| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0457/э |
| Дугаар | 474 |
| Огноо | 2018-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Б.Баярхүү,
шүүгдэгч С.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р овогт С-ын Э-д холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “С” ХХК-нд ажилтай, ам бүл 0 эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, 0 дугаар баг, 0000 дугаар гудамж 00 тоот хаягт оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, “С” хотхоны 00 дугаар байрны 0 дугаар орц, 00 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Р овогт С-ын Э- /РД:**00000000/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.Э- нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” хотхоны хашаанд Б.М-ыг “гэрлээрээ дохиод, сигналдаа” гэх шалтгааны улмаас зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч С.Э-гаас: “... Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Б.М-ын: “...ингээд машинаа байрны гадна талын авто зогсоол дээр байрлуулах гээд явж байхад миний урд талд саарал юм уу, ягаан өнгийн “Тоёота приус 10” маркийн автомашин нилээд удаан явж байснаа 000 дугаар байрны урд талд зогсчихсон. Тэр үед тус байрнаас 2 охин, 2 залуу гарч ирснээ урд талын машины хүмүүстэй ярилцаад байхаар нь би тэднийг хүлээгээд зогссон. Ингээд нөгөө машин цаашаа явж байгаад дахиад зогсчихсон ба 27-28 орчим насны залуу урд талын машины урд гарч зогсчихоод явуулахгүй байсан. Ингээд тэр залуу урд талын авто машин руу ирснээ машин доторх хүмүүстэй ярилцаж байгаад машин нь цаашаа яваад 00/0 дүгээр байрны үүдэнд зогссон. Машины урд гарч зогсчихоод явуулахгүй байсан залуу Э- гэдэг юм байна. Тэгтэл Э- нь миний машины урд талд гарч ирж зогсчихоод миний машины хөдөлгөөнд саад учруулаад байхаар нь би гэрлээрээ дохиод аяархан дуут дохио өгсөн. Гэтэл Э- машины баруун урд талаар ирснээ миний талын нээлттэй цонхоор гараа оруулж ирээд хамар руу нэг удаа хүчтэй цохьсон. Тухайн үед миний харааны нүдний шил хүрээнийхээ дээд хэсгээр хугарчихсан. Тэгэхээр нь би машинаасаа арай гэж буугаад Э-тай заамдалцсан. Ингээд би түүнийг цохих гээд гараа далайтал миний гар хүрэхгүй байсан. Энэ хооронд эхнэр М- бага хүүгээ тэвэрч машинаас бууж ирээд “найзыгаа аваач ээ” гэж орилтол урд талын Приус машинаас 2 залуу бууж ирээд Э- бид хоёрыг салгасан. Э- цаашаа яваад өгөхөөр нь би түүний хойноос нь очоод зуураад авахад Э-тай хамт явж байсан 2 залуу биднийг салгасан. Энэ үед хэн нэг нь намайг дэгээдсэн үү, яасан би ямар ч гэсэн газар унасан. Намайг унасан байхад Э- нуруу, дагз орчим руу 4-5 удаа өшиглөсөн... Ингээд Э- нөгөө приус маркийн машиндаа суугаад явчихаар нь би эхнэр рүүгээ очоод “тэр машины дугаарыг харсан уу” гэж асуутал тэрээр “хараагүй” гэж хэлэхээр нь би миний уур хүрээд тэр машины хойноос өөрийнхөө машинтай хөөж гүйцээд зогсоосон. Тэр үед Э- нөгөө машинаас буутал машин нь яваад өгсөн. Тэгээд би машинаасаа бууж очоод Э-тай маргалдаж байхад 2 эрэгтэй, 2 эмэгтэй ирсэн. Удалгүй манай эхнэр цагдаад өгсөн ба цагдаа нарыг ирэх үеэр Э- болон түүний найзууд зугтчихсан... Тухайн үед Э-тай хэрэлдэж маргалдсан зүйлгүй. Түүнийг машины урд зогсчихоод хөдөлгөөнд саад учруулаад байхаар нь би гэрлээрээ дохиж, сигналдсан. Тэгтэл Э- нь над дээр ирснээ үгийн зөрөөгүй цохиод авсан.
...Э-тай заамдалцаж байхад цээжинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн. Мөн Э- нь намайг газар унасан байхад дагз, нуруу руу өшиглөсөн. Тухайн үед хоёр гараараа нүүр, толгойгоо хамгаалаад доошоо хараад хэвтсэн байсан болохоор Э- нь миний гар, мөр рүү өшиглөсөн байх. Ямар ч байсан нуруу, толгой руу өшиглөж байсан. Тухайн үед миний уур маш их хүрсэн, хүүхдийнхээ дэргэд зүгээр байж байгаад бусдад зодуулсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/
Гэрч Г.М-ийн: “...Тэгтэл тэр машины урд нэг залуу урд нэг залуу зогсчихоод хөдөлгөөнд саад учруулаад байхаар нь М- сигналдтал урд талын машин замаа чөлөөлж зогссон. Харин зам дээр зогсчихоод хөдөлгөөнд саад учруулаад байсан залуу замын голд зогсчихоод холдохгүй байсан. Тэр залууг Э- гэдэг юм байна. М- Э-г замаас холдохгүй болохоор нь сигналдсан боловч тэрээр зам дээр хөдөлгөөнгүй зогсоод байхаар М- жолооч талын баруун талын цонхоо нээгээд “замаас холдооч ээ” гэж хэлтэл Э- нь зам чөлөөлөх гэж байгаа юм шиг манай машиныг чиглэж ирснээ гэнэтхэн баруун урд талын цонхоор гараа оруулж ирээд М-ын нүүр рүү гараараа нэг удаа хүчтэй цохитол М-ын зүүж байсан харааны шил хугарч хойшоо үсрээд, хүүхдүүд минь айж уйлаад, орилолдоод эхэлсэн. Тэгтэл М- машинаас буугаад Э-тай барьцалдаж аваад манай машины баруун талын жижиг зайнд ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би бага хүүгээ тэвэрч буугаад урд талын машинтай хүмүүс рүү “найзыгаа салгаач” гэж орилсон. Тэгтэл 00-00 *** улсын дугаартай машинаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй бууж ирсэн. Энэ хоёр залуугийн нэгийг нь Н-, нөгөөг нь Б- гэдэг юм байна. Ингээд Б-, Н- хоёр Э-, М- нар руу очихоор нь би тэднийг манай нөхрөөс найзыгаа салгаад авчих байх гэж бодоод хоёр хүүхдээ аргадаж тайвшруулсан. Тэгээд хэсэг байж байгаад М-ын байгаа зүг рүү хартал М- газар уначихсан, хоёр гараараа нүүрээ дарсан байдалтай, хажуу талаараа хэвтсэн, Б-, Э-, Н- нар тойроод зогсчихсон байсан... Э- болон түүний найзууд намайг цагдаад дуудлага өгснийг мэдээд 00-00 ***улсын дугаартай машинд суугаад явсан. М- над руу ирснээ “саяхны машины дугаарыг харсан уу” гэхээр нь би түүнд “хараагүй” гэж хэлтэл М- намайг болон хүүхдүүдийг орхичихоод машиндаа суугаад хар хурдаараа давхиад алга болсон. Э- нь замын голд зогсоод байхаар нь М- түүнийг холдооч гэж хэлтэл Э- манай машин дээр ирснээ М-ыг үгийн зөрүүгүй цохисон. Тухайн өдөр М- Э-тай маргалдсан зүйл байхгүй. Дараа нь гэртээ орсон хойноо М-ыг хартал түүний цээжний баруун хэсэг, бүсэлхий хэсэг нь хөхөрч хавдсан байсан. Ноцолдсоноос болоод тухайн үед өмссөн байсан цагаан өнгийн футболк урагдаад, саарал өнгийн өмдний нэг өвдөг цоорсон байсан. Э- л М-ыг цохиж зодоод байсан, мөн тэр хоёр заамдалцаад, зууралдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/
Гэрч Г.Н-ын “...Тэгтэл Э- Л-ийн машины урд талд нь орж зогсчихоод явуулахгүй байсан ба Л- бага багаар урагшилсаар байгаад Э-г тойроод машинтайгаа явсан. Тэгэхээр нь би өөрийнхөө машинаас буугаад Л-ийн машин руу явж байгаад эргээд хартал Э- хойноос сигналдаад байсан мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-20 маркийн машины жолоочтой заамдалцсан, жолооч залуу Э-гийн баруун хацар орчимд нь 1-2 удаа цохиод. Эрдэнэ эргүүлээд нөгөө жолооч залуугийн толгой руу баруун гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би тэдэн рүү гүйж очтол Б- миний машинаас бууж ирээд, бид хоёр Э- болон нөгөө жолоочийн дундуур орж салгасан. Тэгээд Б-, Э- хоёрыг “та хоёр холхон очоод байж бай” гэж хэлж явуулаад би нөгөө жолооч залууг бариад үлдсэн. Тухайн үед жолооч залуу нь Э-г “ална” гээд дайраад байсан... Намайг тэдэн рүү очих хооронд Э-, Б- хоёр машинаас буугаад, Э- нөгөө жолооч залуутай заамдалцсанаа, газар унагаад цээж рүү нь баруун хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэр хооронд Л- машинтайгаа явчихсан. Ингээд Б- бид хоёр Э- болон нөгөө жолооч залуу хоёрын дундуур ороод салгасан... Цагдаа нар Э-, Б- бид гурвыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр авч ирээд согтууралыг шалгахад Э- 0.21, Б- 0.8, би 0.10 хувьтай гарч байсан... Э- нь М-ын толгой руу гараараа 2 удаа цохисон. Мөн М-ыг газар унагааж байгаад цээж орчим руу нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Гэрч Н.Б-ын “...Ингээд 22 цагийн үед машинаас бууж хотхоны саравчинд сууж тамхи татсан. Тэр үед Н-, Э- хоёр хаашаа ч юм цувраад явчихаар нь би Н-ын машинд ороод суусан. Тэгтэл гэнэтхэн эмэгтэй хүн “хүүе болиоч ээ, юу болоод байнаа” гээд орилохоор нь машинаас буутал Э- нь Тоёота приус-20 маркийн машины жолооч залуутай заамдалцчихсан зогсож байхаар нь тэдэн рүү гүйж очоод салгах гээд нөгөө жолооч залуугаас татаад “тайвшир ах аа, боль л доо” гэж хэлтэл нөгөө залуу “би чам шиг юмнуудтай хэзээ ах, дүү болсон юм” гэж уурлаад байсан. Тэр жолооч ахыг М- гэдэг нэртэйг сүүлд мэдсэн. Ингээд арай гэж би Э-г түлхээд Н- М-ын гарнаас татаж холдуулаад, тэр хоёрыг салгасан. Тэгтэл М- хойноос хүрч ирснээ Э-г заамдсан, тэр хоёр ноцолдоод байсан ба нэг харсан чинь М- газар хэвтэж байсан. Тэгэхээр нь Э-г Л-ийн машин руу түлхэж суулгатал, Л- машинаа асаагаад цаашаа хөдлөөд явсан. М- тэдний хойноос явтал тэл хашааны булан тойроод машинуудаа зогсоочихсон, Э-, М- нар бие биенээсээ заамдчихсан зогсож байхаар нь Н- бид хоёр тэдний дундуур ороод салгасан... Сүүлд Э-гаас асуухад М- нь Э-г замын голд зогсож байхад нь сигналдаад байсан гэсэн. Үүнээс л болоод тэд хоорондоо маргалдсан юм байна лээ. Би Э-д “чиний буруу байна шүү” гэж хэлсэн. Тухайн үед М-, Э- хоёр хоорондоо ноцолдоод бие биенээ заамдаад байсан. Яг хэн нь хэнийгээ хэрхэн яаж цохисныг би харж амжаагүй. М-ын эхнэр, Н- нар харсан, өөр харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
Гэрч А.С-ы: “...хүүгийнхээ машин руу гүйгээд очтол М- хойд талынхаа суудал дээр нүүрээ дараад ёолчихсон байж байснаа намайг харчихаад “ээжээ зүгээр, зүгээр, толгой эргээд байна” гэж хэлсэн. Тэгсэнээ машины хажууд зогсож байсан 3 залууг зааснаа “намайг зодсон хүмүүс энэ байна” гэж зааж өгсөн. М-ын баруун тохой халцараад, энгэр цээж нь маажигдсан юм шиг зулгарсан шархтай болоод, өмсөж байсан футболкных нь энгэр нь сунасан байсан. Нүдний шилний нуухны оромоор халцарсан харагдаж байсан. Мөн өмднийх нь баруун өвдөг урагдаад, өвдөг нь шалгарсан байсан... М-ын надад хэлснээр түүний машины хажууд зогсож байсан 3 залуугийн нэг зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №5877 тоот дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг
Яллагдагч С.Э-гийн “...Би М-ын нүүр рүү гараараа цохиж, түүнийг газар унагасан байхад нь цээж орчим руу гараараа 2 удаа өшиглөсөн. М- миний хүзүү ар хэсэг рүү гараараа атгаж байгаад нилээд хэдэн удаа цохиход, Б-, Н- нар ирээд Б- нь намайг, Н- нь М-ыг хойш нь татаад салгасан. ...Миний хувьд М-д ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй. ...Би М-д учирсан 440.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62 дугаар хуудас/,
-Боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 63-66 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж С.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч С.Э- нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” хотхоны хашаанд Б.М-ыг “гэрлээрээ дохиод, сигналдаа” гэх шалтгааны улмаас зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/, хохирогч Б.М-ын мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч Г.М-ийн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Г.Н-ын мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Н.Б-ын мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч А.С-ы мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №5877 дугаартай
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч С.Э-г хохирогч Б.М-ын биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч С.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Э- нь хохирогч Б.М-ын эмчилгээний зардал, эрүүл мэндэд учруулсан хохиролд нийт 440.000 төгрөгийн төлсөн, хохирогчоос хавтаст хэргийн материалтай танилцаад гомдол саналгүй гэжээ. Иймд шүүгдэгч С.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.