Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 13

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г.М” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр тогтоолоор хилийн заагийг харгалзан манай компанийн эзэмшлийн **** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн анх олгогдсон талбайгаас хэсэгчлэн давхцалтай байгаа 6.25 га хэсгийг хасч, давхцалгүй болсон 71.6 га талбайг буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, дээрх 71.6 га талбайг буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г.М” ХХК-ийн захирал Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай байгууллага нь Увс аймаг Сагил сумын нутагт орших Х нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх ****дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 сарын 15 өдрийн *** дугаар шийдвэрээр манай *** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн нэлээд том хэсгийг цуцалсан. Ингэхдээ манай компанийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр тогтоолоор батлагдсан “Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт Ашигт малтмалын хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсан, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн заалтад үндэслэсэн байдаг.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны *** дугаар дээрх шийдвэр нь Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхацсан хэсгийн солбицлыг тодорхойлоогүй цуцалсан байна гэх шалтгаанаар уг шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 02 сарын 19-ны өдрийн 71 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон. 

Улмаар “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоол нь 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр тогтоол гарснаар хүчингүй болсон. 

Харин Засгийн газраас 2012 оны 6 сард “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоол гаргаж уг тогтоолоор “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийг баталсан бөгөөд манай байгууллагын эзэмшлийн **** дугаар тусгай зөвшөөрлийн анхны талбайн хил заагтай давхцалгүй болно. 

Манай *** дугаар тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэл болсон эрх зүйн акт нэгэн хүчин төгөлдөр бус болсон, мөн Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай давхцал байхгүй болсонтой холбоотойгоор манай байгууллагаас 2015 оны 09 дүгээр сард ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа буцаан авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан. 

Ашигт малтмалын газраас 2016 оны 1/1998 тоотоор хариу өгөхдөө “Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон давхцалгүй гэсэн хэсэгт танай компанийн эзэмшлийн 15632 тусгай зөвшөөрлийн талбай 70,25 гектараар, хуваагдсан талбайд шинээр 17264 тоот тусгай зөвшөөрлийг үүсгэн 14,44 гектар талбайгаар тус тус тогтоож Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар шийдвэр гарсан байна” гэж мэдэгдсэн бөгөөд манай хүсэлтийн зорилго, агуулгыг шийдвэрлээгүй зөвхөн мэдээллийн чанартай хариу өгсөн.

Улмаар бид 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 10/16 тоотоор Засгийн газрын 2012 оны 194 тогтоолоор тогтоосон хил заагийг харгалзан манай компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа буцаан олгуулах хүсэлтийг зохих журмын дагуу дахин гаргасан. Гэсэн хэдий ч Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн даргын 5/3380 албан тоотоор хариу өгсөн боловч хүсэлт гомдлыг шийдвэрлэхгүй байсаар 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр манай компанийн дахин хүсэлт гарсан. 

Манай байгууллагын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 16/19 тоот албан бичгийн хариуд Ашигт малтмал, газрын тосны газраас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ***тоот албан тоот ирсэн. Уг албан тоотод "... кадастрын мэдээллийн санд тухайн талбайн эзэмшиж байсан хэсгийн 6,25 гектар бүхий хэсэг нь хориглосон хязгаарласан талбайтай хэсэгчлэн давхцалтай байна” гээд буцаан олгох үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн. Манай байгууллагын зүгээс одоо давхцалтай байгаа 6,25 гектар хэсгийг хасуулахад татгалзах зүйлгүй. Харин давхцалгүй байгаа 156,29 гектар талбайг буцаан сэргээлгэх хүсэлтэй байна. 

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр тогтоолоор хилийн заагийг харгалзан манай компанийн эзэмшлийн **** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн анх олгогдсон талбайгаас хэсэгчлэн давхцалтай байгаа 6.25 га хэсгийг хасч, давхцалгүй болсон 71.6 га талбайг буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, дээрх 71.6 га талбайг буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Увс аймгийн Сагил сумын нутаг орших “Х” нэртэй 116.69 га газарт Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 844 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын **** тоот тусгай зөвшөөрлийг “Г.М” ХХК-д олгосон байна. 

2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбилцлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. 

Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд “Г.М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай нь хэсэгчлэн хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-д заасны дагуу төрөөс тусгай зөвшөөрөл, эзэмшигчид олгох нөхөх олговрыг авах тухай хүсэлтийг тус журмаар тогтоосон хугацаанд “Г.М” ХХК нь ашигт малтмалын газарт гаргаагүй байна. 

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралт “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан. 

Нөхөх олговор тооцох дотоод заавар”-ын 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ***тоот Нөхөх олговор олгосон тухай албан бичгийг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай 78 дугаар шийдвэрээр дээрх хууль, журамд нийцүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд тус компанийн ашигт малтмалын ашиглалтын **** тоот тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж дээрх хуулийн хилийн заагтай давхцалгүй болгосон байна. 

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн ** дугаартай тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах мөн Засгийн газрын 2011 оны ***, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, Ойн сан бүхий газрын хилийн заагт тус тус хавсралтаар солбилцолд өөрчлөлт орсон. 

Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр тогтоолын хавсралтаар урт нэртэй хуулийн хилийн заагийн солбицлыг шинэчлэн тогтоосноор өмнө нь уг тусгай зөвшөөрлийн хэсэгчлэн давхцалтай байсан талбайн зарим хэсэг нь уг хилийн заагт “Г.М” ХХК-ийн хамрагдаж байгаа эсэх, хамрагдаж байгаа бол ямар хэмжээгээр хамрагдаж байгаа эсэх нь тодорхойгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын ** дүгээр тогтоолоор дээрх шалтгаанаар нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох эрх зүйн зохицуулалт байхгүй юм. 

Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай 78 дугаар шийдвэрээр “Г.М” ХХК-ийн тусгай-зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж ашигт малтмалын ашиглалтын **** тоот тусгай зөвшөөрлийн буцаан өгсөн талбай байгаа тул энэхүү талбай нь Засгийн газрын ** дүгээр тогтоолд хамрагдаж байвал 

“Г.М” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын **** тоот тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулсан талбай Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг "Энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно” гэж заасны дагуу Монгол улсын засгийн газрын 239 дүгээр тогтоолоор баталж, төрөөс тогтоосон сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд хамаарч байна. 

Иймд “Г.М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “Г.М” ХХК нь “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр тогтоолоор хилийн заагийг харгалзан манай компанийн эзэмшлийн **** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн анх олгогдсон талбайгаас хэсэгчлэн давхцалтай байгаа 6.25 га хэсгийг хасч, давхцалгүй болсон 71.6 га талбайг буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, дээрх 71.6 га талбайг буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж хуульчилсан байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” *** дүгээр тогтоолын хавсралтаар “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг”-ийг баталсан байна.

 “Г” ХХК-ийн ашигт малтмалын МВ-*** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын дээрх 2011 оны *** дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай байсан байх бөгөөд Увс аймгийн Сагил сумын нутагт орших **** дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол болон ** дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй байсан гэдэг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** тоот албан бичгээр нотлогдож байна. 

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай” 78 дугаар шийдвэрээр “Г.М” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон нийт 162.54 гектар хайгуулын талбайгаас 77,85 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, “Г.М” ХХК-д 84.69 гектар талбай үлдсэн байна.     

Харин Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр тогтоолоор Усны сан бүхий газрын эргээс 50 мерт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэхээр тогтоож, Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосон бөгөөд ингэснээр “Г.М” ХХК-ийн буцаан өгсөн 77.85 гектар талбайгаас 71.6 гектар талбай нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй болсон байна.

Бодит байдал дээр нэхэмжлэгч “Г.М” ХХК-аас өөрөөс нь шалтгаалж биш Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолоос шалтгаалж, дээрх хууль, Засгийн газрын тогтоолын дагуу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа давхцалтай хэсгийг буцаан өгсөн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна. 

Тодруулбал “Г.М” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоол гарснаас шалтгаалж, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа зарим хэсгийг буцаан өгсөн болох нь зөвхөн Засгийн газрын *** дүгээр тогтоолоор давхцсан хэсгийг буюу 77.85 гектар талбайг буцаан өгсөн байгаагаар нотлогдож байна.

Хэдийгээр “Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, цуцлах тухай” болон “Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай” Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар шийдвэрт усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай гэсэн шалтгааныг заагаагүй боловч бодит байдалд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа зарим хэсгийг буцааж өгөх хүсэл зориг нь Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолоос буюу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтайгаас  шалтгаалж үүссэн байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсгийг нь буцааж авсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан тул ямар шалтгаанаар буцааж өгсөн нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэсд хамааралгүй гэсэн агуулгаар тайлбарлаж буй боловч бодит байдалд нэхэмжлэгч нь Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолоос шалтгаалж тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа зарим хэсгийг нь буцааж өгсөн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Ашигт малтмалын тухайн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн нь өмнө төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг бууруулах, эсхүл түүнийг буцаан олгох үндэслэл болохгүй” гэж заасан ба энэхүү зохицуулалт нь талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцаан олгохгүй, бууруулахгүй байх харилцааг зохицуулсан байх тул зөвхөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх харилцаанд энэ заалт хамааралтай байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Г.М” ХХК нь хэрвээ Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолоос шалтгаалж талбайгаа буцаан өгсөн бол нөхөн олговор авах хүсэлтээ гаргах ёстой байсан, гэтэл “Г.М” ХХК нь нөхөн олговор авах хүсэлтээ гаргаагүй учраас тайлбайгаа буцаан авах үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нөхөн олговор авах хүсэлтээ гаргаагүй нь буцаан өгсөн талбайг нь нэхэмжлэгчид буцаан олгохгүй байх үндэслэл болохгүй юм. 

Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ”, 14 дүгээр зүйлийн 14.8-д “Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ” гэж тус тус  тусгай зөвшөөрөл эзэмшигчийн давуу эрхийг хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтууд нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг буцаан өгсөн харилцаанд хамааралгүй боловч дээрх зохицуулалтуудыг маргаан бүхий энэ тохиолдолд төсөөтэй хэрэглэх нь Ашигт малтмалын тухай хуулийн агуулга, үзэл баримтлалд харшлахгүй юм. 

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д “Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах”, 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хуульчилсан ба усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар буцаан өгсөн талбайг нь нэхэмжлэгч “Г.М” ХХК-д буцаан олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хөндсөн байна.   

Дээрх үндэслэлүүдээр “Г.М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар буцаан өгсөн 77.85 гектар талбайгаас давхцалгүй болсон 71.6 гектар талбайг “Г.М” ХХК-д буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, дээрх талбайг буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8, 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу “Г.М” ХХК-ийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар буцаан өгсөн 77.85 гектар талбайгаас давхцалгүй болсон 71.6 гектар талбайг “Г.М” ХХК-д буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, дээрх талбайг “Г.М” ХХК-д буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       М.БАТЗОРИГ