Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0634

 

 

 

 

Н.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Н-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгож, Н.Н-ийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2700180 төгрөгийг Хонгор сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Төрийн албан тухай хуульд улс төрийн албан тушаалтныг ажлаас халах эрх зүйн зохицуулалт байхгүй, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж хуульчилсан бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд улс төрийн албан тушаалтныг ажлаас халах эрх зүйн зохицуулалт байхгүй байхад чөлөөлөх, огцруулах асуудлыг үндэслэл болгож анхан шатны шүүх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Н.Н нь “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар захирамжаар тус сумын Зулзага багийн Засаг дарга Н.Н-ийг “2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажлын цагаар, ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэж Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн” гэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан үндэслэлээр ажлаас халсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж зохицуулжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Хонгор сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас тус багийн Засаг дарга Н.Н-ийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах эсэх асуудлаар ямар нэг шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчийг шууд ажлаас халсан нь дээрх хуульд заасантай нийцэхгүй байна.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “...улс төрийн албан тушаалтныг ажлаас халах эрх зүйн зохицуулалт байхгүй...” гэж боловч Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Багийн Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтан бөгөөд захиргааны хэргийн шүүх нь гагцхүү хуульд заасан журмын дагуу улс төрийн албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлсөн, огцруулсан эсэхийг хянадаг. Харин Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар улс төрийн албан тушаалтны албан тушаалаас нь огцруулах болсон тэрхүү үндэслэлийг шүүх хянахгүй.

Гэтэл хариуцагч Хонгор сумын Засаг дарга нь иргэдийн Нийтийн Хурлын саналыг авалгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан шаардлагыг зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэгч Н.Н-ийн улс төрийн албан тушаалаас огцруулах асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрхийг нь хөндсөн байна.

Тиймээс Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасантай нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. Мөн энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР