Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01687

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01687

 

 

Ж.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/01456 дугаар шийдвэртэй,

Ж.Ч-гийн нэхэмжлэлтэй

“ЗМ” ХХК-д холбогдох,

Нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Ж.Ч- нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Ж.Ч-г УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан илтэд худал, гүжирдлэгийн шинжтэй мэдээ, нийтлэлийг “ЗМ” ХХК-аас эрхлэн гаргадаг “ЗМ" сонин тараагаад байна.

1.2. “ЗМ” ХХК-аас эрхлэн гаргадаг “ЗМ” сонины 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Лхагва гаригийн 125 дугаарт УИХ-ын гишүүн Ж.Ч-гийн фото зургийг байрлуулан “Эрхэм гишүүн Ж.Ч- эрүүгийн хэрэгт шалгуулж эхлэв үү” гэх нэртэй мэдээлэл нийтлэгдсэн бөгөөд тухайн мэдээлэл нь бүхэлдээ худал, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тул Ж.Ч-гийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж байна.

Тухайлбал "ЗМ" сонины нийтлэлд “... Ж.Ч-тэй холбоотой асуудал Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгагдаж эхэлсэн байна. Гол агуулга нь Ж.Ч- Хавдар судлалын үндэсний төвийн даргаар ажиллаж байхдаа тендер будлиантуулсан, Хавдар судлалын үндэсний төвийн санхүүгийн зөрчилтэй холбоотой юм байна. ...Түүнтэй хамт Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э, Хавдар судлалын үндэсний төвийн эмч н.Ю, ерөнхий нягтлан бодогч н.Д нарыг шалгаж байгаа гэх мэдээлэл байна. ... Ж.Ч- нь өдгөө Хавдар судлалын үндэсний төвийн ТУЗ-ийг байгуулж, түүндээ өөрийн хүмүүсийг оруулахаар ажиллаж байгаа. Мөн Ж.Ч- өөрийн хувийн эмнэлэг болох Медпортал эмнэлгээ ХСҮТ-ийн зүүн жигүүрт байрлуулсан. Тэгээд ХСҮТ-тэй гэрээ хийлгэн ашигтай ажилласан тохиолдолд эхний жилдээ ашгийнхаа 10 хувийг, хоёр дахь жилдээ 20 хувь, гурав дахь жилдээ 30 хувийг өгөх гэрээ хийсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тайлан нь алдагдалтай гарсаар байгаа. Бас хувийнхаа ангиографи аппаратыг ХСҮТ-ийн ангиографийн хажууд давхар байрлуулж, үзлэг хийдэг. Үүнээс гадна Ж.Ч-гийн жолооч Я-ын нэр дээрх компани ХСҮТ-ийн засвар, аж ахуйн ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Эдгээр нь цагдаагийн байгууллагын чихэнд ч хүрээд буй бололтой. Тэгэхээр одоо цагдаагийн байгууллага эрхэм гишүүнтэй холбоотой энэ мэт асуудлыг ямар түвшинд яаж шалгах вэ гэдэг анхаарал татаж хоцорлоо ...” гэх зэргээр мэдээ, нийтлэл бичсэн нь огт үндэслэлгүй, худал мэдээлэл бөгөөд тухайн мэдээллээрээ УИХ-ын гишүүн Ж.Ч-г ор үндэслэлгүйгээр гүтгэж нийтэлсэн нь олон нийтийн дунд түүний ажил хэргийн нэр хүнд, иргэний нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзэж байна.

1.3. Ж.Ч- нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэдэг ойлголтууд бүгд нэхэмжлэгчид хамааралтай байна. Ж.Ч- гэх нэрийг тавиад нийтлэл бичиж байгаа нь тухайн хүний иргэний нэр хүндийг зөрчсөн худал мэдээлэл. Алдар хүндийн хувьд Монгол Улсын гавъяат эмч, нөгөө талаар 2020 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа учраас ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж байна.

1.4. Хариуцагч энэ мэдээллийг гаргахдаа тухайн мэдээллийн үнэн зөвийг өөрсдөө хариуцах ёстой. Мэдээллийг нягталж шалгаж, баримт, үндэслэлтэй байж мэдээлэл гаргах ёстой. Түүнчлэн, цагдаагийн байгууллагыг төлөөлдөг Б.Баатархүү гэх хэвлэл мэдээллийн албаны даргын ярилцлагад: “...Ж.Ч- гэх хүнийг цагдаагийн байгууллагаас шалгаагүй” гэсэн. Гэтэл сонингийн мэдээлэл нь “Эрхэм гишүүн Ж.Ч-г эрүүгийн хэрэгт шалгаж эхлэв үү” гэсэн байдаг. Хариуцагч тал сонин, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд юуг ч, яаж ч бичиж болно, магадгүй, болзошгүй гэдэг агуулгаар бичиж болно гэж тайлбарлаж байна. Эрх зүйт нийгэмд амьдарч, үйл ажиллагаа явуулж байгаа бол тодорхой дүрэм, журамд захирагдах ёстой. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан. Мөн Хэвлэл мэдээллийн тухай хуульд заасны дагуу үнэн зөв мэдээллийг нийтлэх ёстой. Гэтэл сонин дээрх мэдээллээр өнгөрсөн цаг дээр, болсон үйл баримт мэтээр бичсэн байна.  

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар УИХ-ын гишүүн Ж.Ч-гийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, дээрх мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч ЗМ" ХХК-д даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч “ЗМ” сонин нь сэтгүүл зүйн мэргэжлийн хүрээнд засаг төрийн талаар шүүмжлэл нийтэлсэн бөгөөд энэ нь сэтгүүлчид хуулиар олгогдсон эрх юм. “ЗМ” сонины 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 125 дугаарт гаргасан энэхүү мэдээ нь шүүмжлэл нийтлэл бөгөөд бүхэлдээ дараах агуулгыг илэрхийлсэн. Үүнд:

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын зарим үйлчилгээ сайнгүй байдаг талаар нийгмийн шүүмжлэл байсаар ирсэн бөгөөд энэ нь нэг талаас засаг төрийн бодлого, нөгөө талаар тус салбарын үйл ажиллагаатай нягт холбоотой. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ нь монгол хүний эрүүл мэнд, нийтийн эрх ашигтай амин холбоотой байдаг тул тус салбарын хүмүүс болон байгууллагын зорилго, бодол санаа, үйлдэл нь энэ л хүрээнд байх учиртай. “ЗМ” сонины 125 дугаарт нийтлэгдсэн нийтлэлд Ж.Ч- гэдэг хүнийг Хавдар судлалын үндэсний төвийн даргаар ажиллаж байх үеийнх нь үйлдэл, эс үйлдэхүйтэй нь холбогдуулан шүүмжилсэн. Гэтэл нэхэмжлэгч УИХ-ын гишүүний хувьд нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү гэдэг нэхэмжлэл гаргасан.

2.2. Иргэний хуульд зааснаар нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэх хууль зүйн нэр томъёонууд нь бүгд бие даасан тусгай утгыг илэрхийлдэг. Жишээлбэл, нэр төр гэдэг нь хүний зан суртахуун, ёс зүй зэрэгтэй холбоотой. Алдар хүнд нь тухайн иргэний нийгмийн байр суурь, хамт олон бусад хүмүүсээс өгсөн үнэлгээг үндэслэж өөрийн хувийн үнэлэмжийг алдар хүнд гэж тайлбарладаг.

2.3. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хэвлэл нь дээрх нийтлэлээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хэрхэн халдаж байгаа талаар ялгаж зааглаж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж байна. Нөгөө талаар Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан нөхцөл тус бүр дээр бие даасан шаардлага үүсэх ёстой, шаардлага нь тодорхой байж талуудын мэтгэлцэх боломжийг хангах ач холбогдолтой. Гэтэл анх шүүхэд гаргасан нэхэмжлэл нь тодорхой бус байхад шүүх нэр төрд нь, эсхүл алдар хүндэд нь халдсан гэдгийг сонгож шийдвэр гаргахад хүндрэлтэй, боломжгүй нөхцөл байдал байна.

2.4. Хэрэв энэ нийтлэл худлаа, намайг гүтгэж байна гэж үзэж байгаа бол үүнийгээ өөрөө нотлох үүрэгтэй, үүнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй. “ЗМ” сонины 125 дугаарт нийтлэгдсэн нийтлэлийн хувьд иргэн Ж.Ч- гэдэг хүн ингэсэн байна гэдэг агуулгаар гаргаагүй. Мэдээллийг бүрэн уншаад үзвэл Хавдар судлалын үндэсний төвийн газрын даргын албан тушаалыг эрхэлж байсан цаг хугацаанд буюу эрхэлж байсан албан тушаалтай холбоотой тухайн нийтлэл гарсан.

Ж.Ч- гэх хүний нэрийг сонинд нийтэлснээр тухайн этгээдийн нэр төрд нь халдсан гэж тайлбарлаж байна. “Ж.Ч-г эрүүгийн хэрэгт шалгаж эхлэв үү” гэдэг нь тухайн асуудал болсон эсэх талаар асуумж байдлаар хандаж байгаа нийтлэл. Ж.Ч-г шалгаж эхэлсэн, ийм хэрэг үйлдсэн байна гэдэг байдлаар хандаагүй. Мөн Монгол хэл зүйн ухааны судлаач Я.Цэвэл багшийн монгол хэлний тайлбар тольд гүтгэх, доромжлох, шүүмжлэх гэдэг үгсийн агуулгын ялгаа, заагийг дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Хийгээгүй зүйлийг хийсэн мэтээр нийтэлсэн бол буруу. Гэхдээ энэ сонингийн нийтлэл маань иргэн Ж.Ч- ийм үйлдэл гаргасан гэх агуулгаар бус тухайн Хавдар судлалын үндэсний төвийн даргын ажил эрхэлж байхдаа ажил албан үүрэгтэй холбоотой гаргасан эс үйлдэхүйтэй холбоотой асуудлыг шүүмжлэх байдлаар, үүнээс улбаалаад ямар нэгэн шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа эсэх талаар эрэн сурвалжлах байдлаар бичсэн нийтлэл. Үндсэндээ Ж.Ч- гэх хүний нэр хүнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан, гутаан доромжилсон зүйл байхгүй.

2.5. Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил болж байна. Хүний танин мэдэх эрх зөрчигдөх, сэтгүүл зүйн салбар хэвлэн нийтлэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан цагаас хойш олон нийтэд нээлттэй болсон. Тэгэхээр хүн өөрт байх үндсэн эрхээ хэрэгжүүлэхдээ илт худлаа зүйлийг нийтэлсэн бол түүнийг буруутгах боломжтой. Гэхдээ гаргаж байгаа мэдээллээ аливаа шүүлтүүргүйгээр, амны зоргоор ярьж байгаа хүн шиг гаргадаггүй. маш олон шат дамжлагыг дамжиж тухайн мэдээ, мэдээлэл хэвлэгддэг.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг мөн адил хүлээдэг. Нэхэмжлэгч талаас зөвхөн сонинг л нотлох баримтаар өгсөн. Уг сонинд нийтлэгдсэн мэдээллээс энэ хүн гүтгэгдсэн байна гэдгийг харах боломжгүй. Энэ хүний нэр төрийг гутааж байна гэдгийг нотлох үүрэг нь нэхэмжлэгчид байсан, энэ үүргээ биелүүлж чадаагүй. Зөвхөн хариуцагч нь мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэгтэй гэх агуулгаар хэргийг шийдэх боломжгүй гэж харж байна.   Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгад: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Хүний нэр төрд халдсан, халдснаа таамаг маягаар дэвшүүлсэн гэж хариуцагч тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн зөв.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ЗМ” ХХК-ийн эрхлэн гаргадаг ЗМ сонины 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Лхагва гаригийн №125 дугаарт Эрхэм гишүүн Ж.Ч- эрүүгийн хэрэгт шалгуулж эхлэв үү гэх гарчигтай нийтлэлд нэхэмжлэгч Ж.Ч-гийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч “ЗМ” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь тэгш эрхийн зарчимд үндэслэлдэг ба нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч тайлбараа гаргаж мэтгэлцдэг тул шүүх талуудын тэгш эрхийг хангаж ажиллах үүрэгтэй. Тэгш эрх гэдэг нь хэргийн оролцогчийн аль нэг тал бусад оролцогцоос давуу эрхийг эдлэхгүй байхыг ойлгох бөгөөд энэхүү эрх нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үеэс эхэлдэг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрхийг өөрөө тодорхойлж, шаардлагаа гаргадаг бөгөөд уг шаардлага нь тодорхой байснаар талууд тэгш эрхтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломж бүрддэг.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ЗМ” ХХК-аас эрхлэн гаргадаг “ЗМ” сонины 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 125 дугаарт нэхэмжлэгчтэй холбоогой мэдээлэл гарсан нь худал гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тул түүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааеан гэж үзэж Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан арга хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэсэн ойлголт хоорондоо уялдаатай боловч тус тусдаа бие даасан агуулгатай байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн дээрх шаардлага нь тодорхой бус буюу хариуцагч нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн алийг нь гутаасан болох нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч үүнийгээ өөрөө тодорхойлж чадаагүй байна.

Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлох эрхийг хуулиар шүүгчид олгоогүй юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нэр, нэр төр, алдар хүид, ажил хэргийн нэр хүндийн алийг нь гутаасан талаар тодруулаагүй атлаа хариуцагчийг нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлж шийдвэрлэсэн хууль бус бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь тэгш эрхийн зарчмыг нотцой зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй.

5.2. “ЗМ” ХХК-аас эрхлэн гаргадаг ЗМ сонины 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 125 дугаарт нийтлэгдсэн мэдээлэл нь нэхэмжлэгч Ж.Ч- гэдэг хувь хүнтэй холбоотой бус түүнийг Хавдар судлалын үндэсний төвийн даргаар ажиллаж байх хугацааны үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан шүүмжилсэн нийтлэл бөгөөд тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан талаарх мэдээллийг эрэн сурвалжилсан нийтлэл юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нийтэлсэн мэдээллийн үнэн зөвийг болон өөрийн татгалзлаа нотлох зорилгоор Хавдар судлалын үндэсний төвтэй холбоотой асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан талаарх баримтыг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа хариуцагч татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах, бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй гэж илт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна.

Ийнхүү хариуцагчийн зүгээс өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар гаргуулахаар хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хүсэлтээ гаргахад шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг мөн адил хангахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Ж.Ч- хариуцагч “ЗМ ХХК-д холбогдуулан “ЗМ сонины 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 125 дугаарт нийтлэгдсэн “Эрхэм гишүүн Ж.Ч- эрүүгийн хэрэгт шалгуулж эхлэв үү гэх нэртэй нийтлэлд нэр, нэр төр,  алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг  сэргээж,  мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

3. “ЗМ ХХК нь ЗМ сониныг эрхэлж гаргадаг, “ЗМ” сонины 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 125 дугаарт Эрхэм гишүүн Ж.Ч- эрүүгийн хэрэгт шалгуулж эхлэв үү гэх гарчигтай нийтлэлийг хэвлэжээ.  

Уг нийтлэлд “...Ж.Ч-тэй холбоотой асуудал Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгагдаж эхэлсэн байна. Гол агуулга нь Ж.Ч- ХСҮТ-ийн даргаар ажиллаж байхдаа тендер будлиантуулсан, ХСҮТ-ийн санхүүгийн зөрчилтэй холбоотой юм байна ... Учир нь эрхэм гишүүн Ж.Ч- нь өдгөө ХСҮТ-ийн ТУЗ-ийг байгуулж, түүндээ өөрийн хүмүүсийг оруулахаар ажиллаж байгаа. Мөн Ж.Ч- өөрийн хувийн эмнэлэг болох Медпортал эмнэлгээ ХСҮТ-ийн зүүн жигүүрт байрлуулсан. Тэгээд ХСҮТ-тэй гэрээ хийлгэн ашигтай ажилласан тохиолдолд эхний жилдээ ашгийнхаа 10 хувийг хоёр дахь жилдээ ашгийнхаа 20 хувь, гурав дахь жилдээ 30 хувийг өгөх гэрээ хийсэн. ... Бас хувийнхаа ангиографи аппаратыг ХСҮТ-ийн ангиографийн хажууд давхар байрлуулж, үзлэг хийдэг. Үүнээс гадна Ж.Ч-гийн жолооч Я-ын нэр дээрх компаний ХСҮТ-ийн засвар, аж ахуйн ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Жолооч Я-ын эхнэр Э нь саяхан ХСҮТ-ийн Аж ахуйн албаны даргаар томилогдсон...” гэх мэдээлэл  тусгагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.1. Гэм хор учруулснаас үүсэх үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учирсан, уг гэм хор учруулсан этгээдийн үйлдэл, учруулсан гэм хорын хоорондын шалтгаант холбоог нотлох үүрэгтэй ба хариуцагч байгууллагын гаргасан сониныг баримтаар гаргаж өгснөөр нотлох үүргээ биелүүлсэн байна.

 

4.2. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар мэдээлэл гаргасан буюу нийтэлсэн “ЗМ” сониныг эрхлэн гаргагч “ЗМ” ХХК нь мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй бөгөөд уг үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.    

 

4.3. Хариуцагч байгууллага нь уг нийтлэлийг хэвлэн нийтлэхдээ эх сурвалж баримтад үндэслэгдсэн байх учиртай бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа эх сурвалж баримтыг олж авах замаар нийтлэл гарснаас хойш баримт цуглуулах учиргүй юм. Иймд цагдаагийн байгууллагаас нотлох баримт гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

4.4. Нийтлэлд дурдсан мэдээлэл нь нэхэмжлэгчтэй холбоотой талаар баримтгүй тул нэхэмжлэгчийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг хариуцагч байгууллага тараасан тул хариуцагч байгууллага нь уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1,  511 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Нэхэмжлэгчийн нэр, алдар хүнд гутаагдсан гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

 

5. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийн агуулгыг харгалзан үзсэн нь хуульд нийцсэн байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг зөв тодорхойлсон, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхой, логик уялдаа холбоотой байх тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүйгээр шийдвэрлэсэн нь буруу гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/01456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                                           

         ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА