Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 44

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийж******* д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ш*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Э*******, Я.Н******* нарт холбогдох 

“Татварын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*******, Н.Р*******, Б.Ж*******, хариуцагч Я.Н*******, Ж.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ш*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*******, Н.Р*******, Б.Ж******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Ш*******” ХХК-ийн 2010, 2011, 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э*******, Я.Н******* нар хяналт шалгалт хийж, 15,650,928,454.47 төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж 1,264,668,660.30 төгрөгийн нөхөн татвар, 379,400,598.10 төгрөгийн торгууль, 482,241,729.90 төгрөгийн алданги, нийт 2,126,310,988.30 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ******* тоот хууль, эрх зүйн үндэслэлгүй акт тогтоосон. Татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч тус Татварын маргаан таслах зөвлөл актыг хэвээр баталж, 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 15 тоот тогтоол гаргасан бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан манай гомдлыг тус зөвлөл 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хянан хэлэлцэж, актаар ногдуулсан төлбөрөөс 6,603,327,354.57 төгрөгийн зөрчилд ногдуулсан 333,434,856.99 төгрөгийн нөхөн татвар, 100,030,957.11 төгрөгийн торгууль, 124,652,463.34 төгрөгийн алданги, нийт 558,118,277.34 төгрөгийн төлбөрийг хасч, 9,047,601,099.90 төгрөгийн зөрчилд ногдуулсан 931,233,803.31 төгрөгийн нөхөн татвар, 279,369,640.99 төгрөгийн торгууль, 357,589,266.66 төгрөгийн алданги, нийт 1,568,192,710.96 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр үлдээж, 42 тоот тогтоол гаргасан.

Нэг. ******* тоот актын Зөрчлийн жагсаалтын 1, ногдуулсан төлбөрийн талаар: “2010 онд 8,067,016.0 төгрөг, 2011 онд 30,211,160.0 төгрөг, 2012 онд 29,377,000.0 төгрөгийн хоолны мөнгөнөөс татвар суутгахдаа нийгмийн даатгалын шимтгэлийг хассан дүнгээс татвар ногдуулсан...зөрчилд 676,551.80 төгрөгийн нөхөн татвар, 202,965.50 төгрөгийн торгууль, 199,562.20 төгрөгийн алданги ногдуулах” гэжээ.

“Ш*******” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлж, ажиллагсдадаа цалин, хөдөлмөрийн хөлс дээр нэмж хоолны зардал олгодог бөгөөд уг мөнгийг олгохдоо Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд “Нийгмийн даатгал ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого” 32.1 “Дараах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна”, 32.1.4 “Аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоолны зардал, түүнтэй адилтгах бусад орлого...” гэж заасны дагуу дээрх хоолны мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулан ажилчдаасаа суутган авч, (Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар) нийгмийн даатгалын сангийн холбогдох дансанд  тушаасан. 

Гэтэл татварын улсын байцаагч нар ажиллагсдад олгоогүй орлого буюу ажиллагсдаас суутгасан нийгмийн даатгалын шимтгэлийн дүнд (ажиллагсдад олгосон хоолны мөнгөнөөс суутгасан нийгмийн даатгалын шимтгэл болох 2010 оны 806,701.60 төгрөг, 2011 оны 3,021,116 төгрөг, 2012 оны 2,937,700 төгрөг, нийт 6,765,517.6 төгрөг) албан татвар ногдуулж Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд “8.1.Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараах орлогод албан татвар ногдуулна”, 8.1.1 “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого” 8.1.9 “шууд бус орлого...” гэж заасныг зөрчиж, хууль, эрх зүйн үндэслэлгүй акт тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татварын хууль тогтоомжоор татвар төлөгчийн олсон орлогод албан татвар ногдуулахаас бус хуулийн дагуу нийгмийн даатгалын санд төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлд албан татвар ногдуулах тухай хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд “Ш*******” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд “18.1 Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ...18.1.6 бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх...” гэж заасныг хэрэгжүүлж ажилласан.

Хоёр. ******* тоот актын Зөрчлийн жагсаалтын 2, ногдуулсан төлбөрийн талаар: 107,612,445.93 төгрөгийн нөхөн татвар, 32,283,733.80 төгрөгийн торгууль, 46,722,200.30 төгрөгийн алданги, нийт 186,618,380.03 төгрөгийн төлбөр ногдуулснаас Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 392,834,214.04 төгрөгийн зөрчилд ногдох 22,910,200.00 төгрөгийн нөхөн татвар, 6,873,059.96 төгрөгийн торгууль, 11,181,108.68 төгрөгийн алданги, нийт 40,964,368.64 төгрөгийн төлбөрийг хасч, 1,759,414,705.54 төгрөгийн зөрчилд ногдох 84,702,245,93 төгрөгийн нөхөн татвар, 25,410,673.84 төгрөгийн торгууль, 35,541,091.62 төгрөгийн алданги, нийт 145,654,011.39 төгрөгийн төлбөр төлүүлэхээр актын холбогдох хэсгийг өөрчлөн шийдвэрлэсэн бөгөөд уг төлбөрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. “Ш*******” ХХК нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчдөөс удирдлагын болон зөвлөх үйлчилгээ худалдан аваагүй, дээрх төлбөрийг төлөөгүй буюу шилжүүлээгүй, гадаадын аж ахуйн нэгжид орлого олгоогүй байхад татвар суутгаагүй гэж акт тогтоосон нь хууль, эрх зүйн үндэслэлгүй юм.

Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Канад Улсын “S” компани (2011 онд өөрчлөн байгуулагдсан бөгөөд одоогийн нэр “P”)-ийн хооронд байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу гэрээлэгчийн толгой компани “” компани, түүний охин компани Канад Улсад бүртгэлтэй “S” компаниудын газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд Канад Улс, БНХАУ болон бусад орны компаниудтай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн. Мөн “S”, “” компани дээрх үйл ажиллагаатай холбоотой төлбөрийг тухайн ажлын гүйцэтгэгч компанид төлсөн болно.

Өөрөөр хэлбэл, гадаад улсын компаниуд хоорондоо гэрээ байгуулан ажил гүйцэтгэж, төлбөрөө хоорондоо шилжүүлсэн байхад төлбөрийг шилжүүлээгүй, орлого олгоогүй Монгол Улсад бүртгэлтэй “Ш*******” ХХК нь албан татварыг суутган авч, төсөвт төлөх боломжгүй бөгөөд татварын улсын байцаагч нар татвар, торгууль, алданги төлүүлэхээр тус компанид акт тогтоосон нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд “18.1 Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ...18.1.6 бусдад...шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх...”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “4.1.6 “суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг…” гэж заасныг зөрчсөн байна.

“Ш*******” ХХК нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчдөд удирдлагын зардал, зөвлөх үйлчилгээний төлбөрийг шилжүүлсэн санхүүгийн анхан шатны баримт огт байхгүй юм. Мөн гадаадын компаниудын хооронд хийгдсэн үйл ажиллагааны төлбөр тооцоо нь Канад Улсын “S”, “” компаниудын санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдох бөгөөд татварын улсын байцаагч нар дээрх төлбөр тооцоо нь “Ш*******” ХХК-ийн албан татвар ногдох орлогоос хасагдах зардал болно гэж дүгнэж байгаа нь хууль, эрх зүйн үндэслэлгүй, Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд “ Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт 15.1 Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй, 15.1.2 албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал…” гэж заасныг зөрчиж байна. 

Мөн Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль (2001 он)-ийн 2 дугаар бүлэг Нягтлан бодох бүртгэл хөтлөлт, 7 дугаар зүйлийн 7.1 Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно...7.4 Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ...7.5 Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно...7.7.Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж заасан тул бусад хуулийн этгээдийн, тухайлбал гадаадын аж ахуйн нэгж болох Канад Улсын “S”, “” компаниудын бусад этгээдтэй байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгүүлсэн ажлын төлбөртэй холбоотой зардлын санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн “Ш*******” ХХК өөрийн үйл ажиллагааны зардалд тооцохгүй гэж үзэж байна.

 “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний 4 дүгэр зүйлд зардал “Гэрээнд өөрөөр заагааүй бол газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүх зардлыг гэрээлэгч хариуцна. Гэрээлэгч нь газрын тосыг үр ашигтай олборлож эхэлсэн нөхцөлд 8.3 дугаар зүйлд заасны дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулсан зардлаа нөхөж авах эрхтэй. Гэрээнд оролцогч аль ч тал үр ашигтай нээлт болно гэсэн баталгаа гаргахгүй бөгөөд Гэрээлэгч нь энэхүү Гэрээний дагуу зарцуулсан аливаа зардлыг нөхөж авна гэсэн баталгаа байхгүй болно”, 8 дугаар зүйл Бүтээгдэхүүн хуваалт 8.3 “Гэрээлэгч энэхүү 8.3 дугаар зүйлд заасны дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад зарцуулсан өртөг, зардлаа нөхөж авах зорилгоор хуанлийн сар тутам гэрээт түүхий тосноос тодорхой хэмжээг авч ашиглах эрхтэй (үүнийг өртөгт тос гэнэ). Гэрээлэгчийн авч ашиглах эрхтэй нийт өртөгт тосны хэмжээ нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гэрээлэгчийн газрын тостой холбогдсон үйл ажиллагааны зардлуудын нийлбэртэй...тэнцүү байна...” гэж заасан. 

“Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дээрх заалтуудын дагуу, гэрээлэгч Канад Улсын “P” компани болон өөрийн толгой, зэргэлдээ компаниудаараа дамжуулан газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад гаргасан зардал буюу хөрөнгө оруулалтаа олборлосон түүхий тосоор тооцож авахаар гэрээнд заасан тул Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яам, Газрын тосны газар зэрэг төрийн холбогдох байгууллагуудын мэргэжилтэн, ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг Гэрээлэгчийн гаргасан зардал буюу хөрөнгө оруулалтын дүнг (гэрээлэгчийн буцаан авах түүхий тосны дүн) жил бүр шалгаж баталгаажуулсан байна.

Канад Улсын “P” компани болон өөрийн толгой, зэргэлдээ компаниудын гаргасан хөрөнгө оруулалт, зардлуудыг (ажлын хэсгийн баталгаажуулсан гэрээлэгчийн буцаан авах түүхий тосны дүн) “Ш*******” ХХК албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэж татварын улсын байцаагч нар тайлбарлаж байгаа нь хууль, эрх зүйн үндэслэлгүй юм. 

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд “3.2....татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна...” гэж заасан.

Яам, агентлаг зэрэг төрийн байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн шалгалтаар татвар төлөгчийн татвар ногдох орлого, зардал, татварын ногдлыг тогтоодог бус татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлсон эсэхийг Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд “47.1 Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана” гэж заасны дагуу хянан шалгаж тогтоодог.

2. Монгол Улсад Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-ийн б, в, д дэх заалтыг үндэслэж татвар ногдуулж, акт тогтоосон нь хууль, эрх зүйн үндэслэлгүй юм.

2.1 Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дугаарт “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан тул татварын улсын байцаагч хуулийг буруу хэрэглэж тогтоосон актын ногдуулсан төлбөрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

2.2. Монгол Улсын Засгийн газар, Канад Улс, БНХАУ-ын Засгийн газруудтай байгуулсан Давхар татварын гэрээнүүдийн 7 дугаар зүйлд “Аж ахуйн үйл ажиллагааны ашиг 7.1 Хэлэлцэн тохирогч Улсын аж ахуйн нэгж нь Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын нутагт төлөөлөгчийн газраар дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй тохиолдолд Хэлэлцэн тохирогч Улсад татвар ногдуулна...” гэж Канад Улс, БНХАУ-д бүртгэлтэй компаниуд тухайн улсдаа татвараа төлөхөөр заасан тул Монгол Улсын хуулийн этгээд “Ш*******” ХХК албан татвар суутгаж төлөх үүрэггүй.

Гурав. ******* тоот актын Зөрчлийн жагсаалтын 3, ногдуулсан төлбөрийн талаар: 9,473,663.09 төгрөгийн нөхөн татвар, 2,842,098.93 төгрөгийн торгууль, 1,424,838.90 төгрөгийн алданги, нийт 13,740,600.92 төгрөгийн төлбөр ногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. “Ш*******” ХХК нь 2010-2012 онд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгийн санхүүжилтыг Канад Улсад бүртгэлтэй “” компаний охин компаниудаас авсан бөгөөд уг санхүүжилттэй холбоотой 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 22,719.00 ам.доллар буюу 30,003,947.40 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 31-ниы өдөр 23,733.00 ам.доллар буюу 32,012,019.70 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 23,726.00 ам.доллар буюу 32,720,763.80 төгрөг, нийт 70,178.00 ам.доллар буюу 94,736,730.90 төгрөгийн хүү төлөхөөр тооцож, өр үүсгэж нягтлан бодох бүртгэлдээ бүртгэсэн. 

Тус компани 2010-2012 онд зөвхөн газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулсан, харин олборлолт хийгээгүй буюу орлого олоогүй, дээрх тооцсон хүүг төлөх санхүүгийн эх үүсвэргүй тул өр төлбөрөөр бүртгэгдсэн бөгөөд “Ш*******” ХХК нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид хүүгийн  төлбөрийг шилжүүлсэн санхүүгийн анхан шатны баримт огт байхгүй. 

Гэтэл татварын улсын байцаагч нар хүүг төлөөгүй, шилжүүлээгүй, орлого олгоогүй байхад “хүүгийн орлого шилжүүлэхдээ татвар суутгаагүй” гэж акт тогтоосон нь хууль, эрх зүйн үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: “18.1 Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ...18.1.6 бусдад...шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх...”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “4.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

2. Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны зөрчиж, Канад Улстай байгуулсан Давхар татварын гэрээг бус, Монгол Улсын татварын хуулийг үндэслэж, хууль буруу хэрэглэж акт тогтоосон байна. Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт  “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан тул татварын улсын байцаагч хуулийг буруу хэрэглэж тогтоосон актын ногдуулсан төлбөрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Дөрөв. ******* тоот актын Зөрчлийн жагсаалтын 5, ногдуулсан төлбөрийн талаар: Татварын улсын байцаагч нар 371,512,787.90 төгрөгийн нөхөн татвар, 111,453,836.40 төгрөгийн торгууль, 127,138,631.80 төгрөгийн алданги, нийт 610,105,256.10 төгрөгийн төлбөр ногдуулснаас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2,476,037,675.80 төгрөгийн зөрчилд ногдох 123,801,883.79 төгрөгийн нөхөн татвар, 37,141,065.15 төгрөгийн торгууль, 42,367,322.56 төгрөгийн алданги, нийт 203,310,271.50 төгрөгийн төлбөрийг хасч, 247,710,904.09 төгрөгийн нөхөн татвар, 74,312,77.25 төгрөгийн торгууль, 84,771,309.24 төгрөгийн алданги, нийт 406,794,984.58 төгрөгийн төлбөр төлүүлэхээр актын холбогдох хэсгийг өөрчлөн шийдвэрлэсэн бөгөөд уг төлбөрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. “Ш*******” ХХК нь Монгол Улсад байрладаггүй татвар төлөгч гадаадын мэргэжилтэнд цалин хөдөлмөрийн хөлс олгоогүй, төлбөр шилжүүлээгүй байхад татвар суутгаагүй гэж акт тогтоосон нь хууль, эрх зүйн үндэслэлгүй юм.

Канад Улсад бүртгэлтэй “S” компани газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд өөрийн компаний ажилтнуудыг ажиллуулж цалин хөлсийг олгосон, мөн газрын тосны чиглэлээр мэргэшсэн Канад Улс, БНХАУ-ын мэргэжилтнүүдийг “S” компани гэрээгээр ажиллуулж, “S” компани цалин хөлсийг олгосон. 

Гадаад улсын компани өөрийн компаний ажилтнуудыг ажиллуулан цалин хөлсийг олгосон, зарим мэргэжилтнүүдийг гэрээгээр ажиллуулан цалин хөлсийг олгосон байхад цалин хөлс олгоогүй, орлого олгоогүй “Ш*******” ХХК нь албан татварыг суутган авч, төсөвт төлөх боломжгүй бөгөөд татварын улсын байцаагч нар нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр тус компанид акт тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд “18.1 Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ...18.1.6 бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх...”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.1.4 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. 

2. Монгол Улсад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2 дах заалтыг үндэслэж татвар ногдуулж, акт тогтоосон нь хууль, эрх зүйн үндэслэлгүй юм.

2.1 Татварын улсын байцаагч нарын үзсэнээр “Ш*******” ХХК нь Монгол Улсад байрладаггүй гадаадын мэргэжилтэнд цалин хөлс олгож, татвар суутгаагүй гэж тус компанид албан татвар ногдуулах бол Монгол Улсад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн үндэслэх бус, “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенц”, “Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг зүйл, заалтыг үндэслэж шийдвэрлэх ёстой. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, Давхар татварын гэрээг бус, Монгол Улсын татварын хуулийг үндэслэж, хууль буруу хэрэглэж акт тогтоосон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан тул татварын улсын байцаагч хуулийг буруу хэрэглэж тогтоосон актын ногдуулсан төлбөрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

2.2. Монгол Улсын Засгийн газар, Канад Улс, БНХАУ-ын Засгийн газруудтай байгуулсан Давхар татварын гэрээнүүдийн 14 дүгээр зүйлд “Бие даасан хувийн үйлчилгээ, 14.1 Хэлэлцэн тохирогч Улсад байнга оршин суугчийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн, эсвэл бие даасан шинжтэй бусад үйл ажиллагаа эрхлэн олсон орлогод зөвхөн Хэлэлцэн тохирогч Улсад татвар ногдуулж болно...” гэж Канад Улс, БНХАУ-ын байнга оршин суугч тухайн улсдаа татвараа төлөхөөр заасан тул Монгол Улсын хуулийн этгээд “Ш*******” ХХК албан татвар суутгаж төлөх үүрэггүй. 

Тав. ******* тоот актын Зөрчлийн жагсаалтын 6, ногдуулсан төлбөрийн талаар: 588,670,438.40 төгрөгийн нөхөн татвар, 176,601,131.50 төгрөгийн торгууль, 235,652,464.70 төгрөгийн алданги, нийт 1,000,924,034.60 төгрөгийн төлбөр төлбөр ногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зөрчлийн жагсаалтын 2-т дурдсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид удирдлагын зардал болон зөвлөх үйлчилгээний төлбөр шилжүүлэхдээ татвар суутгаагүй 2010, 2011, 2012 оны нийт дүн 2,152,248,919.58 төгрөг дээр Зөрчлийн жагсаалтын 4-т дурдсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид өрөмдлөгийн төлбөрийг шилжүүлэхдээ татвар суутгаагүй 2011 оны дүн 3,734,455,464.73 төгрөгийг нэмж, нийт 5,886,704,384.31 төгрөгийн дүнгээс  нөхөн татвар, торгууль, алданги тооцож ногдуулсан байна.

1. “Ш*******” ХХК нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчдөөс удирдлагын болон зөвлөх үйлчилгээ худалдан аваагүй, дээрх төлбөрийг төлөөгүй буюу шилжүүлээгүй, гадаадын аж ахуйн нэгжид орлого олгоогүй байхад нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж авч төсөвт төлөөгүй  гэж акт тогтоосон нь хууль, эрх зүйн үндэслэлгүй юм.

Канад Улсад бүртгэлтэй “S”, “” компаниуд газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд Канад Улс, БНХАУ болон бусад орны компаниудтай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн. Мөн “S”, “” компани дээрх үйл ажиллагаатай холбоотой төлбөрийг тухайн ажлын гүйцэтгэгч компанид төлсөн бөгөөд “Ш*******” ХХК нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчдөд удирдлагын зардал, зөвлөх үйлчилгээний төлбөрийг шилжүүлсэн санхүүгийн анхан шатны баримт огт байхгүй. 

Гадаад улсын компаниуд хоорондоо гэрээ байгуулан ажил гүйцэтгэж, төлбөрөө хоорондоо шилжүүлсэн байхад ажил үйлчилгээг худалдан аваагүй, төлбөрийг шилжүүлээгүй, Монгол Улсад бүртгэлтэй “Ш*******” ХХК-д албан татвар ногдуулж, акт тогтоосон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд 3.1 “Иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ...”, 16 дугаар зүйлд 16.1.2 “Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж  авч төсөвт төлөх...” гэж заасныг зөрчсөн байна.

2. Маргаан бүхий актын зөрчлийн жагсаалтын 6-д дурдсан өрөмдлөгийн үйл ажиллагааны 3,734,455,464.73 төгрөгийн зөрчлийн хувьд, уг ажлыг “Ш*******” ХХК нь БНХАУ-д бүртгэлтэй, БНХАУ-ын байнгын оршин суугч этгээд “DQE International” компанитай “Эргэлтэт өрмийн ажлын гэрээ” байгуулж, “DQE International” компани 2011, 2012 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт өрөмдлөгийн үйл ажиллагаа гүйцэтгүүлж, төлбөрийг мөн “Ш*******” ХХК төлсөн. 

2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, дэд захирал О.Оюумаагийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан “Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу 18 сараас дээш хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын хуулийн этгээд “Төлөөлөгчийн газар”-ыг бүртгүүлэх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 “Монгол Улсын нутаг дэвсгэрт  борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил,  үйлчилгээний  борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн  гадаадын хуулийн этгээдийн төлөөний  газарт  энэ зүйлийн  5.1 дэх заалт нэгэн адил үйлчилнэ.” гэж заасны дагуу “Төлөөлөгчийн газар” нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, албан татварын тооцоо хийх үүргээ биелүүлээгүй, Татварын алба түүнд хяналт тавьж ажиллаагүй зэргээс “Төлөөлөгчийн газар”-ын албан татвар төлөх үүргийг “Ш*******” ХХК-д хариуцуулж, акт тогтоосон нь хууль, эрх зүйн үндэслэлгүй талаар гаргасан нэхэмжлэлийн агуулга үндэслэлтэй гэж үзэж байна.   

2.2 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална...” гэж заасны дагуу Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар батлагдаж, Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн 3099 дугаарт бүртгэгдсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 6 дугаар зүйлийн 6.3-т “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.3.5, 7.4.9, 14.1.4-д заасан худалдан авалтаас бусад худалдан авалтанд НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн борлуулагчийн бичсэн НӨАТ-ын падаангүй бол хасалт хийхгүй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хуулийн этгээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9 заасан үйлчилгээг оршин суугч бус этгээдээс худалдан авахдаа энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дугаарт заасаны дагуу албан татварыг нэмж авч, мөн энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дугаарт заасны дагуу хасалт хийгдэхээр хуулийн зохицуулалттай тул “Ш*******” ХХК-д нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж акт тогтоосон нь үндэслэлгүй байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр татварын улсын байцаагчийн ******* тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү “гэжээ. 

Хариуцагч Ж.Э*******, Я.Н*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн татварын байцаагч Ж.Э*******, Я.Н******* нар нь “Ш*******” ХХК-ийн 2010-2012 онуудын татвар ногдуулалт төлөлтөнд хяналт шалгалт хийж, ******* тоот актаар 2,126,310,988.3 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.

Тус татвар төлөгч нь татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч 2014  оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасныг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/22 тоот тогтоолоор 250007041 тоот татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталсан.

Гааль, Татварын ерөнхий Газрын дэргэхэд Маргаан таслах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 42 тоот тогтоолоор 250007041 тоот татварын улсын байцаагчийн актанд өөрчлөлт оруулж баталсныг хүлээн зөвшөөрөөгүй Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлд “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг мэдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг тайлагнах” гэж заасны дагуу сайн дураараа татвар ногдох орлого, бусад татвар ногдох зүйлийг мэдүүлэх, тайлагнахыг зааснаас өршөөлд хамруулах тухай тус хуульд заагаагүй байна. 

Нөгөө талаас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй”, мөн хуулийг хэрэгжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 1-д “Энэ журамд хэрэглэсэн нэр томьёог  дор дурдсан утгаар ойлгоно”, 2.1.1 “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүулэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” гэж заасан тул тус компанийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг тайлагнахгүй гэж тодорхойлжээ.

Татварын Ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлийн 42 тоот тогтоолын үндэслэх хэсгийн 3-д “Тус Ш******* ХХК нь Канад болон БНХАУ-ын оршин суугч бс компаниуд руу 2010 онд 1,180,186,400.0 төгрөгийн, 2011 онд 4,594,492,800.0 төгрөгийн, 2012 онд 112,025,200.0 төгрөгийн, нийт 5,886,704,400.0 төгрөгийн ажил, үйлчилгээний төлбөрийг шилжүүлсэн нь дансны хуулга болон санхүүгийн  баримтууд тогтоогдож байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9, 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтаар 588,670,438.4 төгрөгийн нөхөн татвар, 176,601,131.5 төгрөгийн торгууль, 235,652,464.7 төгрөгийн алданги, нийт 1,000,924,034.6 төгрөгийн төлбөр ногдуулсныг үндэслэлтэй” гэж бүрэлдэхүүн дүгнэсэнтэй санал нэг байна. Нөгөө талаар энэ ажил, үйлчилгээ Монголын нутаг дэвсгэрт явагдсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг үндэслэн акт тогтоосон болохоос биш гомдолд дурдсан Давхар татварын гэрээ хамаагүй болно.

Маргаан бүхий акт, маргаан таслах зөвлөлийн тогтоол нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамаарагдахгүй бөгөөд энэ хуулийн энэ хуулийн дагуу гагцхүү сайн дураараа тайлагнасан, мэдүүлсэн, бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэх бөгөөд хяналт шалгалтаар тогтоогдсон тохиолдолд энэ хуульд хамрагдахгүй болно.

Актаар илэрсэн зөрчлийн 1-д заасан зөрчил нь 2010-2012 онуудад нийт 67,655,176,0 төгрөгийн унаа хоолны мөнгөнөөс татвар суутгахдаа нийгмийн даатгалын шимтгэл хассан дүнгээс тооцсон нь ХХОАТ-ын хуулийн 15.1, 22.1, 23.1 дэх заалтуудыг зөрчсөн тул хууль үндэслэлтэй гэж үзэж байна.

Актаар илэрсэн зөрчлийн 2-д заасан зөрчил нь Монгол улсад байрладаггүй  албан татвар төлөгчид 2010-2012 онд 2,152,248,919.58 төгрөгийн удирдлагын болон зөвлөх үйлчилгээ, 2012 онд 94,736,630.9 төгрөгийн хүүгийн орлого, 2011 онд 3,734,455,464.7 төгрөгийн өрөмдлөгийн төлбөр шилжүүлэхдээ татвар суутгаагүй зөрчил нь Аж нэгжийн орлогын албан татварын хуулийн 17 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 9-д заасан заалтыг зөрчсөн.

Гэтэл Маргаан таслах зөвлөлийн 42 дугаар тогтоолын “Үндэслэх” хэсгийн 1-д БНХАУ-ын байнгын оршии суугч “DQE international” компанитай "Эргэлтэт өрмийн ажлын” гэрээ байгуулж, уг ажил 2011 онд хийгдсэн бөгөөд нийт 4,127,289,678.7 төгрөгийн төлбөрийг ХААН банкинд дах 5007253903 дугаартай долларын данснаас “DQE international” компанийн 41287592318814 дугаартай дансанд 7 удаагийн үйлдлээр шилжүүлсэн. Тус ажлыг гүйцэтгэсэн компани нь БНХАУ-ын байнгын оршин суугч бөгөөд байнга оршин суугчийн гэрчилгээг ирүүлсэн гээд үүнд оногдох 354,808,005.8 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан хуульд нийцээгүй байна. Учир нь 250007041тоот актын зөрчлийн 2-д 2011 онд 3,734,455,464.7 төгрөгийн өрөмдлөгийн төлбөр шилжүүлэхдээ татвар суутгаагүй гэж зөрчил тооцсон болохоос 4,127,289,678.7 төгрөгийн зөрчилд хариуцлага тооцоогүй байна. Иймд маргаан таслах зөвлөлийн тогтоолд хүчингүй болгосон зөрчлийн дүн нь актын хариуцлага тооцсон зөрчлөөс зөрүүтэй, мөн хүүгийн орлого, удирдлагын зардлыг ямар баримт болон хуулийн заалт үндэслэж шийдвэрлэсэн тодорхойгүй тул уг тогтоолыг хуульд нийцээгүй гэж үзэж байна. “Ш*******” ХХК-ийн санхүүгийн тайлан болон татварын тайланд тусгагдсан удирдлагын болон зөвлөх үйлчилгээ, хүүгийн төлбөр төлсөн үйлчилгээ, өрөмдлөгийн үйлчилгээ нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр газрын тосны хайгуул хийхтэй холбогдон гарсан үйлчилгээ бөгөөд тус компани нь тайлан бланс дээрээ тусгаж, зардалд тусгасан дүнгүүд болно. 

Мөн тус компанийн хөрөнгө оруулалтанд Газрын тосны газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Гаалийн Ерөнхий газар, Сангийн Яам, Тагнуулын Ерөнхий газар, Татварын Ерөнхий газрын байцаагч, мэргэжилтэн, газрын дарга, ажилтан нараас бүрдсэн ажлын хэсэг томилогдон ажиллаж, жил бүрийн хөрөнгө оруулалтанд санхүүгийн шалгалт хийж, өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулдаг болно. Тус шалгалтаар 2010, 2011, 2012 онуудын шалгалтын дүгнэлтэнд эдгээр зардлыг баталгаажуулсан болно.

 “Ш*******” ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу шалгалтаар баталгаажуулсан өртөг нөхөх зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон. Иймд эдгээр зардал нь Монгол улсад гарсан зардал болно.

Тус компани нь Канад улсын хөрөнгө оруулалттай компани юм. Тиймээс энэ компанийн ийн үйл ажилагаанд Канад улстай байгуулсан давхар татварын гэрээг авч үзэхээр Хятад улстай байгуулсан гэрээг авч үзэхгүй юм. Мөн нөгөө талаар давхар татварын гэрээнд “төлөөлөгчийн газрын тодорхойлолтонд” зөвхөн барилгын үйл ажиллагаанд хугацаа зааж өгдөг болно.

Актаар илэрсэн зөрчлийн 3-д Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчид 2010-2012 онуудад нийт 3,715,127,878.95 төгрөгийн гадаад мэргэжилтний цалин хөдөлмөрийн хөлснөөс татвар суутгаагүй нь ХХОАТ-ын хуулийн 4.1.4, 7.1, 9.1.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй юм. 

Гэтэл Маргаан таслах зөвлөлийн 42 дугаар тоггоолын 2-д тус зөрчилд оногдох 203,310,271.5 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна. Учир нь 250007041 тоот актын зөрчлийн 2-д 3,715,127,878.9 төгрөгийн гадаад мэргэжилтний цалинг шилжүүлэхдээ татвар суутгаагүй гэж зөрчил тооцсон болохоос 2,476,037,675.8 төгрөгийн зөрчилд хариуцлага тооцоогүй байна. Иймд маргаан таслах зөвлөлийн тогтоолд хүчингүй болгосон зөрчил акт тогтоосон зөрчлөөс зөрүүтэй байх тул уг тогтоолыг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Тус компани нь мэргэжилтэнд олгосон цалин хөлсийг нягтлан бодох бүртгэлийн журналын 72100 гэсэн кодтой дансанд хуримтлуулан бүртгэдэг. Бид энэ дансанд хуримтлуулан бүртгэсэн дүнг он, оноор нэгтгэж авсан болно. Манай улсын нутаг дэвсгэр дээр газрын тосны хайгуул хийх ажил үйлчилгээтэй холбогдон гарсан мэргэжилтний цалин тул “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын засгийн газар, Канад улсын засгийн  газар хоорондын конвенц”-ийн 15 дугаар зүйлд зааснаар эх үүсвэр улсад татвар ногдуулна гэж заасныг үндэслэн татвар ногдуулсан болно.

“Ш*******” ХХК өөрийн толгой компани болох “” компаниас үйл ажиллагаа явуулахын тулд мөнгө авсан бөгөөд хүүгийн төлбөрийг тайлан блансандаа өр төлбөр бүртгэсэн. Уг зээлсэн мөнгөний хүүг толгой компанид шилжүүлээгүй байсан. 

Актаар илэрсэн зөрчлийн 4-д Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчид өрөмдлөгийн болон зөвлөх үйлчилгээний төлбөрийг шилжүүлэхдээ НӨАТ-ыг нэмж авч төсөвт төлөөгүй гэж НӨАТ-ын хуулийн 7.4.9, 16.1.2 заалтуудыг зөрчсөн тул захиргааны хариуцлага тооцсон.

Маргаан таслах зөвлөлийн 42 дугаар тогтоолын Үндэслэх хэсгийн 3-д акт тогтоох нь хууль зүйн гэж дүгнэсэн байна.

“Ш*******” ХХК-ийн санхүүгийн тайлан болон татварын тайланд тусгагдсан удирдлагын болон зөвлөх үйлчилгээ нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр газрын тосны хайгуул хийхтэй холбогдон гарсан үйлчилгээ мөн гэдгийг татвар төлөгч өөрөө батлан, компанийн тайлан бланс дээрээ зардалд тусгасан. Мөн энэ зардлыг ажлын хэсэг томилогдон баталгаажуулсан. Зөвлөх болон удирдлагын үйлчилгээ үзүүлэхдээ заавал Монгол улсад хүн ирж ажилласнаар Монгол улсад үзүүлсэн үйлчилгээ, гүйцэтгэсэн ажил гэж үзэхгүй бөгөөд одоогийн даяарчлагдаж байгаа нийгэмд бизнесийг янз бүрийн хэлбэрээр хийж байгаагийн нэг илэрхийлэл бол дэлхийн хаанаас ч, ямар ч хэлбэрээр зөвлөгөө өгөх, удирдлагын үйл ажиллагаагаар хангах юм. Гагцхүү энэхүү гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ нь нягтлан бодох бүртгэлээр мөнгөөр илэрхийлэгдэн, нэг талд зардал, нөгөө талд орлого болж тусгагдах ёстой. Иймд тус компани нь зардалдаа тусгасан бөгөөд Монгол улсад оршин суугч бус этгээдийн Монгол улсаас эх үүсвэртэй орлого тул НӨАТ-ын хуулийн  7.4.9, 16.1.2 заалтыг үндэслэн НӨАТ-ыг нэмж авч, төсөвт төлөх үүрэгтэй юм. 

“Ш*******” ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийсэн бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, мөн зүйлийн 2-д Монгол улсад байрладаггүй хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлгээний үнийн дүн 10,0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9-д "Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх” гэсэн хуулийн заалтуудын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх нь зайлшгүй бөгөөд ногдох уг татварыг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д “Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол улсад байрладагтүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх” гэж заасны дагуу тус компани суутган авч, хуулиар оноосон үүргийнхээ дагуу татвараа төлөх нь зайлшгүй юм. Нэмж дурдахад 2014 оны 06 сарын 16-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 127 тогтоолд оршин суугч бус этгээд нь Монгол улсын хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж авч төсөвт төлөх нь зүйтэй байна гэж магадласан байна. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна” гэж заасан тул актаар тогтоосон төлбөрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд “Ш*******” ХХК-ийн 2010-2012 онуудын татвар ногдуулалт төлөвлөнд хяналт шалгалт хийж, ******* тоот актаар 2,126,310,988.3 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ш*******” ХХК нь Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч нарын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр актыг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Дээрх улсын байцаагчийн дүгнэлт нь Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолоор зөрчил болон төлбөрийн дүнг багасгаж, 250007041 улсын байцаагчийн актаар 15,650,928,454.47 төгрөгийн зөрчилд 1,264,668,660.30 төгрөгийн нөхөн татвар, 379,400,598.10 төгрөгийн торгууль, 482,241,729.90 төгрөгийн алданги, нийт 2,126,310,988.30 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулснаас 6,603,327,354.57 төгрөгийн зөрчилд ногдох 333,434,856.99 төгрөгийн нөхөн татвар, 100,030,957.11 төгрөгийн торгууль, 124,652,463.24 төгрөгийн алданги, нийт 558,118,277.34 төгрөгийн төлбөрийг хасч, 9,047,601,099.90 төгрөгийн зөрчилд  ногдуулсан 931,233,803.31 төгрөгийн нөхөн татвар, 279,369,640.99 төгрөгийн торгууль, 357,589,266.66 алданги, нийт 1,568,192,710.96 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ . 

Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч нар “Ш*******” ХХК-ийн 2010-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх томилолтын  дагуу төлөвлөгөөт шалгалтыг Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд  хийж гүйцэтгэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчдөөс татварын улсын байцаагчийн тавьсан актаар ногдуулсан зөрчил, татвар, торгууль, алдангийн дүнгийн талаар маргаагүй бөгөөд гагцхүү хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсоныг зөрчил тус бүрээр доорх хууль зүйн үндэслэлээр шийдвэрлэлээ. Үүнд:

Нэг. Хоолны мөнгөнөөс татвар суутгахдаа нийгмийн даатгал хассан дүнгээс татвар суутгасан зөрчлийн тухайд: 

“Ш*******” ХХК 2010-2012 онуудад ажилчдын хоолны мөнгөнөөс татвар суутгахдаа нийгмийн даатгалын шимтгэлийг хассан дүнгээс татвар ногдуулсан 67,655,176.0 төгрөгийн зөрчилд 676,558.8 төгрөгийн нөхөн татвар, 202,965.5 төгрөгийн торгууль, 199,562.2 төгрөгийн алданги ногдуулжээ. 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна:”, 15.1.3.бэлнээр олгосон хоолны мөнгө...;” 22 дугаар зүйлийн 22.1 “Дор дурдсан орлогод ногдуулах албан татварыг дараахь байдлаар тодорхойлно:” 22.1.4.”шууд бус орлогод ногдуулах албан татварыг тухайн орлогын дүнгээр.” 23 дугаар зүйлийн 23.1 “Энэ хуулийн 17-19 дүгээр зүйл, 20.1.2-20.1.5, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна.” гэж зааснаас үзвэл хоолны мөнгөнөөс 10 хувийг тооцож төсөвт төлөхөөр байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 “Дараахь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна:”  4/аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого.” гэж зааснаар нийгмийн даатгал төлсөн дүнгээс хувь хүний орлогын албан татвар төлсөн тул хууль зөрчөөгүй гэж тайлбар өгчээ. 

Хоолны мөнгөнөөс нийгмийн даатгал суутгах бөгөөд харин нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараа хувь хүний орлогын албан татварыг суутгах эсэх асуудлаар маргаж байх бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 “Цалин хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлогод албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно:”, 17.1.1.энэ хуулийн 11.1.1, 11.1.6-д заасан орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр;” гэж заасан байх бөгөөд 11.1.1, 11.1.6-д унаа, хоолны мөнгө ороогүй, уг орлогыг шууд бус орлогод  хамааруулж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт зааснаар орлогын дүнгээр тооцож татвар ногдуулах тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Хоёр. Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчид удирдлагын зардал болон зөвлөх үйлчилгээний төлбөрийг шилжүүлэхдээ татвар суутгаагүй зөрчлийн тухайд:

Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан зөрчлийн дүнгээс 2011 онд хамаарах 392,834,214.04 төгрөгийн зөрчилд холбогдох төлбөрийг Татварын маргаан таслах зөвлөл хүчингүй болгосон бөгөөд  одоо 2010-2012 онд 1,759,414,704.59 төгрөгийн зөрчилд 84,702,245.93 төгрөгийн нөхөн татвар, 25,410,673.84 төгрөгийн торгууль, 35,541,091.62 төгрөгийн алданги ногдуулсанд маргаж байна. 

Канад улсын “Ш******* ресурсес ЛТД” компани, уг компани өөрчлөгдөж одоо “Панэйшиан Энержи ЛТД” компани нэртэй болсон бөгөөд уг компани нь “Ш*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч компани байна .

Татварын улсын байцаагч нь “Ш*******” ХХК-ийн санхүүгийн тайлан болон англи хэл дээрх баримт, журналын бичилтийг үндэслэн зарлага, өр төлбөрөөр бүртгэсэн санхүүгийн тайланг  үндэслэн акт тавьжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас уг гүйлгээ нь “Ш*******” ХХК-д хамааралгүй, төлбөрийг “Ш*******” ХХК төлөөгүй, төлсөн талаарх санхүүгийн анхан шатны баримт байхгүй, гадаадын 2 өөр компанийн хооронд хийгдсэн гүйлгээ тул манай компанид акт ногдуулсан нь үндэслэлгүй, хэрэв компани зарлагадаа буруу бүртгэсэн бол татварын улсын байцаагч нар зөвтгүүлэх байсан гэж маргаж байна. 

“Ш*******” ХХК-ийг үүсгэн байгуулсан Канад улсын “Ш******* ресурсес ЛТД” компани Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газартай “Нялга-XVI” гэрээт талбайн талаар бүтээгдэхүүн хуваах гэрээг 2007 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр байгуулжээ . 

Уг гэрээгээр гэрээлэгч гэх Канад улсын “Ш******* ресурсес ЛТД” компани гэрээт талбайд газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулах онцгой эрхийг эдэлж, гэрээний 8.3-т зааснаар газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад зарцуулсан өртөг, зардлаа нөхөж авах зорилгоор хуанлийн сар тутам гэрээт түүхий тосноос тодорхой хэмжээг авч ашиглах эрхтэй байх бөгөөд үүнийг өртөгт тос гэдэг байна. Гэрээлэгчийн авч ашиглах эрхтэй нийт өртөгт тосны хэмжээ нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гэрээлэгчийн газрын тостой холбогдсон үйл ажиллагааны зардлуудын нийлбэртэй тэнцэх газрын тосны хэмжээтэй тэнцүү байна. Гэхдээ аливаа хуанлийн сард гэрээлэгчийн авч ашиглах өртөгт тос нь тухайн сарын хугацаанд олборлож, хуримтлуулсан гэрээт нийт түүхий тосны 40 хувьтай тэнцүү байна. Гэрээлэгч нь нийт зардлаа нөхөж дуустал үлдэгдэл нь дараагийн хуанлийн саруудад шилжигдэн тооцогдоно. Гэрээлэгч нь газрын тостой холбогдох зардлыг давхардуулалгүйгээр хайгуулын зардал, үйл ажиллагааны зардал, үйл ажиллагааны зардал болон олборлолтын зардал гэж ангилна гэж заасан гэрээний заалтаас үзвэл “Ш******* ресурсес ЛТД” компанийн үүсгэн байгуулсан, газрын тосны XVI талбайд хайгуул хийх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй   “Ш*******” ХХК дээр бүртгэгдсэн өртөг, зардлыг түүхий тосоор Монгол улс төлөхөөр гэрээ байгуулжээ.

 “Ш*******” ХХК-ийг үүсгэн байгуулсан “Ш******* ресурсес ЛТД” компани /одоогийн “Панэйшиан Энержи ЛТД” компани/-ийн толгой компани гэх Канад улсын “Айвенхо энержи Монголиа ЛТД” /“”/ компани, мөн уг толгой компанийн охин компани гэх “С” /“S”/ компаниас газрын тосны XVI талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарсан удирдлагын болон зөвлөх үйлчилгээний төлбөр, бусад төлбөрийг төлсөн, үүнтэй нэхэмжлэгчийн төлөөлөгч нар маргаагүй бөгөөд эдгээр гадаадын хуулийн этгээдүүдээс гадаадын иргэн, хуулийн этгээдэд төлсөн төлбөр нь  “Ш*******” ХХК-д хамааралгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Учир нь Монгол улсад үүсгэн байгуулагдсан “Ш*******” ХХК-ийн санхүүгийн тайлан балансад дээрх зардлууд өртөг, зардлаар бүртгэгдэж, улмаар “Ш*******” ХХК-ийн газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө оруулалтыг  баталгаажуулахаар 2013, 2014 онд Газрын тосны газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг санхүүгийн шалгалт хийж, 2007-2012 оны өртөг нөхөх зардлын нийт хэмжээг 14,760,565.67 ам.доллар гэж дүгнэсэн  байх бөгөөд нэхэмжлэгч компани үүнийг зөвшөөрч, тооцоо нийлжээ.  

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд газрын тосны XVI талбайд хайгуул хийхтэй холбогдон гарсан зардлыг хэдийгээр нэхэмжлэгч “Ш*******” ХХК гаргасан баримт байхгүй ч түүний толгой компани болон өөр компани төлж, “Ш*******” ХХК-ийн хөрөнгө оруулалт болон зардалд тусгаж, өртөгт тосоор авахаар гэрээ байгуулсан байх тул хариуцагчийн акт үндэслэлтэй байна. 

Түүнчлэн “Ш*******” ХХК-ийн 2010-2012 онуудын санхүүгийн тайланд хараат бус аудиторууд аудит хийгээд  Санхүүгийн тайлагналын олон улсын стандартуудын дагуу хийсэн байна гэж дүгнэсэн, 2007-2012 оны өртөг нөхөх зардлын нийт хэмжээг 14,760,565.67 ам.доллар гэж Газрын тосны газартай тооцоо нийлсэн байх тул хариуцагчийг зарлагаар бүртгэснийг зөвтгүүлэх байсан гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй. 

Харин татварын улсын байцаагч дээрх зөрчлийг тооцохдоо Монгол улсын хуулийн этгээд болох “Хэт” ХХК-д төлсөн төлбөрийг  оруулан тооцсоноо шүүх хуралдаанд мэдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн зөвшөөрч байх тул уг зөрчлийн 2010 оны зөрчлийн дүнгээс 60,208,643.0 төгрөгийн зөрчил, түүнд ногдуулсан 3,010,432.15 төгрөгийн нөхөн татвар, 903,129.65 төгрөгийн торгууль, 1,505,216.08 төгрөгийн алдангийг нийт зөрчил, төлбөрийн дүнгээс хасч, хариуцагчийн зөвшөөрснийг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 “Монгол улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан байх бөгөөд 2002 онд Канад улстай “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын Засгийн газар, Канад улсын Засгийн газар хоорондын конвенци”-ийг байгуулжээ . /цаашид Конвенци гэх/ 

Конвенцийн 12-А дугаар зүйлийн 1 Хэлэлцэн тохирогч Улсад бий болж, Хэлэлцэн тохирогч нөгөө Улсад байнга оршин суугч этгээдэд төлсөн техникийн үйлчилгээний төлбөрт нөгөө Улсад татвар ногдуулж болно. 2 Гэхдээ Хэлэлцэн тохирогч Улсад бий болж байгаа тийм техникийн үйлчилгээний төлбөрт тухайн улсын хуулийн дагуу татвар ногдуулж болох бөгөөд хэрэв Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын байнга оршин суугч нь техникийн үйлчилгээний төлбөрийн жинхэнэ эзэмшигч нь бол ийнхүү ногдуулж буй татвар нь техникийн үйлчилгээний төлбөрийн нийт дүнгийн 5 хувиас хэтэрч үл болно.” гэсэн конвенцийн заалтын дагуу татварыг ногдуулсан атлаа уг конвенцийг болон уг конвенцийг баримтлах болсон үндэслэл болох Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 “Монгол улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан заалтыг баримтлалгүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалтыг баримталсан байсныг зөвтгөх нь зүйтэй. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс техникийн үйлчилгээний төлбөр гэдэгт удирдлагын болон зөвлөлгөө үзүүлсэн үйлчилгээ хамаарагдахгүй гэж тайлбарлаж байгаа боловч Конвенцийн 12-А дугаар зүйлийн 3-т “Энэхүү зүйлд хэрэглэгдсэн “техникийн үйлчилгээний төлбөр” гэсэн нэр томьёонд техникийн, удирдлагын болон зөвлөлгөө үзүүлсэн аливаа үйлчилгээний төлбөрт этгээдэд болон бусад этгээдийн ажилчдад төлж буй аливаа төрлийн төлбөрийг ойлгоно” гэж зааснаас үзвэл удирдлагын болон зөвлөлгөө үзүүлсэн аливаа үйлчилгээ хамаарч байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “С” компани ажилчиддаа олгосон цалин, хөдөлмөрийн хөлсийг Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчид шилжүүлсэн төлбөрт тооцож, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулж алдаа гаргасан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч дээр дурдсанчлан Конвенцийн 12-А дугаар зүйлд заасан “техникийн үйлчилгээ”-ний төлбөрт этгээдэд болон бусад этгээдийн ажилчдад төлсөн төлбөрт “С” компани газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан ажилчиддаа олгосон цалин, хөдөлмөрийн хөлс хамаарч, уг Конвенцийн заалтын дагуу 5 хувиар татвар ногдуулсан татварын улсын байцаагч нарын акт үндэслэлтэй. 

Мөн “С” компани Канад улсын “Айвенхо энержи Монголиа ЛТД” компанийн охин компани  хэдий ч тэнд ажиллаж байгаа БНХАУ-ын иргэнд төлбөрийг шилжүүлэхдээ татвар суутгаагүй гэж үзэж байгаа бол БНХАУ-тай байгуулсан “Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу татвар ногдуулах ёстой гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. 

 Учир нь Монгол улсын Засгийн газар Канад улсын хуулийн этгээдтэй Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан, “С” компани Канад улсын “Айвенхо энержи Монголиа” ЛТД компанийн охин компани байх тул уг компанид ажилладаг БНХАУ-ын иргэдэд төлбөр шилжүүлэхдээ дээрх конвенцийг баримтална гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Гурав. Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчид хүүгийн төлбөрийг шилжүүлэхдээ татвар суутгаагүй гэсэн зөрчлийн тухайд:

“Ш*******” ХХК 2012 оны 1, 2, 3 дугаар улиралд өөрийн толгой компаниас зээл авч, нийт 94,736,630.90 төгрөгийн хүүг санхүүгийн тайландаа өр төлбөрөөр бүртгэсэн байна . 

Татварын улсын байцаагч нар дээрх хүүгийн орлогыг шилжүүлэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай  хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-ийн б заалтын дагуу татвар суутгаагүй гэж 9,473,663.10 төгрөгийн нөхөн татвар, 2,842,098.90 төгрөгийн торгууль, 1,424,838.90 төгрөгийн алданги ногдуулжээ. 

Хэрэгт авагдсан санхүүгийн тайлан болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн тайлбараас үзвэл “Ш*******” ХХК “Айвенхо энержи Монголиа” ЛТД компаниас зээл авсан, харин уг зээлийн хүүг шилжүүлээгүй, өр төлбөрөөр бүртгэсэн гэдгийг аль аль нь хүлээн зөвшөөрч байна. 

Хэрэв тухайн хүүг шилжүүлсэн тохиолдолд Конвенцийн 11 дүгээр зүйлийн дагуу татвар ногдуулах бөгөөд харин энэ тохиолдолд хүүг “Ш*******” ХХК шилжүүлээгүй өр төлбөрөөр тайландаа тусгасан байх тул татварын улсын байцаагчийн уг 94,736,630.90 төгрөгийн зөрчилд холбогдох 9,473,663.10 төгрөгийн нөхөн татвар, 2,842,098.90 төгрөгийн торгууль, 1,424838.90 төгрөгийн алдангийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Дөрөв. Монгол улсад байрладаггүй гадаад мэргэжилтний цалин хөдөлмөрийн хөлснөөс татвар суутгаагүй зөрчлийн тухайд: /зөрчлийн жагсаалтын 5/

Татварын улсын байцаагчийн актаар тогтоосон зөрчил болон төлбөрийн дүнд Маргаан таслах зөвлөлөөс зарим хэсэгт холбогдох зөрчил, төлбөрийг хүчингүй болгож, одоо 3,715,127,872.95 төгрөгийн зөрчилд 247,710,904.09 төгрөгийн нөхөн татвар, 74,312,771.25 төгрөгийн торгууль, 84,771,309.3 төгрөгийн алданги ногдуулсанд маргаж байх бөгөөд уг төлбөр нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ш*******” ХХК төлбөрийг төлөөгүй, эдгээр гадаад иргэдийг “С” компани гэрээгээр ажиллуулж, цалин хөлсийг олгосон тул “Ш*******” ХХК-д хамааралгүй гэж тайлбарлаж байгаа үндэслэлд дээр дэлгэрэнгүй тайлбарыг өгсөн болно.

Харин татварын улсын байцаагч акт ногдуулахдаа Давхар татварын гэрээг баримтлаагүй гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гадаад иргэдийг “С” компани газрын тосны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд, нягтлан бодогч зэрэг ажилтнуудыг гэрээгээр ажиллуулсан гэж тайлбарлаж байх бөгөөд эдгээр ажилтнуудыг мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн, бие даасан шинжтэй үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэх үндэслэлтэй тул Конвенцийн 14 дүгээр зүйлийн 1. Хэлэлцэн тохирогч Улсад байнга оршин суугчийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн, эсвэл бие даасан шинжтэй бусад үйл ажиллагаа эрхлэн олсон орлогод зөвхөн хэлэлцэн тохирогч Улсад татвар ногдуулж болно... 2. “Мэргэжлийн үйлчилгээ” гэсэн нэр томьёонд шинжлэх ухаан, уран зохиол, соёл урлаг болон боловсрол болон багшлах бие даасан мэргэжлийн үйл ажиллагаа, түүнчлэн эмч, хуульч, инженер, архитекторч, шүдний эмч болон нягтлан бодогч нарын бие даасан үйл ажиллагаа хамаарна  гэж заасан  заалт хамаарч байна. 

Түүнчлэн Татварын улсын байцаагч албан татварын хувь хэмжээг хэрхэн тооцсон талаарх хуулийн заалт болох Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг баримтлаагүйг дурдах нь зүйтэй.

Тав. Монгол улсад байрладаггүй татвар төлөгчид өрөмдлөгийн болон зөвлөх үйлчилгээний төлбөрийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж авч төсөвт төлөөгүй зөрчлийн тухайд: /зөрчлийн жагсаалтын 6/

Татварын улсын байцаагч энэ зөрчлийн 2010 оны зөрчлөөс Монгол улсад байрладаг хуулийн этгээд болох “Хэт” ХХК-ийн үзүүлсэн үйлчилгээ орсон болохыг хүлээн зөвшөөрсөн тул уг зөрчилд холбогдох нөхөн татвар, төлбөрийг хүчингүй болгохыг хариуцагч зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг мөн хэрэгсэхгүй болгож, 60,208,643.0 төгрөгийн зөрчил, түүнд ногдуулсан 6,020,864.3 төгрөгийн нөхөн татвар, 1,806,259.29 төгрөгийн торгууль, 3,010,432.15 төгрөгийн алданги хасагдсан болно.

Үлдсэн 5,826,495,741.31 төгрөгийн зөрчилд ногдуулсан 582,649,574.1 төгрөгийн нөхөн татвар, 174,794,872,21 төгрөгийн торгууль, 232,642,032.55 төгрөгийн алдангийг татварын улсын байцаагч нар хууль зүйн үндэслэлтэй ногдуулсан байна. 

Учир нь 5,826,495,741.31 төгрөгийн зөрчлийн 4,127,289,678.77 төгрөгийн зөрчилд хамаарах төлбөрийг “Ш*******” ХХК нь БНХАУ-ын “DQE international” компанитай “Эргэлтэт өрмийн ажлын гэрээ” байгуулж, 2011 онд 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн бөгөөд энэ талаараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй. 

Харин нэхэмжлэгчийн итггэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх 4,127,289,678.77 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг “Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу 18 сараас дээш хугацаагаар Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын хуулийн этгээд “Төлөөлөгчийн газар”-ыг бүртгүүлэх, Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар төлөөлөгчийн газар нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, албан татварын тооцоо хийх үүргээ биелүүлээгүй, Татварын алба түүнд хяналт тавьж ажиллаагүйгээс “Төлөөлөгчийн газар”-ын албан татвар төлөх үүргийг “Ш*******” ХХК-д хариуцуулж, акт тогтоосон татварын улсын байцаагчийн акт үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч “DQE international” компани Төлөөлөгчийн газар нээгээгүй, байнга оршин суугчийн гэрчилгээтэй байсан бөгөөд энэ талаар Маргаан таслах зөвлөл дүгнэлт хийжээ. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн 16.1.2 “Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа, ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх”, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн 7.4.9 “Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: 7.1.4-т Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна”, 11 дүгээр зүйлийн 11.1 “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна” гэж заасан хуулийн заалтын дагуу “DQE international” компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бөгөөд “Ш*******” ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн худалдан авалтыг авсан байх тул уг компанид төлбөрийг шилжүүлэхдээ татварыг суутган тооцох ёстой байжээ. 

Харин үлдэх 1,699,206,062.54 төгрөгийн зөрчилд холбогдох дүгнэлтийг 2 дугаар зөрчлийн хэсэгт дэлгэрэнгүй дурдсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа, ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх үүргээ “Ш*******” ХХК биелүүлээгүй байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хөрөнгө оруулалтаа газрын тосоор буцааж авахын тулд нягтлан бодох бүртгэлдээ тусгасан, уг гэрээний 16б заалтын дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөнө  гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч уг заалтад  импортолсон техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш хамаарч байх бөгөөд татварын улсын байцаагчийн актын зөрчлийн 6 дахь заалтаар ногдуулсан ажил, үйлчилгээ хамаарахгүй байна.  

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байцаагчийн акт үндэслэлтэй ажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох,  тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 6.3 дахь заалтад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9-д заасан бараа, ажил үйлчилгээ авсан бол НӨАТ-ын падаан шаардахгүй байсан журмын заалт хүчингүй болсон тул бид НӨАТ суутгах боломжгүй байсан гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Учир нь НӨАТ-ын буцаан авалтын асуудал тусдаа бөгөөд журмын заалт хүчингүй болсон нь хуулийг дагаж мөрдөхгүй байх үндэслэл болохгүй юм. 

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр 60,208,643,0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 9,031,296.45 төгрөгийн нөхөн татвар, 2,709,388.94 төгрөгийн торгууль, 4,515,648.23 төгрөгийн алдангид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3 дахь зөрчилд холбогдох 94,736,630.90 төгрөгийн зөрчилд холбогдох 9,473,663.10 төгрөгийн нөхөн татвар, 2,842,098.90 төгрөгийн торгууль, 1,424,838.90 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, үлдсэн 11,240,829,681.85 төгрөгийн зөрчилд 912,728,843.74 төгрөгийн нөхөн татвар, 273,818,153.15 төгрөгийн торгууль, 351,648,779.59 төгрөгийн алданги төлүүлэхээр багасгаж шийдвэрлэв. 

Татварын улсын байцаагч нар 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр актыг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллажээ.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:”, 74.2.”Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.”, 74.3.Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэж зааснаас үзвэл хүү, торгууль, алданги нь захиргааны шийтгэл байна. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хүчин төгөлдөр болсон ... захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогдсон байна” гэж тус тус заажээ. 

Иймд Татварын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот акт нь дээрх хугацаанд хамаарч байх тул 273,818,153.15 төгрөгийн торгууль, 351,648,779.59 төгрөгийн алданги, нийт 625,466,932.74 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж шүүх шийдвэрлэлээ.

“Ш*******” ХХК 912,728,843.74 /есөн зуун арван хоёр сая долоон зуун хорин найман мянга найман зуун дөчин гурван төгрөг далан дөрмөн мөнгө/ төгрөгийн нөхөн татвар төлөх хууль зүйн үндэслэлтэй. /Дэлгэрэнгүй тооцооллыг хавсралтаар үзүүлэв./

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.6, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар 60,208,643,0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 9,031,296.45 төгрөгийн нөхөн татвар, 2,709,388.94 төгрөгийн торгууль, 4,515,648.23 төгрөгийн алдангид хобогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын Засгийн газар, Канад улсын Засгийн газар хоорондын конвенцийн 11 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар 94,736,630.90 төгрөгийн зөрчилд ногдуулсан 9,473,663.10 төгрөгийн нөхөн татвар, 2,842,098.90 төгрөгийн торгууль, 1,424,838.90 төгрөгийн алдангийг хүчингүй болгосугай. 

3. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3, 22 дугаар зүйлийн 22.1,  22.1.4, 23 дугаар зүйлийн 23.1, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын Засгийн газар, Канад улсын Засгийн газар хоорондын конвенцийн 12-А дугаар зүйлийн 1, 2, 3, 14 дүгээр зүйлийн 1, 2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/  5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, 7.4 дэх хэсгийн 7.4.9, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн 16.1.2 Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар ******* дугаар актаар ногдуулсан  273,818,153.15 төгрөгийн торгууль, 351,648,779.59 төгрөгийн алданги, нийт 625,466,932.74 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авссан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ