Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2022/00076

 

“Юу Би дрийм” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 184/2021/03567/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 08-ны өдрийн 887 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Юу Би дрийм” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 8,642,523 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Барьцаат зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд цахимаар: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр,

Шүүх хуралдаанд танхимаар: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

О.Сансар нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Юу Би дрийм” ХХК-тай 158 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 12,300,000 төгрөгийг 12 дугаар сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан. Зээлдэгч О.Сансарын зээлийн гэрээний хугацаанд нийт 2,776,068 төгрөг төлсөн бөгөөд зээл ашигласан 12 сарын буюу 365 хоногийн хүү 5,237,750 төгрөгийн хүү хуримтлагдсанаас 2,776,068 төгрөгийн хүүг хуримтлагдсан хүүгээс хасаж зээл ашигласан хугацааны хүүгийн үлдэгдэл гэрээний хугацаа дуусах үед 2,461,682 төгрөг болж үлдсэн.

Зээлдэгч О.Сансар нь гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөгийг зээлдэгч О.Сансар нь зээлдүүлэгч “Юу Би дрийм” ХХК-руу шилжүүлсэн байдаг. Уг 8,000,000 төгрөгөөс 2,461,682 төгрөгийг хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл төлбөрт, суутгаж зөрүү 5,538,318 төгрөгийг 12,300,000 төгрөгийн үндсэн зээлийн төлөлтөд суутгасан.

Ингээд үлдсэн зээлийн үлдэгдэл 6,761,682 төгрөг, алданги 3,380,841 төгрөг болсон. Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй учраас алдангийг 100 хоногоор тооцсон бөгөөд 1 өдрийн алданги нь 33,808.41 төгрөг болж байна.

Зээлдэгч О.Сансар нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нийт 1,500,000 төгрөг өгснийг зээлдүүлэгч нь зээлдэгчийн төлбөл зохих 3,380,841 төгрөгийн алдангид суутгаж хасалт хийж бодсон. Одоо төлбөл зохих алдангийн хэмжээ нь 1,880,841 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл дүн 6,761,682 төгрөг байна. Иймд зээлдэгч О.Сансараас зээлийн гэрээний үүрэгт 8,642,523 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч О.Сансарын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу эхнэр ******* миний бие 2018 оны зун Юу би дрийм" ХХК-д ажилд орж байсан компани ажилчдадаа нэг удаа хүүгүй зээл олгохоор болсон гэж хэлсний үндсэн дээр миний бие өөрийн нөхөр О.Сансарын нэр дээр 12,300,000 төгрөгийн зээлийг гаргуулж, Приус-20 маркийн машин худалдан авсан. Ингээд бид авсан зээлээ 2020 оны 9 дүгээр сард бүрэн төлж барагдуулсан ба улмаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон.

Гэтэл бүх төлбөр тооцоо дууссан байхад “Юу Би дрийм” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж 8,642,523 төгрөг нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус хэрэгт нэхэмжлэгч талаас хавсаргаж өгсөн 158 дугаартай зээлийн гэрээ нь нөхөр О.Сансартай байгуулсан гэрээ биш байна. Өөрөөр хэлбэл анхнаасаа хүү, алдангигүй зээл олгосон боловч хэрэгт хавсаргасан гэрээнд хүү, алданги тооцсон, түүнчлэн гэрээнд зурагдсан гарын үсэг нь хариуцагч О.Сансарын гарын үсэг биш байх тул нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 8,642,523 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй талуудын хооронд байгуулагдсан гэх 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөх гэрээнүүд нь бодит байдал дээр хийгдсэн гэрээ биш, тус гэрээнүүд болон тус гэрээнүүдийн хавсралтад дурдагдсан О.Сансарын зурсан гарын үсэг гэх 8 удаагийн бичвэрүүд нь хариуцагч О.Сансар зурсан гарын үсэг биш бөгөөд тус гарын үсгүүд бүхий гэрээнүүдийг “Юу Би дрийм” ХХК зориудаар нөхөн гаргаж, гарын үсгүүдийг хуурамчаар үйлдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч О.Сансараас 8,642,523 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Юу би дрийм” ХХК-д олгож, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,230 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,750 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 153,230 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэх ёстой байсан. Учир нь шинжээч дүгнэлт хийхээс татгалзсан үндэслэл нь барьцаат зээлийн гэрээний эх хувь байхгүй гэх шалтгаан юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч гэрээний эх хувь байхгүй гэх шалтгаанаар шинжилгээ хийх боломжгүй болсон энэ тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.

            Хэрэгт цугларсан Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн лавлагааг үнэлээгүйн улмаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглээгүй. Анхан шатны шүүх дээрх баримтыг талуудын хүсэл зоригийн илэрхийлэлтэй холбон тайлбарлаж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

            Тус баримтыг бодитоор тал бүрээс нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бол нэхэмжлэгч байгууллага тухайн гэрээ байгуулагдсан гэх цаг хугацаанд зээлийн үйл ажиллагаа явуулах боломжтой, бүртгэлтэй байсан эсэх хариуцагч О.Сансарт болон бусдад хүүтэй мөнгө зээлж хүү, алданги тооцон нэхэмжлэх эрхтэй эсэх асуудалтай холбон үнэлэх учиртай. Тухайн баримтаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн хэд хэдэн шинжийг ангуулсан. Анхнаасаа эрх зүйн үр дагавар дагуулахгүй. Шаардах эрхийн үндэслэл болохуйц хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдох боломжтой байсан.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Юу Би дрийм” ХХК хариуцагч О.Сансарт холбогдуулж зээлийн гэрээний үндсэн төлбөр 6,761,682 төгрөг, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги 1,880,841 төгрөг нийт 8,642,523 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О.Сансар зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, амаар хэлэлцэж тохиролцсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул төлөх төлбөргүй, хэрэгт буй барьцаат зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2. Хэргийн 8-10 дугаар талд авагдсан барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралтаар талуудын хооронд  2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 158 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 12.300.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, Тоёота Приус маркийн 42-03 УБМ улсын дугаартай авто машин барьцаалж, зээлдэгч зээл, хүүг хуваарийн дагуу буцаан төлөх, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцжээ.

 Шүүх хэдийгээр зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй боловч талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ мөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон гэж үзнэ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон ******* түүний өмгөөлөгч нар нэхэмжлэгч “Юу Би дрийм” ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 12,300,000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч үгүйсгээгүй бөгөөд анхнаасаа уг гэрээ бичгээр байгуулагдаагүй, гэрээн дээр зурагдсан гарын үсэг хариуцагч О.Сансарын гарын үсэг биш тул шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шинжээч томилуулсан боловч гэрээний эх хувийг ирүүлээгүй үндэслэлээр шинжээч нь дүгнэлт гаргахаас татгалзжээ.

Хэргийн оролцогчдын хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тус гэрээний гарын үсгийг шинжлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний эх хувийг нотариатаар гэрчлүүлж яваад машинаасаа хулгайд алдсан гэж тайлбарлаж байгаа ба зээлийн гэрээнд зээлдэгч гарын үсэг зурсныг тогтоосон байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч маргааны үйл баримтын талаар өөрөө нотлоогүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэгчээс 12,300,000 төгрөг зээлэх үед буюу 2018 оны 10 дугаар сард тус компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан, тус компани ажилтнууддаа хүүгүй зээл өгч байсан, зээлийг санхүүгийн бүртгэлд 158 дугаартай кодолж байсан талаар тайлбарлаж, зээлдэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 20,000 төгрөг, 11 дүгээр сарын 16-ны өдөр 25,000 төгрөг, 12 дугаар сарын 03-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,681,068 төгрөг, 12 дугаар сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 төгрөг нийт 12,296,068 төгрөг буцааж төлсөн талаарх  баримт хэргийн 13-22 дахь талд авагдсан  ХААН банк, Голомт банкны дансны дэлгэрэнгүй  хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар маргаагүй байна.

4. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, О.Сансарын өмчлөлийн Тоёота Приус-20 маркийн  авто машиныг компаний нэр дээр шилжүүлсэн боловч буцаан өмчлөгч О.Сансарт шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт, компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, авто машиныг компаний нэр дээр шилжүүлсэн техникийн тодорхойлолт, авто машин худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч гэрээнүүдийг нотлох баримтын шаардлага ханган ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар фидуцийн гэрээний дагуу бусдад шилжүүлсэн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд буцаан авсан нь тогтоогдож байх ба уг гэрээний харилцаа дуусгавар болсон тул талуудын хэн аль нь гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзнэ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулснаа нотолбол барьцаат зээлийн гэрээний холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй боловч зээлийн гэрээг эх хувиар нь ирүүлээгүй болно.

5. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүй, шинжээч дүгнэлт хийхээс татгалзсан үндэслэл нь барьцаат зээлийн гэрээний эх хувь хэрэгт байхгүй байхад  шүүх дээрх баримтыг талуудын хүсэл зоригийн илэрхийлэлтэй холбон тайлбарлаж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн давж заалдсан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 08-ны өдрийн 887 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч О.Сансараас  8.642.523 төгрөг төгрөг гаргуулж “Юу би дрийм” ХХК-нд олгож, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаартай барьцаат зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”  гэснийг,

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус зааснаар хариуцагч О.Сансараас 3.932 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Юу Би дрийм” ХХК-нд олгож нэхэмжлэлийн үлдэх 8.638.591 төгрөг, ... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “56 дугаар зүйлийн 56.1...” гэснийг ...56 дугаар зүйлийн 56.2...” гэж, ... хариуцагчаас “153.230 төгрөг...” гэснийг, “...4550 төгрөг...” гэж тус тус  өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.230 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

       

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.БАЙГАЛМАА

                                                              ШҮҮГЧИД                            Я.ТУУЛ

                                                             Л.АМАРСАНАА