Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01705

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01705

 

 

2022 09 12 102/МА2022/01705

 

 

Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/02223 дугаар шийдвэртэй, Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч: Б.Т-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, **а байрны ** тоот хаягт байршилтай орон сууцыг анх мөнгөний хэрэг гарсан учир ломбарданд 1,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Гэвч зээлийг буцаан төлж, орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг авч чадахгүй нөхцөл байдалтай байхад 2003 оны 06 дугаар сард Б.Т- нь таны орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг аваад өгье. Харин та надаа өмчлөх эрхийн гэрчилгээгээ барьцаалаад зээл аваад өг. гэсэн учраас 13,000,000 төгрөгийн зээл авч өгсөн. Гэтэл хариуцагч нь зээлээ төлөөгүй. Би өөр хүмүүсээр зээлийг төлүүлж, байраа барьцаанаас чөлөөлүүлсэн. Гэвч надаас зээлийг төлж өгсөн хүмүүс мөнгөө нэхээд байгаа. Иймд хариуцагчаас түүнд зээлсэн 13,000,000 төгрөг, уг зээлийн хүүнд бусдад төлөх ёстой 4,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2003 оны 06 дугаар сард нэхэмжлэгчийн орон сууцыг 1,000,000 төгрөгийн барьцаанд байхад нь зээлийг төлж, чөлөөлж өгсөн. Улмаар Д хадгаламж зээлийн хоршооноос 13,000,000 төгрөгийн зээл авч, барьцаанд нь нэхэмжлэгчийн байрыг тавьсан. Энэ зээлийг самрын наймаа хийх зорилгоор авсан боловч буцаан төлж чадаагүй. Д ХЗХ-ны захирал Н.Б 13,000,000 төгрөгийн зээлээ төл гэж удаа дараа шаардаж, 20,000,000 төгрөгийн үнэтэй барьцаанд авч, дахиж холбогдоогүй. Иймд тухайн зээлийг төлсөн гэж ойлгож байсан. Гэтэл 2005 онд Ц.Ц-д 2,000,000 төгрөг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-оос 11,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.Т-оос 195,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,300,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгээс 2,000,000 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Б.Т- нь 2003 оны 06 дугаар сард нэхэмжлэгчээс 13,000,000 төгрөгийг зээлж авсанаас хойш 3,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Гэтэл анхан шатны шүүх зээлийн төлбөрөөс 1,700,000 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлгүй болжээ. Учир нь нэхэмжлэгч хариуцагчаас 2,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй гэж маргадаг боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Гэтэл шүүх нэг талын гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үзсэн нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга: Надад бэлнээр мөнгө өгсөн гэж худал гүтгэж байна. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.а. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.б. Т нь самар түүж, худалдаалах зорилгоор Дэвжих инвест хадгаламж зээлийн хоршоонд Ц.Ц-гийн орон сууцыг барьцаалан, 13,000,000 төгрөгийг авсан үйл баримтад талууд маргаагүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 13,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

4. Нэхэмжлэгч Ц.Ц- нь хариуцагч Б.Т-той байгуулсан зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийн зээлийн хүү шаардаагүй байхад анхан шатны шүүх зээлийн хүү тооцсон гэрээ бичгээр байгуулаагүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь буруу.

4.а. Ц.Ц- нь Б.Т-т 13,000,000 төгрөг зээлдүүлсний улмаас бусдад зээлийн хүүнд төлөх ёстой 4,000,000 төгрөгийг хохирол учирсан гэж шаардсан.

4.б. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Б.Т- нь  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 13,000,000 төгрөгийг төлөөгүй тул Ц.Ц- өөрт учирсан бодит хохирлыг шаардах эрхтэй, харин бусдад төлөх ёстой гэж ирээдүйд бий болох эсэх нь тодорхойгүй зүйлийг хохирол гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй.

4.в. Анхан шатны шүүх хохирол 4,000,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Энэ талаар талууд гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл чөлөөлүүлэх гэж 1,000,000 төгрөг, 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 700,000 төгрөг, нийт 1,700,000 төгрөг авсан болох нь түүний тайлбараар тогтоогдсон тул анхан шатны шүүх уг мөнгийг зээлсэн 13,000,000 төгрөгөөс хасч, үлдэх 11,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6. Хариуцагч 2,000,000 төгрөгийг нэмж төлснийг хасч тооцоогүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч нь бэлнээр мөнгөн хөрөнгө өгсөн болохыг нотлох үүрэгтэй.

6.а. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг харьцуулан дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид бэлнээр 2,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдохгүй байх тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/02223 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР