Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01683

 

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01683

 

Ч.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02344 дугаар шийдвэртэй,

Ч.Х-ийн нэхэмжлэлтэй

Ц.Б-, Д.О-, “СК” ХХК-д тус тус холбогдох,

Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Х-, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагч Ц.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 Хариуцагч Д.О-, Ц.Б- нарын гуйлтаар гэрээ байгуулсан, нотариат орох шаардлагатай гэсний дагуу нотариат орсон, нотариатчийн асуултанд дуугуй байгаарай гэхэд чимээгүй гарын үсэг зурсан.  

Хожим миний орон сууцыг авах тухай гэрээнд гарын үсэг зуруулсан болохыг мэдсэн. ББСБ-ын захирал эх н.Б- болоод Ц.Б-, Д.О- нар хуйвалдаж хэн нь ч нөхцөл байдлыг тайлбарлаагүй.  

Иймд  “Төлбөр барагдуулах” тухай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам гудамжны 132 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 46.56 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Х-ийг тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагч Ц.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие нэхэмжлэгч Ч.Х-той эрх зүйн харилцаанд ороогүй, түүний өмнө хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй, энэхүү иргэний хэргийн хариуцагч биш юм.    

 Анх “СК” ХХК-аас Ц.Б-гийн байрыг барьцаалж Д.О- 50,000,000 төгрөгийн зээл авсан, энэ 50,000,000 төгрөгөөс Ц.Б-  нэг ч төгрөг авалгүй найздаа тусалсан. Уг 50,000,000 төгрөгөөр Д.О- 35 кадрын цуврал кино хийх ажилдаа зарцуулсан бөгөөд Д.О- би өөрөө хариуцах ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан.

 

3. Хариуцагч “СК” ХХК-ийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Ч.Х- гуайг би анхнаасаа таньж мэдэхгүй. Түүний хүү Д.О-, хүүгийнх нь найз гэх Ц.Б- нар “СК” ХХК-аас зээл авч зээлийн төлбөрт 90,000,000 төгрөг төлөх тухай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн захирамж гарсан.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас өр төлбөрөө барагдуул гэж Ц.Б-, Д.О- нараас шаардаж байсан. 2020 он гараад Ч.Х- гуай манай ажил дээр хүү Д.О-, түүний гэр бүлийн хүн н.Отгонцагаан, Ч.Х- гуайн хань н.Дашдорж гуай нарын хамт ирээд манай албан тасалгаанд уулзаж, 2 өрөө байраа өгье гэж  хэлж байсан. Хүү Д.О-, Д.Г-, Ч.Х- гуай намайг хүрээд ир гэсэн миний бие очсон. Ингээд Варьете чуулгын хажууд байдаг  нотариат дээр гарын үсэг зурсан. 2020 оны 09 дүгээр сарын 01-нд буцааж өгнө гэдэг нь ямар ч нотолгоогүй. 

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Х-ийн хариуцагч “СК” ХХК, Ц.Б-, Д.О- нарт холбогдуулан гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам гудамжны 132 дугаар байрны 00тоот хаягт байрлах 46.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 607,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөр гомдол гаргаж байна.

5.1. Нэхэмжлэгчийн харааны түвшин гэрээ байгуулагдах үед, мөн одоогийн байдлаар “Төлбөр барагдуулах тухай” гэрээнд тусгагдсан текст, гэрээний нөхцөлийг уншиж чадах түвшинд байсан эсэх үйл баримтыг тогтоолгох нь тус маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан.

5.2. Төлбөр барагдуулах гэрээний дагуу “СК” ХХК-ийн өмчлөлд шилжсэн орон сууц нь Ч.Х-оос гадна Н.Г-ын нэр дээр байдаг тул  түүнийг гэрчээр оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаагүй.

5.3. Хариуцагч Д.О- нь нэхэмжлэлийг гардан авсан хэдий ч 14 хоногийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлд дурдагдсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх үүний эсрэг дүгнэлт гаргасан. Үүнээс гадна нэхэмжлэгчийн зүгээс мэтгэлцэх, бодит байдлыг тодруулах үүднээс шүүх хуралд ирээгүй Д.О-ыг албадан ирүүлэх, шүүх хуралд оролцуулах хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан.

5.4. Талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Учир нь төлбөр төлөгч тухайн үед Ц.Б-, Д.О- нар байхад төлбөр барагдуулах гэрээг Ц.Б-тай байгуулаагүй. Өөрөөр хэлбэл, Ц.Б-тай түүний өр төлбөрийг хаахаар тохиролцоогүй атал шүүх ийм дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ч.Х-ид шинжээч томилуулах шаардлагагүй, өөрөө бүх зүйлээ хэлж ярьдаг, өөрөө ирж гарын үсэг зурсан. Н.Г-ыг гэрчээр оруулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Д.О-оос болж шүүх хуралдаан 2-3 хойшилж байсан. Намайг байнга чирэгдүүлж байгаад гомдолтой байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч Ц.Б-, Д.О-, “СК” ХХК-д тус тус холбогдох төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Б-, “СК” ХХК эс зөвшөөрч маргасан, хариуцагч Д.О- шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч талаас Н.Г-оос гэрчийн мэдүүлэг авахуулах, хариуцагч Д.О-ыг албадан ирүүлэх, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2022/11131 тоот захирамжаар хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

3.1. “Төлбөр барагдуулах тухай” 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг нэг талаас “СК” ХХК, нөгөө талаас иргэн Д.О-, Ч.Х-, Д.Г- нар байгуулсан гэж гарын үсэг зурагдсан, уг төлбөр барагдуулах гэрээний зүйл болох  Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам гудамжны 132 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 46.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Г-, Ч.Х- нар 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэлтэй байсан байдлуудаас дүгнэвэл Д.Г-ын эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байх ба Д.Г-ыг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөхөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр түүнийг гуравдагч этгээдээр оролцуулж болно. Зохигчийн хэн аль нь О.Г-ыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй бөгөөд тэрээр энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа эсэхийг мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй тул өөрөө хүсэлт гаргах боломжгүй байна. Иймд гэрч гэх статусаар түүнийг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулвал тэрээр гуравдагч этгээдээр өөрөө оролцох  хүсэлт гаргах эсэх нь тодорхой болох учиртай.

3.2. Хариуцагч Д.О-ыг албадан ирүүлэх тухай хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт  шүүх хуралдаанд зохигчийн хэн аль нь ирээгүй тохиолдлолд шүүх хуралдаан явуулах журмыг  зохицуулсан. Гэтэл тухайн шүүх хуралдаанд хариуцагч Д.О-оос бусад нь ирсэн байгаа. Энэ тохиолдолд хариуцагч Д.О-ын ирээгүйтэй холбоотой асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх учиртай. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал хариуцагч Д.О-ыг шүүх хуралдаанд оролцуулах, түүнийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсэгт зааснаар албадан ирүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлээгүй нь буруу болжээ.  

3.3. Нэхэмжлэгч Ч.Х- нь 71 настай, эрх зүйн чадамжтай боловч нүдний харааны хувьд бэрхшээлтэй байгаа талаар тайлбарлаж шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн зарчмыг зөрчсөн гэж дүгнэхээр байна. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан зохигчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл хамаарч байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02344 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Х-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА