Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01553

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/01711 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Г ын нэхэмжлэлтэй, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 10 сарын 28-ны өдрийн А/00 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Г , түүний өмгөөлөгч Ж.Д , хариуцагчийн өмгөөлөгч С.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 10 сарын 28-ны өдрийн А/00 дугаар тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн хөгжлийн төвийн даргын албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Миний эрхэлж байсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасан Төрийн үйлчилгээний алба-д хамаарах тул надад төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл /Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах/-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь эрх зүйн зөрчилтэй хууль бус акт байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын хувьд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 00, 000 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/000 дугаар захирамжийг зөрчсөн гэх аливаа үйлдэл гаргаагүй. Тус төвийн хэсэг залуус өөрсдийн санаачилгаар амралтын өдрүүдээр салхинд гарах гэж байгааг 2021 оны 09 сарын 18-ны Бямба гарагийн өглөө хуулийн ажилтан Н.Д гээс мэдсэн. Тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 сарын 09-ний өдрийн А/000 дугаар захирамжаар иргэдийг агаар салхинд гарах хязгаарлалт жагсаалтаас хасагдаж зөвшөөрөгдсөн, мөн худалдаа үйлчилгээний байгууллага, амралт жуулчны газруудыг нээсэн байсан. Иймд амралтын өдөр иргэнийхээ хувьд, мөн улаан бүсэд 2021 оны 04 сараас 07 сарыг дуустал хугацаагаар ажилласан хүмүүсийг агаар салхинд гарах эрхийг хязгаарлах эрх надад байгаагүй. Салхинд гарсан хүмүүс тус бүрдээ амралтын газар очоод амралтын газрын шаардлагыг баримтлан амарч байгаад оройдоо гэрлүүгээ буцацгаасан байдаг. Байгууллагын зүгээс аялал, зугаалга зохион байгуулаагүй, ямар нэгэн байдлаар санхүүгийн болон бусад байдлаар дэмжлэг үзүүлээгүй, тэдгээр залуус өөрсдийн хүсэл зоригоор өөрсдийн зардал болон автомашинаар амралтын нэг өдөр агаар салхинд гараад ирсэн нь цар тахлын үеийн хууль, тогтоомж зөрчсөн зүйл гэж үзэхгүй байгаа. Мөн тушаалдаа архидан согтуурч хоорондоо маргаан зодоон үүсгэсэн албан хаагчдад хариуцлага хүлээлгээгүй гэж ажлаас халсан. Манай төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.3.а, 8.4.3.б, 9.2.6-д заасан ноцтой зөрчлүүдийг ажлын байранд гаргасан тохиолдолд сахилгын хариуцлага ногдуулахаар заасан. Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заагаагүй үйлдлийг зөрчилд тооцон сахилгын шийтгэл хариуцлага хүлээлгэх эрх надад байхгүй учир ажилчиддаа хариуцлага ногдуул гэсэн хууль бус шаардлагыг биелүүлээгүй. Харин үйл ажиллагааг зохион байгуулсан, үйл ажиллагаанд архидан согтуурсан, хэрүүл маргаан үүсгэсэн эсэхийг шалгах, нөхцөл байдлыг тодруулах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажпын хэсгийг миний бие 2021 оны 10 сарын 28-ны өдрийн А\00 дугаартай Комисс томилох тухай тушаалаар томилоод байтал тэр өдөр намайг ажпаас халсан. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд би Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн сахилгын ямар нэг зөрчил гаргаагүй, энэ талаар тушаалд огт дурдагдаагүй байдаг.

Иймд Р.Г намайг хууль, эрх зүйн ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 10 сарын 28-ны өдрийн А/00 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалин олговрыг гаргуулан эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Р.Г нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн үед буюу 2021 оны 09 сарын 18-ны өдөр төвийн төрийн албан хаагчид хууль зөрчиж аялал зугаалга, баяр ёслолын арга хэмжээг зохион байгуулахыг мэдсээр байж хориглоогүй, зөвшөөрсөн, төрийн байгууллагын удирдах албан тушаалтны хувьд хууль тогтоомжоор хязгаарласан арга хэмжээнд оролцсон, архидан согтуурч хоорондоо маргаан зодоон үүсгэсэн албан хаагчдад хариуцлага хүлээлгээгүй. Тухайн аялал зугаалга, баяр ёслолын арга хэмжээнд оролцож архидан согтуурч улмаар маргаан зодоон үүсгэсэн албан хаагч ажлын байранд ирэлгүй байсаар нас барсан нөхцөл байдал болсон. Р.Г ын энэхүү үйлдэл төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны хуульд заасан нь хууль дээдлэх, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргийг биелүүлээгүй, мөн Коронавируст /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан иргэний болон төрийн байгууллагын удирдлагын эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журмыг мөрдөх үүргээ биелүүлээгүй. Засгийн газрын 2021 оны 00, 000 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн байгууллага, хуулийн этгээд, хүний үйл ажиллагааны горим-д гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төрийн байгууллагын хувьд уралдаан тэмцээн, аялал зугаалга, бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, цайллага, хүлээн авалтын үйл ажиллагааг хязгаарласан. Мөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны Аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих, эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах тухай А/000 дугаар захирамжаар төрийн байгууллага, хуулийн этгээдэд бүх төрлийн аялал зугаалга зохион байгуулахыг хязгаарласан байна. Засгийн газрын 2021 оны Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 000 дугаар тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын царт тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал сунгасан. Засгийн газрын 2021 оны 00 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам-ын 4.3-т Шар болон улбар шар түвшинд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн эсхүл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтооно." гэж заасан. Тус журмын 5.1-д Энэ журмыг зөрчсөн төрийн байгууллага, түүний удирдлага, албан тушаалтан, ажилтан, хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж тогтоосон. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах харилцаанд Төрийн албаны тухай хуулийг баримталсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дургаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр згүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т төрийн албанаас халах гэж тус тус заасан. Р.Г ад сахилгын шийтгэл ногдуулахдаа нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн судалсан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 2019-2020 оны төсөв санхүү, үйл ажиллагаанд хийгдсэн аудитын тайлангаар төвийнх батлагдсан орон тоог оновчтой зөв тогтоож ажиллаагүй, төвийн хөрөнгө бараа материалын бүртгэл данс хооронд хольж сольж бүртгэсэн, төвийн касснаас даргын зөвшөөрөлгүй бэлэн мөнгө гаргасан, Ковид-19 цар тахлын үед зориулалт бусаар их хэмжээний үндсэн хөрөнгө бэлтгэн төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, худалдан авалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухайн хуулийг зөрчин үнийн саналгүй шууд худалдан авсан, Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн нь тус тус тогтоогдож Их хэмжээний сайжруулалт хэрэгтэй дүгнэлт авч байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажлын хэсэг ажиллах үед Авлигатай тэмцэх газраас тус төвийн баримт бичиг, Р.Г ын албаны компьютерт үзлэг шалгалт хийсэн тухай өөрөө мэдэгдэж байсан болно. Нэхэмжлэгч Р.Г ад сахилгын шийтгэл ногдуулахдаа Захиргааны ерөнхий хууль, холбогдох хууль тогтоомжийг баримталж сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоох, сонсох ажиллагаа хийх зэрэг ажиллагаануудыг хийж, өөрт нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, нөхцөл байдлыг танилцуулж, тайлбарыг авсан ба Р.Г ад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон учир Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно. Сахилгын шийтгэл ногдуулахдаа Р.Г ын гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдлыг харгалзан үзсэн болно.

Иймд нэхэмжлэгч Р.Г ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Г ын хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Нэхэмжлэгч нь аялал зугаалгын үйл ажиллагааг зохион байгуулаагүй. Харин ажлын бус өдөр ажилчид өөрсдөө сайн дураараа, агаар салхинд гарсан асуудлыг хязгаарласан, хориглосон арга хэмжээ гэж үзэхгүй байгаа. Гэтэл шүүхийн шийдвэрт энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн засаг даргын 2021 оны 07 сарын 09-ний өдрийн А/000 дугаар захирамж гарсан. Уг захирамжаар амралтын газруудын үйл ажиллагааг нээсэн, иргэдийн агаар салхинд гарах үйлдлийг хязгаарлалтаас хассан. Өөрөөр хэлбэл, цар тахлаас урьдчилан сэргийлэх болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дархлааг нь сэргээх зорилгоор агаар салхинд гарахыг зөвшөөрсөн учраас амралтын газруудын үйл ажиллагааг нээсэн. Энэ үйлдэлд зөвхөн аялал зугаалга гэдэг үгээр нэхэмжлэгчийг буруутгаж, ажлаас халах зорилго агуулан энэхүү тушаал хууль бусаар гарсан. Хэрэв агаар салхинд гарах эрх хязгаарлалтад байсан бол амралтын газруудын үйл ажиллагааг нээснээр тэдний үйл ажиллагаа яаж дэмжих юм бэ, хэрэв агаар салхинд гарч болохгүй байсан бол тэдний үйл ажиллагааг нээх ямар шаардлага байсан бэ гэдэг асуултууд гарч ирдэг. Тэгэхээр агаар салхинд гарсан ажилчдын үйл ажиллагаанд даргыг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Өглөө нь гараад орой нь ирдэг аялал зугаалга байдаг юм уу гэдэгт шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Зохион байгуулсан гэдэг үйлдэлд өөрсдийн үзэмжээр хариуцагч болон шүүхээс дүгнэлт хийсэн. Гэтэл сэргээн засах хөгжлийн төвд арга хэмжээ зохион байгуулах нь дотоод журамд зааснаар даргын тушаал болон хөтөлбөр гардаг, баяр ёслолын арга хэмжээг зохион байгуулах өдрүүдийн талаар заачихсан байдаг. Зорчих эрх үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх. Мөн хориглосон үйлдлийг төрийн байгууллагын дийлэнх албан хаагчид үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ дүгнэлтийг хийхдээ тухайн байгууллага хэдэн албан хаагчтай болох, хэдэн хүн явснаар дийлэнх гэж үзэх талаар нотлох баримт байхгүй, шүүх энэ талаар дүгнэлт хийх ёстой.

4.б. Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгох ёстой гэж нэхэмжлэгч талаас маргаж нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон. Тус төвийн дарга үйлчилгээний албан хаагч, үйлчилгээний албан хаагчийг Төрийн албаны тухай хуулиар сахилгын шийтгэл ногдуулсан нь эрх зүйн зөрчилтэй, хууль бус тушаал юм. Шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Төрийн албаны тухай хуульд төрийн тусгай албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Харин төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар үйлчилгээний албан хаагчдын эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан. Тэгэхээр тухайн акт гарахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг заавал баримталж гаргах ёстой байсан. Шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

4.в. Мөн сонсох ажиллагааны хувьд шүүх зөвхөн хэлбэрт дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, тэмдэглэл байгаа учир биечлэн сонсох ажиллагааг хийсэн байна гэж дүгнэсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулийг зөв хэрэглээгүй. Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагааг ямар хэлбэрээр хийх буюу мэдэгдэл өгнө гэж заасан. Мэдэгдэлд тухайн шийдвэр гаргах асуудлын үндэслэлийн талаар зааж, хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөх боломж хангах үйл ажиллагаа байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ямар нэгэн сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдэл өгөөгүйгээр дуудсан. Тэмдэглэлд сонсох ажиллагаа хийж байна та тайлбар нотлох баримтыг гаргаж өг гэж шууд тулган шаардсан. Уг тэмдэглэлээс нэхэмжлэгч Р.Г нь сонсох ажиллагаа гэж юу байдаг талаар мэдэхгүй учраас асууж тайлбарлахад би ямар нэгэн байдлаар бэлтгэлгүй байна. Шууд энэ олон үндэслэлд заасан зүйлүүдэд хариулт өгч чадахгүй, хичээлтэй байгаа учраас дараа нь өгье гэдэг хариултыг өгсөөр байтал таны зав цаг завыг харж хүлээж хойшлуулах нь зохисгүй гэх байдлаар сонсох ажиллагааг дүр үзүүлж хийсэн байхад шүүх үүнийг зөвтгөж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын өгсөн хариу тайлбарын агуулга: Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын үүргийг гүйцэтгэж байсан Р.Г ын үнэнч шударга ажилдаа ямар нэгэн алдаа зөрчилгүй байж байхад нь ажлаас халсан юм уу, эсвэл зохих алдаа зөрчил гаргаж энэ албан тушаалд байх боломжгүй нөхцөлд халсан юм уу гэдэг асуудал энэ хэргийг шийдвэрлэх гол үндсэн нөхцөл юм. Улс орон, дэлхий нийтийн хэмжээгээр аюулт цар тахал тархсан. Тухайн нөхцөл байдалд олон хүн хамруулсан аялал зугаалга зохион байгуулах, нэг дор гурваас дээш буюу олон хүмүүсийг цуглуулж хамруулан ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон төрийн эрх бүхий зохих байгууллагуудын тушаал, захирамж, хууль дүрмийг зөрчиж байгууллага хамт олноороо салхинд гарах нэрийн дор аялал зугаалгын чанартай үйл ажиллагаа зохион байгуулсан. Үүнд дарга нь буюу Р.Г өөрөө оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан материалуудад тодорхой байна. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох Р.Г нь дор дурдсан зөрчил дутагдал гаргаснаас гадна тухайн үед ажиллаж байсан яг тэр хугацаандаа өндөр хариуцлагатай албан тушаалд тэнцэхгүй, өөр бусад зөрчлүүд гаргаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан материал болон шүүх хурлаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тодорхой байна. Авлигатай тэмцэх газрын 2022 оны 03 сарын 29-ний өдрийн албан бичигт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Г нь бүрэн эрхээ урвуулан ашиглаж, тус төвд хөдөлмөр эрхлээгүй хүнийг ажилласан мэтээр тушаал гаргаж, илүү цалин гаргасан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, хохирол учруулсан үйлдэлтэй хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамыг хохирогчоор тогтоож байна. Энэ бүх нөхцөл байдлуудаас үүдэн Р.Г ыг захиргааны санаачилгаар ажлаас халсан тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 04 сарын 25-ны өдрийн А/00 тоот тушаалаар 2021 оны 10 сарын 28-ны өдрийн А/00 тоот тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч тал энэ нэмэлт, өөрчлөлт оруулсан тушаалыг чухам ямар учраас, яагаад хууль бус тушаал юм бэ гэдгийг нотолж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 10 сарын 28-ны өдрийн А/00 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 10 сарын 28-ны өдрийн Р.Г ад төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай А/00 дугаар тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Г ыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төвийн төрийн албан хаагчид хууль зөрчиж аялал зугаалга, баяр ёслолын арга хэмжээг зохион байгуулахыг мэдсээр байж хориглоогүй, зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хязгаарласан арга хэмжээнд оролцсон нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1, 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.6, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 00, 000 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/000 дугаар захирамжийг зөрчсөн, мөн төвийн даргын хувьд арга хэмжээнд оролцсон, архидан согтуурч хоорондоо маргаан зодоон үүсгэсэн албан хаагчдад хариуцлага хүлээлгээгүй нь төрийн албаны хууль дээдлэх, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргийг биелүүлээгүй үндэслэлээр 2021 оны 10 сарын 29-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Тус тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 2 дахь хэсэг, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1, 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.6, 17 дугаар зүйлийн 17.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2, 52 дугаар зүйлийн 52.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Журам батлах тухай 00 дугаар тогтоол, Журмын хавсралтыг өөрчлөн батлах тухай 000 дугаар тогтоолыг тус тус удирдлага болгосон байна.

 

4.   Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг ...манай ажилчид 04-08 саруудад ковидтой хүмүүсийг цаг наргүй эмчилж байсан, ажилчдынхаа сэтгэл санааг өргөх үүднээс агаарт гарсан, тухайн үед амралт зугаалгын үйл ажиллагааг нээсэн байсан, шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгааг зөвшөөрөхгүй, сануулах, цалин бууруулах арга хэмжээ авч болох байсан, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, ажлаас халах тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй... гэх агуулгаар тайлбарлажээ.

 

5.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар 2021 оны 09 сарын 18-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 40 гаруй албан хаагчид оролцсон арга хэмжээ /амралтанд явсан/ зохион байгуулагдсан, уг арга хэмжээнд тус төвийн дарга Р.Г оролцсон, тус арга хэмжээний үеэр албан хаагчид архидан согтуурч, хоорондоо зодолдсон, зодоонд оролцсон хүн хэд хоногийн дараа нас барсан үйл баримт тогтоогдсон.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг үнэлж ...нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүднээс төрийн байгууллага, хуулийн этгээд, хүний тодорхой үйл ажиллагаанд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг илтэд зөрчиж, байгууллагын удирдлагын хувьд албан хаагчдын хууль бус үйлдлийг таслан зогсоогоогүй, өөрөө тухайлан оролцсон Р.Г ын үйлдлийг сахилгын зөрчил гэж тооцно... гэсэн дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

Тодруулбал, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй гээд 13.2.1-д эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах; гэж, 13.2.6-д энэ хуулийн 7 дугаарт зүйлийн 7.1.1-д заасан журамд хориглосон хэлбэрээр олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ, уулзалт зохион байгуулахгүй байх; гэж тус тус заасныг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Г зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн гаргасан арга хэмжээг байгууллагаас зохион байгуулаагүй гэх тайлбар арга хэмжээнд тус төвийн дарга, 40 гаруй албан хаагчид оролцсон үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн, дээр дурдсан хуулиар олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ, уулзалт зохион байгуулахыг хориглосон байх тул амралтын газруудын үйл ажиллагааг нээсэн байсан гэх тайлбар нь нэхэмжлэгчийн байгууллагын 40 гаруй албан хаагчдыг хамруулсан арга хэмжээ зохион байгуулсан, өөрөө оролцсон үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

 

6.   Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байх тул тус хуулийг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийг баримтлан хариуцлага хүлээлгэснийг буруутгах боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч талын гаргасан ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй нь хууль бус гэх тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 10 сарын 28-ны өдрийн А/00 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтыг дурдаагүй боловч Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Г ыг ажлаас халж буй үндэслэлийг нэг бүрчлэн тодорхой дурдсан байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт ...сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй... гэж зохицуулсан тул ...шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгааг зөвшөөрөхгүй, сануулах, цалин бууруулах арга хэмжээ авч болох байсан... гэх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

7.   Хавтаст хэрэг 1-ийн 129-133-р талд Сонсох ажиллагааны тэмдэглэл авагдсан, уг тэмдэглэлээс үзвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 000 тоот өрөөнд сонсох ажиллагааг явуулсан, сонсох ажиллагаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн дарга Р.Г биечлэн оролцсон, сонсох ажиллагааны өмнө нэхэмжлэгчийн тайлбар, ажлын хэсгийн дүгнэлтийг бичгээр авсан нөхцөл байдал тогтоогдсон тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8.   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 10 сарын 28-ны өдрийн А/00 тоот тушаалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 04 сарын 25-ны өдрийн А/00 тоот тушаалаар оруулсан нэмэлтийн үндэслэлийг шүүх хянахгүй. Учир нь тус тушаалаар Р.Г ыг ажлаас халсан үндэслэлд хожим шинээр үндэслэл нэмсэн шинжтэй байх тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрээ нэг талын санаачилгаар дахин үндэслэл нэмж байгаа нь эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн хувьд шударга бус, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 10 сарын 28-ны өдрийн А/00 тоот тушаалд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, Шилэн дансны тухай хууль зөрчсөн гэх мэт үндэслэлийг тусгаагүй учир хариуцагч талын гаргасан холбогдох тайлбар энэ маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/01711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Г ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг тайлбарласугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР