Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 318/ШШ2026/00111

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь cум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  М овогт Ц:Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М овогт Б.М холбогдох,

6,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ц шүүх хуралдааны товыг 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн бөгөөд Миний бие 2026 оны 2 дугаар сарын 03-ны өдөр зарлагдсан шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр бидний эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр, хариуцагч Б.М шүүх хуралдааны товыг 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр Миний бие 2026 оны 2 дугаар сарын 03-ны өдөр зарлагдсан шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр бидний эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Ц нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баруунтуруун сумын Ногоон толгой гэдэг газар 20 га-д ногоон тэжээл тарьж 2024 оны 9 сард хурааж авах гэсэн боловч эрүүл мэндийн шаардлагаар хот явсан. Иргэн Б.М өвсөө хадуулж прэслээд 50 50% хувааж авахаар тохирсон боловч 668 пресс гарсан гэж хэлсэн түүнээс 68 пресс өвсийг преслэгчид хөлсөнд нь өгсөн. Үүнээс 600 боодол өвс үлдсэнийг иргэн Б.М бүгдийг нь зараад хувьдаа ашиглаад одоо хүртэл мөнгө өгөөгүй байна. Энэ өвс тарихад шаардлагатай зардал мөнгөө бүгдийг нь би өөрөө гаргасан. Аймгаас машин хөлсөлж үр, бинзен шатахуун тээвэрлэж очсон болон үрний мөнгө төгрөг өгөөгүй байгаа тул энэ хүнээс 300 боодол өвсний мөнгө нэхэмжилж байна. Энэ хугацаанд Баруунтуруун сумруу 3 очсон боловч утсаа авахгүй, гэртээ байхгүй, холбогдож чадаагүй тэгээд ээжид нь хэлсэн боловч нэг ч удаа яриагүй. Энэ явсан зардал мөнгөө оруулаагүй болно. Иймд хариуцагч Б.М 6,120,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Баруунтуруун сумын Шанд багийн рашаант хорооллын 9-5 тоотод оршин суудаг ба ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг ба 2024 оны 5 дугаар сарын дундуур таны талбай дээр хамтарч овьёос тарий гэж утсаар нэг удаа ярьж Баруунтуруун сумын ногоон талбайд 20га-д өөрөө ирж овьёос тарьсан нь үнэн боловч миний зүгээс тариа тарихад үзүүлсэн тусламж тариа тарихад газар хагалагч үрлэгч 2 техник олж тариагийн тарьж дууссаны дараа талбай хашаагүй тул эргэн тойрон малчид их тул адуу үхэр хөөж цаг тухайн үед нь жижиг машин мотоциклоор явж хөөгүүрийн ажлыг цаг тухайн үед нь хийж байсан ба 2024 оны зуншлаг маш муу халуун тариалалтын эрсдэл муу талбайд цоохор гарсан 4, 5 хувь орчимд гарч тариалалтын хугацаа хойшлогдож ургац алдаж хурааж авах боломжгүй болсон учир хадаж пресс авахаар болж Ц.Ц авга ах болох миний аав Б хамт хаддаг техникээ хайгаад Баруунтуруун сумын төв дээр 2-3 хоног техник хайгаад олоогүй ба өөрөө Улаанбаатар хот руу найр наадмын ажилтай гээд яараад өвсөө хадалгүй техник ч ололгүй буцах болоод бид 2 тохиролцож чи хураалтын зардлаа гаргаад гарсан өвсөө 50, 50 хувиар авахаар санал нэгдээд би техникггүй учир байнга хүний техник хөлсөлж Д малын хадлан хадаж байсан ногоон пад тракторыг 40 км газраас гуйж талбай руугаа авчирч өөрийн биеэр уг техникийг унаж У гэдэг хүүхдийн хамт 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 22-ны хооронд 10 хоног хадсан ба энэ хугацаанд техник эвдэрч хадуурын саатал гарч байсан ба хадаж дуусаад пресэлж хийж 2-3 хоносон. Мөн энэ хугацаанд хөөгүүлийн ажлыг жижиг машинаараа хөөж мөн 3 хүн хөлсөлж тэгшилсэн. Үүний дараа преслэгчийг 1 өдөр тохиролцож прессээ хийсэн. Мөн 3 хүний хамт боосон прессээ зөөж бөөгнүүлж 3 өдөр 3 удаа том машинаар тээвэрлэлэт хийж хашаандаа 640 ширхэг пресс зөөж авчирч хашаандаа хураасан ба надад бэлэн мөнгө байхгүй байсан тул 80 ширхэг пресс зарж бэлэн мөнгө болгож преслэгчийн эзэнд өгсөн. 640 ширхэгээс 80 ширхэг хасаад 560 ширхэг пресийг 50, 50 хувилахаар нэг хүнд 280 ширхэг пресс оногдож байна. Надаас хураалтанд гарсан зардал нь хадахад 100 литр шатахууныг 3,550 төгрөгөөр үржихээр 355,000 төгрөг, пресс хийсэн тракторт 60 литр шатахууныг 3,550 төгрөгөөр үржихээр 213,000 төгрөг. 3 удаа сумын төв рүү 5 тн машинаар нийт 120 литр шатахууныг 3,550 төгрөгөөр үржихээр 426,000 төгрөг, пресны мяндсан утас 2 ширхэг хос нь 150,000 төгрөг, 3 хүүхэд 3 хоног нэг хүүхэд 1 өдрийн 70,000 төгрөг 3 хоногийг 210,000 төгрөгөөр үржихээр 630,000 төгрөг, жижиг тэрэг ус хоол, хөөлгө техникийн сэлбэг бусад зардалд 980,000 төгрөг гаруй, нийт 2,754,000 төгрөгийн зардал гарч зөндөө ажил удаж байхад Ц.Ц нь өөрт ногдох хувиа ав гэж хэлэхэд үргэлж намайг муу муухайгаар хэлж байна. Гэтэл би тухайн преснүүдийг зун борооноос хамгаалахаас эхлээд надад зөндөө ажил удсан. Би энэ өвсийг хадгалах гэж ар талынхаа хашааны байшинд хүнтэй гэрээ хийж өвсийг машинаар өдөржин зөөж хураагаад хадгалж байна. Надад бол зөндөө чирэгдэл эдийн засгийн хохирол гарсан. Энэ нэхэмжлэлд дурдсан 300 ширхэг өвс хадгалагдаж байснаас бороо цасанд муудсанаас зөөж хаясан ба би хадгалах үүднээс хүний байшинд зөөж хийсэн одоо байгааг зургийн хамт хавсаргаж байна. Иймд миний бие нэхэмжлэлд дурдсан өвс нь өвс чигээрээ хэвээрээ хадгалж байгаа тул мөнгөн дүнгээр төлөх боломжгүй. Ц.Ц гэдэг хүнийг өвсөө ирж ав гэхэд ирж аваагүй ба өвсөө зарж борлуулах тал дээрээ өөрөө арга хэмжээ аваагүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Б.М нарын хооронд 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Ц.Ц нь Б.М 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сум дундын анхан шатны шүүхэд 6,120,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Б.М нь 3,000,000 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд багтаан төлж барагдуулна гэсэн тул үлдэх 3,120,000 төгрөгөөс нэхэмжлэгч Ц.Ц татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулж байна. Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Б.М холбогдуулан 6,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Б.М нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр, нэхэмжлэгч Ц.Ц үлдэх 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлжээ.

Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,870 төгрөгөөс 81,395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М улсын тэмдэгтийн хураамжид 31,475 төгрөг, төрийн сангаас 31,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Ц нь 6,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3,120,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.М 3,000,000 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ц.Ц төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,870 төгрөгөөс 81,395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М улсын тэмдэгтийн хураамжид 31,475 төгрөг, төрийн сангаас 31,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч Б.М сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.БОЛОР