Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01684

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01684

 

Ч.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02572 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Э-

Хариуцагч: П.Б-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

Сөрөг нэхэмжлэлжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн ** дугаар хороо, *-р хороолол, А гудамж, **-р байрны ** тоот сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр П.Б-, Г.Г, Г.Б нарыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагч П.Б, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Д.Г-той 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн ** дугаар хороо, *-р хороолол, А гудамж, *-р байрны * тоот байрыг, 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, үнийг бүрэн төлснөөр байр миний нэр дээр бүртгэгдсэн. Байрыг суллаж өгч амжаагүй байхад Д.Г- нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан. П.Б-ийг байрнаас гарахыг шаардсан боловч байрыг түрээслээд, утсаа авдаггүй байсан. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өнгө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ байрандаа хүүгийн хамт амьдарч байна. Байраа түрээсэлж, байрнаас гарч байгаагүй. Над руу хэн ч утсаар ярьж байгаагүй. Талийгаач Д.Г- нас барсны дараа дүү нар нь ингэж байгаад гомдолтой байна. Би өнөөдрийг хүртэл 2 хүүхдийн хамт тухайн байранд амьдарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нөхөр Д.Г-той 1991 оноос хойш гэр бүл болж, бидний дундаас охин Г.Б, хүү Г.Г нар төрсөн. 2009 оны 6 дугаар сард компанийн ашгаар Баянгол дүүргийн ** дугаар хороо, *-р хороолол, А гудамж, **-р байрны ** тоот байрыг худалдаж авсан. Миний эзгүйд өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Би байрыг Ч.Э-ийн нэр дээр шилжүүлснийг мэдээгүй. Иймд уг 3 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, П.Б-, Г.Г, Г.Б нарыг өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбар, татгалзлын агуулга: П.Б- нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэлээ гаргасан байна. П.Б- нь худалдах-худалдан авах гэрээний үнийг аваад өөртөө зарцуулчихсан. 2017 онд хийсэн хэлцлийг 5 жилийн дараа 2022 онд мэдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Б-ийг улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн **-р хороо, *-р хороолол, ** дүгээр байрны ** тоот сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Ч.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 108 дүгээр зүйлийн 108.1 дэх хэсэг, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1-т заасныг баримтлан Д.Г-, Ч.Э- нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Баянгол дүүрэг, **-р хороо, *-р хороолол, **-р байрны ** тоот 3 өрөө сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, П.Б-, Г.Г, Г.Б нарыг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай П.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч П.Б-ээс төлсөн 478,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Ч.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн ах Д.Г-оос тухайн орон сууцыг худалдан аваад үнийг төлснийг нотлох зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр О ББСБ ХХК-аас хэрэглээний зориулалтаар 30,000,000 төгрөгийн зээл авсан баримт, тухайн зээл Ч.Э-ийн Хаан банкны харилцах дансанд орж ирсний дараа тухайн зээлийн мөнгөн дүнгийн зарцуулалтаас харахад орон сууцны үнийг тухайн зээлээр төлөөгүй болох нь нотлогдож байна. Д.Г- Ч.Э- нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулсаны үндсэн дээр П.Б- болон түүний хүүхдүүд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах үр дагавартай. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-т зааснаар тухайн орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоосоо авсан шинээр бий болсон үл хөдлөх хөрөнгө юм. Уг орон сууц нь гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамааран гэрлэснээс хойш бий болсон тул гэр бүлийн гишүүдийн дундын өмч юм. Энэхүү дундын өмчийг Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн нь тогтоогдвол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөлгүйгээр худалдсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтанд нэмэлт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлд бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 123.2.3-д зааснаар шаардах эрхтэй боловч эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгч бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр эсэх дээр маргах эрхгүй. 2017 оноос хойш 5 жилийн хугацаанд байрнаас гар гэж удаа дараа шаардсан болохоо нэхэмжлэгч тайлбарласан. Хариуцагч тал мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэдгээ нотолж чаддаггүй. Өмчлөгч мөн эсэхийг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн тухайд, шүүхээс итгэмжлэл олгогдоогүй гэх үндэслэлийг гаргаж ирсэн. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлнө гэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Ч.Э- нь хариуцагч П.Б-т холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Баянгол дүүргийн ** дугаар хороо, *-р хороолол, А гудамж, **-р байрны ** тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр П.Б-, Г.Г, Г.Б нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3.а. Хариуцагч П.Б- нь Д.Г-той 1991 оноос хойш хамт амьдарч, 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 1992 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин Г.Б, 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүү Г.Г нар төрсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

3.б. Д.Г- нь Д.Ж-тай 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0098200 дугаартай Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ** дугаар хороо, *-р хороолол, А гудамж, **-р байрны ** тоот орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн байна.

4.а. Ч.Э-, Д.Г- нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянгол дүүргийн ** дугаар хороо, *-р хороолол, А гудамж, **-р байрны ** тоот орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоны дагуу өмчлөх эрхийг Ч.Э-т шилжүүлэн өгчээ.

4.б. Улмаар Ч.Э- нь С.Л, О.А нартай 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг С.Л, О.А нарын өмчлөлд шилжүүлсэн үйл баримт баримтаар тогтоогдов.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас С.Л, О.А нарыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10422 дугаар захирамжаар ...О.А, С.Л нарын эрх ашиг хөндөгдөөгүй байна гэж хангахгүй орхиж, гэрчээр оролцуулсан нь буруу.

Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр О.А, С.Л нар бүртгэлтэй /1хх 70/ байгаа тохиолдолд Баянгол дүүргийн ** дугаар хороо, *-р хороолол, А гудамж, **-р байрны ** тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох П.Б-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тэдгээр этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

 

6.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэлд нэрлэн заасан этгээдийг хариуцагч гэж үздэг. Энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Ч.Э- нь П.Б-ийг хариуцагчаар тодорхойлжээ.

6.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Б- сөрөг нэхэмжлэл гаргахдаа сөрөг нэхэмжлэлд Г.Б, Г.Г нараар гарын үсэг зуруулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэлийг хариуцагч П.Б- нь нэхэмжлэгч Ч.Э-т холбогдуулан гаргах эрхтэй байхад хэрэгт хариуцагчаар татагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй Г.Г, Г.Б нар хамтран сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн алдааг залруулах боломжгүй байна.

 

6.в. Түүнчлэн, анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 102/ТТ2022/03796 дугаартай захирамжид Г.Г, Г.Б нарыг хариуцагч гэж эрх зүйн байдлыг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй.

 

Иймд Г.Б, Г.Г нарын эрх зүйн байдлыг тодорхойлох ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай.

 

7. Хариуцагч П.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхийг зөрчсөн, нэмэгдүүлсэн шаардлага нь уг маргаантай хамт шийдвэрлэх боломжтой.

 

8. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/02572 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР