| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 191/2025/02883/И |
| Дугаар | 191/ШШ2026/02936 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2026/02936
| 2026 02 27 | 191/ШШ2026/02936 |
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ц.Амармэнд, Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Б овогт ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт бүртгэлтэй, одоо тоот хаягт оршин суух, Д овогт *******д /РД:*******/-д холбогдох,
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах, 36 секундын бичлэгийг устгахыг даалгах, хохиролд 14 930 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн, нэхэмжлэгчид холбогдох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг устгуулах, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх, уучлалт гуйхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* , ******* *******, ******* *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Иргэдийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие бизнесийн чиглэлээр онлайн худалдааны салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Мөн 2022 оноос хойш онлайн бизнес эрхлэгчдийг дэмжих сургалт явуулсаар ирсэн. Онлайн бизнес эрхлэх гэдэг нь тухайн бизнес эрхэлж байгаа хүний нэр хүнд, итгэлтэй байдалд тулгуурлаж, худалдан авагч, хэрэглэгч, сонгогчид сонголтоо хийдэг онцгой салбар юм.
Миний бие хэд хэдэн салбар дэлгүүрт 20 гаруй ажилтан цалинжуулан ажиллуулж байгаа бөгөөд энэ чиглэлээр ажиллаж бизнесээ олонд таниулж, бараа бүтээгдэхүүн сурталчлах болон бусад байгууллагуудыг олонд таниулах ажлаа явуулахын тул 494000 дагагч бүхий фейсбүүкийн пэйж хуудас, 293000 гишүүнтэй фейсбүүкийн групп, 140000 дагагчтай фейсбүүк пэйж хуудсыг олон нийтийн сүлжээнд ажиллуулж байна. Дагагчтай болохын тулд маш олон жилийн хөдөлмөр, цаг хугацаа, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байж болдог. Мөн зөвхөн өөрөө ашиг олохоос гадна араасаа маш олон бизнес эрхлэгчдийг төрүүлж, хувийн бизнесээ удирдах, шинээр бизнесээ бий болгож ажиллахад нь тусалж, сургалт явуулдаг. Сургалтын үр дүнд олон зуун амжилттай бизнес эрхлэгчдийг бий болгосон учраас манай хамт олон жил бүр оны шилдэг тодруулдаг People awards-аас 2024 онд анхлан оны онцлох онлайн бизнес эрхлэгчийн шагнал авч байсан. 2025 онд дахин тус шагналыг манай байгууллагад өгч байсан. Миний эрхэлж байгаа онлайн бизнес нь олон дагагчтай байхаас гадна тухайн дагаж байгаа хүмүүсийнхээ үнэнч байдал, итгэлийг даах, найдвартай байдалд оршин тогтнодог. Онлайнаар бараа эрхэлнэ гэдэг нь бие биеэсээ хол зайд худалдан авалт хийгддэг.
Гэтэл ******* гэдэг хүн миний нэр хүндэд халдаж, На гэдэг овог Монгол улсад байхгүй, багш магш гэж хуцаад байх юм, Солонгос улсад виз гаргана гэж мөнгө төгрөг авсан байна лээ, чамд бол алмаазнаас баяжсан мэт амархан санагдаж байгаа байхгүй юу гэх мэт агуулгатай бичлэгүүдийг удаа дараа хийж, луйварчин, худалч, онлайн бизнесийг хийсвэрээр явуулдаг гэх мэт ойлголт бүхий бичлэгүүдийг олон нийтэд цацаж, миний ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдаж, гүтгэж доромжилсон ба эдгээр бичлэгүүд надад маш хүнд туссан.
Хариуцагч ******* 2025.03.21-ний өдрийн Мета тэмдэг бүтэн овог нэрээрээ авдаг шүү, сорри гэсэн гарчигтай бичлэгийг хийж, чи амархан юм яриад байгаа байхгүй юу, чи амьдралын замналаа ойлгочихсон хүн бол ийм юм хийхгүй. Хүмүүсийг хайр найргүй саятан бол, тэрбумтан бол гэж сургалтын мөнгө авах гэж ингээд байгаа...10 сая, 100 сая, тэрбум төгрөг ол гэж ярьж байгаа чинь таны зөв юм уу... гэсэн.
Мөн 2025.03.18-ны өдрийн На гэдэг овог Монгол улсад байхгүй шүү гэх бичлэгтээ Ямар нэрийдлээр өөрийгөө багш гэж нэрлээд байгаа юм бэ...Хүний гар дээр юм тавиагүй байж хүний тархийг эргүүлж байгаа чинь зөв юм уу. Битгий ийм гар хөл нь салгаж, нүд нь чичирчихээд хачин хачин юм ярьж бай... гэх мэтээр гутаан доромжилсон.
Түүнчлэн хариуцагч Бүгд наймаачин болцгоо гэх бичлэгээрээ хэрээс хэтэрсэн энэ сургалтуудыг улс орны хэмжээд анхаарах хэрэгтэй. Бүгд тэр багшийн шавиар орж, бүгд бизнесмен бол, наймаа хийх чинь амархан шүү дээ, аймаар амархан тооны машинаар хийсвэр хийсвэр тоо бодоод бай за юу? Бүгд наймаачин болцгоо, хүсэл мөрөөдөл гоё гоё зүйл энэ хорвоо дээр байдаг бүгдийг бодоод хэрэггүй. Бүгд наймаачин болцгоо, болцгоо гэсэн.
Хариуцагч нь ямар ч үндэслэлгүй, худал, бодит байдалд нийцээгүй, сөрөг мэдээллийг олон нийтэд түгээсэн бөгөөд 2025.03.18-ны өдрийн бичлэгийг 921000 хүн үзэж, 398 хүн бусдад хуваалцаж, 1100 хүн сөрөг сэтгэгдэл бичиж, 7300 хүн лайк дарсан, 2025.03.21-ний өдрийн бичлэгт 631000 хүн үзэж, 154 хүн бусдад түгээж, 7500 хүн лайк дарж хандалт авсан байдаг.
2026.01.13-ны өөрийн хаягтаа Түлхүүрэн зүүлт гэх нийтэлсэн бичлэгтээ ...хүсэл биелүүлдэг хүзүүний зүүлт гэж үхсэн ацаа яриад байгаа юм бэ...нэг хэсэг багш нь багш нь гээд л солиороод байдгаа больчихсон байсан чинь худлаа ярьж худлаа сурталчилгаа хийгээд нэг хэдэн юмтай боллоо гэж яриач...хүзүүний зүүлт зүүгээд л юмтай болоод байдаг сонин л байна... гэж нэхэмжлэгчийн түлхүүрэн зүүлт сурталчилж байгаа дүрсийг тус бичлэгтээ эвлүүлэн оруулж нийтээр үзэн ядуулж доромжлуулах, сөрөг сэтгэгдэл бий болгох зорилгоор олон нийтэд түгээснийг 2026.01.30-ны байдлаар 9000 хүн лайк дарж, 696000 хүн үзэж, 1100 сэтгэгдэл бичиж, 691 удаа хуваалцсан байдаг. Үүнийгээ хариуцагч 2026.02.21-ний өдөр өөрийн фейсбүүк дагагчдын хаягт фин пост буюу онцлох пост болгож, олон нийтэд харуулж гутаан доромжилсон.
Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн гутаахгүй байх, олон нийтэд үндэслэл бүхий мэдээлэл түгээх, мэдээлэлд өгүүлж буй зүйлийнхээ үнэн зөвийг хариуцах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-д Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр няцаалт хийх, 36 секундын бичлэгийг устгахыг тус тус даалгахаар шаардлага гаргаж байна.
Хариуцагч *******гийн хууль бус дээрх бичлэгүүдээс шалтгаалан нэхэмжлэгчийн түлхүүрэн зүүлтийн борлуулалт 2026.01.01-ний өдрөөс 2026.01.26-ны өдрийг хүртэл хугацаанд сайн байсан боловч муу болж, захиалга нь огцом багасаж, нийт 8 150 000 төгрөг олох ёстой байсан орлого, ашгийг хаасан. Энэ олох ёстой байсан орлого, ашгийг болон хууль зүйн туслалаа авах гэрээгээр 3 өмгөөлөгч авч, өмгөөллийн төлбөрт төлсөн 3 300 000 төгрөг, нэхэмжлэгч эдгээр бичлэгүүдээс болж сэтгэл санааны дарамт, хямралд орсон, стрессээс үүдэлтэй зүрхний хэм алдах эмгэгтэй болсноос сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх зардалд 3 480 000 төгрөг зэргийг хариуцагчаас мөн нэхэмжилж байна.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч *******гаас шүүхэд болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь цахим орчинд хувийн үзэл бодлоо илэрхийлэхдээ тухайн хүнээс зөвшөөрөл аваагүй бол нэрийг нь хэлдэггүй нууцалж үсгээр орлуулан хүнийг тодорхойлох боломжгүй болгодог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн оруулсан бичлэгүүд нь нэхэмжлэгчид хандсан гэх ойлголт төрүүлэхгүй. Мөн нэхэмжлэгчид хандаж хийгээгүй бичлэгийг нэхэмжлэгч өөртөө тусгаж хүлээж авсан байна. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад өөрт тохиолдсон үйл явдлыг ярьсан бичлэг байгаа. Нэхэмжлэгч рүү дайрч, түүнийг гутаан доромжилсон бичлэг биш бөгөөд ирсэн нэхэмжлэлийг хүлээж авсан гэх мэтээр өөрт тохиолдсон үйл явдлын талаар бичлэг хийсэн.
Мөн хариуцагч *******гийн фэйсбүүк хаягт нийтэлсэн 36 секундын Хүсэл биелүүлдэг хүзүүний зүүлт гэх *******гийн нэр хүндэд халдсан бичлэгийг устгахыг даалгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж гутаасан мэдээг тараасан арга хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах, өмгөөллийн хөлсөнд төлсөн 3 300 000 төгрөг, тухайн бичлэгээс хойшхи хугацаанд олох ёстой байсан орлого алдагдсан хохиролд 8 150 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй. Өөрийн цахим орчинд бичлэг хийж оруулахдаа хэн нэгний нэрийг онцолж дурдаагүй, хариуцагчийн нийтэлсэн бичлэгт зориулж сэтгэгдэл үлдээхийг хүмүүст уриалаагүй, зарж байгаа зүүлтэд хохирол учруулаагүй. Тэдгээр зүйлс нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүрэн тоогоороо хадгалагдаж байгаа. Нэхэмжлэгч нь өөрт зориулаагүй бичлэгийг үзээд өөрийн олох ёстой байсан орлогоо алдсан гэж таамаглал дэвшүүлж тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлөгч авч үйлчлүүлж байгаад нь хариуцлага хүлээх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь сэтгэл зүйн хямралд орж, сэтгэл зүйчээс үйлчилгээ, зөвлөгөө авсан асуудал нь хариуцагчаас болсон гэх баримт байхгүй. Мөн нэхэмжлэгч хэд хэдэн хүнд холбогдуулан нэр хүнд, сэтгэл зүйн хор уршигтай холбоотой шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байсан нь эдгээр хүмүүстэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Сэтгэл зүйн эмчилгээ үйлчилгээ авах төлбөрт 6 960 000 төгрөг байснаас 3 480 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ хохирол нь хариуцагчаас болсон гэдгийг нотолсон, нэхэмжлэгчид учирсан хохирлын 50 хувь нь хариуцагчаас шалтгаалсан гэх дүгнэлт байхгүй. Иймд энэ нэхэмжлэл үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч бараа, бүтээгдэхүүнээ борлуулаад олох ёстой байсан орлого олж чадаагүй гэж 8 150 000 төгрөг нэхэмжилсэн боловч тухайн хүзүүний зүүлт гэх барааг хэдэн төгрөгөөр худалдаж аваад, цааш хэдэн төгрөгөөр зарж борлуулан ашиг олох байсан талаар хэрэгт баримт байхгүй, үнийн дүн тодорхойгүй. Хариуцагчаас ямар нэгэн байдлаар гутаан доромжилсон үйлдэл байхгүй. Тухайн хүний бараа бүтээгдэхүүн борлуулаад олох орлогыг төлөх үүрэг байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч *******гаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: ******* миний бие цахим орчинд бусдын үйлдэлд шүүмж илэрхийлэхдээ тухайн хүний нэрийг хэлдэггүй. Гэтэл ******* нь миний огт хэлээгүй, хийгээгүй үг үйлдлийг хийсэн, ярьсан мэтээр гүтгэж бичвэр болон бичлэг хийж цахим орчинд нийтлэхдээ миний овог нэр, зураг болон өмчийн талаарх мэдээллийг бусдад дэлгэсэн үйлдэл нь миний нэр хүндийг гутааж, цаашлан ажил хэргийн нэр хүндэд нөлөөлж эрхэлдэг цахим худалдаанд сөргөөр нөлөөлж байна. 2025.03.20-ны өдөр ******* нь миний тухай мэдээллийг өөрийн ******* гэх цахим хаягаас нийтлэн бусдад тараахдаа цахим хаяг болох ******* гэж бичээд машин болон үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн хамт миний зургийг хавсаргаад ...бусдыг ална, зодно гэж заналхийлдэг..., хятад гэж гүтгэсэн... гэх мэтээр сэтгэгдлээ бичвэр болгон оруулсан, тухайн өдрийн дүрс бичлэгийг нийтлэхдээ ...гэрээс чинь чирж гаргаж ирээд алгадна гэж заналхийлж байна...шөнө оройн цагаар чатаар дайрч давшилж байна... гэж миний огт хэлээгүй, хийгээгүй үйлдлийг хийсэн болгож ярьсан.
Иймд ******* миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг устгуулах, тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийлгэх, уучлалт гуйхыг *******д даалгаж өгнө үү. Энэ байдал нь хариуцагчийн нэр төр, алдар хүндийг гутааж байгаа үйлдэл учраас сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.
4.Нэхэмжлэгч *******гаас сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь өөрөө, өөрийн фейсбүүк хаягт машин болон байрныхаа зургийг оруулсан байсан. Үүнийг нь үзлэг хийсэн баримтаас харахад 600000 гаруй хүн надаас түрүүлж үзсэн байсан. Машинтай зураг нь 2025 оны 02 дугаар сард, цагаан сарын үеэр оруулсан зураг байсан. 2025.04.25-нд өөрийнхөө орон сууцанд байгаа зургаа тавьсан, 687000 хүн үзсэн зургууд байсан, би үзсэнийхээ дараа би өөрийнх нь оруулсан постоос утсаараа пост оруулсан нь хариуцагчийн нэр төрд халдаж, доромжилсон зүйл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
5.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан дүгнэлтдээ: Хүнийг доромжилж болохгүй, үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэл ойлгомжгүй байна гэв.
6.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн 2025.05.05-ны өдрийн дугаартай *******гийн сэтгэл зүйн байдлыг үнэлсэн психометрик шинжилгээ, түүний хавсралтууд, Талст-Эрдэнэ ХХК-ийн орчуулгын төвийн гадаад хэлнээс орчуулсан Мета тэмдэг, Метагаар баталгаажсан бизнесийн стандарт гэх баримтууд, Конфушиос дээд сургуулийн хятад хэлний түвшин тогтоох шалгалтын дүнгийн тайлан, оюутны карт, бараа захиалгын мэдээллүүд, *******гийн Өвөр монголын үндэсний их сургуулийн 2019.06.28-ны өдрийн магистрийн зэрэг олгосон дугаартай диплом, хавсралтын хуулбар, МУИС-ийн 2015.06.19-ний өдрийн D201523196 дугаартай бакалаврын зэрэг олгосон дипломын хуулбар, 2025.01.01-ний өдрийн Н.Ренчиндорж, ******* нарын хооронд байгуулсан Ажилд гүйцэтгэх гэрээ, түүний хавсралт, 2026.01.20-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 хх-ийн 32-36, 215-223, 2 хх-ийн 35-56, 177-179, 3 хх-ийн 39-44, 45-46/, online shop гэх төлбөрийн баримтууд / 2 хх-ийн 157-171, 3 хх-ийн 1-38/ зэргийг гаргасан.
7.Хариуцагчаас нотлох баримтаар, итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл, На. гэх нүүр номын /фэйсбүүкийн пэйж/ хуудаст бичигдсэн бичвэрүүд / 1 хх-ийн 23-26/ зэргийг гаргажээ.
8.Зохигчдын хүсэлтээр шүүгчийн 2025.11.10-ны өдрийн 47727 дугаартай захирамжийн дагуу 2025.11.13-ны өдрийн шүүхийн үзлэг хийж баталгаажуулсан үзлэгийн тэмдэглэл /1 хх-ийн 45-47, 50, 54-62/,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2026.01.30-ны өдрийн 102 дугаартай тогтоол, шүүгчийн 2026.02.06-ны өдрийн 8954 дүгээр захирамж, 2026.02.27-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч талаас гаргасан 9 ширхэг сиди-д болон Iphone 16 pro max маркийн дугаарын үүрэн телефон утсанд 2026.02.06-ны өдөр болон 2026.02.27-ны өдөр шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Си Ди-нүүд / 1 хх-ийн 156-214, 222-250, 2 хх-ийн 1-34, 3 хх-ийн 51-81/ зэрэг баримт хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 2 удаа нэмэгдүүлэн, 2026.01.12-ны өдрийн 36 секундын бичлэгийг устгахыг хариуцагчид даалгах, хохиролд нийт 14 930 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагчийг уучлал гуйхыг даалгах нь гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх шаардлагад орж байгаа, тусдаа шаардлага биш гэж тодруулж,
хариуцагч ******* нь дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч улмаар нэхэмжлэгч *******д холбогдуулан өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг устгуулах, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх, уучлалт гуйхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүхээс хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар, нотлох баримтууд зэргийг дүгнэн нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлээс зарим хэсгийг ханган, үндсэн нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ,
хариуцагч ******* нь ............ фэйсбүүк хаягтаа 2025.03.18-ны өдөр На гэдэг овог Монгол улсад байхгүй шүү гэх бичлэгээр ...Ямар нэрийдлээр өөрийгөө багш гэж нэрлээд байгаа юм бэ...Хүний гар дээр юм тавиагүй байж хүний тархийг эргүүлж байгаа чинь зөв юм уу. Битгий ийм гар хөл нь салгаж, нүд нь чичирчихээд хачин хачин юм ярьж бай...На гэдэг овог Монгол улсад байхгүй, багш магш гэж хуцаад байх юм, Солонгос улсад виз гаргана гэж мөнгө төгрөг авсан байна лээ...чамд бол алмаазнаас баяжсан мэт амархан санагдаж байгаа...Ямар нэрийдлээр өөрийгөө багш гэж нэрлээд байгаа юм бэ...Хүний гар дээр юм тавиагүй байж хүний тархийг эргүүлж байгаа чинь зөв юм уу. Битгий ийм гар хөл нь салгаж, нүд нь чичирчихээд хачин хачин юм ярьж бай... гэж,
2025.03.21-ний өдрийн Мета тэмдэг бүтэн овог нэрээрээ авдаг шүү, сорри гэсэн гарчигтай бичлэгээр ...чи амархан юм яриад байгаа байхгүй юу, чи амьдралын замналаа ойлгочихсон хүн бол ийм юм хийхгүй. Хүмүүсийг хайр найргүй саятан бол, тэрбумтан бол гэж сургалтын мөнгө авах гэж ингээд байгаа...10 сая, 100 сая, тэрбум төгрөг ол гэж ярьж байгаа чинь таны зөв юм уу... гэж,
2026.01.13-ны өөрийн хаягтаа Түлхүүрэн зүүлт гэх нийтэлсэн бичлэгтээ ...хүсэл биелүүлдэг хүзүүний зүүлт гэж үхсэн ацаа яриад байгаа юм бэ...нэг хэсэг багш нь багш нь гээд л солиороод байдгаа больчихсон байсан чинь худлаа ярьж худлаа сурталчилгаа хийгээд нэг хэдэн юмтай боллоо гэж яриач...хүзүүний зүүлт зүүгээд л юмтай болоод байдаг сонин л байна... гэж нэхэмжлэгчийн түлхүүрэн зүүлт сурталчилж байгаа дүрсийг тус бичлэгтээ эвлүүлэн оруулж, нэхэмжлэгчийг нийтээр үзэн ядуулж доромжлуулах, сөрөг сэтгэгдэл бий болгох зорилгоор олон нийтэд түгээснээс 2025.03.18-ны өдрийн бичлэгийг 921000 хүн үзэж, 398 хүн бусдад хуваалцаж, 1100 хүн сөрөг сэтгэгдэл бичиж, 7300 хүн лайк дарсан, 2025.03.21-ний өдрийн бичлэгт 631000 хүн үзэж, 154 хүн бусдад түгээж, 7500 хүн лайк дарж хандалт авсан, 2026.01.30-ны байдлаар 9000 хүн лайк дарж, 696000 хүн үзэж, 1100 сэтгэгдэл бичиж, 691 удаа бусдад түгээж, миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон тул миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, 36 секундын бичлэгийг устгахыг хариуцагчид даалгах, хариуцагчийн хууль бус бичлэгүүдээс шалтгаалж учирсан хохирол 14 930 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.
2.Хариуцагч *******гаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан үндэслэлээ, би цахим орчинд хувийн үзэл бодлоо илэрхийлэхдээ тухайн хүнээс зөвшөөрөл аваагүй бол нэрийг нь хэлдэггүй нууцалж, үсгээр орлуулан хүнийг тодорхойлох боломжгүй болгодог, бичлэгүүд нь нэхэмжлэгчид хандсан гэх ойлголт төрүүлэхгүй бөгөөд нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэх үндэслэлгүй, өөрийн бичлэгт зориулж сэтгэгдэл үлдээхийг хүмүүст уриалаагүй, нэхэмжлэгч нь сэтгэл зүйн хямралд орж, сэтгэл зүйчээс үйлчилгээ, зөвлөгөө авсан нь хариуцагчаас болсон гэх баримтгүй, нэхэмжлэгчийн зарж байгаа хүзүүний зүүлтэд хохирол учруулаагүй, хүзүүний зүүлтийг хэдэн төгрөгөөр худалдаж аваад, цааш хэдэн төгрөгөөр зарж борлуулан ашиг олох байсан талаар хэрэгт баримт байхгүй, үнийн дүн тодорхойгүй, өөрийнхөө хүсэл зоригийн дагуу өмгөөлөгч авч үйлчлүүлсэнд нь хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
3.Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ, цахим орчинд ******* нь 2025.03.20-ны өдөр миний тухай мэдээллийг өөрийн На. гэх цахим хаягаас нийтлэн бусдад тараахдаа миний цахим хаяг болох ............................ гэж бичээд машин болон үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн хамт миний зургийг хавсаргаад ...бусдыг ална, зодно гэж заналхийлдэг..., хятад гэж гүтгэсэн... гэх мэтээр сэтгэгдлээ бичвэр болгон оруулсан, тухайн өдрийн дүрс бичлэгийг нийтлэхдээ ...гэрээс чинь чирж гаргаж ирээд алгадна гэж заналхийлж байна...шөнө оройн цагаар чатаар дайрч давшилж байна... гэж миний огт хэлээгүй, хийгээгүй үйлдлийг хийсэн болгож ярьж гүтгэж бичвэр болон бичлэг хийж нийтлэхдээ миний овог нэр, зураг болон өмчийн талаарх мэдээллийг бусдад дэлгэсэн үйлдэл нь миний нэр хүндийг гутааж, цаашлан ажил хэргийн нэр хүндэд нөлөөлж эрхэлдэг цахим худалдаанд сөргөөр нөлөөлсөн тул миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг устгуулах, тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийлгэх, уучлалт гуйхыг *******д даалгахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.
4.Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзсан үндэслэлээ, хариуцагч ******* нь өөрөө, өөрийн фейсбүүк хаягтаа машин болон байрныхаа зургийг оруулсан, машинтай зураг нь 2025 оны 02 дугаар сард цагаан сарын баярын үеэр тавигдсан зураг байсан, *******гийн пэйж хуудас 600000 гаруй хүний хандалттай байсан, мөн 2025.04.25-нд өөрийнхөө орон сууцанд байгаа зургаа тавьсныг 687000 хүн үзсэн зургууд байсан, би түүнээс нь утсаараа зургийг нь авч пост оруулсан нь хариуцагчийн нэр төрд халдаж, доромжилсон зүйл байхгүй, хариуцагч намайг гутаасан бичлэгүүдээ 2025 оны 03, 04 дүгээр сард эхэлж хийсэн, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогджээ.
5.1.Нэхэмжлэгч ******* нь цахим орчинд олон дагагч бүхий На. гэх, гэх нэртэй нүүр номын хуудас, хариуцагч ******* нь гэх нэртэй нүүр номын хуудас тус тус ажиллуулж онлайнаар бараа, бүтээгдэхүүн худалдах, нэхэмжлэгч ******* нь онлайн худалдааг сурталчлах, сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг тус тус эрхэлж байсан байна.
5.2.Хариуцагч *******гийн гэх нүүр номын хуудаст 2025.03.18-ны өдөр нийтлэгдсэн На гэдэг овог Монгол улсад байхгүй шүү гэх дуу дүрсний бичлэгт ...Сургалт гэж ямар юм, сургалтын төв гэж ямар юм, багш гэж хэнийг хэлдэг юм. Ямар зөвшөөрлөөр өөрийгөө багш гэж цоллоод байгаа юм...Ямар нэрийдлээр өөрийгөө багш гэж нэрлээд байгаа юм...Багшаа та одоо ямар багшийн зөвшөөрөлтэй, юу заагаад байгаа багш вэ? Хүний гар дээр юм тавиагүй байж хүний тархийг эргүүлж 10 сая, 100 сая, тэрбум төгрөг ол гэж ингэж явж байгаа таны зөв юм уу? битгий ийм нэг гар хөл нь салгалж, нүд нь чичирчихээд ингэж хачин юм ярьж өөрийгөө... гэж,
2025.03.21-ний өдөр нийтлэгдсэн Meta temdeg buten ovog nereeree awdag shu sorry /Мета тэмдэг бүтэн овог нэрээрээ авдаг шүү, сорри/ гэсэн гарчигтай дуу, дүрсний бичлэгт ...Чамд бол алмаазнаас баяжсан шигээ амархан яриад байгаа байхгүй юу, миний хувьд бол тийм биш, надад ганцхан ХААН банкны данс байдаг, ...хуулгыг халз тавьчихъя, чамд 8000 шавьтай гэж яриад байдаг, хэдэн төгрөг орж ирсэн юм бэ, татвар төлсөн юм уу. 8000 шавь нараас чинь хэд нь тэрбумтан болсон бэ, сайн муу талыг нь хэлж өгөх ёстой, тэгэхэд...амаар амархан юм яриад байгаа байхгүй юу. Сургалтаар цөм хийгээд, алмаазаар цөм хийгээд чи амархан юм яриад байгаа байхгүй юу, ингэж наймаа хийдэг, өөрөө амьдралын замналаа ойлгосон хүн бол хүнд тэгж хэлэхгүй, хүний мөнгийг хайрлана. Тэгэхэд чи хайр найргүй, саятан бол, тэрбумтан бол, ингэж сургалтын мөнгө авах гэж байгаа байхгүй юу... гэж,
2026.01.12-ны өдөр нийтэлсэн дүрс, дууны бичлэгтээ ...хүсэл биелүүлдэг хүзүүний зүүлт гэж үхсэн ацаа яриад байгаа юм бэ...нэг хэсэг багш нь багш нь гээд л солиороод байдгаа больчихсон байсан чинь худлаа ярьж худлаа сурталчилгаа их хийгээд нэг хэдэн юмтай боллоо гэж яриач. Чи нэг хүзүүний зүүлт зүүгээд л юмтай болоод байдаг сонин л байна... яриад, үргэлжлүүлэн ...Хүзүүндээ...түлхүүрэн зүүлтээ зүүсээр байгаад л хүсэл мөрөөдөл зорилгынхоо үүдэнд ирээд энд ингээд баярлаад бүгдийг нь биелүүлээд зогсож байна. Зүүсэн байгааг нь харахад гийн зүүдэг платинум 950-р хийдэг, мозайнит даймонд хүсэл мөрөөдөл биелүүлдэг түлхүүрэн зүүлт авъя гэж маш их хүмүүс асуудаг. Тэгэхээр асууж байгаа бүсгүйчүүд маань шууд онлайн... гэсэн *******гийн барааг танилцуулж байгаа дүрс, яриаг гаргасан байх бөгөөд уг ярианы бичлэгүүдийг ******* хийсэн талаар хариуцагч тал маргаагүй байна.
5.3.Нэхэмжлэгч ******* нь өөрийн ******* гэх нэртэй нүүр номын хуудсанд 2025.03.20-ны өдөр нийтэлсэн 2 минут 2 секундын дуу, дүрсний бичлэгтээ: ...Яагаад мэдсэн сурсан зүйлээ бусад хүмүүст хуваалцаж зааж болохгүй болсон юм бэ. Нэг л сургалт хийгээд сургалтын бичлэгээр ...бизнес эрхлэгч болох гэж байгаа хүмүүстээ юм зааж өглөө л бол гэрээс чинь чирч гаргаж ирээд үсдэнэ, зодно, алгадна гэж заналхийлж байна...орой унтуулахгүй чатаар дайрч байна. Ингэж хүмүүсийг айлгаж болдог болсон юм уу. Худалдаа арилжааны мэргэжил бол хүний нийгэм үүссэн цагаас эхлэлтэй маш эртний мэргэжил юм. Тиймдээ ч тусгай мэргэжил эзэмшихгүйгээр хүн эрхэлж болдог. За сошиалд олон дагагчтай бүдүүлэг зан, бүдүүн дуундаа эрдсэн ганц хоёр хүн өөрсдөө өдөр бүр лайв хийж бараа зарж ашиг орлого олж, G class унаж, шинэ орон сууц байр авч байгаагаа хүмүүст харуулж гайхуулж байдаг хэрнээ...би олон хүнд боломж олгож худалдаа наймаа хийх аргыг заах болно. Хэл амтай бүдүүлэг хүмүүсээс айгаад энийг заахаа болино гэж байхгүй, бүр илүү заана шүү... гэсэн байх бөгөөд энэ талаар мөн нэхэмжлэгч ******* маргаагүй байна.
5.4.Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан *******гийн хувийн баримтууд, гэрэл зургууд, online shop гэх төлбөрийн баримтууд, бараа захиалгын мэдээллийн баримтууд, Талст-Эрдэнэ ХХК-ийн орчуулгын төвийн гадаад хэлнээс орчуулсан Мета тэмдэг, Метагаар баталгаажсан бизнесийн стандарт гэх баримтууд, 2025.01.01-ний өдрийн Н.Ренчиндорж, ******* нарын хооронд байгуулсан Ажилд гүйцэтгэх гэрээ, түүний хавсралт болон талуудын хүсэлтээр зохигчдын цахим хаяг болох нүүр номын хуудсуудад 2025.11.13, 2026.02.06, 2026.02.27-ны өдрүүдийн шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэлүүд, түүнд хавсаргасан баримтууд, Си Ди-нүүд зэргээр тогтоогдож байна.
5.5.Хэргийн баримтууд болон *******гийн дээрх бичлэгүүдээр хариуцагч нь *******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан эсэх, халдсан бол түүний талаар ярьсан зүйл нь бодит үнэнд нийцсэн эсэх, улмаар нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг нь гутаасан шинжтэй байсан эсэхийг зохигчдын тайлбар, нотлох баримтад үндэслэн шүүх бүрэлдэхүүн хянан үзэв.
6.Хэргийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******гийн На. гэх нэртэй нүүр номын хуудсаар дамжуулан бусдад бараа, эд зүйл худалдах, сурталчлах, худалдаа, бизнесийн үйл ажиллагааг амжилттай явуулах талаар бусдад сургалт зохион байгуулах зэрэг үйлдлийг буруутгасан, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироосон, хууль бус болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр, үйл ажиллагааны талаарх аливаа баримт хэрэгт авагдаагүй байна.
7.Хариуцагч ******* нь өөрийн гэх нүүр номын хуудсаар дамжуулан хийсэн дээрх дүрс, дууны бичлэгүүд нь нэхэмжлэгчийн эрхэлж байгаа бараа, эд зүйл худалдах, сурталчлах, бусдад сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг буруутгах, бусдад сөрөг, буруу ойлголт дам байдлаар төрүүлэх, нотлох баримтгүйгээр өөрийн дүгнэлтийг илэрхийлэх, зүй бус үг хэллэг хэрэглэн бусдын нэр хүндийг гутаасан, олон нийтэд түгээсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч дээрх бичлэгүүдийг нийтэлж олон нийтэд цацахдаа өөрийн ярьж нийтэлж байгаа мэдээллийн үнэн зөвийг, бодит байдалтай нийцсэн эсэхийг нягталж шалгалгүйгээр, баримтад үндэслэхгүйгээр бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй байсан, хэдийгээр тухайн этгээдийн /*******гийн/ нэрийг дурдахгүйгээр мэдээлэл хийсэн ч түүнийг үзэж сонирхсон этгээдүүд нэхэмжлэгч гэдгийг мэдсэн зэрэг нөхцөл байдал нь хэргийн баримтуудаар тогтоогдсон, үүний улмаас 2026.01.30-ны байдлаар эдгээр бичлэгүүдийг 921000 хүн үзэж, 1100 сэтгэгдэл бичиж, 691 удаа бусдад хуваалцаж, нэхэмжлэгчийг элдэв үг хэлээр доромжилсон, үгүйсгэсэн 450 удаагийн сөрөг сэтгэгдэл бичигдсэн талаарх баримтууд, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогджээ.
8.Иймд хариуцагч ******* нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан хүний нэр төр, алдар хүнд хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргээ биелүүлээгүй бөгөөд дээрх дуу, дүрсний бичлэгийг өөрийн биеэр хийж нийтэлснээр нэхэмжлэгч *******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэм буруутай гэж үзэх хууль үндэслэлтэй.
Түүнчлэн хариуцагч ******* нь *******гийн талаар олон нийтийн сүлжээгээр бусдын өмнө зүй бус мэдээлэл хийж, ярьсан нь иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээнд хамаарна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
9.Хариуцагч нь *******гийн тухай уг бичлэгүүдэд мэдээлсэн мэдээллийнхээ үнэ зөв, бодит байдалд нийцсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 107 дугаар зүйлийн 107.2.-т заасны дагуу нотлох баримтаар нотлоогүй байх тул хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн ...Хариуцагч ******* нь цахим орчинд хувийн үзэл бодлоо илэрхийлэхдээ тухайн хүнээс зөвшөөрөл аваагүй бол нэрийг нь хэлдэггүй нууцалж үсгээр орлуулан хүнийг тодорхойлох боломжгүй болгодог...Хариуцагчийн оруулсан бичлэгүүд нь нэхэмжлэгчид хандсан гэх ойлголт төрүүлэхгүй. Мөн нэхэмжлэгчид хандаж хийгээгүй бичлэгийг нэхэмжлэгч өөртөө тусгаж хүлээж авсан байна... гэх тайлбар татгалзал үндэслэлгүй болно.
10.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т Иргэний нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж, 21.3.-т Бодит баримтыг бүрэн гүйцэт мэдээлээгүйгээс бусдын нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2.-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.
Үүний дагуу нэхэмжлэгч ******* нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, хариуцагчид уг мэдээ тараасан арга, хэлбэр хэрэгслээр няцаалт хийж залруулах, 36 секундын бичлэгийг устгахыг даалгахаар шаардах эрхтэй, хариуцагч ******* нь өөрийн хийсэн бичлэгүүдээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаах, залруулга хийх үүрэгтэй байна.
11.Нэхэмжлэгч ******* нь Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн 2025.05.05-ны өдрийн дугаартай Нармандахын гийн сэтгэл зүйн байдлыг үнэлсэн психометрик шинжилгээ, түүний хавсралтууд зэргийг үндэслэн гэмтлийн дараахь стресст цочмог хариу урвал, сэтгэцийн цочрол гэмтэл, сэтгэл гутралын хөнгөн зэрэг гэсэн онош тогтоогдсон, цаашид сэтгэл зүйн нөхөн сэргээх курс эмчилгээний төлбөрт шаардлагатай 6 960 000 төгрөгийн тал хувь болох 3 480 000 төгрөг, өмгөөлөгчтэй байгуулсан 2026.01.20-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний дагуу өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3 300 000 төгрөг зэргийг гэм хорын хохиролд тооцон нэхэмжилсэн боловч хариуцагчийн үйлдлээс шууд шалтгаалан эмчээс сэтгэл зүйн үйлчилгээ авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр уг эмчилгээнд 3 480 000 төгрөгийг төлсөн баримтгүй, ирээдүйд бий болох зардлыг болон хуульд зааснаар өмгөөлүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэн эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3 300 000 төгрөгийг тус тус хариуцагчаар төлүүлэх боломжгүй юм.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь online shop гэх төлбөрийн баримтууд /и-баримт/-аар 2026.01.01-нээс 2026.01.26-ны өдөр хүртэлх хугацаанд 99 000 төгрөгийн үндсэн үнэтэй 1 ширхэг хүзүүний зүүлтийг 149 000 төгрөгөөр, нийт 202 ширхэг хүзүүний зүүлтийг худалдаж, 1 зүүлтээс 50 000 төгрөгийн ашиг олдог байсан, дээрх бичлэгүүд гарснаас хойш 15 хоногийн хугацаанд 37 ширхэг зарагдсан тул зөрүү 165 ширхэг зүүлтийг бусдад худалдаж чадаагүй хохирсон гэж үзэн олох ёстой байсан орлогод 8 150 000 төгрөг нэхэмжилсэн.
Гэвч нэхэмжлэгчийн онлайнаар худалдаж байсан хүзүүний зүүлт нь 99 000 төгрөгийн үнэтэй болох, 1 зүүлтээс 50 000 төгрөгийн ашиг олж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул online shop гэх төлбөрийн баримт /и-баримт/-ыг үндэслэн олох ёстой байсан орлогод 8 150 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх үндэслэлгүй байна.
12.Нэхэмжлэгч ******* нь өөрийн На. гэх нэртэй нүүр номын хуудсаар дамжуулан 2025.03.20-ны өдөр 2 минут 2 секундын дуу, дүрсний бичлэг нийтэлсэн байх бөгөөд уг бичлэгтээ хариуцагч *******гийн гэх нүүр номын хуудсанд 2025.03.01-нд сар шинэдээ сайхан шинэлээрэй гэсэн бичвэртэй нийтлэгдсэн гэрэл зургийг, мөн 2025.04.25-ны өдөр гэх нүүр номын хуудсанд нийтлэгдсэн гэрэл зургийг тус тус хуулбарлан авч өөрийн На. гэх нэртэй нүүр номын хуудсанд нийтэлсэн байна.
Дээрх 2025.03.20-ны өдрийн *******гийн хийсэн 2 минут 2 секундын дуу, дүрсний бичлэгт дурдсан үйл баримт, *******гийн гэх нүүр номын хуудсанд нийтэлсэн байснаас хуулбарласан гэрэл зургууд нь хариуцагч *******гийн талаарх мэдээллийг бүрэн гүйцэт, бодитой мэдээлээгүй, худал ташаа мэдээлсэн гэж үзэх, үүний улмаас хариуцагчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, эд хөрөнгөд нь хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
13.Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.3.-т заасны дагуу иргэний нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй, бодит баримтыг бүрэн гүйцэт мэдээлээгүйгээс эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээх үндэслэлгүй байна.
14.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэгч *******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд харин нэхэмжлэгчийн, хариуцагчаас гэм хорын хохиролд 14 930 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй тул уг хэсгийг хангах талаарх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүйг дурдав.
15.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагч *******гийн гэх нүүр номын хуудсаар дамжуулан хийсэн 2025.03.18, 2025.03.21, 2026.01.12-ны өдрийн бичлэгүүдээр нэхэмжлэгч *******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг, 2026.01.12-ны өдрийн 36 секундын бичлэгийг устгахыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг ханган, нэхэмжлэлээс үлдэх хэсэг буюу гэм хорын хохиролд 14 930 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг, мөн нэхэмжлэгч *******гийн 2025.03.20-ны өдрийн На. гэх нүүр номын хуудсаар дамжуулан хийсэн бичлэг нь хариуцагч *******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 200 төгрөгийг, хариуцагч *******гаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3.,116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.3., 511 дүгээр зүйлийн 511.2.-т заасныг баримтлан хариуцагч *******гийн цахим орчин дахь гэх нэртэй нүүр номын хуудсанд нийтлэгдсэн 2025.03.18-ны өдрийн На гэдэг овог Монгол улсад байхгүй шүү гэх кирилл галиг бичвэртэй 49 секундын дуу, дүрс бүхий бичлэг, 2025.03.21-ний өдрийн Meta temdeg buten ovog nereere awdag shu sorry гэх латин галиг бичвэртэй 1 минут 03 секундын дуу, дүрс бүхий бичлэгүүд, 2026.01.12-ны өдрийн 36 секундын дуу, дүрс бүхий бичлэг зэргээр нэхэмжлэгч *******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг, 2026.01.12-ны өдрийн 36 секундын бичлэгийг устгахыг тус тус хариуцагч *******д даалгаж,
нэхэмжлэлээс хохиролд 14 930 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг болон хариуцагч *******гийн өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг устгуулах, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэгч *******д холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 200 төгрөгийг, хариуцагч *******гаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Ц.АМАРМЭНД
Ч.ДАВААСҮРЭН