Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 226/МА2022/00027

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 13-ны өдөр            226/МА2022/00027                                        Хэрлэн сум

 

 

 

 

“Х” банкны нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Э-ад холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00027/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г- /цахимаар/,

Гуравдагч этгээд С.Л-,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Дүүриймаа,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00262 дугаар шийдвэртэй “Х” банкны нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-ад холбогдох “зээлийн гэрээний үүрэг 65.259.774 төгрөг, зээлийн хүү 77.192.533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11.023.095 төгрөг, нийт 153.475.403 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн “2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ 113 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ 113 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдийн “2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ 113 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” бие даасан шаардлагатай иргэний хэргийг гуравдагч этгээд С.Л-гийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Х” банк, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Д.Э- нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Х” банктай зээлийн гэрээ байгуулж 90.000.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авсан. Тус зээлийн барьцаанд 4 өрөө орон сууцыг барьцаалуулж зээл авсан.

Зээлдэгч Д.Э- нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 24.740.226 төгрөг, зээлийн хүү 34.954.792 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 42.919 төгрөг, нийт 59.737.937 төгрөгийг төлсөн байна.

                                                                                                                  

Зээлдэгч зээлийн гэрээний хугацааг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэдэг боловч гэрээгээр хүлээсэн үүргээ 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөрийг хариуцагчаас шаардаж байгаа. Үндсэн зээлийн төлбөрт 65.259.774 төгрөг, зээлийн хүүд 77.192.533 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11.023.095 төгрөг, нийт 153.475.403 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг барьцааны гэрээнд дурдсан барьцаа болох 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “Энэхүү зээлийг гаргахдаа тэтгэврийн хүн гэж үзэж тэтгэврийг үндэслэж зээлийн судалгаа хийгдээгүй. Б- гэдэг хүн энэ зээлийг авахуулсан гэж байна, тэгвэл яагаад Д.Э- дэмжлэг үзүүлээд байсан юм. Д.Э- нь оёдлын цехээ өргөжүүлье, бизнесийн орлого ашиг ийм байгаа, өнөөдрийн байдлаар ийм ийм газруудтай гэрээ байгуулсан гэх гэрээг өгсөн. Д.Э- анхнаасаа хууль бусаар гэрээ судлуулаад байсан юм биш үү гэх асуудал яригдана. Би шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой дурдсан байгаа. Д.Э- нь компанитай байгуулсан гэрээ, зээл авах үеийн борлуулалт үйлдвэрлэл үйлчилгээний жагсаалт зэргийг зээлийн судалгаанд гаргаж өгсөн. Банк энэхүү нотлох баримтуудыг үндэслэн зээл өгсөн. Түүнээс биш тэтгэврийг үндэслэн зээл олгоогүй... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ зээлийн үйл ажиллагаанд “Х” банкны ажилчдыг оролцоотой гэж байна... Өнөөдрийн байдлаар “Х” банкны ажилчид энэ ажиллагаанд оролцсон гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтоогоогүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр 90.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар олгосон. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж байна. Хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлээр хангуулж өгнө үү гэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэр, 63 дугаар зүйлд нэхэмжлэлийн үнийг тодорхойлох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага худалдан борлуулж, хохирол төлбөрийг барагдуулна гэж байгаа. Ийнхүү холбоо хамааралтай. Яагаад Д.Э-аас шаардаад бусад хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардахгүй байгаа юм гэж байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хэнээс ч шаардах эрхтэй. Энэ эрхийн дагуу үндсэн зээлдэгчээс шаардсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч криминалистикийн дүгнэлт гараад хэрэгт авагдсан. Үүгээр тухайн барьцааны гэрээнд зурсан гарын үсэг нь С.Л-гийн гарын үсэг мөн байна гэж тогтоогдсон. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэх хуулийн үндэслэл байхгүй учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Э-ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн 2014 онд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Зээлийн гэрээний зээлдэгч  тухайн үед тэтгэврийн насны, үйл ажиллагаа явуулдаг компани гэж байхгүй,  жижигхэн газар түрээслэн оёдол хийдэг байсан. Хамтран зээлдэгч Б- нь энэхүү төлбөрийг хариуцах гол этгээд юм. Б- нь тухайн үед банктай хууль бусаар хуйвалдаж их хэмжээний мөнгө буюу 90.000.000 төгрөгийн зээлийг гаргасан гэж ярьдаг. Б-г гэрчээр асуулгах гэж Цагдаагийн газарт эрэн сурвалжлуулахаар өргөдөл өгсөн боловч олдоогүй. Д.Э- нь 90.000.000 төгрөгөөс 60 гаруй сая төгрөгийг нь төлсөн. Хэдийгээр Б- 90.000.000 төгрөгийг авсан хэдий ч Д.Э- үүргээ хүлээгээд 59.000.000 төгрөгийг барагдуулаад явж байсан боловч хорт хавдар өвчний улмаас зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ талаараа банканд хандсан боловч банк нь ашгийн төлөө байгууллага учир хүсэлтийг хангаж байгаагүй. Мөн Д.Э-ад төрөөс олгодог тэтгэвэр тэтгэмж, одонгийн мөнгө зэргийг зээлэнд суутган авсан. Үндсэн зээлдэгч төлбөр төлөх боломжгүй байгаа тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч нарын данснаас үл маргах журмаар суутгал хийнэ гэсэн хуулийн заалт байгаа хэдий ч хамтран үүрэг гүйцэтгэгч нарын данснаас суутгал хийсэн зүйл байхгүй.

Мөн барьцааны гэрээний асуудал яригддаг. Хэргийг бүхэлд нь харахаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Д.Э-аас 153.000.000 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргачхаад Д.Э- 153.000.000 төгрөгийг өгөхгүй бол барьцааны зүйлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэсэн шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар шаардлага тус бүр дээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Гэтэл 153.000.000 төгрөгийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Энэ мэтчилэн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Мөн миний бие Д.Э-ыг шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг авсан болохоос түүнийг бүрэн төлөөлнө гэсэн үг биш. Д.Э- нь хэвтрийн байдаг учир шүүхээр дамжуулан баримтуудыг гаргуулах хүсэлтийг гаргасан. “Х” банк нь 30.000.000 төгрөгийг 150.000.000 төгрөг болгон нэхэмжилчхээд яагаад Д.Э-ад улсаас олгодог мөнгийг зээлэнд суутгаад байгаа юм. Суутгаж байгаа нь үнэн байж суутгасан мөнгөн дүнгийн тооцоог өгөөгүй. Үүнийг 150.000.000 төгрөгөөс хасах хэрэгтэй гэж үзэж байна.

Д.Э-ын хэлж байгаагаар Б- нь настай хүмүүсийн толгойг эргүүлж байгаад гэрээг ч уншуулахгүй гарын үсэг зуруулсан, мөн С.Л-гийн эзэмшлийн орон сууцыг барьцаалах гэж байгаагаа түүнд мэдэгдээгүй. Иймд энэхүү зээлийг ганцхан Д.Э- биш өөр хүмүүс хамтран хариуцах ёстой гэсэн байр суурьтай байна” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаарх тайлбартаа: ““Х” банканд холбогдуулан Д.Э-ын зүгээс ЗГ/113 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь Б- нь М, Д.Э- нар дээр ирж хувцсаа оёулдаг байсан. Нэг ирэхдээ би 2014 онд та хоёрын нэр дээр зээл авъя. 2014 оны 09 дүгээр сарын 01-ний дотор зээлийн төлөлтөө хийчихнэ, энэ зээлээсээ та нарыгаа ажлын байртай болгож өгнө гэсэн худлаа амлалт өгч бичиг баримтыг нь авч, Д.Э-ын өмнөөс Г.Б- зээл хөөцөлдөн 90.000.000 төгрөгийн зээлийн мөнгийг авсан. Үүнээсээ банкны ажилтанд хээл хахууль болгон хэдэн хувийг өгч, өөрөө хувьдаа зарим мөнгийг авч түүгээрээ машин тэрэг худалдан авч, зээлийн мөнгийг хувьдаа ашигласан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж байгуулагдсан зээлийн гэрээ гэж үзэж байгаа. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл өгсөн, одоогоор шалгагдаж байгаа хариу нь гараагүй” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Л- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай хадам ээж Д.Э-тай хамт ирээд банк бус дээр зээлийн гэрээ хийж өгөөч гэж гуйсан. Тэгээд би хорооллын эцсийн банк бус санхүүгийн байгууллагад очсон, тэр үедээ ажил ихтэй яарч явсан болохоор 30.000.000 төгрөгийг банк бус дээр гэрээ хийж авч өгсөн нь үнэн. Харин би сүүлд банкнаас 90.000.000 төгрөгийн зээл авсан гэдгийг мэдсэн. Миний эзэмшлийн байрыг 90.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьчхаад яагаад мэдэгдээгүйг гайхаж байна. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Д.Э-, Б- нарыг шалгуулахаар өгсөн. Би Б-тэй таараад утсан дээрээ бичлэг хийсэн. Бат-Эрдэнийн ярьснаар банкны ажилтанд 10 хувийг өгсөн, өөрөө ланд 80 машин худалдаж авсан гэдэг. Миний гарын үсгийг хэн ч дуурайгаад зурчихдаг. Миний эзэмшлийн хөрөнгийг барьцаалсан байж банк надад мэдэгдээгүй, мөн банкны зээл олгосон үйл ажиллагаа тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын  13-ны өдрийн 156/ШШ2022/00262 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Э-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 153.475.403 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” банканд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Э- нь шүүхийн шийдвэрээр тогтоосон 153.475.403 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү2206030248 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хариуцагч Д.Э-ын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/113 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ 133 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд С.Л-гийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ 133 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 995.527 төгрөг, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас 995.520 төгрөгийг гаргуулж, “Х” банк ХХК-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд С.Л- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв талаас нь үнэлсэнгүй. “Х” банкны нэхэмжлэлтэй, Д.Э-ад холбогдох иргэний хэрэгт 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ 113 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар бие даасан шаардлага гаргасан.

Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа хадам ээж болох М-н санхүүгийн асуудалд туслах зорилгоор ББСБ-ын барьцаанд тавих зөвшөөрөл өгч, итгэмжлэл хийж өгсөн боловч “Х” банкны зээлийн гэрээний барьцаанд тавьж 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээнд гарын үсэг зурж байгаагүй юм.

Гэтэл шүүх дүгнэхдээ “хариуцагч Д.Э-ад гуравдагч этгээд С.Л- нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө зээлийн барьцаанд бариулах, үүргийн гүйцэтгэл хангуулах, төлбөр тооцоо хийх, барьцаалбарт зурах, лавлагаа авах зээлийн барьцааны гэрээнд төлөөлж зурах эрхийг 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэл 2-р хавтаст хэргийн 141 дүгээр тал, мөн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ/113 дугаартай “Х” банк, Д.Э-, С.Л- нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ 2-р хавтаст хэргийн 139-140 талд, энэ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэж дүгнэсэн нь С.Л-гийн өмчлөлийн 4 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж талууд тохирсон болох нь тогтоогдож байна” гэжээ.

Хэрэгт авагдсан итгэмжлэл бол “Х” банкнаас авсан 90.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд С.Л- өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалуулахыг зөвшөөрсөн агуулгатай биш юм. Шүүх итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон тул энэ хугацаанд С.Л- өмчлөгчөөс Д.Э- дахин зөвшөөрөл авалгүйгээр “Х” банканд үргэлжлүүлэн барьцаалж болох мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Итгэмжлэлийг ББСБ-д зориулж олгосон, итгэмжлэл нь 1 удаагийн үйлдэлд эрх олгосон шинжтэй байгааг шүүх харгалзан үзээгүй байна.

Мөн түүнчлэн Д.Э-ын “Х” банкнаас авсан зээлд С.Л- үл хөдлөх хөрөнгөө барьцаалаагүй талаар тайлбарладаг бөгөөд түүний тайлбарыг гэрч нарын мэдүүлэг давхар нотолдог. Гэтэл шүүх хэрэгт гэрчээр асуугдсан хүмүүсийн мэдүүлгийг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлсэнгүй.

С.Л- барьцааны гэрээнд зурсан гарын үсгийн талаарх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт С.Л- барьцааны гэрээнд  гарын үсэг зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна хэмээн дүгнэсэнд гомдолтой байна. Гуравдагч этгээдийн дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хууль зүйн тодорхой дүгнэлт хийгээгүй учир иргэн миний эрх ашгийг шүүх ноцтой хохироож байна.

“Х” банканд үл хөдлөх хөрөнгөө барьцаалах итгэмжлэл олгоогүй, барьцааны гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зураагүй юм.

Анхан шатны шүүх хамтран зээлдэгч Б-н орон сууц чөлөөлүүлэх баталгаа /хх 185-188х/, гэрч М-н мэдүүлэг /1хх 244х/ зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу бие даасан шаардлага гаргасан С.Л- миний шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан бодитоор үнэлээгүй байна.

2. Тус ЗГ-113 дугаартай зээлийн гэрээ, БГҮ-113 дугаартай барьцааны гэрээнүүд нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдаж, талууд гарын үсэг зурж, уг гэрээгээ мөн өдөр нотариатаар батлуулсан байдаг. Гэвч 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ-113 дугаартай барьцааны гэрээг 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, тэмдэглэгээ хийсэн байдаг. Шүүх тус гэрээнүүдийг үнэлэхдээ гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан эсэхэд бүрэн бодитойгоор дүгнэлт өгөөгүй байна.

Мөн түүнчлэн шүүх “иргэн С.Л- танаа” гэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №11-107454 дугаартай тодорхойлолтоос үзэхэд С.Л- нь тус хэлтэст хүсэлт гаргасны дагуу түүнд энэ лавлагаа, тодорхойлолт олгосон байгаа нь гуравдагч этгээд “Х” банкны барьцаанд барьцаалахыг мэдээгүй гэдэг нь үгүйсгэгдэж байна” гэжээ.

Шүүх хэрэгт авагдаагүй баримтыг шүүж тааж үнэлж, иргэн С.Л- танаа гэж байгаа юм чинь өөрөө хүсэлт гаргасан байж таараа гэх байдлаар дүгнэлт хийж байгаа нь шүүх зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шийдвэрийн үндэслэлд өгсөн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ 113 дугаартай барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч “Х” банк нь хариуцагч Д.Э-ад холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ 113 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 65.259.774 төгрөг, зээлийн хүү 77.192.533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11.023.095 төгрөг, нийт 153.475.403 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

            Хариуцагч Д.Э- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ 113 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ 113 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг,

            Гуравдагч этгээд С.Л- нь “2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ 113 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч “Х” банк нь “...Д.Э- нь компанитай байгуулсан гэрээ, зээл авах үеийн борлуулалт, үйлдвэрлэл үйлчилгээний жагсаалт зэргийг зээлийн судалгаанд гаргаж өгсөн, шинжээчийн дүгнэлтээр барьцааны гэрээнд С.Л- гарын үсэг зурсан гэдэг нь тогтоогдсон” учраас сөрөг нэхэмжлэл болон бие даасан нэхэмжлэлийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Зохигчдын хооронд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ЗГ 113 дугаартай зээлийн гэрээ байгуулж 90.000.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авсан. Мөн өдөр БГҮ-113 дугаартай барьцааны гэрээ байгуулж 4 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/113 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 9-10/, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ/113 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12-13/ зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х” банк нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй" гэж,  174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй" гэж, 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х” банк нь барьцааны гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж тус тус дүгнэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын тухайд:

Гуравдагч этгээд С.Л- нь “2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээнд гарын үсэг зурж байгаагүй” гэж, Д.Э- ““Х” банкнаас авсан зээлд С.Л- үл хөдлөх хөрөнгөө барьцаалаагүй” гэж тайлбарладаг, мөн гуравдагч этгээд С.Л-гийн хадам ээж болох гэрч Ч.М “...С.Л-гийн байрыг зээлийн барьцаанд тавьсан... С.Л-д мэдэгдээгүй...” гэж мэдүүлдэг боловч энэ байдал нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1182 дугаартай дүгнэлтээр няцаагдаж байгаа ба гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж /2 хавтаст хэргийн 169-171 хуудас/, түүнд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн шүүхийн тогтоолыг /2 хавтаст хэргийн 206-209 хуудас/ буруутгах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгөө зээлийн барьцаанд бариулах, үүргийн гүйцэтгэл хангуулах, төлбөр тооцоо хийх зэрэг бүрэн эрхийг Д.Э-ад олгосон итгэмжлэл /2 хавтаст хэргийн 141 хуудас/ нь тодорхой нэг этгээдэд зориулан олгосон нэг удаагийн шинжтэй үйлдэл гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, барьцааны гэрээ байгуулсан огноо, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн огнооноос нэг хоногоор зөрсөн гэх үндэслэлээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэх боломжгүй тул гуравдагч этгээд С.Л-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гуравдагч этгээд С.Л-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гуравдагч этгээд С.Л-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.БОЛОРМАА

 

                                     ШҮҮГЧИД                           Б.ДЭНСМАА           

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ