Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01510

 

 

 

 

 

 

 

 

 

Н.М , С.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01491 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.М , С.Н нарын нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК, Б.Б нарт холбогдох, гэм хорын хохиролд 8,472,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Б ы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсөн төлөөлөгч Л.О , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Э , хариуцагч Б.Б ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Н.М , С.Н нарын нэхэмжлэлийн агуулга: Н.М миний бие 2020 оны 01 сарын 19-ний өдөр 01 цаг 45 минутын орчим өөрийн эзэмшлийн Хонда Фит маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт И-март худалдааны төвийн гэрлэн дохио хүлээгээд зогсож байхад Хьюндай Соната-7 маркийн 0000 ААА улсын дугаартай машин хойноос мөргөсөн. Уг зам тээврийн осол гарах үед 0000 ААА улсын дугаартай автомашиныг А.М жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан ба миний машины хойноос мөргөхдөө Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3 зэрэг заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, миний эд хөрөнгөд хохирол учруулсан ба А.М нь мөргөчихөөд ослын газрын орхин зугтсан. Осол гарсны дараа замын цагдаа ирж хэргийн газар үзлэг хэмжилт хийсэн ба 0000 ААА дугаартай автомашин болон түүнийг жолоодож явсан А.М ийг олж Тээврийн прокурорын газраас 000000000 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгасан. Улмаар хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад миний биед хөнгөн гэмтэл, миний эзэмшлийн Хонда Фит маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6,881,800 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Дээрх 0000 ААА улсын дугаартай автомашины өмчлөгчөөр А ХХК бүртгэлтэй байх ба эзэмшигч нь тус компанитай 2019 оны 03 сарын 06-ны өдөр байгуулсан 00000000 дугаартай фидуцийн гэрээний дагуу Б.Б болохыг хэрэг бүртгэлтийн явцад олж мэдсэн. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 0000 ААА улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн автомашины эзэмшигч Б.Б болон өмчлөгч А ХХК нар нь миний эрүүл мэндэд болон тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол болох нийт 8,472,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

2.   Хариуцагч Б.Б ы хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Би нэхэмжлэгч Н.М ын тээврийн хэрэгсэлд хохирол учруулаагүй болно. 2020 оны 01 сарын 19-ний шөнө А.М нь миний тээврийн хэрэгсэл болох Соната-7 маркийн 0000 ААА улсын дугаартай автомашинд гар утсаа цэнэглэж байя гэж хэлж үлдэнгүүтээ надад хэлэлгүйгээр миний автомашиныг жолоодон явж бусдад хохирол учруулсан байдаг. Тухайн үед би А.М ийг тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унаад явсны шөнө 4 цагийн орчим Замын цагдаагийн газраас утасдаж осол гаргаад зугтаасан гэж хэлэхэд л мэдсэн. Тэгээд шөнөжингөө А.М ийг хайж явсаар өглөө тээврийн хэрэгслээ олж авсан байдаг юм. Н.М ын жолоодож явсан гэх Хонда Фит маркийн 0000 ААА тээврийн хэрэгсэл, мөн Тоёота Приус маркийн 0000 ААА тээврийн хэрэгслүүдийг мөргөж хохироосон үйлдэл гаргаад тухайн газраасаа зугтаасан байсан. А.М тай холбогдох хэргийг Тээврийн прокурорын газраас 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 000 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, А.М т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1.51 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авсан байдаг. А.М нь миний тээврийн хэрэгслийг миний зөвшөөрөлгүй авч явчихаад одоо хүртэл надад учруулсан хохирлоо төлөхгүй мөртлөө утасдахаар утсаа авахгүй алга болчихлоо. Эцэс сүүлд нь надаас хохирол нэхээд байгаад гайхаж байна. Би өөрөө ч автомашинаараа хохирсон хүн юм аа. Би хохирлоо барагдуулмаар байна. Мөн Н.М ын унаж байсан гэх Хонда Фит маркийн 0000 ААА тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ж ХХК байх бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагыг уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байдаг. Би энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болно гэсний дагуу А.М ийг татах нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул Б.Б надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Хариуцагч А ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Тус компани нь иргэн Б.Б тай 2019 оны 03 сарын 06-ны өдөр 00000000 дугаар Зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн зээлийг сарын 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 0000 ААА улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээгээр барьцаалсан болно. Дээрх гэрээний үүргийг Б.Б бүрэн биелүүлж гэрээ дуусгавар болсон байна. Тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа хүн нь Б.Б юм. Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд үүрэг гүйцэтгэгч буюу Б.Б нь ...Фидуцийн зүйлийг эзэмшиж ашиглах хугацаанд гуравдагч этгээдэд учруулсан гэм хорыг бүрэн хариуцах, нөхөн төлөх гэж заасны дагуу тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол А ХХК-д хамааралгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирлыг төлөх ёстой этгээдээр гэм хорын хохирлыг гаргуулан авах боломжтой гэж үзэж байна.

 

4.   Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Уг хэрэгт А ХХК-ийг гэм буруугүй гэж үзэж байна. Б.Б өөрийн тээврийн хэрэгслээ бусдад ашиглах боломжийг олгосон, гэхдээ зам тээврийн ослыг А.М гаргасан тул энэ нэхэмжлэлийг Б.Б 100 хувь хариуцахгүй, Б.Б , А.М нар хамтарч төлөх ёстой гэж үзэж байна.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Б аас 7,149,800 төгрөг гаргуулан С.Н д, 302,600 төгрөг гаргуулан Н.М д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,020,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.М , С.Н нар хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, А ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б аас 129,347 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Н д 9,728 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.М нарт олгож шийдвэрлэсэн.

 

6.   Хариуцагч Б.Б ы гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Миний хувьд хохирогчид хохирлыг барагдуулах этгээд биш харин өөрийн автомашинаараа хохирсон бас нэг хохирогч тал юм. Учир нь хариуцагчаар намайг тодорхойлсон хэдий ч жинхэнэ хариуцагч буюу хохирол барагдуулах этгээд нь А.М болох нь үнэн. Тээврийн Прокурорын газраас 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 000 дугаартай тогтоолоор А.М т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1.51 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авсан байдаг. Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан А.М ийг эрэн сурвалжилж байгаа. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01491 дугаартай шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Хариуцагч Б.Б нь өөрийгөө жинхэнэ хариуцагч биш, осол гаргасан этгээд болох А.М ийг эрэн сурвалж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг барагдуулах үндэслэлгүй гэж маргадаг. Гэвч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тухайн тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорын хохирлыг хариуцахаар зохицуулсан. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Б нь өөрийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглах эрхийг А.М гэх хүнд олгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн А.М , Б.Б нарын гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. А.М ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт ...Б.Б ах утсаар холбогдож ах нь жаахан архи уучихлаа, намайг гэрт хүргээд өгөөч... гэж дуудаад автомашиныхаа түлхүүрийг хүлээлгэн өгсөн талаар тодорхой дурдсан. Хариуцагч Б.Б нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...би А.М т ах нь арай явах болоогүй байна, автомашинд суугаад, хүлээгээд байж бай... гэж хэлээд түлхүүрээ өгсөн талаар мэдүүлсэн. Автомашинаа хулгайд алдсан гэх тайлбар хэлдэг боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Хариуцагч Б.Б нь дээрх тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн учраас хүний эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй. Харин хариуцагч Б.Б нь өөрт учирсан хохирлоо гаргуулахаар тухайн зам тээврийн ослыг гаргасан буруутай этгээд болох А.М аас шаардах эрхтэй болохыг анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт тодорхой дурдсан тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Н.М нь эрүүл мэндэд учирсан хохиролд 1,187,600 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч С.Н нь эд хөрөнгөд учирсан хохиролд 7,284,800 төгрөг гаргуулах шаардлага тус тус хариуцагч Б.Б , А ХХК-д холбогуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар хариуцагч А ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч Б.Б нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...түүний эзэмшлийн автомашиныг А.М нь зөвшөөрөлгүй авч явж зам тээврийн осол гаргасан, уг маргааны жинхэнэ хариуцагч биш, өөрөө ч гэсэн эд хөрөнгөөрөө хохирсон, гэм хорын хохирлыг А.М хариуцах ёстой... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

Иргэдийн төлөөлөгч нь гэм хорын хохирлыг Б.Б , А.М нар хамтран хариуцах үндэслэлтэй гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан 2020 оны 01 сарын 18-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9/, Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 01 сарын 19-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 10/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 1784 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хх 18-19/, Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ийн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 00000000 тоот Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх 26-27/, Тээврийн прокурорын газрын Прокурорын 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 000 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол /хх 6-7/ зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон ба зохигчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй. Үүнд:

3.а. 2020 оны 01 сарын 19-ний шөнө 01 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр И-март худалдааны төвийн зүүн хойд уулзвар дээр Хонда Фит маркийн 0000 ААА улсын дугаартай автомашины араас Хьюндай Соната-7 маркийн 0000 ААА улсын дугаартай автомашин мөргөж, зам тээврийг осол гаргасан;

3.б. Зам тээврийн осол гарах үед Хонда Фит маркийн 0000 ААА улсын дугаартай автомашиныг Н.М , Хьюндай Соната-7 маркийн 0000 ААА улсын дугаартай автомашиныг А.М тус тус жолоодон явсан;

3.в. Хьюндай Соната-7 маркийн 0000 ААА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан А.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон;

3.г. Зам тээврийн ослын улмаас Хонда Фит маркийн 0000 ААА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Н.М ын биед хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн;

3.д. Зам тээврийн ослын улмаас Хонда Фит маркийн 0000 ААА улсын дугаартай автомашины хойд буфер чихэгдэж хонхойсон, тээшний хаалга чихэгдэж шил хагарсан, тээшний панель чихэгдэж гулзайсан, тээшний шал чихэгдэж хунирсан, баруун хойд хаалга сэнсэрч шил хагарсан, баруун урд хаалга чихэгдэж хонхойсон, барууд урд крыло хонхойж халцарсан, зүүн хойд хаалга чихэгдэж хонхойсон, дээвэр баруун талдаа хонхойж хунирсан, баруун дээд мөр хунирсан, хойд тэвш гулзайсан, баруун урд, хойд амортизатор гулзайсан, баруун толь хагарч хугарсан, баруун хойд шанаа чихэгдэж ханзарсан, хойд 4 ширхэг батарей хагарсан эвдрэл тогтоогдсон.

 

4.   Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч ... тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, ... гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зам тээврийн осол гарах үед 0000 ААА улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн автомашины өмчлөгчөөр А ХХК бүртгэгдсэн байх боловч /хх 36/ тус компани нь иргэн Б.Б тай 2019 оны 03 сарын 06-ны өдөр байгуулсан 00000000 тоот Зээлийн гэрээ, 0000000 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-ний үндсэн дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байх тул бодит өмчлөгч нь биш гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан ...тээврийн хэрэгслийг эзэмшигч... буюу автомашиныг бодитоор эзэмшиж, ашиглаж, өмчилж буй этгээд нь Б.Б байх тул нэхэмжлэгч нар түүнээс гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

5. Хариуцагч Б.Б ы гаргасан ...түүний эзэмшлийн автомашиныг А.М нь зөвшөөрөлгүй авч явж зам тээврийн осол гаргасан, уг маргааны жинхэнэ хариуцагч биш, өөрөө ч гэсэн эд хөрөнгөөрөө хохирсон, гэм хорын хохирлыг А.М хариуцах ёстой... гэсэн татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Эрүүгийн журмаар хэргийг шалгаж байх үед Б.Б нь ...шөнийн 01 цагийн үед би харих гээд караоке-д бага зэргийн пиво уусан болохоор өөрийнхөө Соната-7 маркийн 0000 ААА улсын дугаартай автомашиныг ... А.М аар бариулах гэж утсаар дуудсан. А.М над дээр ирсэн ... би А.М т ах нь арай гарах болоогүй байна миний дүү машин халааж бай гээд машиныхаа түлхүүрийг өгсөн... гэж, А.М нь ...Намайг орой гэртээ байж байхад уг машины эзэн Б ах над руу утасдаад ах нь жаахан архи уучихлаа миний дүү ах дээрээ ирээд миний машиныг бариад гэрт хүргээд өгөөч гэж гуйсан... гэж тус тус мэдүүлсэн нь хэрэгт авагдсан 2020 оны 01 сарын 28-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 137-138/, 2020 оны 01 сарын 25-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 140-141/ зэрэг баримтаар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт ...өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасны дагуу ...тээврийн хэрэгслийг А.М гэдэг хүн жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан, түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж байгаа... гэсэн тайлбар нь хариуцагч Б.Б ыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээрх хуулийн зохицуулалт нь тээврийн хэрэгслийг ашигласан буруутай этгээдэд холбогдох үүрэгт хамааралтай тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад шууд хамаарах үндэслэл биш юм. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хариуцлагыг тодорхойлсон.

 

6. Хонда Фит маркийн 0000 ААА улсын дугаартай автомашины өмчлөгч болохынхоо хувьд нэхэмжлэгч С.Н нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг, дээрх автомашиныг жолоодон явах үедээ хүзүүний зөөлөн эдийн гэмтэл авсан тул нэхэмжлэгч Н.М нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг тус тус хариуцагч Б.Б аас шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, С.Н гийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг 7,149,800 төгрөг гэж, Н.М ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг 302,600 төгрөгөөр тогтоосон нь зөв байна.

 

7. Харин анхан шатны шүүх хариуцагч Б.Б аас гэм хорын хохирлыг гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсгийн зохицуулалтыг удирдлага болгосон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй буюу шүүх зам тээврийн осолд Б.Б ыг гэм буруутай байсан мэтээр хуулийг тайлбарлаж хэрэглэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. Энэхүү магадлал нь хариуцагч Б.Б зам тээврийн осолд гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг шаардахад саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удиртгал болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01491 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, ... гэснийг ...499 дүгээр зүйлийн 499.1, ... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 129,347 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР