Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2022/00075

 

*******н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00512/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  05 дугаар сарын 25-ны өдрийн 832 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******н нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ад холбогдох   

Нэхэмжлэлийн шаардлага:

“13,985,200 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“2,520,244 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, *******,*******,*******, ******* хаягт байрлах 45.35 м.кв талбайтай орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 69,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож, тус өдрөө урьдчилгаа 11,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 58,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаанд үндсэн үнийн дүнгийн хамт төлж барагдуулахаар тохиролцсон.

Хариуцагч *******ад гэрээний хугацаанд өөрийн болон талийгаач нөхөр *******ын данснаас сар бүр 388,000 төгрөгийн хүүнээс гадна үндсэн зээлийн дүн болох 58,000,000 төгрөгөөс төлж байсан.  Би 2017 оноос хойш Солонгос, Монгол улсын хооронд ирж очин  ажил хийдэг намайг эзгүйд нөхөр маань өөрийн эзэмшлийн ******* тоот Хаан банкны данснаасаа *******ын данс луу  зээлийн төлөлтөө шилжүүлж байсан. Би 2019 оны 12 сард Солонгос улс руу явсан ба цар тахлын улмаас хил хаагдаж, удаан хугацаагаар Монголдоо ирж чадалгүй гацсан. Харин 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нөхөр маань нас барсан.

Нөхрийнхөө шилжүүлсэн баримтыг нь гаргаж авч чадахгүй байгаа боловч нөхрийн данснаас 2017 оны 9, 10, 11, 12 сарууд мөн 2018 оны 1, 2, 3, 4, 5 саруудын нийт 9 сарын 3,492,000 төгрөг шилжүүлсэн.

Харин өөрийн данснаас *******ын эзэмшлийн ******* тоот Хаан банкны данс руу 2017 онд  2,330,000 төгрөг, 2018 онд 1,552,000 төгрөг, 2019 онд 13,100,000 төгрөг 2020 онд 3,342,400 төгрөг нийт 20,324,400 төгрөг, урьдчилгаа 11,000,000 төгрөг нийт 31,324,400 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөн дүн дээр талийгаач нөхөр Даваанямын данснаас мөнгөн дүн нэмэгдэнэ. Гэрээний хугацаанд *******ад үндсэн зээлээс 18,000,000 төгрөгийн хасалт хийлгээд үлдсэн мөнгөө хүүнд тооцуулсан ба 2020 оны 03 сарын байдлаар 45,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн.

Гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн дүнгүүдээ дурдвал: 2020 онд нийт 6,178,000 төгрөг, 2021 онд нийт 4,296,000 төгрөг шилжүүлсэн. 2020.03 сараас нийт 10,474,000 төгрөг шилжүүлсэн ба өмнөх 31,324,400 төгрөгийн хамт нийтдээ 41,798,400 төгрөг төлсөн.

2021.10.14-ний өдөр нэг талаас худалдагч *******, түүнийг төлөөлж дүү нь гэх Занданбилэг, нөгөө талаас худалдан авагчаар миний дүү нар орон сууцыг 72,560,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэрээ байгуулсныг банк үндэслэж дүүгийн нэр дээр орон сууцны зээл гарч 2021.11.11-ний өдөр *******ын данс руу нийт зээл орсон. Гэтэл тухайн өдрөө ******* нь утсаа аваагүй, маргааш нь арай гэж утсаа аваад 2021.11.12-нд миний данс руу 22,000,000 төгрөг хийгээд дахиад утсаа авахаа больсон. Ингээд 6 хоногийн дараа буюу 2021.11.18-нд 3,500,000 төгрөг хийгээд дахиж утсаа авахгүй алга болсон. ******* нь данс руу орсон 72,560,000 төгрөгөөс 47,060,000 төгрөг суутгаж авсан.

Хариуцагч *******аас гэрээ дууссанаас хойш буюу 2022.03.07-ны өдрөөс 2021.11.11-ний өдрийг хүртэл илүү төлсөн бүх мөнгөө болон *******ын өмнөөс татварт төлсөн мөнгөө нэхэмжилж байна. Тодруулбал: би гэрээний хугацаа дуусахад *******ад 45,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүний дараа 2020.03 сараас хойш 6,178,000 төгрөг, 2021 онд 4,296,000 төгрөг, дүү ын данснаас суутгаж авсан 2,060,000 төгрөг, бас татварт *******ын өмнөөс төлсөн 1,451,200 төгрөг гээд нийт илүү төлсөн 13,985,200 төгрөгийг *******аас нэхэмжилж байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 8 хувиар, 3 жилийн хугацаанд төлбөрөө төлж барагдуулахаар *******тай гэрээ хийсэн. Хэрвээ зээлийн төлөлтөө хугацаандаа хийхгүй бол хоног тутамд 0,1 хувиар алданги тооцох, гэрээг цуцалсан тохиолдолд орон сууц ашигласан хугацааны төлбөрийг 1 сарын 600,000 төгрөгөөр тооцно гэж байгуулсан.

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусахад 45,000,000 төгрөгийн төлбөр үлдсэн. Гэрээний дагуу 0,1 хувиар алданги тооцох болоход ******* нь элдэв зовлон тоочин надаа гуйсан тул өдөрт 0,047 хувь буюу сард 1,41 хувь болгон бууруулсан.

 2017 оны 03 дугаар сарын 03-нд хүүгээ өгсөн. Хугацаандаа өгөөгүй, зээлийн төлөлт жилээр хэтрээд төлөлтөө хийгээд явж байсан. Би тухайн үед хэлж анхааруулж байсан.

Сар болгоны 3-нд хүүгээ өгөх ёстой. Илүү мөнгө орж ирвэл хасах маягаар явсан. Би 13 сая төгрөгийг төлөхгүй. *******д гэрээний хугацаа дууслаа шүү үүнээс хойш 2.3-т зааснаар алданги тооцогдох юм байна гэж хэлсэн. 45 сая төгрөг үлдсэн гэж хэлж байгаа нь хүүгээ хасахгүйгээр үндсэн төлбөрөөсөө хасан байна.

2 хувийн татварын хувьд зөрүү мөнгийг нь буцааж шилжүүлэхдээ татвараа хассан. 72,560,000 төгрөг аас орж ирсэн. 37,987,277 төгрөг үлдсэн. Гэрээ дууссанаас хойш 21 сар энэ байранд байсан. Би *******гаас 50,960,244 төгрөг авах ёстой. 22,000,000 төгрөг буцаагаад ******* руу шилжүүлсэн учраас төлөхгүй гэжээ.

3. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

*******тай гэрээний дагуу тооцоо хийж, мөнгөө авахдаа 2,520,244 төгрөгийг тооцооны алдаа гаргаж, илүү өгсөн байна.

Тооцооллоос харахад 2021.11.12-нд Бадралаас 72,560,000 төгрөг над руу шилжиж ирсэн. Үүнээс *******гаас авах ёстой байсан үндсэн төлбөр, алдангийн 50,960,244 төгрөгийг би суутгаж аваад 21,599,756 төгрөгийн зөрүүг *******д өгөх ёстой байсан. Үүн дээр миний үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татвар болох 1,380,000 төгрөгийг нэмж тооцвол нийт 22,979,756 төгрөгийг зөрүүнд өгөх байсан боловч андуурч 25,500,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл илүү 2,520,244 төгрөгийг шилжүүлсэн байна. Иймд илүү төлсөн 2,520,244 төгрөгийг *******гаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь сөрөг нэхэмжлэлийн тооцоололд их хэмжээний алданги тооцсон нь үндэслэлгүй. Миний бие *******ад өр төлбөр байхгүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 10,588,775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 3,396,425 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч *******гаас 2,520,240 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч *******гийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 227,876 төгрөгийн, хариуцагч *******ын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 55,300 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч *******аас 184,370 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гаас Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож төлүүлсэн нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэсэн. Мөн нотлох баримтаар гаргаж өгсөн тооцооллыг дутуу үнэлж, буруу дүгнэлт хийсэн.

Гэрээний үлдэгдэл дүн, түүнээс тооцсон алдангийн тооцооллыг би нэг бүрчлэн тооцоолон бодож, анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх тухайн баримтуудыг шударгаар үнэлж дүгнэхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

******* нь үүрэг гүйцэтгэгч болохын хувьд үүргээ хугацаанд нь биелүүлээгүй ба хугацаа хэтрүүлснээс үүдэн түүнд ямар нэг тохиолдолд нөлөөлсөн эсэхээс үл хамааран хохирлыг хариуцах, Иргэний хуулийн 222.4, 222.7, 232.1-р хэсгийн зохицуулалтуудыг, мөн *******гаас тооцож авсан алданги нь бид амаар харилцан тохиролцож түүний хүлээсэн үүргийг түүний төрсөн дүү д шилжүүлэх хүртэл хугацаанд хуримтлагдсан үүргээс тооцсон дүн бөгөөд энэ нөхцөл байдал нь итгэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын тайлбараас ч мөн нотлогдож байгааг анхан шатны шүүх бүрэн дүүрэн үнэлж тооцоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Давж заалдах шатны хариуцагч *******ын давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь дүгнэж чадаагүй гэж үзнэ.

Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 2 дугаар хэсэг, 6 дугаар байрны ******* хаягт байрлах 45,35 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* 69,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, тус өдөр худалдан авагчаас 11,000,000 төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 58,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд жилийн 8 хувийн хүүтэй төлж барагдуулахаар бичгээр гэрээ байгуулсан байна.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтаар сар бүр 388,000 төгрөгийн хүү төлөх, 2.4 дэх заалтаар хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөх үнийн дүнгээс 0,1 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

Худалдан авагч ******* нь гэрээт хугацаанд буюу 2017 онд нийт 6 удаагийн шилжүүлгээр 2,330,000 төгрөг, 2018 онд 4 удаагийн шилжүүлгээр нийт 1,552,000 төгрөг, 2019 онд 5 удаагийн шилжүүлгээр 13,100,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,342,000 төгрөг нийт 31,324,400 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 03, 05 дугаар саруудад 6,178,000 төгрөг, 2021 оны 07, 11 дүгээр саруудад 4,296,000 төгрөг нийт 10,474,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 13-30 дугаар талд авагдсан ХААН банкны дипозит дансны хуулгаар нотлогдох бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

3. Гэрээ дуусгавар болох үед буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө гэрээний үлдэгдэл төлбөрийг  худалдан авагч ******* 45,000,000 төгрөг гэж, худалдагч ******* 48,396,425 төгрөг гэж тодорхойлжээ.

Хэрэгт нэхэмжлэгч *******гийн төрсөн дүү бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон эгч нь *******даа туслах зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр худалдагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Занданбилэгтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч *******гийн зээлээр худалдан авч, төлбөрөө төлж байсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 72,560,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож,  2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч *******ын ХААН банк дахь эзэмшлийн данс руу 72,560,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн 71 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдох ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч ******* гуравдагч этгээд аас шилжүүлсэн 72,560,000 төгрөгөөс нэхэмжлэгч *******гийн төлөх үндсэн төлбөрийн үлдэгдэл, гэрээгээр тохиролцсон хүү, алдангийн хамт 47,060,000 төгрөгийг суутган авч, үлдэх 25,500,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 12, 18-ны өдрүүдэд “Сарнайд байрны зөрүүг дуусгав” гэсэн утгатайгаар буцаан шилжүүлсэн нь хэргийн 71,72 дугаар талд авагдсан ХААН банкны дипозит дансны хуулгаар нотлогдоно.

4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар худалдан авагч ******* гэрээгээр тохиролцсон үүргээ тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор  шударгаар гүйцэтгэх учиртай, гэрээний хугацаанд 31,324,400 төгрөг төлж, гэрээний хугацаа дуусахад 37,675,600 төгрөгийн үлдэгдэл төлбөр үлдсэн бөгөөд нэхэмжлэгч ******* 2020, 2021 онуудад төлсөн 10,474,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний 2,060,000 төгрөг нэхэмжлэлээр шаардсан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ******* Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг гэрээнд заасан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор гүйцэтгэх ёстой бөгөөд хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд биелүүлээгүй гэж үзнэ. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д болон талуудын хооронд хийгдсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар үүрэг гүйцэтгэгч ******* хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй байна.

5. Худалдагч ******* худалдан авагч *******гаас гэрээний 2 дугаар  зүйлийн 2.4-т зааснаар хэтрүүлсэн 648 хоногт 0.1 хувийн хүү тооцох ёстойгоос, 50 хувь бууруулж 0.47 хувиар хүү тооцож, хоногт 21.150 төгрөг төгрөгөөр тооцон 13.705.200 төгрөг авахаас 2020, 2021 онуудад төлсөн 10,474,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар 1,451,200 төгрөгийг хасаж, үлдэх 1,780,000 төгрөгийг аваагүй гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагч ******* нэхэмжлэгч *******гийн өөрийнх нь тодорхойлсон гэрээний хугацаа дуусах үеийн төлбөр 45,000,000 төгрөгөөс хугацаа хэтрүүлсний хүү тооцсоныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

6. Хариуцагч *******, гуравдагч этгээд нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсанаар нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ий харилцаа дуусгавар болж, худалдан авагч гэрээний үүргийн биелэлтийн талаар шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч ******* гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч *******ын анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хариуцагчийн тайлбар, гаргаж өгсөн тооцооллыг бүрэн авч хэлэлцээгүй, шүүхийн шийдвэрийн агуулга дутуу, алдаатай, тодорхой бус гарсан гэсэн давж заалдсан гомдол үндэслэл бүхий тул гомдлыг хангаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  05 дугаар сарын 25-ны өдрийн 832 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******аас 13,985,200 төгрөг гаргуулах тухай *******гийн үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч *******гаас 2.250.240 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184.370 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

       

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.БАЙГАЛМАА

                                                          ШҮҮГЧИД                                 Я.ТУУЛ

                                                               Л.АМАРСАНАА