Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 369

 

 Б.Ч, Б.Ч нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн

 Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч                      Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Х.Батсүрэн,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 тоот захирамжийн 1 дэх заалтын Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б.Х, Ж.О нарт газар өмчлүүлсэн хэсгийг /бүртгэл/-ийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0928 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 258 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.Ч, гуравдагч этгээд Б.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0928 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, 2. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 тоот захирамжийн 1 дэх заалтын Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, 3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Иргэн Б.Хгийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны 38А тоот 700 м.кв газрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г2203009067 дугаар бүртгэл, өмчлөх эрхийн 134046 тоот гэрчилгээ, уг газарт баригдсан 238.2 м.кв талбайтай хувийн орон сууцыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү2203029492 дугаарт бүртгэсэн бүртгэл, Иргэн Ж.Оийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны 38 тоот 129 м.кв газрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г2203009066 дугаар бүртгэл, өмчлөх эрхийн 134045 тоот гэрчилгээ, Иргэн Б.Х, Ж.О, Х.Тэлүүн нарын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны 38 тоот гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г2203002809 дугаар бүртгэл, өмчлөх эрхийн 00067333 тоот гэрчилгээ, Иргэн Б.Х, Ж.О, Х.Т нарын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 дугаар гудамжны 38 тоот газар дээрх 183.5 м.кв хувийн сууцыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г2203014755 дугаар бүртгэл, өмчлөх эрхийн 000212431 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 258 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 928 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 258 дугаартай магадлалыг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гардан авч танилцаад магадлалыг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

4. Нэг. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Цаашлаад маргаан бүхий актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчдийн зөрчигдсөн гэх эрх сэргэх үр дагаварт хүргэхээргүй байна гэж мөн л ойлгомжгүй дүгнэлт өгсөн нь давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

5. Учир нь гуравдагч этгээд Б.Х нь бусдыг хууран мэхлэх замаар маргаан бүхий захиргааны акт гаргуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон прокурорын тогтоолоор тогтоогдож байгаа бөгөөд анхан шатны шүүх эл баримтыг үндэслэл болгосон нь буруу биш юм. Цаашлаад Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт ил хууль бус байна, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах болсон гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус” байна гэж заасан байтал давж заалдах шатны шүүх уг заалтыг буруу хэрэглэсэн байна.

6. Хоёр. Маргаан бүхий актуудыг шүүх хүчингүй болгосон тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг давж заалдах шатны шүүх буруу тодорхойлсон. Маргааны бүхий актуудад хамаарах Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17-38 тоот хаягт байрлах газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамаарч байгаа бөгөөд орон сууцны барилга барих барилгын компанийн захирал С.Бын нэр дээр байгаа юм. Нэхэмжлэгч нарын зүгээс хууль бус маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулснаар тухай газрыг эзэмших эрх олж авах бус /газар эзэмшигч С.Бын эрхийг хөндөхгүй юм/ нөхөх олговортойгоор Сүхбаатар дүүргийн газрын албанд хүлээлгэн өгөх байсан юм. Өөрөөр хэлбэл тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Б.Х газрын нөхөх олговор авах бус нэхэмжлэгч нар нь нөхөх олговрыг авах учиртай байсан юм. Гэтэл дээрх хууль бус маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмшихтэй холбоотойгоор нөхөх олговор авах эрх зөрчигдөж байна.

7. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хууль бус актуудын улмаас ноцтой зөрчигдөж бусдад газраа алдсан болохыг анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа хэргийн бодит байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь бодитой үнэлж чадаагүйгээс хууль бус алдаатай магадлал гаргахад хүргэжээ.

8. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 258 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 928 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасантай нийцсэн байна.

10. Нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нар нь Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 08-ний өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 тоот захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б.Х, Ж.О нарт газар өмчлүүлсэн хэсэг /бүртгэл/-ийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

11. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 08-ний өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 тоот захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн, гэвч нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх, шүүхийн шийдвэрийг яаж биелүүлэх нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүхийн “...одоогийн нэхэмжлэлийн хүрээнд маргаан бүхий актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчдийн зөрчигдсөн гэх эрх сэргэх үр дагаварт хүргэхээргүй байна” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

12. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, маргаан бүхий газарт Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Хд 700 м.кв, Ж.От 129 м.кв газрыг тус тус өмчлүүлсэн байх боловч Б.Х, Ч.М /Ж.О газраа Ч.Мт худалдсан/ нар нь өмчлөлийн газраа 2014 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээ”-ний дагуу шилжүүлж, улмаар Б.Х, Ч.М нар нөхөх олговор авсан, одоо бодит байдал дээр гуравдагч этгээд Б.Х, Ж.О нарын өмчлөлд маргаан бүхий газар бүртгэлгүй, иргэн н.Бын эзэмшилд газар шилжсэн гэх үйл баримтууд тогтоогдсон.

13. Түүнчлэн, нэхэмжлэгч нарын гаргасан хяналтын гомдолд “...маргаан бүхий актуудад хамаарах Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17-38 тоот хаягт байрлах газар нь гэр хороололын дахин төлөвлөлтөнд хамаарч байгаа бөгөөд орон сууцны барилга барих барилгын компанийн захирал С.Бын нэр дээр байгаа юм. Нэхэмжлэгч нарын зүгээс хууль бус маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулсанаар тухайн газрыг эзэмших эрх олж авах бус /газар эзэмшигч С.Бын эрхийг хөндөхгүй юм/ нөхөх олговортойгоор Сүхбаатар дүүргийн газрын албанд хүлээлгэн өгөх байсан юм. Өөрөөр хэлбэл, тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Б.Х газрын нөхөх олговор авах бус, нэхэмжлэгч нар нь нөхөх олговрыг авах учиртай байсан юм. Гэтэл дээрх хууль бус маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмшихтэй холбоотойгоор нөхөх олговор авах эрх зөрчигдөж байна” гэжээ.  

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгахаар, 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар тус тус заасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч буй нь тодорхой тусгагдсан байхаар хуульчилсан, хэрэв нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус тохиолдолд шүүх түүнийг тодруулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай юм.

15. Мөн түүнчлэн, Нийслэлийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 554 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 495 дугаар тогтоолыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 261 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нарт газар эзэмшүүлсэн захиргааны актыг хүчингүй болгосон, тиймээс дээрх шүүхийн шийдвэрүүд хүчинтэй байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн прокурорын 2019 оны 21 дүгээр тогтоолд тус тус үндэслэн “…Б.Хг хууран мэхлэх замаар одоогийн маргаан бүхий захиргааны актыг гаргуулсан…” гэж шууд дүгнэх боломжгүй” талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

16. Иймд давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, түүнд холбогдох болон маргаан бүхий газрын одоогийн эзэмшигчийн талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулах гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан шийдэл зөв тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 258 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Ч.ТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА