2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2026/03871

 

 

 

 

 

 

 

 

2026 03 13

191/ШШ2026/03871

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Д.Батцэцэг, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байранд байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоот хаягт оршин суух, Б овогт ******* /РД:*******/,

Хариуцагч: тоотод оршин суух, А.с овогт ******* /РД:*******/ нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 27 275 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******,

Иргэдийн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Зулцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн захирал нь Toyota Harier маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон 2024.06.07-ны өдрийн 9 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүрэгт Дэнжийн мянгын гурван замын уулзварын зуун талаас Баянбүрдийн тойргийн чиглэлд тус уулзвараар чигээрээ явж байхад нь Дэнжийн мянгын Шонхор зах талаас Toyota Crown маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* мөргөж, ******* ХХК-ийн өмчлөлийн автомашинд гэмтэл учруулсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас хэргийн газарт ирээд, бичиг баримтуудыг хураан авч, хэргийн газар хэмжилт хийсэн бөгөөд Тээврийн

прокурорын газрын прокурорын 2024.07.08-ны өдөр 898 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж, тус хэргийг зөрчлийн хэргээр шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст хүргүүлсэн байдаг. Тус хэлтсээс уг зөрчлийг шалган, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч *******д шийтгэлийн хуудсаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэл үйл баримт байдаг.

******* ХХК-ийн зүгээс үнэлгээ ХХК-иар автомашины эвдэрлийг үнэлүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд 31 110 000 төгрөгийн хохиролтой эвдрэл гарсан гэж дүгнэсэн. Харин бодитоор ******* ХХК-ийн захирал нь тус машиныг засварлуулахад 27 275 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд энэ талаарх нотлох баримтуудыг хэрэгт өгсөн. Өөрөөр хэлбэл, салхины зүсэгч солиулахад 170 000 төгрөг, радиоторт 1 600 000 төгрөг, бусад сэлбэгт 5 000 000 төгрөг, Үнэлгээ ХХК-иар машин эвдэрлийг үнэлүүлсэн үнэлгээний зардал нь 2 405 000 төгрөг болсон. Харин авто засварын газраар машиндаа копуд, крило, гуперуудээ будуулж 2 500 000 төгрөг төлсөн. моторс ХХК-иас тус машины 19 ширхэг сэлбэгийг нийт 15 600 000 төгрөгөөр худалдаж авсан. Иймд ******* ХХК-ийн өмчлөлийн машинд хохирсон бодит хохирол болох 27 275 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч *******ын үйлдлийн хувьд мөрдөгчийн магадлагаагаар Замын хөдөлгөөний дүрмийн 19 дүгээр заалтыг зөрчсөн, ийн хувьд ямар нэгэн замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнэсэн.

*******д оногдуулсан шийтгэлийн хуудсыг 2026.02.03-ны өдрийн Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар хүчингүй болгосон үндэслэл нь 2024.11.08-ны өдөр оногдуулсан шийтгэврийг *******д 2025.12.26-ны өдөр гардуулсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзсэн. Гэвч *******ын гаргасан үйлдлийг гэм буруугүй гэдэг хууль зүйн үндэслэл тухайн захирамжид огт дурдагдаагүй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3.-т хэн нэгэн этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад учирсан хохирол буюу гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон, өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж зааснаар хохирлоо нэхэмжилж байгаа. ******* тухайн автомашиныг худалдаж авсан гэж тайлбарласан ч баримтуудаар хууль ёсны өмчлөгч нь ******* байдаг. Тиймээс хариуцагч нараас хувь тэнцүүлэн хохирлыг шаардсан. Хариуцагч ******* нь өмчлөгч *******ийн зөвшөөрөлгүйгээр тухайн автомашиныг жолоодож байсан үйл баримт тогтоогдсон гэж үзэж байна. Өөрийнх нь өмчлөлийн машинаар бусдад хохирол учруулсан. ослын хувьд *******ын буруутай үйлдэл байгаа. Харин өмчлөгчийн хувьд өөрийн өмч хөрөнгийг бусдад ашиглах боломжийг олгосон гэдэг үүднээс энэ хохирлыг хоёр хариуцагчаас хэн алинаас нь хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардсан боловч тухайн автомашиныг хариуцагч ******* худалдаж авсан, эзэмшиж байгаа талаар тайлбарласан тул хариуцагч *******өд холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч *******аас бүхэлд нь нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч *******аас шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад ын оногдуулсан шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл баримтаар энэ зөрчил, ослыг шалгасан. Гэтэл эдгээр баримтууд 2026.02.03-ны өдрийн Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар шийтгэлийн хуудас хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр тухайн ослыг хариуцагч ******* үйлдсэн гэж үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Хариуцагч ******* би зам тээврийн осол гаргаагүй, харин нэхэмжлэгч нь гаргасан...шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөөч. Энэ материалыг шалгасан ажиллагаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна... гэсэн гомдол гаргасныг шүүгчийн захирамжаар *******ын гомдлыг хангаж, шийтгэлийн хуудас хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зааснаар ******* нэхэмжлэлээр шаардсан төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд тухайн ослыг хар ******* хариуцахгүй юм. Зам тээврийн ослын талаар шалгасан ажиллагаа нь шийтгэвэр хүчингүй болсноор хууль зөрчиж явагдсан тул хариуцагч *******ыг гэм буруугүй, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй гэж үзнэ. Иргэний шүүх гэм бурууг тогтоохгүй. Зохицуулалтгүй уулзвар дээр болсон осол бөгөөд уулзвараас өөр газар осол гарсан гэж дүгнэлт гарсан. Тухайн зам тээврийн осол гэх үйл явдал илэрхий, зохицуулалтгүй уулзвар дээр болсон. Зохицуулалтгүй уулзвар дээр баруун гарын дүрэм үйлчилнэ гэдэг замын хөдөлгөөний дүрмийг баримталсан. Гэтэл осол уулзвараас өөр газар гарчихсан. Эрх бүхий албан тушаалтны магадлагаа өөрөө хууль зүйн үндэслэлгүй болсон. Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дүгээр зүйлд уулзвараас бусад газарт зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ явсан баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй гэдэг, үүнийг үндэслээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас гэм буруутай гэж үзсэн. Гэтэл энэ нь хүчингүй болсон учраас *******ыг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байгаа юм. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь гэм хорыг арилгах, гэм хороос учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. Гэтэл гэм хор учруулаагүй гэдэг нь тогтоогдчихсон учраас энэ нэхэмжлэлийн шаардлага өөрөө үндэслэлгүй байна. Хариуцагчийг буруутай гэж үзсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаагаар *******ыг гэм буруутай гэж үзэх боломжгүй юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Toyota Crown маркийн улсын дугаартай автомашин барьцаатай байсныг худалдаж авсан, өмчлөгч мөн гэдэгт маргаагүй гэв.

3.Хариуцагч *******өөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Toyota Crown маркийн улсын дугаартай автомашиныг банк бус санхүүгийн байгууллагаас авсан 6 300 000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан. Уг машиныг нөхөр маань *******д худалдсан, ******* зээлийн төлөлтийг өөрөө хийдэг. Худалдсан талаарх баримтыг хэрэгт өгсөн. Энэ авто ослын талаар би мэдэх зүйл байхгүй. Надад хамааралгүй. Уг автомашиныг өөр жолооч барих эрхтэй байхаар даатгалын гэрээтэй байсан. Надад холбогдох нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзаж байгааг ойлголоо. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

 

4.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* нар хэн аль нь буруутай гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүй, тал хувийг хариуцагч ******* хариуцан төлөх ёстой гэж үзэж байна гэв.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, үнэлгээ ХХК-ийн 2024.06.25-ны өдрийн 1087 тоот техникийн үнэлгээний тайлан түүний хавсралтууд, оношилгооны хуудас, ХХК-ийн 2024.06.25-ны өдрийн А/854 тоот тодорхойлолт, 2024.06.07-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт түүний хавсралтууд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024.06.13-ны өдрийн 7753 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ гэх шинжээчийн дүгнэлт, 2024.06.24-ний өдрийн 966 тоот Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөгчийн магадлагаа, 2024.07.08-ны өдрийн Тээврийн Прокурорын газрын прокурорын 898 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, авто бринг ХХК-ийн 2024.06.24-ний өдрийн 15 600 000 төгрөгийн дүн бүхий зарлагын баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, авто засвар-ын 2024.07.08-ны өдрийн үйлчилгээний хуудас, төвийн 2024.06.13-ны өдрийн 5 000 000 төгрөгийн дүн бүхий зарлагын баримт, ийн Төрийн банк ХК дахь эзэмшлийн харилцах дансны харилцагчийн хуулга, ХХК-ийн 170 000 төгрөгийн зарлагын баримт, ХААН банк ХК-ийн 2024.06.27-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, ийн ХААН банк ХК дахь эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 5-36, 42, 2 хх-ийн 35-37/ зэргийг,

 

6.Хариуцагч *******аас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл арвижих зоос ХХК-ийн 2025.08.04-ний өдрийн 25/129 тоот албан бичгээр ирүүлсэн тус компани болон ******* нарын хооронд байгуулсан 2024.03.19-ний өдрийн 24/28 тоот Зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2024.11.08-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026.02.03-ны өдрийн 243 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай захирамж/ 1хх-ийн 143, 145-148,182/ зэргийг,

 

7.Хариуцагч *******өөс ХААН банк ХК, Худалдаа хөгжлийн банк ХК дахь арвижих зоос барьцаалан зээлдүүлэх газрын депозит дансны хуулгууд, арвижих зоос барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн дансны хуулгууд, ХААН банк ХК дахь ийн эзэмшлийн депозит дансны хуулгууд / 1 хх-ийн 185-250, 2 хх-ийн 1-24/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.

 

8.Зохигчдын хүсэлтээр шүүгчийн 2025.03.26-ны өдрийн 13558 дугаар захирамжийн дагуу Тээврийн Прокурорын газрын 2025.04.02-ны өдрийн 1/1169 тоот албан бичгээр ирүүлсэн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материал /1 хх-ийн 61-106/, тус шүүхийн 2025.06.13-ны өдрийн 548 дугаар тогтоолын дагуу арвижих зоос ХХК-ийн 2025.08.04-ний өдрийн 25/129 тоот албан бичгээр ирүүлсэн тус компани болон ******* нарын хооронд байгуулсан 2024.03.19-ний өдрийн 24/28 тоот Зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ / 1хх-ийн 127-133/, тус шүүхийн 2025.11.14-ний өдрийн 988 дугаар тогтоолын дагуу ******* ХХК-ийн 2025.12.04-ний өдрийн 08 тоот албан бичиг, Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2025.12.09-ний өдрийн 14-1л/716 тоот албан бичгээр ирүүлсэн Тээврийн Прокурорын газрын прокурорын 898 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2024.11.08-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан тухай 0962321 дугаартай Шийтгэлийн хуудас /1 хх-ийн 169, 177-180/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нь хариуцагч *******өд холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан, гэм хорын хохиролд нийт 27 275 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******ийг тодорхойлон оролцуулан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас шаардаж, шүүх хуралдааны явцад хариуцагч *******өөс гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, 2024.06.07-нд 09:40 цагийн үед гүйцэтгэх захирал нь тус компанийн өмчлөлийн Toyota Harrier маркийн дугаартай автомашиныг жолоодон Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн мянга-ын гурван замын зүүн талаас Баянбүрд чиглэлд явж байхад Шонхор зах талаас Toyota Crown маркийн УНҮ дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Батмагнай Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж миний машиныг ирж мөргөснөөс 27 275 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, энэ нь мөрдөгчийн магадлагаа, прокурорын тогтоол, хэргийн газарт хийсэн ослын акт, үнэлгээ ХХК-ийн үнэлгээ зэрэг баримтаар нотлогдсон тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч *******аас хохирлыг бүхэлд нь шаардах эрхтэй, хариуцагч ******* гэм буруугүй тул түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч *******аас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тус осол болох нөхцөл нь тухайн үед замын уулзварын гэрлэн дохио ажиллаагүй, жолооч нар уулзвар нэвтрэхдээ зохицож нэвтэрч байсан, Toyota Harrier маркийн машины жолооч тухайн замд зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлж, 70-80 км/цагийн хурдтай явж миний машиныг мөргөсөн, бид аль аль нь буруутай өөрсдийн хохирлоо хариуцах гэж ойлгосон, *******ын гомдлоор 2026.02.03-ны өдрийн Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж гарч шийтгэлийн хуудас хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр тухайн ослыг хариуцагч ******* үйлдсэн гэж үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон тул хариуцагч *******ыг гэм буруугүй гэж үзнэ, зохицуулалтгүй уулзвар дээр болсон осол бөгөөд уулзвараас өөр газар осол гарсан гэж дүгнэлт гарсан. Гэтэл Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийг буруутай гэж үзсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаагаар гэм буруутай гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг хариуцагч ******* хариуцах үүрэг хүлээхгүй гэж тайлбарлан маргасан.

3.Хариуцагч *******өөс би энэ ослыг мэдэхгүй, Toyota Crown маркийн УНҮ дугаартай автомашин арвижих зоос ХХК-иас авсан 6 300 000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан бөгөөд уг машиныг *******д худалдсан, мөн зээлийг ******* төслөн, надад хамааралгүй тул би хариуцахгүй, нэхэмжлэгч надад холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг ойлголоо гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1. 2024.06.07-ны өдөр 09:40 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 39 дүгээр сургуулийн зүүн хойд талд замын уулзварт Toyota Crown маркийн УНҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ийн жолоодож явсан тус компанийн өмчлөлийн Toyota Harrier маркийн дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан зам тээврийн осол гарсан нь 2024.06.07-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлүүд, цагдаагийн байгууллагаас , ******* нараас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр нотлогдсон.

4.2. Хэрэгт авагдсан Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг баримтуудаас үзэхэд дээрх зөрчилд жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөний улмаас нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн, Toyota Harrier маркийн дугаартай тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2024.06.24-ний өдрийн Мөрдөгчийн магадлагаа, 2024.07.08-ны өдрийн Тээврийн Прокурорын газрын прокурорын 898 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2024.11.08-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай Эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл зэрэг баримтуудаар мөн нотлогдож байна.

4.3.Хэрэгт авагдсан , үнэлгээ ХХК-ийн 2024.06.25-ны өдрийн 1087 тоот техникийн үнэлгээний тайлан түүний хавсралтууд, оношилгооны хуудас ХХК-ийн 2024.06.25-ны өдрийн А/854 тоот тодорхойлолт зэрэг баримтуудаар ******* ХХК-ийн өмчлөлийн, Toyota Harrier маркийн дугаартай тээврийн хэрэгсэлд үндсэн радиотар, кондейшны радиотор, цахилгаан моторын радиотар, копудны суурь төмөр гулзайсан зэрэг 20 орчим төрлийн эд ангид эвдрэл, гэмтэл үүссэнийг тогтоож, уг тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохирлыг 31 110 000 төгрөгөөр тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх эвдрэл гэмтлийг нийт 27 275 000 төгрөгөөр засварлуулсан болох нь шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан санхүүгийн анхан шатны баримтууд, харилцах дансны хуулгууд зэргээр нотлогджээ.

4.4. Зам тээврийн осол болох үед хариуцагч *******ын жолоодож явсан Toyota Crown маркийн УНҮ дугаартай тээврийн хэрэгсэл нь хариуцагч *******ийн өмчлөлийн эд хөрөнгө байсан бөгөөд тэрээр арвижих зоос ХХК болон ******* нарын хооронд байгуулсан 2024.03.19-ний өдрийн 24/28 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 24/28 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний зүйл болж арвижих зоос ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт авагдаж, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

5. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байх бөгөөд тухайн зам тээврийн осол гарах үед ******* ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Toyota Harrier маркийн маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан байх тул уг тээврийн хэрэгсэлд ослын улмаас учирсан гэм хорын хохирлыг өмчлөгч ******* ХХК нь буруутай этгээдээс шаардах эрхтэй.

 

6. 2024.07.08-ны өдрийн Тээврийн Прокурорын газрын прокурорын 898 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол-д ... Жолооч ******* нь 2024.06.07-ны өдөр 09:40 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 39 дүгээр сургуулийн зүүн хойд уулзварт Toyota Crown маркийн УНҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ... Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөний улмаас Toyota Harrier маркийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч гйин биед хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна... Toyota Crown маркийн УНҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *******ын дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан Жолооч Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол... гэсэн зөрчлийн шинжтэй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр холбогдох материалыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэх үндэслэлтэй... гэж,

Мөрдөгчийн магадлагаанд ...6.1. ...Toyota Crown маркийн УНҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь ...Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 6.2. Toyota Harrier маркийн дугаартай автомашины жолооч ...Замын хөдөлгөөний дүрмийн зөрчөөгүй гэх үндэслэлтэй... гэж тус тус дүгнэж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс дээрх зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

 

7.Хэрэгт авагдсан Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026.02.03-ны өдрийн 243 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай захирамжид ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт ...эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ... гэж заасан. Эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн ахмад  нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчиж 2024.11.08-ны өдөр 0962321 дугаартай Шийтгэлийн хуудас-ыг *******д 2025.12.16-ны өдөр гардуулж өгсөн байна. Иймд ...2024.11.08-ны өдрийн 0962321 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 100 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэв... гэжээ.

 

8. Дээрхээс үзэхэд жолооч *******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2024.11.08-ны өдрийн 0962321 дугаартай Шийтгэлийн хуудас-ыг эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан хугацааг хэтрүүлэн зөрчлийн холбогдогчид гардуулж өгсөн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн байдал нь хариуцагч *******ын зам тээврийн осолд гэм буруутай болохыг тогтоосон үйл баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл болохгүй бөгөөд уг баримтыг үндэслэн *******ыг 2024.06.07-ны өдөр гарсан зам тээврийн осолд гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн хэм хэмжээг зөрчсөнөөс нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн, Toyota Harrier маркийн дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд буюу тээврийн хэрэгслийн эд ангид 27 275 000 төгрөгийн эвдрэл, гэмтэл үүсч хохирол учирсан үйл явдлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

9. Зам тээврийн осол гарах үед хариуцагч *******ын жолоодож явсан ...Toyota Crown маркийн УНҮ дугаартай тээврийн хэрэгсэл нь арвижих зоос ХХК болон хариуцагч ******* нарын хооронд байгуулсан 2024.03.19-ний өдрийн 24/28 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний зүйл болж арвижих зоос ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн талаарх тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт авагджээ.

Хариуцагч ******* болон ******* нарын тайлбар болон арвижих зоос ХХК-ийн ХААН банк ХК дахь дансны хуулгууд зэргээр уг тээврийн хэрэгслийг хариуцагч ******* худалдан авч өөрийн эзэмшилд шилжүүлэн авч ашиглан, улмаар зээлдүүлэгч арвижих зоос ХХК-д зээлдэгч *******ийн зээлийн төлбөрийг төлж байгаа үйл баримт тогтоогдсон.

Иймд тээврийн хэрэгсэл арвижих зоос ХХК-ийн зээлийн үүргийг хангуулах барьцааны зүйлээр тухайн компанийн нэр дээр бүртгэлтэй хэдий ч хариуцагч ******* нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1., 111.2.1.-д зааснаар тухайн тээврийн хэрэгслийг өмчлөх эрхтэй өмчлөгч байна.

 

10. Нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн эд хөрөнгөд бодитоор 27 275 000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь авто бринг ХХК-ийн 2024.06.24-ний өдрийн 15 600 000 төгрөгийн дүн бүхий бэлэн мөнгөний орлогын зарлагын баримт, авто засвар-ын 2024.07.08-ны өдрийн 2 500 000 төгрөгийн дүн бүхий үйлчилгээний хуудас, төвийн 2024.06.13-ны өдрийн 5 000 000 төгрөгийн дүн бүхий зарлагын баримт, ийн Төрийн банк ХК дахь эзэмшлийн харилцах дансны харилцагчийн хуулга, ХХК-ийн 170 000 төгрөгийн зарлагын баримт, ХААН банк ХК-ийн 2024.06.27-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл зэргээр нотлогдсон бөгөөд энэ талаар хариуцагч талаас үгүйсгэж няцаасан баримт гаргаагүй болно.

Түүнчлэн дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 27 275 000 төгрөг нь үнэлгээ ХХК-ийн 2024.06.25-ны өдрийн 1087 тоот техникийн үнэлгээний тайлан түүний хавсралтуудаар тодорхойлсон хохирлын дүн болох 31 110 000 төгрөгөөс хэтрээгүй байгааг дурдав.

 

12.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, 499.3.-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухай этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж тус тус заасны дагуу Toyota Crown маркийн УНҮ дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Toyota Harrier маркийн дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

13. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч компани болон хариуцагч ******* нар хэн аль нь буруутай, хохирлын тал хувийг хариуцагч ******* төлөх үндэстэй гэсэн дүгнэлт гаргасан боловч Toyota Harrier маркийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал зам тээврийн осол бүхий зөрчлийн хэрэгт гэм буруутай болохыг нотолсон баримтгүй тул иргэдийн төлөөлөгчийн гэм хорын хохирлыг зохигчид хувааж хариуцах талаарх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

14.Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэж дүгнэн, хариуцагч *******аас гэм хорын хохиролд 27 275 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч *******өд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож болгон шийдвэрлэлээ.

 

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 294 325 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1., 499.3., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч *******аас 27 275 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******өд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 294 325 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ

 

Б.МӨНХБАЯР