Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01651

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01651

 

О.ӨА, Т.Ц нарын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01321 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: О.ӨА, Т.Ц нарын хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага:

- Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамжийн хавсралтыг үрэгдүүлсний улмаас устгагдсан тооцох,

- Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамж буюу түүний хавсралтаар иргэн Т.Цт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зийн 7-000 тоот хашааны 311 метр квадрат газрыг 3 жилийн хугацаатай амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэснийг тогтоох,

- Сүхбаатар дүүргийн 11 дүгэр хороо, Зийн 7-000 тоот хашааны газрыг амины зориулалтаар 1995-1997 оны хугацаанд ашиглах эрх олгосон эрхийн гэрчилгээг үрэгдүүлж устгагдсан тооцох,

- Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зийн 7-000 тоот хаягийн хашааны газар нь 1995 оны байдлаар 643995.6297-5312969.6007, 644003.8068-5312945.3060, 643992.5755-5312943.7359, 643986.7805-5312968.0333 солбилцолд байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Т.Ц 1972-1997 он хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зийн 7-000 тоот хашааны хаягт оршин сууж байсан. 1990-ээд оны эхэн үед хашааны газар нь тусгайлсан бичиг баримтгүй байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 147Б захирамжаар Т.Ц нь өөрийн оршин сууж байсан газраа амины зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 147Б захирамжаар олон жилийн өмнө хашаа барьсан боловч эрхийн бичгээ авч чадаагүй айл, иргэдэд амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэж айл, иргэдийн нэрийг хавсралтаар дурдсан ба тэдгээр айл иргэдийн тоонд Т.Ц багтаж, хавсралтад Т.Цийн нэр багтсан байсан.

Улмаар газар ашиглах эрхийн үнэмлэх /гэрчилгээ/-ийг 3 жилийн хугацаатайгаар хүлээн авсан. Гэвч газар ашиглах эрхийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн ба дахин олж авахыг хүссэн боловч чадаагүй. Учир нь, гэрчилгээ олгох үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 147Б захирамжийн хавсралт олдоогүй. Үүний улмаас Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зийн 7-000 тоот хаягт иргэний улсын бүртгэлийн дагуу хууль ёсоор бүртгүүлж оршин сууж байсан боловч уг хаяг дахь хашааны Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байснаа эрх бүхий этгээдэд нотлох боломжгүй болсон.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 147Б захирамж болон Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зийн 7-000 тоот хашааны газрыг амины зориулалтаар 1995-1997 оны хугацаанд ашиглах эрх олгосон эрхийн гэрчилгээг тус тус үрэгдүүлж устгагдсанд тооцуулах хүсэлтэй байна.

1.2 Т.Ц нь Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зийн 7-000 тоот хашааны газраа хамар хашааны айлын Я.Рд 1997 онд худалдаж, Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, ӨА 15 гудамж, 4 тоот хаяг руу нүүсэн. Хашааны газар ашиглах эрхийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн байсан тул гэрчилгээг Я.Рд шилжүүлж чадаагүй. Улмаар Я.Р нь Ц.Өтэй хамтран ажиллах гэрээ байгуулж өөрийн газар дээр 29*8 хэмжээтэй дэлгүүрийн зориулалттай барилгыг хамтран барихаар тохирч барьж гэрээний дагуу баригдсан дэлгүүрийг 3, 3 хаалгаар нь хамтран эзэмшиж байсан.

Үүний дараа гэрээний хэрэгжилтийн талаар маргаан гарч Т.Р нь Ц.Өтэй хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн газар дээр баригдсан дэлгүүрийн зориулалттай барилга баригдсан газраа өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс уг газар нь нийтийн эдэлбэр газар гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Тиймээс Я.Ргийн Т.Цээс худалдан авсан хашааны газрын гэрчилгээ, уг гэрчилгээг олгох үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02- ны өдрийн 147Б захирамжийн хавсралт олдох боломжгүй, архивд хадгалагдаагүй учраас үрэгдсэнд тооцуулах тухай энэхүү хүсэлтийг гаргаж байна.

1.3 Газар өмчлөх тухай хууль 2003 онд гарч Я.Р нь өөрийн эзэмшиж байсан болон Т.Цээс худалдаж авсан газраа нийлүүлээд 611 м.кв газрыг хувьчилж авахаар схем зураг үйлдэн эрх бүхий этгээдэд хүсэлт гаргасан боловч Нийслэлийн Засаг даргаас 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлүүлэх тухай 413 захирамжийн 1-р хавсралтаар 431 м.кв газрыг өмчлүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Я.Р нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 000021850 дугаартай 431 м.кв газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

Мөн Я.Р нь Ц.Өтэй хамтран ажиллах гэрээний дагуу баригдсан дэлгүүрийн зориулалттай барилгын зарим хэсэг буюу 3 хаалганд хамаарах хэсгийг өмчлөх эрхийн 0065822 гэрчилгээг Улаанбаатар дахь ул хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас авсан.

Гэвч Сатурнбит ЗБН-ийн нэхэмжлэлээр дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 шийдвэрээр эрхийн 0065822 гэрчилгээг хүчингүй болгосон ба дээд шатны шүүхүүд шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 140 шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлүүлэх тухай 413 захирамжийн Я.Рд холбогдох хэсэг болон 000021850 дугаартай 431 м.кв газар өмчлөх эрхийн гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэхдээ Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 247 шийдвэр болон түүнийг хэвээр үлдээсэн дээд шатны шүүхийн шийдвэрүүдийг үндэс болгосон.

Мөн Я.Ргийн өмчлөлийн газрыг 361 м.кв хэмжээтэй болгосон Нийслэлийн засаг даргын захирамжид Я.Р захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 447 шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дээд шатны шүүхүүд шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Үндэслэл нь Т.Цээс худалдаж авсан хашааны газар дээр Я.Р ба Ц.Ө нарын хамтран ажиллах гэрээний дагуу баригдсан барилга буюу Сатурнбит ЗБН-ийн барилга байршиж байгаа 230.59 м.кв хасч тооцсон.

1.4 Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 147Б захирамжийг үрэгдүүлсний улмаас Я.Р нь Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зийн 7-000 тоот хашааны газрыг Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшиж байснаа нотлох боломжгүй болсон. Үүний улмаас уг хашаанд хамаарах газрыг шүүхээс нийтийн эдэлбэр газарт тооцон шийдвэр гарсны улмаас Я.Ргийн газраа өмчлөх давуу эрх зөрчигдөж, цаашлаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ хүчингүй болгуулж, өмчилж авсан газрын хэмжээгээ багасгуулсан.

2. Уг нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 247 дугаар шийдвэр /магадлал, тогтоол/ шинээр илэрсэн нөхцөлийн улмаас дахин хянагдах боломжтой болж, Т.Цээс Я.Рд шилжсэн Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зийн 7-000 тоот хашааны газрыг өмчлөх давуу эрх сэргэнэ гэж үзэж байна.

2.1. Т.Ц нь дээр дурдсан маргаантай холбоотой асуудлаар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зийн 7-000 тоот хашааны газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандсан боловч шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан. Улмаар уг асуудлаар Т.Ц нь Засаг даргын эс үйлдэхүйд холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 285 шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон

2.2. Сүхбаатар дүүргийн 11-р хороо орчмын байршилд 1989 онд оны стереофотограмметрийн аргаар зураглал хийж байжээ. Уг зураглалд Т.Цийн болон Я.Ргийн хашааны байршил тухайн газарт зурагдсан байгаа бөгөөд энэ нь 1989 оны байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зийн 7-000 тоот хашаа нь нийтийн эзэмшилд бус хувийн эзэмшил, ашиглалтад байсныг нотолж байна. Харин сүүлд хаягийн өөрчлөлтөөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зийн 7-111, 112 тоот хашаа нь 113 болж өөрчлөгдсөн.

1989 оны байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зийн 7-000 тоот хашааны зураглалыг 2012 оны мэдээллийн санд бүртгэгдсэн зурагтай харьцуулж мэргэжлийн байгууллага болох Тан жим ХХК-аар гүйцэтгүүлэхэд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 247 дугаар шийдвэрээр нийтийн эзэмшил гэж тогтоогдсон газартай давхцаж байна.

Тодруулбал шүүхийн шийдвэрээр нийтийн эзэмшил гэж тогтоогдсон уг газарт Я.Р ба Ц.Ө нарын 1999-04-01-ний өдрийн 1 дугаартай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр баригдсан барилгын газартай 1989 оны байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зийн 7-000 тоот хашааны байршил давхцаж байна. Иймд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зийн 7-000 тоот хашааны газар нь нийтийн эзэмшилд бус хувийн эзэмшил, ашиглалтад байсныг тогтоосноор Я.Ргийн газар өмчлөх давуу эрх сэргэж, улмаар Сүхбаатар дүүргийн 2006 оны 247 шийдвэр, уг шийдвэрүүдийг үндэслэж гарсан бусад шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөлийн улмаас дахин хянуулах боломж Я.Рд буюу түүний үр хүүхдэд үүсэх юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамжийн хавсралтыг үрэгдүүлсний улмаас устгагдсан тооцуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамж буюу түүний хавсралтаар иргэн Т.Цт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зийн 7-000 тоот хашааны 311 метр квадрат газрыг 3 жилийн хугацаатай амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэснийг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн 11 дүгэр хороо, Зийн 7-000 тоот хашааны газрыг амины зориулалтаар 1995-1997 оны хугацаанд ашиглах эрх олгосон эрхийн гэрчилгээг үрэгдүүлж устгагдсан тооцуулах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зийн 7-000 тоот хаягийн хашааны газар нь 1995 оны байдлаар 643995.6297, 5312969.6007, 644003.8068, 5312945.3060, 643992.5755, 5312943.7359 643986.7805, 5312968.0333 солбицолд байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.ӨА, Т.Ц нарын Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамжийн хавсралтыг үрэгдүүлсний улмаас устгагдсан тооцох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамж буюу түүний хавсралтаар иргэн Т.Цт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зийн 7-000 тоот ашгааны 311 метр квадрат газрыг 3 жилийн хугацаатай амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэснийг тогтоох, Сүхбаатар дүүргийн 11 дүгэр хороо, Зийн 7-000 тоот хашааны газрыг амины зориулалтаар 1995-1997 оны хугацаанд ашиглах эрх олгосон эрхийн гэрчилгээг үрэгдүүлж устгагдсан тооцох, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зийн 7-000 тоот хаягийн хашааны газар нь 1995 оны байдлаар 643995.6297-5312969.6007, 644003.8068-5312945.3060, 643992.5755-5312943.7359, 643986.7805-5312968.0333 солбилцолд байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл /хүсэлт/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.ӨА, Т.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн эдийн баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөхөд шууд хамааралтай юм. Нэхэмжлэгч нар нь тухайн газрыг хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглаж байсан. Харин тэрхүү төрийн байгууллагын шийдвэр нь байхгүй болсны улмаас тухайн газрыг хууль ёсоор ашиглаж эзэмшиж чадахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгч нар нь тухайн газрыг хууль ёсны дагуу ашиглаж, эзэмшиж байсан нь тогтоогдох юм. Улмаас хуулийн дагуу ашиглаж, эзэмшиж байсан нь тогтоогдсоноор уг газраа өмчлөх эрх үүснэ. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлага эдийн баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөхөд хамааралгүй буюу эрх зүйн ач холбогдолгүй гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

4.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147, 148 дугаар зүйл нь баримт бичгийг үрэгдүүлж устгагдсанд тооцуулах тохиолдолд түүний дараа эрхийг сэргээн тогтоолгох маргаанд хамааралтай. Засаг даргын гаргасан захирамж, гэрчилгээ үрэгдсэний улмаас устгагдсан тооцуулах журам хуульд байхгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасны дагуу хүсэлт гаргасан.

4.3 Нэхэмжлэлийн шаардлагын асуудлаар урьд шүүх шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч талд тухайн газрыг ашиглаж, эзэмшиж байсан гэдгийг нотлох баримтууд үрэгдсэн, устгагдсан байсан учир шүүхээс уг газрыг аливаа этгээд эзэмшээгүй, өмчлөөгүй газар буюу нийтийн эдэлбэр газар гэж үзсэн байдаг. Нэхэмжлэгч О.ӨА түүний ээж Р нь тухайн газрыг өмчилж байсан боловч газар ашиглах, эзэмших гэрчилгээгүй, захирамжгүй гэсэн агуулгаар өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчингүй болж, газрын талбай нь багассан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч О.ӨА, Т.Ц нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 147Б дугаар захирамжийн хавсралтыг үрэгдүүлсний улмаас устгагдсан тооцуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 147Б дугаар захирамж буюу түүний хавсралтаар иргэн Т.Цт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зийн 7-000 тоот хашааны 311 метр квадрат газрыг 3 жилийн хугацаатай амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэснийг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн 11 дүгэр хороо, Зийн 7-000 тоот хашааны газрыг амины зориулалтаар 1995-1997 оны хугацаанд ашиглах эрх олгосон эрхийн гэрчилгээг үрэгдүүлж устгагдсан тооцуулах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зийн 7-000 тоот хаягийн хашааны газар нь 1995 оны байдлаар 643995.6297-5312969.6007, 644003.8068-5312945.3060, 643992.5755-5312943.7359, 643986.7805-5312968.0333 солбилцолд байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

3. Хэргийн 13 дугаар талд 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 147б дугаар захирамж авагдсан уг захирамжаар Монгол Улсын Газрын тухай хуулийн 28, 30, 31 дүгээр зүйлийн заалтуудыг үндэслэн улсын болон амины орон сууцгүй газарт орсон ба үер усанд автагдсан, түүнчлэн олон жилийн өмнө хашаа барьсан боловч бичгээ аваагүй, мөн үнэмлэх бичгээ үрэгдүүлж, гээгдүүлсэн шинээр газар авсан хавсралтад дурдсан айл иргэдэд амины хэрэгцээний газар эдлэх эрхийн үнэмлэх олгохыг Тамгын газрын үйлдвэр үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнд даалгасан байна. Уг захирамжийн хавсралт нь хэрэгт авагдаагүй байна.

4. Онцгой ажиллагааны журмаар хэрэг шийдвэрлэж байгаа тохиолдолд анхан шатны шүүх зөвхөн талуудын хүсэлтээр хязгаарлалгүйгээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг өөрийн санаачилгаар хийж, үйл баримтыг тогтоох шаардлагатай. Анхан шатны шүүх хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт нь эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байдаггүй. Хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хүсэлтийн үндэслэлийг тодруулснаар онцгой ажиллагааны журмаар, эсхүл ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэх буюу хэргийн харьяалал тодорхой болох учиртай.

6. Түүнчлэн, анхан шатны шүүх онцгой ажиллагааны журмаар буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэх явцад уг хүсэлттэй холбоотой гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжтой эсэхийг анхаараагүй байна.

7. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01321 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН