Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01689

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01689

 

 

2022 09 09 210/МА2022/01689

 

М ХХК, М.З нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01447 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК, М.З нарын хариуцагч Ц.Оад холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 89,055,273 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгч М.Зын өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Зын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Бусдын газар дээр барилга барих тухай гэрээг Ц.О, Д.Б нартай байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж Баянгол дүүргийн ** дугаар хороонд * автомашины дулаан зогсоолтой, 4 давхар, мансардтай 25 айлын 2 ширхэг орон сууцны барилга барьж ашиглалтанд оруулсан. Ц.О барилга баригдах газрын асуудлыг шийдвэрлэсэн, эргэн тойрон өмчлөгчдөөс барилга барих зөвшөөрөл авсан, гомдол гаргавал гарсан асуудлыг шийднэ гэж тохиросон. Гэтэл, барилга барих газрын хөрш өмчлөгч Ж.М Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар өмгөөлөгчийн хөлсөнд 11,000,000 төгрөг төлсөн. Иргэн Ж.Мгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан Б блокийн барилга 3 жилийн хугацаанд зогссон. А блокийн барилга 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр улсын комиссын дүгнэлт гарч, гэрээний үүргийн дагуу байр худалдан авсан иргэдээ байранд нь оруулсан. Энэ хугацаанд миний зүгээс барилгын эвдрэл гэмтэл, ус, цахилгаан, дулаан бүх төлбөрийг айлуудаас иргэнээр тооцон авч, аж ахуй нэгжид буцаагаад байгууллагаар тооцож төлсний зөрүү 42,055,273 төгрөгийг төлсөн. 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдөр Бусдын газар дээр барилга барих тухай гэрээгээр Д.Бд Ц.О нь тухайн үед өртэй байснаас үүдэн гэрээний 4.5.1 дэх хэсэгт заасан байрнаас гадна 3 давхарт 29.12 мкв 2 байр өгөхөөр тохиролцсон боловч 5 давхарт байсан өөрийн орон сууцыг Д.Бд өгөхөөр болсон. Гэтэл 5 давхар болон 3 давхрын байр үнэ хоорондоо зөрүүнд тооцож Д.Бд 3,000,000 төгрөгийн засварыг хийсэн. Энэхүү 4,500,000 төгрөгийн алданги 2,250,000 төгрөг, нийт 5,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Иймд, хариуцагч Ц.Оаас хохиролд 58,305,273 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ц.Отай 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Зохиогчийн хяналт хийх талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг байгуулсан. Гэрээний төлбөрт 5,000,000 төгрөгийг Ц.О төлөх үүрэгтэй байсан төлөөгүй. Гэрээний 5.2 дахь хэсэгт заасан алданги 2,500,000 төгрөгийн хамт нийт 7,500,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Мөн, Ц.Отай 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Зохиогчийн хяналт хийх талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг байгуулсан бөгөөд Ц.О нь төлбөрт 15,500,000 төгрөг төлөөгүй. Мөн, гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу алданги 7,750,000 төгрөгийн хамт нийт 23,250,000 төгрөгийг төлөлгүй хохироож байна. Иймд, 30,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж гэрээний 3.1, 3.2, 3.3-т заасан заалтуудын дагуу газраа шилжүүлэн өгч, чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ж.Мгийн нэхэмжлэл гаргахад миний гэм буруугаас болоогүй тул 42,055,273 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөлөгч авах эрхээ эдэлсний төлөөх 10,000,000 төгрөгийн төлбөрийг хариуцах нь үндэслэлгүй. М.З болон Н.Б нар хоорондоо тохиролцсон 5,250,000 төгрөгийг хариуцахгүй тул М.Зын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө. Нэхэмжлэгч М ХХК-ийн Зохиогчийн хяналт хийх захиалагчийн үүргээ иргэн М.Зт шилжүүлсэн, мөн Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ дуусгавар болж захиалагч, гүйцэтгэгч хоёр нь нэг этгээд болсон тул энэхүү нэхэмжлэл болох захиалагчийн төлбөр 5,000,000 төгрөг болон алданги 2,500,000 төгрөг нийт 7,500,000 болон зураг төслийн гэрээний үнэ 15,500,000 төгрөг болон алданги 7,750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1, 476 дугаар зүйлийн 476.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ц.Оаас 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Зт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57,305,273 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Оаас 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Зын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 599,476 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Зт, 134,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-нд олгож шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгч М.Зын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 2017 ны 03 дугаар сарын 30-ны өдрийн Бусдын газар дээр барилга барих тухай гэрээ гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу Ц.О нь 7 ширхэг орон сууц хүлээн авсан орон сууцны эвдрэл, гэмтэл, цахилгаан, дулаан бүх төлбөрийг хувь хүнээр тооцон авч төлбөр гаргасан аж ахуй нэгжид байгууллагаар тооцож ирсэн. Миний зүгээс барилгын эвдрэл гэмтэл, ус, цахилгаан, дулааны төлбөрт нийт 37,571,868 төгрөгийн зөрүү төлбөрийг төлж ирсэн. Хавтаст хэрэгт 27,538,735 төгрөг тооцож авсан баримт, ус дулаан цахилгааны төлбөрт 59,818,603 төгрөг төлсөн баримт, дансны хуулга, тооцооллыг хэрэгт хавсаргасан. Ц.О нь Д.Бд 4,500,000 төгрөгийн өр төлбөртэй байснаас Д.Бд 3,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд Ц.О нь үндэслэлгүй хөрөнгөжсөн. Мөн Ж.Мтай холбоотой хэргийн өмгөөлөгчийн хөлс болох 10,000,000 төгрөгийг Ц.Оаас гаргуулах нь үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 52,821,868 төгрөгийг Ц.Оаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Ц.Отай байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2016/16 тоот Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-г 2016 оны 04 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан хэдий ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2016/06 тоот Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-ээр тохиролцсон. Хөрш газрын өмчлөгч Ж.М шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Шүүхээс энэ нөхцөл байдлыг үнэлэлгүй шийдвэр гаргасан. Бидний зүгээс гэрээний дагуу ажил гүйцэтгэхтэй холбогдон ажилтан ажиллуулах, цалин хөлс олгох, тог цахилгаан урсгал зардлыг өөрсдөө гаргаж татвар шимтгэл хураамж төлсөн, гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж дуусгасан ч ажлын хөлсгүй, бизнесийн байгууллагын хувьд бидэнд хохиролтой тусаж байна. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хариуцагч Ц.Оаас 23,250,000 төгрөг гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Талуудын хооронд байгуулсан Бусдын газар дээр барилга барих тухай гэрээний 5.2, 5.3-т зааснаар захиалагчийн үүргээ М.Зт шилжүүлсэн бөгөөд М.З нь М ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч. Барилгын ажлыг талуудын хооронд байгуулсан Бусдын газар дээр барилга барих тухай гэрээгээр М.З нь 100% гүйцэтгэж, үр шимийг нь өөрөө хүртсэн. Барилгын ажлыг М.З хариуцаж эхэлснээр бие даан шийдвэр гаргаж эхэлсэн. Тиймээс миний бие Зохиогчийн хяналт тавих барилгын ажилд ямар ч үүрэггүй нэгэн болсон. Иймд энэхүү хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 7,500,000 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгч М.Зын өмгөөлөгч давж заалдах гомдлын талаар гаргасан хариу тайлбарын агуулга: М ХХК болон М.З нар нь хуулийн этгээд болон хувь хүнээр эрх зүйн харилцаанд тусдаа бие даан оролцож байгаа бөгөөд анх зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, зохиогчийн хяналтын гэрээ хийх үед захиалагч тал нь Ц.О байсан. Ц.О нь энэ гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд захиалагчийн эрх үүргийг Улсын комисст шилжүүлэхтэй холбоотойгоор гэрээний үүргийг М.З шилжүүлж авсан гэх үндэслэлээр үүргээсээ зайлсхийсэн нь үндэслэлгүй гэжээ.

9. Хариуцагчийн нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Миний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, газрыг бүгдийг нь шилжүүлж өгсөн. Тухайн байшин, барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг М.З өөрөө хариуцах бөгөөд гэрээний 5.10-д заасан үүргийг хүлээсэн. Д.Б, Ц.О нарын гэрээнд 2 өрөө орон сууцыг шилжүүлнэ гэж заасан. Түүнээс нэг орон сууц нь бусдын газарт барилга байгууламж барих гэрээний дагуу М.Зт шилжүүлсэн. 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэх боловч тухайн мөнгийг надад шилжүүлээгүй. Иймд 5,250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй. Өмгөөллийн хөлсөнд 10,000,000 төгрөг төлсөн гэх боловч өмгөөлөгч авах нь тухайн хүний өөрийнх нь эрх бөгөөд эрхээ эдэлсний төлөө төлбөрөө бусдаар төлүүлэхээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх 23,250,000 төгрөгтэй холбоотой хэсгийг зөв дүгнэсэн. М.З нь хэдийгээр М ХХК-ийг 2 хувьцаа эзэмшигчтэй гэж тайлбарласан боловч итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь М.З юм. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх талуудын гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч М.З, М ХХК нар нь хариуцагч Ц.Оад холбогдуулан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 89,055,273 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./1хх 1-3, 59-60/

3. М.З, Ц.О, Д.Б нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Бусдын газар дээр барилга барих тухай гэсэн нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц.О нь БГД-ийн ** дугаар хороо, Орхоны * дүгээр гудамж, ** тоот хаягт байрлалтай 18641311474032 нэгж талбарын дугаартай 355,56 м.кв /Г-22050000054/ талбайтай газар, мөн 50 тоот хаягт байрлалтай 18641311488032 нэгж талбарын дугаартай 400 м.кв /Г-000607104/ талбайтай газар, 50А тоот хаягт байрлалтай 18641311495042 нэгж талбарын дугаартай 393 м.кв /Г-2205003396/ талбайтай газрыг чөлөөлж өгөх, М.З нь 4 давхар 2 ширхэг орон сууцны зориулалттай барилгыг барьж, Ц.Оад 7 ширхэг орон сууц, Д.Бд 1 ширхэг орон сууцыг тус тус өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээхээр тохиролцжээ. /1 хх. 14-16, 63-65, 67-69/

3.а. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу.

3.б. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх ба хамтын үйл ажиллагаа нь ашиг олоход чиглэгдэнэ.

3.в. Гурван талт гэрээгээр М.З нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоож, бусдад худалдаж олсон ашгаас Д.Б, Ц.О нар нь ашиг авах, хамтын хариуцлага хүлээхээр тохиролцоогүй.

3.г. Ц.О барилга барихад нь зориулж газрыг чөлөөлөн М.Зт шилжүүлэх, газрын үнийг М.З өөрийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 автомашины дулаан зогсоолтой 4 давхар, мансардтай 25 айлын орон сууцнаас гэрээнд заасан орон сууцаар төлөх тохиролцоо нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний зохицуулалтад нийцэж байна.

4. Нэхэмжлэгч нь ...Гэрээний 3.4-д зааснаар Ц.О үүргээ биелүүлээгүйгээс Ж.М Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, барилга ашиглалтад оруулах хугацаа 3 жилээр хойшилж, уг хугацаанд 25 айлын ашиглалтын зардлын зөрүү 42,055,273 төгрөгийн төлбөрийг төлж хохирол учирсан, Ж.Мгийн хэрэгт өмгөөлөгчийн хөлсөнд 10,000,000 төгрөг төлж тус тус хохирол учирсан гэж тайлбарласан.

4.а. Иргэн Ж.М нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 тоот дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх 21/

4.б. Талуудын хоорондын гэрээний 3.4-д заасан А тал /Ц.О/-ын буруутай үйлдлийн улмаас В тал /М.З/-д учирсан хохирлыг хариуцах тохиролцоо нь барилга барих газрыг гэрээнд заасан хугацаанд саадгүй чөлөөлөөгүй, эрхийн доголдолтой газар шилжүүлсэн тохиолдолд учирсан хохирлыг хариуцах агуулгатай.

4.в. Зохигчдын хоорондын гэрээгээр бусдын шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрхийг хязгаарлах боломжгүй бөгөөд иргэн Ж.М барилга байгууламжийн зай хэмжээтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасны улмаас М.Зт учирсан гэх хохирол нь Ц.Оын гэрээний үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйтэй шалтгаант холбоогүй байх тул учирсан хохирол 42,055,273 төгрөг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй. Энэ талаар нэхэмжлэгч М.Зын гаргасан гомдол үндэслэлгүй.

4.г. Монгол Улсын Үндсэн хууль болоод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө төлсөн төлбөр нь зайлшгүй гарсан зардал, хохиролд тооцогдохгүй тул өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв.

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 5 250 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

5.а. Талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 1 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, хүүгүй зээлэхээр тохиролцсон байна.

5.б. Нэхэмжлэгч нь ...1,500,000 төгрөгийг Д.Бд өгсөн гэж, хариуцагч нь 1,500,000 төгрөгийг аваагүй гэж тус тус тайлбарласан үйл баримтаас дүгнэхэд зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч гэрээний зүйл буюу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бодитоор шилжүүлэн өгөх үүргээ зээлдэгч биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 284.4-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

5.в. Гэрч Д.Б мэдүүлэхдээ ...М.З надад 3,000,000 төгрөг төлсөн., ...Ц.О 1 өрөө байрны төлбөрийг бүрэн төлөх ёстой байсан, тэгээд Ц.О холбоо барихгүй, байранд завсар хийхгүй алга болсон. Тэр байранд засвар хийхэд би 3 000 000 төгрөгийн материал гаргаж өгсөн, М.З надад засвар хийх 2-3 хүн гаргаж өгсөн, 3,000,000 төгрөг нь обой, шохой гээд засвар хийхэд гарсан зардал гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгчийн зээл гэж шаардсан 3,000,000 төгрөгийг Д.Бд гэрээний дагуу өгсөн байрны засварын зардалд зориулж шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /1хх 226-227/

М.Зын барьж ашиглалтад оруулсан шинэ орон сууцны барилга дахь Д.Бийн өмчлөлд шилжүүлсэн орон сууцанд хийсэн засварын ажлын зардлыг хариуцагч Ц.Оаас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Шинээр ашиглалтад орсон орон сууцанд засвар хийсэн нь байрны доголдолтой холбоогүй нэмэлт заслын ажил болохыг нэхэмжлэгч нотлоогүй.

5.г. Талуудын хооронд үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний харилцаа үгүйсгэгдэж байгаа тохиолдолд нэмэлт үүрэг буюу анзын гэрээ давхар үгүйсгэгдэнэ. Иймд, нэхэмжлэгч нь алданги 2,250,000 төгрөг шаардах эрхгүй байна. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Иймд нэхэмжлэгч М.Зын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөгийг хариуцагч нь зөвшөөрсөн үндэслэлээр хариуцагч Ц.Оаас гаргуулан нэхэмжлэгч М.Зт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57 305 273 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв.

7. Нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Ц.О нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь Баянгол дүүргийн 16 дугаар хороонд баригдах 20х2 40 айлын орон сууцны барилгын доторхи иж бүрэн зураг төсөл болох барилга архитектур, барилга бүтээц, халаалт салхивч, цэвэр бохир ус, дотор гэрэлтүүлэг, холбоо дохиоллын зураг төсөл боловсруулах ажлыг 2016 оны  03 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэх, захиалагч Ц.О нь зураг төслийн хөлс 15,500,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ./1хх 10-11/

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн  343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Ц.О нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

9. Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-ний дагуу үндсэн төлбөр 15,500,000 төгрөг, алданги 7,750,000 төгрөг, нийт 23,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

10. М ХХК нь давж заалдах гомдолд ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна. Ц.Оын барьсан барилгад зураг төсөл боловсруулах хугацаанд Ж.М захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан... гэж дурдсан нь хуульд нийцэхгүй.

Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-ний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоологдож, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон байна. Мөн, Ж.М нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарахгүй, харин талуудын хэн аль нь Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-ний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд тасалдах юм.

11.а. Анхан шатны шүүх Зохиогчийн хяналт хийх талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-ний үүрэг шилжсэн байхад буруу дүгнэж, маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.

11.б. М ХХК болон Ц.О нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2017/08 дугаартай Зохиогчийн хяналт хийх талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч М ХХК нар зоорьтой 4-н давхар 2 орон сууцны барилгын угсралтын ажлын үед зохиогчийн хяналтын ажлыг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь хөлс 5 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

11.в. Зохиогчийн хяналт нь барилгын ажил, зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхийг зохиогчоос хянаж байгаа үйл ажиллагаа бөгөөд барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих, үнэлгээ, дүгнэлт хийх ажил нь барилгын ажлыг эхлэх хугацаанаас дуусгах хүртэл хугацаанд үргэлжилнэ.

М.З М ХХК-ийн захирал байх нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.1-т зааснаар нэг этгээд болсон гэж үзэхгүй.

Харин Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр БА-196/2021 дугаартай дүгнэлтийн 2.3-д ...захиалагч иргэн М.З гэж дурдсан үйл баримтаас үзэхэд Ц.О нь захиалагчийн үүргийг М.Зт шилжүүлсэн гэж үзнэ. /1 хх. 240-242/

11.г. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК нь Зохиогчийн хяналт хийх талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-ний ажлын хөлсийг барилгын захиалагч М.Заас шаардах хуулийн зохицуулалттай байхад Ц.Оаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу.

11.д. Иймд, хариуцагч Ц.Оаас Зохиогчийн хяналт хийх талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-ний ажлын хөлс 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй. Энэ талаар хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

12. Дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч М.З, М ХХК нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01447 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1, 476 дугаар зүйлийн 476.1 гэснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 гэж, Ц.Оаас 7,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй гэснийг хариуцагч Ц.Оаас 30,750,000 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй гэж өөрчилж,

2 дахь заалтын 134,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.З, М ХХК-ийн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

С.ЭНХБАЯР