| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2020/03838/И |
| Дугаар | 210/МА2022/01613 |
| Огноо | 2022-08-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2022/01613
Э УТҮГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/01219 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э УТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ү ХХК-д холбогдох, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 25,418,022,780.63 төгрөг, хүү 2,113,490,401.93 төгрөг, нийт 27,531,513,182.56 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н , Н.У , төрийг төлөөлж прокурор Ч.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Э УТҮГ нь Ү ХХК-тай 2018 оны 01 сарын 31-ний өдөр Тусгай гэрээт харилцах данс-ны 0000000000 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд 2020 оны 09 сарын 30-ны өдөр Ү ХХК аас гаргаж өгсөн дансны үлдэгдлийн баталгаагаар эцсийн үлдэгдэл 25,418,022,780.63 төгрөг байршиж байсан. Ү ХХК нь 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс хойш Э УТҮГ-ын зарлагын гүйлгээ хийлгэх төлбөрийн даалгавар болон М ХХК аас тус банканд хүргүүлсэн шаардлагыг биелүүлээгүй. Мөн манай газар Ү ХХК-д байршиж байгаа Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт мөнгөн хөрөнгийг төрийн сангийн дансанд татан төвлөрүүлэхээр төлбөрийн даалгавар удаа дараа хүргүүлсэн боловч зарлагын гүйлгээ хийлгүй өдийг хүрсэн. 4 удаагийн нийт 4,500,000,000 төгрөгийн дүнтэй төлбөрийн даалгавар хүргүүлэхэд 700,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байдаг. Тус банк нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454.4, 445 дугаар зүйлийн 445.1, 445.4, 445.5, 446 дугаар зүйлийн 446.1.3-д заасныг тус тус зөрчсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь үндсэн мөнгө 25,418,022,780.63 төгрөгийг төлсөн. Иймд 2021 оны 12 сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны хүү 2,113,490,401.93 төгрөгийг Ү ХХК-аас нэхэмжилж байна.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Манай банк нэхэмжлэлийн шаардлага болох 25,418,022,780.63 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан. Э УТҮГ 2021 оны 12 сарын 07-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Энэ үед 14,268,022,877.42 төгрөгийн үлдэгдэлтэй байсан боловч энэ үлдэгдлийг 2021 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар бүрэн төлсөн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2,113,490,401.93 төгрөгийн хүүг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 04 сарын 29-ний өдрөөс нийтээр дагаж мөрдсөн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй гэж заасан зохицуулалтаар манайх уг хүүнээс чөлөөлөгдөх үндэслэлтэй юм. Уг заалтын дагуу бүх арилжааны банк хүү төлөхөөс чөлөөлөгдсөн. Бидний хооронд байгуулагдсан гэрээнд заагдсанаар тусгай харилцах данс гэдэг нь иргэд аж ахуй нэгж байгууллагууд хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийж хүүгийн нөхцөлийг тусгайлан гаргаж гэрээ байгуулсны үндсэн дээр банкинд байршуулсан данс юм. Нэхэмжлэгч 2019 оны 09 сараас хойш манай хадгалуулсан мөнгөнд хүү төлөх үүргээ биелүүлээгүй учраас ковидын хуулийн үйлчлэл хэрэгжихгүй гэсэн зүйл ярьж байна. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гээд хуулийн заалт үйлчлэхгүй гэсэн хууль эрх зүйн зарчим байхгүй. Нэхэмжлэгч нь хохирол, эсхүл хүү алийг шаардаад байгаа нь эргэлзээтэй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагаа хүүгийн хохирол гэж үзэж байгаа. Тусгай гэрээт харилцах дансны гэрээгээр 5.5% гээд энэ хүүг нэхэмжилж байна гэсэн атлаа хүүгийн хохирол гэж ямар хохирол байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Прокурор шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,113,490,401.93 төгрөгийн хүүг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй гэж дэмжиж байна. Гэрээ зөрчсөн талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд гэрээ зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар төлөхгүй гэж байна. Гэрээгээ биелүүлж байсан тохиолдолд үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Гэрээгээ огт биелүүлээгүй байж хуулийн дагуу хүү төлөхгүй гэдэг нь үндэслэлгүй. Хуулийн дагуу гэрээгээ зохих ёсоор биелүүлсэн бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ү ХХК-аас 2,113,490,401.93 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э УТҮГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 25,418,022,780.63 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлснийг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар Э УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74,349,434 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
5.а. Талуудын хооронд 2018 оны 01 сарын 31-ний өдөр 0000000000 тоот Тусгай гэрээт харилцах дансны гэрээ-г нэхэмжлэгчийн харилцах дансанд жилийн 5.5 хувийн хүү тооцохоор тохиролцож байгуулагдсан харилцах дансны гэрээ юм. Банк нь харилцагчид санал болгох бүтээгдэхүүн үйлчилгээний хүү, шимтгэл, хураамж гэх мэт ерөнхий нөхцөлийг тодорхойлон гүйцэтгэх захирлын тушаалаар баталж, бүтээгдэхүүний нөхцөлийг нийтэд мэдээлдэг. Тус үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн 2.1.2-т Тусгай гэрээт харилцах данс гэдэг нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хуссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийн, хүүгийн нөхцөлийг тусгайлан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр банканд байршуулсан данс юм. Харилцагчтай байгуулсан гэрээний нөхцөлөөр хүүг тохирдог онцлогтой... гэж бүтээгдэхүүний нөхцөлийг баталсан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ...Тус гэрээг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хадгаламжийн гэрээ... гэж дүгнэсэн. Мөн ...Зохигчид Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хадгалуулагчийн мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгохоор тохиролцжээ... гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй.
5.б. Анхан шатны шүүх хариуцагч банк гэрээний үүргийг биелүүлээгүй учраас Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр 4.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт үйлчлэхгүй, хамаарахгүй гэж дүгнэсэн. Ковидын хуулийн уг заалтын агуулга нь хугацаагүй мөнгөн хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, харин хугацаатай хадгаламжид бол хүү тооцно гэсэн утгыг илэрхийлсэн.
5.в. Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан Тусгай гэрээт харилцах дансны гэрээ- г Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн гэрээ гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.1 дэх хэсэгт мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулна" гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан Мөнгөн хадгаламжийн гэрээ-г хугацаатай, хугацаагүйгээр байгуулагдсан эсэхэд дүгнэлт хийгээгүй. Манай банк хавтаст хэрэгт банкныхаа үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийг нотлох баримтаар гарган өгсөн. Үүнээс дүгнэхэд мөн л зохигчдын гаргаж өгсөн баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзээгүй нь харагдана. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй бол энэ хууль үйлчлэхгүй гэсэн зохицуулалт байхгүй. Гэрээний үүрэг зөрчсөнөөр хууль үйлчлэхгүй гэсэн үндэслэл нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэдэд эрх тэгш үйлчлэх зарчмыг алдагдуулсан, төрийн байгууллагын талд хэт давуу байдал үүсгэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
5.г. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны жүрмыг ноцтой зөрчсөн. Шүүх 2021 оны 12 сарын 03-ны өдөр шүүх хуралдаан зарлаж, шүүх хуралдаан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, хариуцагч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжид өөрчлөлт оруулах, мөн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэн хэлэлцэх хүсэлтүүдийг тус тус гаргасан. Шүүгч манай банкны гаргасан эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэн хэлэлцэх хүсэлтийг ханган, шүүх хуралдааныг 181/ШЗ2021/14088 тоот захирамжаар хойшлуулсан. Тус захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.9-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах болсон бол хэргийг түдгэлзүүлэх ёстой атал шүүгч хэргийг түдгэлзүүлээгүй. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хариуцагчид гардуулах ажиллагааг хийсний дараа шүүгч алдаатай захирамж гаргасан гэдгээ мэдэн 2021 оны 12 сарын 23-ны өдөр алдаатай гаргасан 181/ШЗ2021/14088 тоот захирамжийг 181/Ш32022/00051 тоот захирамжаар өөрчлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Мөн цаашлаад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, шүүгч 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 181/Ш32022/03636 тоот Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай захирамжид 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 181/Ш32021/14088 тоот захирамжаар хэргийг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан хэмээн үзэж хэргийг сэргээх захирамж гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргээгүй түдгэлзүүлсэн хэвээр байгаа. Учир нь 181/Ш32021/14088 тоот захирамжаар хэргийг түдгэлзүүлээгүй. Тиймдээ ч шүүх нэхэмжлэгчийн нэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хариуцагч банкинд нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийсэн. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хэвээр шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт "...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно..." гэж заасны дагуу хэргийг сэргээлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
5.д. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт тус тус заасан үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын заалтуудыг үндэслэн гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдсэн хохирлыг шаардаж байгаагаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан атал Тусгай гэрээт харилцах дансны гэрээ-ний 2.3-т заасны дагуу тохиролцсон хүүгийн төлбөр 2,113,490,401.93 төгрөг үү, эсхүл учруулсан хохирол нь 2,113,490,401.93 төгрөг үү гэдэг тодорхой бус байсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа талаар банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд маргаж байхад шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь зохигчдын эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон.
Иймд шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх хадгаламж дансны гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Э УТҮГ нь 2018 онд Ү ХХК-тай 3 өөр тусдаа данстай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан. Уг гэрээний хүүг тусгай харилцах данс буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр 5.5 хувийн хүүтэйгээр 0000000000 дугаартай дансанд хуримтлан төвлөрүүлэхээр гэрээ байгуулсан. Ү ХХК нь 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс төлбөрийн үүргээ биелүүлээгүй гэрээг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд гаргасан Прокурорын хариу тайлбарын агуулга: Талууд тусгай гэрээт харилцах данс эзэмших гэрээг 5.5 хувийн хүүтэй тооцохоор тохиролцож байгуулсан. Хариуцагч уг гэрээний онцлог нь харилцагчтай гэрээний нөхцөлөөр хүү тохирдог онцлогтой гэж тайлбарладаг атлаа хүүг төлөхгүй гэж маргасан нь тодорхой бус юм. Э УТҮГ нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг 5.5 хувийн хүүгээр нэмэгдүүлэх зорилгоор Ү ХХК-д тусгай гэрээт харилцах эзэмших гэрээ байгуулсан. Ү ХХК нь Э УТҮГ-ын зарлагын гүйлгээ хийх төлбөрийн даалгаврыг биелүүлээгүй. 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөх болсон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Ү ХХК нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн хариуцагч талаас шүүгчийн захирамж хууль бус гэж гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шүүгч түдгэлзүүлсэн хэргийг сэргээхдээ техникийн шинжтэй алдаа гаргасан тул давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах боломжтой гэж үзэж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Э УТҮГ нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 25,418,022,780.63 төгрөг, хүү 2,113,490,401.93 төгрөг, нийт 27,531,513,182.56 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ү ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 25,418,022,780.63 төгрөг гаргуулах шаардлагыг биелүүлж, төлж барагдуулсан боловч хүү 2,113,490,401.93 төгрөгийг эс зөвшөөрч, үндэслэлээ ...Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар харилцах дансанд хүү тооцохгүй тул тус банк нь хүү төлөх үүрэг хүлээхгүй... гэх үндэслэлээр тайлбарлан маргажээ.
3. Талууд 2018 оны 01 сарын 31-ний өдөр 0000000000 тоот Тусгай гэрээт харилцан данс-ны гэрээ байгуулж, уг гэрээгээр данс эзэмшигч Э УТҮГ нь 0000000000 тоот төгрөгийн данс эзэмшиж, төлбөр тооцоогоо Банкаар дамжуулан гүйцэтгүүлэх, Ү ХХК нь дансны үлдэгдэлд сар бүр хүү /жилийн 5.5 хувь/ төлөх, төлбөр тооцооны баримт хүлээн авч, төлбөр тооцоог гүйцэтгэх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 11-14/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу.
Дээрх гэрээний 2.8-д Дансны орлого, зарлагын аливаа гүйлгээнд хязгаарлалт байхгүй гэж, 3.1.1-д Харилцагчаас төлбөр тооцооны баримтыг хүлээн авсан өдрийнхөө гүйлгээний цаг /09:00-16:00/-т багтаан төлбөр тооцоог гүйцэтгэх бөгөөд хэрэв төлбөр тооцооны баримтыг гүйлгээний бус цаг /16:00-18:00/-аар хүлээн авсан бол дараагийн ажлын өдрийн гүйлгээний цагт багтаан гүйцэтгэх нөхцөлийг тусгаснаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхээс холбогдох хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
4. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэгт Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ гэж, 445.5 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй гэж тус тус зохицуулжээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э УТҮГ-ын эзэмшдэг 0000000000 тоот дансны үлдэгдэл 2020 оны 10 сарын 23-ны өдрийн байдлаар 25,418,022,780.63 төгрөг байсан /1хх 15/, мөн хариуцагч Ү ХХК нь 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-т заасан харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт тус тус тогтоогдож байна. /1хх 17-37, 39, 43-44, 46-60, 62-63/
5. Иймд нэхэмжлэгч Э УТҮГ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Ү ХХК-аас учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Э УТҮГ нь 2021 оны 12 сарын 07-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаа Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол хэмээн тодорхойлж, хохирлоо олох ёстой байсан хүүгийн хэмжээгээр тооцсон нь үндэслэлтэй байна. /1хх 209-210, 211/
Талууд харилцах дансны үлдэгдэлд сар бүр хүү /жилийн 5.5 хувь/ төлөхөөр харилцан тохиролцсон, үүний дагуу нэхэмжлэгч өмнө нь хүү тооцуулан авч байсан тул хохирлын хэмжээг жилийн 5.5. хувийн хүүтэй дүйцүүлэн тооцсоныг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийн 1-р хавтасны 211 дүгээр талд авагдсан хохирол буюу 2020 оны 06 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан хүүгийн тооцоолол зөв байх тул хариуцагч Ү ХХК-аас 2,113,490,401.93 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э УТҮГ-т олгох нь зүйтэй. Хариуцагч талын гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад шүүх тодруулаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 181/ШЗ2022/00051 дугаар захирамжаар мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 181/ШЗ2021/14088 дугаар захирамжийн 1 дэх заалтад эвлэрэн хэлэлцэх ажиллагааг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хийх 14 хоногийн хугацааг талуудад өгч, уг хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх агуулгатай өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан тухайн шүүгчийн бүрэн эрхэд хамаарч байна. /1хх 205-207, 218-220/
Улмаар шүүгч 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 181/ШЗ2022/03636 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж шийдвэрлэхдээ үндэслэх хэсэгт тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 14088 дугаар захирамжаар ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг ноцтой зөрчил гэж үзэхгүй, уг үндэслэл нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш тул энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй. /1хх 237/
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/01219 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...454 дүгээр зүйлийн 454.1-т... гэснийг ...445 дугаар зүйлийн 445.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 10,725,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.НЯМБАЗАР