Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01509

 

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 103/ШШ2022/00276 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ц д холбогдох, фидуцийн гэрээний үүрэгт 00-00 ААА улсын дугаартай, 000000000000000 арлын дугаартай, Исузу Гига /Isuzu Giga/ маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг бодитойгоор гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Тус ББСБ нь Н.Ц тай 2020 оны 06 сарын 12-ны өдөр 000000 тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2020 оны 07 сарын 01-ний өдөр 000000 тоот зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдүүлсэн. Н.Ц нь зээлийн төлбөрийг удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа дууссан хэдий ч төлнө хүлээж бай гэсэн тайлбараар өдийг хүрч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Зээлийн гэрээний үүрэг нэхэмжлэл гаргах үеийн байдлаар нийт 51,346,452.23 төгрөг болж байна. Мөн тус ББСБ нь Н.Ц тай 2020 оны 06 сарын 12-ны өдөр 0000000 тоот, 2020 оны 07 сарын 01-ний өдөр 0000000 тоот фидуцийн гэрээ байгуулж 00-00 ААА улсын дугаартай, Исузу Гига маркийн ачааны зориулалттай автомашиныг барьцаалсан. Иймд дээрх автомашиныг бодитойгоор гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Н.Ц нь А ХХК-аас нийт 31,000,000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийг том оврын ачааны автомашин худалдан авах зорилгоор авсан байдаг. Автомашиныг 100 гаруй сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага тус автомашиныг барьцаалж зээл олгосон. Харамсалтай нь коронавируст халдварын цар тахлаас сэргийлэх бүх нийтийг хамарсан хөл хорионоос шалтгаалж тээвэрт явж чадаагүй. Автомашинтай холбогдон гарч байгаа зардлаа нөхөж чадахгүй, ашиг орлого олж чадахгүй байсан учир зээлийн төлөлтөө зохих ёсоор хийж чадаагүй. 00-00 ААА улсын дугаартай, Исузу Гига маркийн автомашин нь 100,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө тул түүний үнэлгээний талд ч хүрэхгүй нэхэмжлэлийн шаардлагад дүйцүүлэн тээврийн хэрэгслийг хариуцагчаас гаргуулах нь шударга ёсонд нийцэхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 000000 тоот 25,000,000 төгрөгийн, 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 000000 тоот 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 30,600,000 төгрөг, үндсэн хүү 19,372,861.67 төгрөг, нийт 49,972,861.67 төгрөгийг гаргуулах үүргийн биелэлтэд 0000000, 0000000 тоот фидуцийн гэрээгээр шилжүүлсэн 00-00 ААА улсын дугаартай Isuzu Giga /Исузу Гига/ маркийн автомашиныг хариуцагч Н.Ц аас бодитойгоор гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484,883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 484,833 төгрөгийг хариуцагч Н.Ц аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх зээлийн гэрээнүүдийн үүргийн биелэлтэд фидуцийн гэрээгээр шилжүүлсэн 00-00 ААА улсын дугаартай, Исузу Гига маркийн автомашиныг хариуцагч Н.Ц аас бодитойгоор гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна. Тус автомашин нь 100,000,000 гаруй төгрөгийн үнэ бүхий хөрөнгө байтал 49,000,000 төгрөгийн өр төлбөрт тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь шударга бус, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зээлийн гэрээнүүдийн үүргийн биелэлтэд фидуцийн гэрээгээр шилжүүлсэн 00-00 ААА улсын дугаартай Исузу Гига маркийн автомашиныг хариуцагч Н.Ц аас бодитойгоор гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж өгнө үү. Анх автомашиныг 50,000,000 төгрөгөөр барьцаалсан. Зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулсан. Зээлдэгч автомашиныг хөдөө унаад явсан. Одоо 100,000,000 төгрөгийн үнэтэй автомашин гэж худал тайлбар хэлж байна. Тухайн үед даатгалын компаниар үнэлгээ хийлгэж, гарын үсэг зуруулсан тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Н.Ц д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 51,346,452.23 төгрөг гаргуулах шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад фидуцийн гэрээний үүрэгт 00-00 ААА улсын дугаартай, 000000000000000 арлын дугаартай, Исузу Гига /Isuzu Giga/ маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг бодитойгоор гаргуулахыг хүсчээ. /хх 1, 22/ Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад тээврийн хэрэгслийг бодитойгоор гаргуулах авах шаардлагаа дэмжсэн болно.

 

3. Талууд 2020 оны 06 сарын 12-ны өдөр 000000 тоот, 2020 оны 07 сарын 01-ний өдөр 000000 тоот Зээлийн гэрээ-г тус тус байгуулж, А ХХК нь 25,000,000 төгрөг, 6,000,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлэх, Н.Ц нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохиролцсон хүүгийн хамтаар буцаан төлж барагдуулах, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 5-7, 8-10/

Мөн талууд 2020 оны 06 сарын 12-ны өдөр 0000000 тоот, 2020 оны 07 сарын 01-ний өдөр 0000000 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г тус тус байгуулж, дээр дурдсан 000000 тоот болон 000000 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 00-00 ААА улсын дугаартай, 000000000000000 арлын дугаартай, Исузу Гига /Isuzu Giga/ маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгч А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг гүйцэтгэгч Н.Ц зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг түүнд буцаан шилжүүлэх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 25, 26/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

 

4. Нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, мөн зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө болох 31,000,000 төгрөгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан талаар, мөн фидуцийн гэрээний зүйл 2020 оны 06 сарын 12-ны өдөр А ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн талаар хариуцагч Н.Ц маргаагүй.

Харин хариуцагч Н.Ц нь ...Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас зээлийн мөнгөн хөрөнгөөр авсан ачааны автомашинаа ашиглаж чадаагүй алдагдалд орсон, уг автомашины үнэ 100,000,000 төгрөг байхад 49,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд бодитойгоор нь гаргуулан авах гэж шаардсан нь шударга бус... гэх үндэслэл заан маргасан байна.

 

5. Хэргийн 11-р талд авагдсан 000000 тоот Зээлийн гэрээ-ний эргэн төлөлтийн тооцоололд хариуцагчийн хүлээх үүргийг үндсэн зээл 24,600,000 төгрөг, зээлийн хүү 15,071,604.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 808,022.02 төгрөг, нийт 40,479,626.69 төгрөг гэж, хэргийн 12-р талд авагдсан 000000 тоот Зээлийн гэрээ-ний эргэн төлөлтийн тооцоололд хариуцагчийн хүлээх үүргийг үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 4,301,257 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 565,568.54 төгрөг, нийт 10,866,825.54 төгрөг гэж, хариуцагчаас 000000 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт нийт 4,900,000 төгрөгийг төлсөн гэж, 000000 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт эргэн төлөлт хийгээгүй гэж тус тус тодорхойлжээ.

Хариуцагч нь хариу тайлбартаа ...зээлийн тооцоолол, зээл төлөлтийн тооцоолол буруу байх магадлалтай... гэж дурдсан боловч дээрх тооцооллыг няцаах тооцоолол шүүхэд гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад нэмэгдүүлсэн хүү болох нийт 1,373,590.56 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс хасч тооцож болно гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хариуцагч Н.Ц ы хүлээх зээлийн гэрээний үүргийг нийт 49,972,861.57 төгрөг гэж тодорхойлсон анхан шатны шүүхийн тооцооллыг буруутгах боломжгүй.

 

6. Иймд нэхэмжлэгч А ХХК нь 2020 оны 06 сарын 12-ны өдөр 0000000 тоот, 2020 оны 07 сарын 01-ний өдөр 0000000 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний 4.2.1-д Зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүй бол үүрэг хүлээгч шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээн авагчийн анхны шаардлагаар түүний мэдэлд бодитойгоор шилжүүлэн өгөх гэж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ ... биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж тус тус зааснаар 00-00 ААА улсын дугаартай, 000000000000000 арлын дугаартай, Исузу Гига /Isuzu Giga/ маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг бодитойгоор гаргуулахаар хариуцагч Н.Ц аас шаардах эрхтэй.

Фидуцийн гэрээнүүдэд тээврийн хэрэгслийн үнийг 50,000,000 төгрөг гэж, М ХХК-ийн Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа-нд даатгалын үнэлгээг 50,000,000 төгрөг гэж тус тус тэмдэглэсэн байх тул ...100,000,000 төгрөгийн автомашиныг 49,000,000 төгрөгийн үүрэгт бодитойгоор гаргуулан авахаар шаардсан нь шударга бус... гэсэн хариуцагч Н.Ц ы тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв. /хх 25, 26, 27/

 

7. Анхан шатны шүүх фидуцийн гэрээний зүйлийг бодитойгоор гаргуулан авах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад үндсэн зээл, зээлийн хүү, нийт дүн зэрэг үндэслэх хэсэгт дүгнэвэл зохих зүйлүүдийг дүгнэж, хоёрдмол утга бүхий ойлгомжгүй, биелүүлэхэд хүндрэлтэй байдлаар томьёолж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удиртгал болгон ТОГТООХ нь:

 

1.   Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 103/ШШ2022/00276 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээний үүрэгт хариуцагч Н.Ц аас 00-00 ААА улсын дугаартай, 000000000000000 арлын дугаартай, Исузу Гига /Isuzu Giga/ маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг бодитойгоор гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484,883 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлөгдсөн 76,933 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг хариуцагч Н.Ц аас гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д тус тус буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 337,750 төгрөгийг хариуцагч Н.Ц аас гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.НЯМБАЗАР