Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/119

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.С,

            Улсын яллагч Т.Б,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т,

            Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000790108 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, яс үндэс казак, У овгийн Х-ы Т, 1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү, эхнэрийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 128 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 3 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр ялаар шийтгүүлсэн байсан, регистрийн дугаар БЮ*************.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Х.Т нь иргэн М.С-ийн фейсбүүк хаягт нууцаар нэвтрэн орж, цахим хэрэгсэл ашиглан хохирогч Т.Б-ээс 40000 /дөчин мянга/ төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Х.Т-ийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Х.Тилеубек нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш иргэн М.С-ийн фейсбүүк хаягт нууцаар нэвтрэн орж, цахим хэрэгсэл ашиглан хохирогч Т.Б-ээс 40000 /дөчин мянга/ төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - Хохирогч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын сүүлд миний фейсбүүк хаяг руу миний бэр эгч М.С-ийн “Аnka Mizamkhan" гэсэн фейсбүүк хаягийн чатаар: “...Надад энэ данс руу 40000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь түүнд “Надад мөнгө байхгүй” гэж хэлсэн үед надад “Нөхрөөсөө асуугаад өг” гэснээр нь би нөхөртөө хэлээд өөрийнхөө 5188192677 данснаас 40.000 төгрөг шилжүүлсэн. Тэр 5194089560 дугаартай Б гэсэн хүний дансаа над руу явуулсан. Мөнгийг бэр эгч асуугаагүй талаар хэд хоногийн дараа мэдсэн. Уг асуудлын талаар би мэдээгүй байхад бэр эгч С гомдол гаргасан байна. Надаас залилан мэхэлж авсан 40.000 төгрөгийг өгсөн. Т-т ямар нэгэн гомдол саналгүй, өөрийнхөө үйлдлийг хууль бус гэдгийг харамсаж уучлалт гуйсан байх тул уучилсан. Надад Т-ээс нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцох шаардлагагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 133 дугаар хуудас/,

- Гэрч М.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Миний Anka Mizamkhan гэсэн фейсбүүк хаягийн нууц кодыг тайлж миний фейсбүүкт нэвтэрсэн гэх Х.Т гэгч надаас ирж уучлал гуйсан юм. Х.Т миний фейсбүүк хаягаар дамжуулан 40000 төгрөг залилсан хэргийн талаар миний хадам дүү болох Т.Б өөрөө мэдүүлэг өгөх байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135 дугаар хуудас/,

            - Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр миний найз Тека /Т хоч нэр нь/ миний дансыг ашиглаж мөнгө авсан. Надтай хамт амьдарч байгаа залуу, тодорхой эрхэлсэн ажилгүй. Надад тэр өдөр хэлэхдээ “Миний найз мөнгө шилжүүлнэ гэж байна. Таныхаар шилжүүлээд авч болох уу”,-гэсэн, би “ав ав” гэж хэлсэн. Тэр мөнгийг Т авсан. Тэка хүмүүсийн хаяг руу ороод байдаг. Яаж орж байгааг мэдэхгүй байна. Мөнгө залилж аваад байдаг. Эхнэр нь хүний хаяг руу яах гэж ордог юм гээд хэрүүл хийж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,

            - Гэрч Х.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг удаа миний Улаанбаатар хотод оршин суудаг охин дүү Б-ийн фейсбүүк хаяг руу эхнэр М.С-ийн хаягаар дамжуулан орж данс явуулж М.С болж мессеж бичиж 40000 төгрөгийг Б-ээс залилсан юм. Б өөрөө хэлснээр мэдсэн юм. байна” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/

            - Шүүгдэгч Х.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...Аnka Mizamkhan" хаягийн найзын бүртгэлд байгаа “Т-ийн Б” гэх хаягийн эзэн хоорондоо хамаатан байсан нь нэг нэгэндээ бичсэн мессежээс анзаарагдсан. Т, Б-ийн хаяг руу “Аnka Mizamkhan" болж 40000 төгрөг зээлдэх талаар мессеж бичиж манай гэрт хамт байсан А-ийн Б-ын дансыг явуулсан үед Б-ээс гэж 40000 төгрөг шилжүүлсэн. Миний үйлдэл болохоор бусдын хаягийг ашиглаж мөнгө залилсан хууль бус үйлдэл байсан юм. Урьд нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй дахиж гэмт хэрэг үйлдсэн миний буруу гэдгийг ойлгож байна. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Торгуулын ял оногдуулж өгнө үү. Би 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх болно." гэх мэдүүлэг /хх-ийн 103-105 дугаар хуудас шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Залилах гэмт хэрэг нь “хуурч, эсвэл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Х.Т нь хохирогч Т.Б-ээс цахим хэрэгсэл ашиглаж 40000 /дөчин мянга/ төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим хэрэгсэл ашиглаж залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-д учирсан хохирлыг бүрэн төлж хохирогчийг хохиролгүй болгосон болох нь шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгч Х.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Т урьд нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 128 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 3 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр ялаар шийтгүүлсэн байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн шийтгэх тогтоолын хуулбаруудаад тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 /таван зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

            Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, өөрийн хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

            Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна. 

            Шүүгдэгч Х.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч У овогт Х-ы Т-ийг “Цахим хэрэгсэл ашиглаж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-ийг  500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл шүүгдэгч Х.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Т-ийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, төрсний гэрчилгээ зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ