн албаны салбар зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлсний дагуу түүнийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар тушаалаар Өлгийн сумын хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар томилсон. Харин 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалаар эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө олгосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” бол төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөхөөр заажээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөөтэй байсныг төрийн албанаас түр чөлөөлөгдсөн гэж үзэхгүй.

Тиймээс гуравдагч этгээдийн “...нэхэмжлэгч Х.А ажлын чөлөө авсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д зааснаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн хүн нь мөн хуулийн 23.5-д заасны дагуу тухайн төрийн албан хаагчийг зөвхөн нөөцөд байгаад тооцох ёстой байсан...” гэх гомдол үндэслэлгүй байна.

Нэгэнт Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг томилж, мөн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалаар түүнд чөлөө олгосон байхад хариуцагч хууль ёсны дагуу томилогдсон Х.А-г маргаан бүхий 2018 оны Б/09 дүгээр тушаалаар дээрх ажилд томилж, чөлөө олгосон тушаалуудыг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “...шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасантай нийцэхгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2. Анхан шатны шүүх гуравдагч этгээд Х.Д-ыг маргаан бүхий албан тушаалд сэлгэн ажиллуулахаар томилсон Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимд нийцүүлэн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн гуравдагч этгээд Х.Д-ыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар сэлгэн ажиллуулахаар томилсон уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдал бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар гуравдагч этгээдэд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхойлсон бөгөөд 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол тухайн хууль бус захиргааны актыг хүчингүй болгохоор заажээ.

Тиймээс гуравдагч этгээд Х.Д-д эерэг нөлөөлөл бүхий Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаал нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөөгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаал нэхэмжлэгчид шууд чиглэгдээгүй, нөгөөтэйгүүр уг тушаал хүчинтэй байснаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй.

3. Гуравдагч этгээд Х.Д-ны “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай” бие даасан шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилсон 23 дугаар болон түүнд чөлөө олгосон 25 дугаар тушаалуудын улмаас гуравдагч этгээд Х.Д-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийг маргаан бүхий албан тушаалд сэлгэн томилохоос өмнө гарсан эдгээр тушаалуудтай гуравдагч этгээд маргах эрхгүй юм.

Тодруулбал, гуравдагч этгээд Х.Д хугацааны хувьд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар сэлгэн томилогдсон. Гэтэл өмнө нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар тушаал, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалаар нэхэмжлэгчид чөлөө олгосон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй шууд шалтгаант холбоотой этгээд өөрийн эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн хүчингүй болгуулахыг хүссэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалууд түүний субъектив эрхэд чиглээгүй, уг актуудын үйлчлэл нь түүнд шууд хамааралгүй тул гуравдагч этгээд Х.Д маргах эрхгүй.

Иймд дээрх дүгнэлт, үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хангахгүй орхиж шийдвэрлэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 110/ШШ2018/0061 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Х.А-г хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөн олговор 7.041.786 төгрөгийг /долоон сая дөчин нэгэн мянга долоон зуун наян зургаан/ Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх “...Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан гуравдагч этгээд Х.Д-ны “Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, гуравдагч этгээд Х.Д, түүний өмгөөлөгч С.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР