Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
нарийн бичгийн дарга К.Е,
хэлмэрч А.Е,
улсын яллагч Т.Б,
хохирогч А.А,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, Б.Б,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.З,
шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С
шүүгдэгч Т.К нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.К-д холбогдох 1813001650116 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Цэнгэл сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овгийн Т-н К, регистрийн дугаар БЛ**********,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.К нь өөрийн эзэмшлийн 3ил-131 маркийн 0839 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож З.Б-ны жолоодож ирж явсан фургон маркийн 8917 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж авто осол гарган уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн З.Б, зорчиж явсан иргэн Х.Ү нарын амь насыг хохироож, иргэн С.Ак, А.Б, А.А нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Шүүгдэгч Т.К-ыг гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Т.К нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар говь’' гэх газарт 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчим өөрийн эзэмшлийн 3ил-131 маркийн 0839 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж урдаас З.Б-ы жолоодож ирж явсан фургон маркийн 8917 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж авто осол гарган уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн З.Б-ны, зорчиж явсан иргэн Х.Ү нарын амь насыг хохироож, иргэн С.А, А.Б, А.А нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн “хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад П.Б-ийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зам тээврийн ослын акт” /хх-ийн 131-132 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.М-ын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай: “...Жолооч Т.К нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дэх, 8.2 дахь, 2.7.а дахь заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.” гэх зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
- 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хх-ийн 14-18, 20-25 дугаар хуудас/,
- 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 28 минутад шүүгдэгч Т.К-ын “согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл” /хх-ийн 26 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед би жолоочийн хажуу талын урд суудалд сууж явсан бөгөөд нэг харахад урд талаас бор өнгийн 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэл ирж байгааг хараад жолоочдоо “Одоо үеийн залуучууд хөгшин хүнд зам тавьж өгөхгүй замаас гараад явъя” гэж хэлээд замын зүүн хажуу тийш жолооч замаас гараад явж байхад шууд удалгүй нэг мэдэхэд нөгөө 3ил-131 маркийн машин манай машины жолоочийн баруун урд талаас мөргөх шиг болоход тас хийсэн дуу чимээ гараад юу болсон эсэхийг нь мэдээгүй. Нэг мэдэхэд хамт явсан охин Д.Б ирээд “Ааваа та зүгээр үү” гээд татаж байхад нь мэдсэн юм. Харахад машины миний сууж явсан талын хаалга нь онгорхой сууж байсан суудлын хамт 3-4 метрийн зайтай газарт шидэгдсэн байсан. Охин босгохоор нь босоод машины зүүн хажуу талын хаалгыг онгойлгож дотор нь байсан хүмүүсийг охин Б, Хүргэн А хэдүүлээ дотор нь байсан хүмүүсийг буулгасан юм. Тэр үед бид нарыг мөргөсөн машины жолооч машинаа жаахан ухрааж тавиад бид нарын хажууд ирээд “Яасан юу болов” гээд сандраад гүйгээд байсан. Хажуу талын хаалгыг онгойлгож хүмүүсийг буугаарай гээд жолоочийг буулгах гэхэд жолооч суудал дээрээ машины эд ангиудад дарагдаж хавчуулагдсан байсан ба бид нар гаргаж авах гээд чадаагүй. ...Удалгүй нэг саарал өнгийн хүнгүй хоосон фургон машин ирээд жолооч нь бид нарт тусалсан юм. Манай машины жолооч нь бүр хавчуулагдсан байсан болохоор амьд байж магадгүй гээд фургон машины жолооч машинаас оосор авч ирээд машины эд ангиудыг өөрийнхөө машинаараа татаж зай гаргаж жолоочийг авахад аль хэдийн нас барсан байсан юм. Дараа нь хойд талд сууж явсан А, Б, А нар суудлын доор хөл нь дарагдаж гарч чадахгүй байхаар нь мөн жолооч оосроор татаж зай гаргаж авсан юм. Фургон машины урд тал нь бүгд дотогшоо хонхойж орсон урд салхины шил хагарсан байдалтай машины эд ангиуд нь эвдэрсэн байсан. Нөгөө фургон машинд талийгаачийн цогцос болон таван хүний хамт Цэнгэл сумын төв руу явуулсан юм. Дараа нь мөн супер Уаз-469 машин ирсэн. Тэр машинд А, А хоёрыг суулгаж явуулсан эхнэр маань “Би зүгээр эд нарыг явуулъя” гээд үлдсэн юм. Удалгүй Цэнгэл сумын түргэн тусламжийн машин ирээд үлдсэн хүмүүс бүгд сумын төвийн эмнэлэгт ирсэн болно. Эмнэлэгт ирээд эмч нар эхнэрийг маань үзээд даралт буурсан байна эмчилгээ хийх хэрэгтэй гээд эмчилгээ хийх гэхэд судас нь олдоогүй тэгж байхад удалгүй нас барсан юм.
...Тухайн үед фургон машин дотор сууж явж байсан А.А надтай хамт нэг гэрт байдаг бөгөөд миний хүү болдог юм. Харин миний хүү болох А-ийн нэр дээр явдаг юм. А-ийн хөл нь хугарч Улаанбаатар хотод хүү болох О.Б-ийн хамт хоёр удаа эмчилгээ хийлгээд одоо биеийн байдал нь арай гайгүй болоод суга таягтай явж байна. Улаанбаатар хот руу яваад ирсэн хоёр хүний онгоцны зардал, эм тарианы үнэ, ор хоногийн мөнгө, эмч нарт үзүүлэхэд гарсан зардал, хоол хүнсний мөнгө болох нийт 5970000 төгрөг гарсан байсныг холбогдогч том машины жолооч болох Т.К төлж барагдуулсан байгаа юм. Осол болох үед Х.Ү нас барсан бөгөөд оршуулгын үед гарсан нийт хохиролд 5829050 төгрөг гарсан юм. Энэ мөнгийг мөн төлж барагдуулсан байгаа одоо ямар нэгэн хохирол болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-48 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би одоо 58 настай. Саяхан тэтгэвэрт гарсан. Бага охин маань 2018 оны 01 дүгээр сард нөхөрт гарсан. Тухайн үед очих гэсэн болов ч бэр маань даралтаас унасан болохоор очиж чадаагүй. Талийгаач найз Б-д шатахууныг нь хийж өгч худ цайнд явсан. Бид нар 11 цагийн үед очиж 16 цаг өнгөрч байхад буцаад гарсан. Тухайн осол 17-18 цагийн үед гарсан. Уг ослын улмаас олон хүмүүс хохирсон. Би талийгаач эхнэрээс илүү найзыгаа бодож байгаа. Би тухайн үед гуйж дагуулаад яваагүй байсан бол ийм зүйл гарахгүй амьд байх байсан. Насны эцэст найз болон ханиа алдаж байна. Тухайн үед эхнэр маань нас барсан. Хүүхдүүд маань энд тэнд байсан нь надад маш их дарамт болсон. Т.К тухайн үед нэг шил архи уусан гэж мэдүүлж байгаа нь худлаа. Осол болж машиныг мөргөсний дараа бууж ирээд юу болсон бэ гэж асууж явж байсан. Машин мөргөсөн үед “Камаз” машин байх гэж бодсон. Би тухайн үед одоогийн залуучууд хөгшин хүнд зам тавьж өгөхгүй гэж хэлэхэд талийгаач замаасаа гарч машинаа зогсоосон байхад эсрэг талаас ирсэн “Зил 131” машин мөргөсөн. Үүний улмаас 2 хүн нас барсан. Хэрвээ тухайн үед ард талаас ирж байсан “Фургон” машин ирээгүй бол машин дотор байсан хүмүүсийг гаргаж авах боломжгүй байсан. Олон хүмүүс хохирсон. Эдгээр хүмүүсийн зардлыг төлж өгсөн. Эхнэр маань нас барсан үед оршуулгын зардал болгож 5800000 төгрөг өгсөн нь үнэн. Найз болон эхнэрээ бодоод маш хэцүү байдалтай байна. Хохирогч А.Аманкелдийг 4 сартай байхад үрчилж авсан. Одоо хөлөндөө хадаастай, хамар нь хугарсан. Хамраараа ярьж байгаа. Би сэтгэл санаагаар хохирч байна. Сэтгэл санааны хохирол болгож 15000000 төгрөг нэхэмжилж байна. Талийгаач эхнэр маань тэтгэвэр авдаг байсан. Уг тэтгэврээр бид нар амьдарч байсан. Тэтгэврийн 24 сарын зээлтэй байгаа үүнийг мөн төлүүлж өгөхийг хүсэж байна. ...Сэтгэл санааны хохирол 15000000 төгрөг, тэтгэврийн зээл 5000000 төгрөг нийт 20000000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сагсай сумын төвд эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг юм. Аав болох З.Б-ы гэр нэг хашаанд амьдардаг байсан бөгөөд аав өөрийнхөө эзэмшлийн фургон маркийн 8917 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөлсөөр явдаг байсан юм. Зун болохоор хөлсөөр жуулчин авч явдаг байсан. Тэгээд Сагсай сумын иргэн Д.О гэж хүн “Худ цай уухаар болсон худ цай уух айл Цэнгэл сумын “Хаг нуур" гэх газарт байгаа хөлсөөр явж өгөөрэй” гэж гуйгаад хоорондоо тохирч 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өглөө 07 цагийн үед явсан байсан юм. Юу ч гэсэн тэр айлуудын ах, дүү хамаатан садангийн хүмүүс явсан гэсэн. Тэр өдөр орой 20 цагийн үед ирж байх замдаа Цэнгэл сумын цаад талд осолд орсон талаар сонсож мэдсэн юм. Тэгэхээр нь өөрийн машиндаа түлш хийгээд Цэнгэл сумын төвд очоод асуухад эмнэлэгт байгаа гэсэн эмнэлэгт очиход осол болсон газарт нас барсан байсныг авч ирсэн одоо цагдаа нар ирээд цогцост задлан шинжилгээ хийхээр болсон гэсэн юм. Шөнө аймгийн төвөөс цагдаа, нар ирээд цогцост задлан шинжилгээ хийж дуусаад бид нарт цогцсыг хүлээлгэн өгсөн болно. Бид нар осол болсон газарт нь очоогүй осол болсон газраас аавын цогцсыг зөөвөрлөн сумын эмнэлэгт авч ирсэн болно. ...Хүмүүсээс асуухад мөргөсөн 3ил-131 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг Цэнгэл сумын төвд авч ирээд цагдаа үлээлгэхэд согтуу байсан гэж хэлж байсан юм. Тэр жолооч замаас гараад эсрэг урсгал руу орж ирээд мөргөсөн байсан гэсэн.
... Тухайн үед аавын барьж явж байсан фургон машин одоо засаж ашиглах ямар нэгэн боломжгүй тул Т.К хоёулаа хоорондоо тохиролцож машиныг 8000000 төгрөгөөр бодож үнэлэн бэлэн мөнгөөр төлүүлж авсан юм. Талийгаач аавын оршуулгын үед гарсан бүх хохирлын мөнгө болох 5500000 төгрөгийг мөн бэлнээр төлж барагдуулсан юм. Тухайн оршуулгын үед гарсан зарим баримт нь байхгүй байгаа бөгөөд бид нар хоорондоо ярилцаж тохиролцож 5500000 төгрөг бэлнээр авсан одоо ямар нэгэн хохирлын болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52-55 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэгэнт аав маань ийм байдал хүрсэн. Бид нар сэтгэл санааны хохирлыг төлүүлж авсан. Тухайн тээврийн хэрэгсэл дотор байсан бусад хохирогч нарын сэтгэл санааны хохирлыг төлж өгсөн талаар мэдэхгүй байна. ... Ээж маань бага дүүгийнхээ гарт байдаг. Дүү болон бэр маань ажилгүй. Хохирлын талаар ээжтэйгээ ярилцаж байгаад хэлэхгүй бол энэ талаар би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Насанд хүрээгүй хохирогч А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд бид нар худ цай уухаар болж ах дүү нарын хамт бүгдээрээ нэг фургон машин хөлсөлж аваад Сагсай сумын төвөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өглөө эрт гараад Цэнгэл сумын төвд очоод “Хар говь” гэх газарт байгаа айлд очоод худ цай уугаад буцаж явж байх замдаа осолд орж хөгшин ээж болон манай машины жолооч нас барсан юм. Гэхдээ осол болох үед би унтаж явж байсан бөгөөд ямар машин хаанаас ирээд яаж мөргөлдсөн эсэхийг би огт мэдэхгүй. Нэг мэдэхэд үүр цайж байхад ухаан орсон тэгээд асуухад замд осолд ороод Цэнгэл сумын эмнэлэгт авч ирээд дараа нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн гэж хэлэх үед осолд орж өөрийнхөө хөл хугарсан гэдгийг мэдсэн юм. Тэрнээс биш ямар машин яаж мөргөж осол болсон гэдгийг надад мэдэх зүйл байхгүй. Машинаас хэн яаж буулгаж ямар унаагаар авч ирсэн гэдгийг мэдэхгүй ухаан алдсан байсан. Сүүлд эмээ болон жолооч нас барсан талаар мэдэж сонссон юм. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчилгээ хийлгэж дараа нь ах болох О.Бердибекийн хамт Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт очоод эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр онгоцоор ахтайгаа хамт яваад дахин хөлөө үзүүлэх гэж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59-60 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч А.А-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Цайнд яваад урд шөнө унтаагүй болохоор нэг газарт зогсож амраад дахин машинд сууж явсан. Дараагаар нь юу болсныг мэдээгүй ухаан ороход эмнэлэгт байсан. Хөл маань хугарсныг аймгийн эмнэлэгт ирэхэд мэдсэн. Хамрын маань яс хугарсныг Улаанбаатар хотод очоод мэдсэн. Баруун хөлд маань 6 хадаастай, зүүн хөл маань 45 хоног гипестсен, зүүн хөлийн өвдгөндөө 4 хадаастай. Одоо 11 дүгээр сард Улаанбаатар хотод очиж баруун талын 6 хадаасаа авхуулахаар болж байгаа . ... Би насанд хүрээгүй учраас гарах хохирлыг аав мэднэ.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Орал манай гэрийн хажууд байдаг хөрш бөгөөд талийгаач эхнэр миний нөхрийн хамаатан болдог юм. Тэгээд Д.О-ын нэг охин нь Цэнгэл сум руу нөхөрт гарсан байсан бөгөөд бид нар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сумын төвөөс фургон машин хөлсөлж аваад хамаатан садангийн хүмүүс худ цай уухаар өглөө 05 цагийн үед гарсан юм. Тэгээд Цэнгэл сумын төвд очоод нэг хүүхэдтэй эмэгтэйг аваад цаашаа “Хар говь” гэх нэртэй газар луу яваад худын гэрт очоод цайгаа уусан юм. Үдээс хойш 16 цагийн үе байх цай уух дуусаад бүгдээрээ ирж байсан. Тэгээд нэг харахад хол зайтай газарт бид нарын урдаас бор өнгөтэй машин ирж байсан. Хэсэг хугацааны дараа тас хийсэн дуу чимээ гарсан тэгээд юу болсныг мэдэхгүй хоёр өдрийн дараа аймгийн эмнэлэгт байхдаа ухаан орсон. Ухаан ороод болсон асуудлыг асуухад бид нарын машины урдаас ирсэн том машин мөргөж тэрнээс болж хүмүүс гэмтэж жолооч болон Х.Ү нас барсан гэдгийг сонсож мэдсэн юм. Осол болсон газраас аймгийн эмнэлэгт яаж юугаар хэн авч ирснийг мэдэхгүй. Мөн осол болсны дараа ямар байдалтай байсан хэн машинаас буулгасан гэдгийг ч мэдэхгүй. Ухаан ороод зүүн хөл хугарсан, зүүн мөрний доод тал гэмтсэн талаар мэдсэн юм. Аймгийн эмнэлгийн гэмтлийн тасагт 2 хоног хэвтэж байгаад Улаанбаатар хотын гэмтлийн тасагт шилжин очиж эмчилгээ хийлгэж байж байгаад 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр онгоцоор ирсэн юм. Улаанбаатар хот руу онгоцоор явах үед хүүхэд хамт очоод миний хажууд намайг асарч байгаад хамт ирсэн мөн хамаатан дүү маань автобусаар очиж байж байгаад буцаж газраар унаагаар ирсэн. ...Бүрэн гүйцэд эдгэрээгүй байна. Цаашид ямар эмчилгээ хийгдэх талаар хэлж мэдэхгүй. Тухайн үед хэрэгцээтэй мөнгө төгрөгийг өгсөн. Дахин эмчилгээ хийгдэх бол туслахыг хүсэж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 63-65 дугаар хуудас/,
- Хохирогч Ш.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед би фургон машины хамгийн хойд суудлын зүүн талын буланд сууж явж байсан юм. Осол болох үед хамгийн хойд суудалд сууж явж байсан болохоор урд зам харагдаагүй бөгөөд унтаж явж байсан. Хаанаас ямар машин яаж мөргөсөн талаар надад мэдэх зүйл алга. Нэг мэдэхэд миний хөл хугарсан гишгэж чадахгүй байсан юм. Зарим хүмүүс орилж хашхиралдаж байхаар нь осолд орсон гэдгээ мэдсэн. Тэгээд машины суудлыг дагаж буухаар хаалганы хажууд ирэхэд нэг нь намайг түшээд машинаас буулгаж холдуулсан юм. Тэгж байхад араас үл таних фургон машин ирээд жолооч нь тэнд байсан хүмүүст туслаад хавчуулагдсан гурван хүнийг машинаараа төмрийг татаж зай гаргаад буулгаж байсан юм. Мөн манай машины жолооч суудал дээрээ хавчигдаж нас барсан байсныг татаж гаргасан юм. Тэгээд тэр фургон машинаар Цэнгэл сумын төвд ирээд эмнэлэгт үзүүлэхэд баруун талын хөл дунд чөмгөөрөө хугарсан байсныг аймгийн нэгдсэн эмнэлгээс очсон эмч боож өгсөн юм. Тэгээд үүр цайж байхад аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд хөлийнхөө зургийг авхуулаад эмнэлэгт хэвтэхгүйгээр гадуур гарч Бугат сумын иргэн А гэх хүнээр хөлөө боолгуулаад гадуур эмчилгээ хийлгэсэн болно. Одоо биеийн байдал, сайжирч суга таягтай явж байна. ...Би хөлөө боолгуулахад хэдэн төгрөг өгсөн.мөн эм тарианд гарсан бүх мөнгийг тэр хүн өөрөө өгсөн. Надад нийт 500000 төгрөгийн хохирол учирсныг төлж өгсөн болно." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Н.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэр Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Хотон хар ” гэх газарт өвөлжиж байгаа юм. Тэгээд манай гэр хаваржаа руу нүүгээд Ж.К-ыг “Хаалгат” гэх нэртэй газраас очиж дагуулж авсан байсан юм. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр орой 23 цагийн үед Цэнгэл сумын төвд ирээд М гэх айлд хоносон юм. Маргааш өглөө Цэнгэл сумын төвд байдаг авто засварын газар ажиллуулдаг Б гэдэг хүнд машины урд таван голыг солиулсан юм. Машиныг орой 17 цагийн үед засаж дууссан бөгөөд бензин аваад Т.К-ын 3ил-131 маркийн машинаар хоёулаа “Хотон хар” гэх газар луу гарч явсан юм. Сумын төвөөс ойролцоогоор 25 км зайтай газар 18 цагийн үед явж байхад хоёр мотоцикл зөрж өнгөрсөн. Тэр хоёр мотоцикл зөрж өнгөрөөд нэлээд явж байхад цагаан саарал өнгийн фургон машин нэлээд хурдтай ирж байхыг харсан. Нэг мэдэхэд фургон машин замын баруун тал руу гарж зам тавьж өгсөн. Т.К сандран шууд зүүн тал буюу фургон машин руу жолооны хурдаа дараад фургоныг мөргөж зогссон юм. Машинаас хоёулаа буугаад фургон машинд очиход олон хүмүүс хашхиралдаад байсан ба Т.К нь машинаа асаагаад жоохон байрнаас ухрааж тавьсан юм. Бид хоёр анх машинаас бууж ирэхэд фургон машины жолооч нь суусан суудал дээрээ дээшээ харсан байдалтай нас барсан байсан юм. Уг фургон машин дотор нэлээд олон хүн байсан. Удалгүй байж байхад хөндөөнөөс өөр нэг саарал фургоны жолооч ганцаараа ирсэн юм. Тэр ирсэн машины жолооч нь осолд орсон фургоны жолооч талын хаалгыг машинаараа татаж онгойлгож талийгаачийг гаргаж авсан. Дараа нь дотор байсан хүмүүсийн зарим нь өөрсдөө машинаас буусан байсан. Харин 3 хүний хөл нь фургон машины суудлын төмөрт хавчигдаж орилж байхаар нь тэр ирсэн машины жолооч Т.К гурвуулаа төмрийг нь хойш нь машинаараа татаж хүмүүсийг гаргасан юм. Тэр хэрэг учрал болсон газарт ирсэн фургон машины жолооч нь Т.К-ын хамт 4-5 хүнийг аваад болсон асуудлыг эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр болж явсан юм. Би тэр осол болсон газарт 10-аад хүний хамт үлдсэн. Хэсэг хугацааны дараа осол болсон газарт саарал өнгийн супер УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэл ирээд миний хажууд байсан 4-5 хүнийг сумын төв рүү авч явсан. Мөн бага насны хүүхдүүд байсан юм. Сумын төвөөс осол болсны дараа хоёр фургон машин ирээд тэнд байсан бүх хүмүүсийг авч явсан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 71-72 дугаар хуудас/,
- Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Орой 16 цагийн үе байх буцаж Цэнгэл сум руу 30-40 км газар явж байх замдаа тал газарт осолд орсон юм. Би фургон машины баруун талын хажуу хаалгаар ороод хойшоо орох суудлын дунд талын суудлын завсарт сандал тавиад суугаад хүүхдээ урдаа бариад явж байсан юм. Нэг харахад урдаас бор өнгийн 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэл ирж байгааг харсан. Удалгүй нэг мэдэхэд тас хийсэн чимээ гараад юу болсныг огт мэдээгүй. Нэг мэдэхэд том машины жолооч нь бид нарын машины хажуу талын хаалгыг онгойлгож дотор нь байсан хүмүүсийг буулгаж байсан. Тэгээд би айж сандарч хүүхдээ тэврээд машинаас буусан. Хамт авч явсан дүү болох С.А-ыг хэн буулгасан эсэхийг мэдэхгүй байна. С.А-ы тухайн үед машины дунд талын копут дээр сууж явж байсан болно. Тэгээд буугаад ирэхэд олон хүмүүс орилж хашхиралдаж байсан. Би С.А-ыг дуудахад миний хажууд ирэхээр нь айж сандарч осол болсон газраас холдож өөр газар очиж зогссон юм. Бид нарын машины дугуйн хий гарч байгаа чимээ сонсогдсон аль дугуйн хий гарч байсныг мэдэхгүй. Тэнд байсан хүмүүс фургон машин дотор зарим хүмүүс бууж чадахгүй хавчуулагдсан гээд байсан. Нэг мэдэхэд саарал өнгийн хүнгүй хоосон фургон машин ирээд жолооч нь тэр хүмүүст тусалж гаргаж өгсөн юм. Бид нарын машины жолооч нь суудал дээрээ нас барсан байсан. Тэр хүнийг өөр газраас ирсэн фургоны жолооч болон том машины жолооч нар гаргаж авах шиг болсон. Сумын төвд ирсний дараа Д.О-ын эхнэр болох Х.Ү нас барсан болно.” гэх мэдүүлэг / 1дүгээр хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сагсай сумын дээд талд “Хавцалын ам” гэх газарт нөхөр Б.Б хүү Б.Мнарын хамт хаваржиж байсан юм. Сагсай сумын төвд байдаг найз болох Д.О-ын охин Цэнгэл сумын нэг залуутай гэр бүл болсон байсан юм. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Д.О-ын ах, дүү нар нь худ цай уухаар Цэнгэл сум руу З.Б-ы саарал өнгийн фургон машинаар гарч явсан юм. Бид нар найзууд болохоор заавал та нар очоорой гэсэн болохоор хамт явсан юм. Цэнгэл сумын төвөөс цааш ойролцоогоор 60-70 км яваад нөгөө айлд өглөө 10 цагийн үед очоод нэг айлаас худ цайгаа уусан юм. Тэгээд тэр айлаас цай ууж дуусаад орой 15 цаг өнгөрч байсан үе байх буцааж Цэнгэл сум руу явж байх замдаа тал газарт осолд орсон юм. Би уг фургон машины баруун талын хажуу хаалгаар ороод дунд талын баруун талын суудалд нөхөрлүүгээ эсрэг хараад сууж явж байсан юм. Нэг харахад урд талаас бараан өнгийн том машин ирж байгаа харагдсан. Удалгүй тас хийсэн дуу чимээ гараад юу болсон эсэхийг мэдэхгүй ухаан алдсан байсан. ...Тэр осол болсон газраас Цэнгэл сумын төвд түргэн тусламжийн машинаар хүргэгдэж очсон юм. Сумын төвд ирсний дараа Д.О-ын эхнэр болох X.Ү нас барсан болно.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/,
- Гэрч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Найз болох Д.О-ын охин нь Цэнгэл сумын залуутай гэр бүл болсон бөгөөд бид нар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр худ цай уухаар Цэнгэл сум руу З.Б-ы саарал өнгийн фургон машинаар гарч явсан юм. Цэнгэл сумын төвөөс цааш ойролцоогоор 50-60 км яваад нөгөө айлд очоод худ цайгаа уусан юм. Тэгээд тэр айлаас орой 15 цагийн үед гараад буцаж явж байх замдаа тал газарт осолд орсон юм. Осол болох үед би машины туслах урд суудлын хойд талд буруу харж сууж явж байсан. Тухайн үед худ цайнд очоод архи уугаад машинд ороод унтаж байсан. Нэг мэдэхэд хүмүүс орилж хашхирч “Та зүгээр үү, таны биед учирсан гэмтэл байгаа юу” гэхэд нь мэдсэн юм. Намайг машинаас хэн яаж буулгасан эсэхийг нь мэдэхгүй. Тэгээд харахад бид нарын фургоны машины урд тал нь бүгд дотогшоо хонхойж орсон. Урд салхины шил нь хагарсан машинд авах зүйлгүй эвдэрсэн байсан юм. Бид нарын машины жолооч замын нөгөө талд зам тавьж өгсөн байдалтай нөгөө талаас ирсэн 3ил-131 маркийн машин замаас гарч эсрэг урсгал руу орж ирээд мөргөсөн байсныг харсан. Тухайн үед нартай 17 цагийн үе байсан юм. Жолооч З.Бауыржан нь суудал дээрээ нас барсан байсныг хүмүүс татаж авсан гэсэн. Би осол болох үед согтуу унтаж байсан тул нэг мэдэхэд машинаас буулгаад хүмүүс орилж хашхирч байсныг нь мэдээд шоконд орсон байсан. Зарим зүйлүүдийг сайн санахгүй байна. Тэр осол болсон газраас Цэнгэл сумын төвд түргэн тусламжийн машинаар ирсэн юм. Сумын төвд ирсний дараа Д.О-ын эхнэр болох Н.Ү нас барсан болно.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас/,
- Гэрч Ж.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр айлаас цай ууж дуусаад орой 16 цагийн үе байх буцаж Цэнгэл сум руу 30-40 км газар явж байх замдаа тал газарт осолд орсон юм. Би фургон машины баруун талын хажуу хаалгаар ороод дунд суудлын зүүн талын хамгийн захын суудалд жолоочийн ар талд сууж явж байсан юм. Тэр айлаас машин хөдлөөд явж байхад би машин дотор суугаагаараа унтсан байсан. Нэг мэдэхэд осолд орж би газар дээр дээшээ хараад хэвтэж байснаа нэг мэдэж байна. Тэгээд Цэнгэл сумын төвд ирсний дараа ухаан орсон юм. Тэгээд хүмүүсээс асуухад урдаас машин ирж мөргөөд тэрнээс болж жолооч болон хадам ээжээ нас барсан гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 79-80 дугаар хуудас/,
- Гэрч О.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд худын гэрээс цайгаа ууж дуусаад орой 16 цагийн үе байх буцаж Цэнгэл сум руу 30-40 км газарт явж байхад тал газарт осолд орсон юм. Би фургон машины баруун талын хажуу хаалгаар ороод хамгийн хойд талын суудлын баруун буланд сууж явж байсан юм. Нэг харахад урд талаас бор өнгийн 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэл ирж байгааг харсан. Нэг мэдэхэд тас хийсэн дуу чимээ гараад юу болсон эсэхийг нь огт мэдээгүй. Хэсэг хугацааны дараа харахад фургон машины дунд талын суудлын доод тал руу хоёр хөлийн гуя хэсэг хүртэл чихэгдэж орсон байсныг дүү болох О.Б татаж гаргаж авсан юм. ...Манай машины жолооч нь суудал дээрээ нас барсан гээд хойд талаас ирсэн фургон машинд цогцсыг нь оруулж зарим хүмүүсийг суулгаад Цэнгэл сумын төв рүү авч явсан юм. ...Ирэхэд ээж маань нас барсан байсныг мэдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 81-82 дугаар хуудас/,
- Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Худын гэрээс очсон бүх хүмүүс цай ууж дуусаад орой 16 цагийн үе байх буцаж Цэнгэл сум руу 30-40 км газар явж байх замдаа тал газарт осолд орсон юм. Тухайн үед би фургон машины баруун хажуу талын хаалгаар ороод хоёр суудлын хооронд модон сандал тавиад урагшаа хараад сууж байсан юм. Нэг харахад урд талаас бор өнгийн Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл хол ирж байгаа нь харагдсан. Тэгээд удалгүй тас хийсэн чанга дуу чимээ гараад юу болсон эсэхийг нь би огт мэдэхгүй. Унтаад сэрэх шиг болсон нэг харахад хэсэг хугацааны дараа газар хэвтэж байсан бөгөөд ухаан ороод босоход аав машинаас 3-4 метрийн зайтай газар шидэгдсэн байсан. Би очоод “Ааваа та яасан бэ босоорой” гээд босгосон юм. Тэр үед аав “Нөгөө хүмүүс яасан бэ” гээд машины хажуу хаалгыг татаж онгойлгоод дотор нь байсан зарим хүмүүсийг буулгаж авсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
- Гэрч О.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр худ цай уухаар болж Цэнгэл сумын “Хаг нуур” гэх газар луу явсан юм. Уг цайнд явах өдөр сумын төвд ах, дүү хамаатан садангийн хүмүүс цугларч Сагсай сумын иргэн З.Б гэх хүний машиныг хөлсөлж авч явсан юм. Цэнгэл сумын төвд өглөө 07 цагт очоод худын бэр болох нэг эмэгтэй хоёр хүүхдийн хамт зам зааж өгөхөөр болж хамт явсан. Тэгээд “Хаг нуур” гэх газарт байсан худ Сейлийн гэрт өглөө 10 цагийн үед очсон юм. Худын гэрт очсон бүх хүмүүс цай ууж дуусаад орой 16 цагийн үе байх буцаж Цэнгэл сум руу 30-40 км газар явж байх замдаа тал газарт осолд орсон юм. Тухайн үед би фургон машины баруун хажуу талын хаалгаар ороод жолоочийн хойд талд урагшаа хараад сууж явж байсан болно. Худ айлаас гараад машин дотор унтаж байсан нэг мэдэхэд тас хийсэн чанга дуу чимээ гараад юу болсон эсэхийг нь би огт мэдэхгүй. Нэг сэрээд ухаан ороод харахад Цэнгэл сумын төвд эмнэлэгт ирсэн байсан. Тухайн үед унтаж явсан бөгөөд тас хийсэн дуу чимээ гараад ухаан алдсан байсан юм. Сүүлд асуухад А, Б нар машинаас гаргаж авсан гэсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 85-86 дугаар хуудас/,
- Гэрч М.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хадам ахын эхнэр нь болох А.Б 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Цэнгэл сумын “Хар говь” гэх нэртэй газар очиж худ цай уугаад ирж байх замдаа авто осолд орж хөл хугараад аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хоёр хоног хэвтэн эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотод очин эмчилгээ хийлгэх шаардлага гараад тэр хүний сахуулаар хамт явсан юм. Тэр хүнийг онгоцоор авч явах үед онгоцонд хэвтүүлэн гурван хүний зардал төлж би хамт явсан юм. Улаанбаатар хотод очоод гэмтлийн эмнэлгийн хавсарсан гэмтлийн тасагт эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ирсэн юм. Одоо болохоор гэртээ тэргэнд сууж байгаа болно. Тэр хүний хажууд байх үед их асаргаа болон ажиллагаа шаардсан юм. Мөн нэг эрэгтэй хүүхэд нь уг асуудлаас болж Улаанбаатар хот руу автобусаар яваад ирэхдээ мөн автобусаар ирсэн юм. Улаанбаатар хотод тэр хүүхэд бид хоёр хамт ээлжлэн сахиж байсан. Улаанбаатар хотоос ирэхэд бид хоёр тус бүр нэг хүний зардлаар ирсэн. Харин эндээс явахад тэр хүнийг хэвтүүлж авч явсан тул гурван хүний зардлаар тооцож онгоцны тийз олгосон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 92-93 дугаар хуудас/,
- Гэрч С.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн 6747 БӨА улсын дугаартай саарал өнгийн фургон машинд жуулчин аваад өглөө аймгийн төвөөс 08 цагт гараад Цэнгэл суманд очоод тэр хүмүүсийг Цэнгэл сумын Цагаан голын постонд хүргэж өгөөд ганцаараа буцсан юм. Тэгээд тэр газраас хөдлөөд сумын төврүү явж байсан бөгөөд “Хар говь”-ийн ам гэх хээр тал газарт 17 цаг өнгөрч байхад ирж явах замд нэг хүн нөгөө талын шороон замаас гүйж гараад гар өргөх шиг болсон тэгэхээр нь машин тэрэг нь эвдэрсэн байх гээд эргээд тэр хүн рүү очиход хоёр машин хоорондоо мөргөлдсөн байдалтай осол болсон байсан юм. Машинаас бууж ирэхэд машины жолооч нь суудал дээрээ дарагдаж хавчуулагдсан байсан юм. Тэр хүмүүс жолооч амьд байгаа байх гаргаж өгөөрэй гэхээр нь тэр хүнийг гаргаж авах ямар ч боломжгүй байхаар нь том машины жолооч тороос байвал татаж гаргая гэж санаачилга гаргасан юм. Би машин дотор байсан оосроор жолооч талын дээд рамыг татаж наашаа болгож жолоочийг гаргаж авахад аль хэдийн нас барсан байсан юм. Дараа нь тэр машины жолоочийн арын суудал дээр гурван хүний хөл нь хавчуулагдсан байсныг мөн оосроор татаж хөндий болгож тэр хүмүүсийг гаргаж авсан юм. Тэгээд нас барсан байсан жолоочийн цогцос болон хөл нь гэмтсэн гурван хүн том машины жолооч Т.К, А гэх залуучууд хамт яваад Цэнгэл сумын эмнэлэгт ирээд бууж үлдсэн юм. Би тэгээд тэр хүмүүсийг буулгаад явчихсан болно. Том машины жолооч нь гээд К гэх хүн би хамт очоод болсон асуудлыг цагдаад мэдэгдэж хэлэхгүй бол болохгүй гэж байсан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/,
- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай: “...Талийгаач З.Ба-ы биед хэвлийн давсагны битүү гэмтэл, хэвлийн хөндийд давсаг орчмоос нэвтэрсэн шарх, аарцаг ясны олон хэсэг задарсан хугаралттай, аарцаг артер венийн судаснууд гэмтэж тасарсан цус алдалт, зүүн гуя болон зүүн шилбэний хэлбэр алдагдсан, зүүн дунд чөмгөний яс хугарсан, зүүн шилбэний хэсгүүд нь бүхэлдээ шархтай, баруун шилбэний дотор талд тархмал хэлбэрийн шархтай, зүүн талын бугалгын хэсэгт шархтай зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд болно. Талийгаач З.Б нь хэвлийн хөндийд давсаг орчмоос нэвтэрсэн шарх, аарцаг ясны олон хэсэг задарсан хугаралттай, аарцаг артер венийн судаснууд гэмтэж тасарсан цус алдалтын улмаас нас баржээ. Талийгаач З.Б архаг хууч өвчин үгүй. Талийгаач З.Б-ы шүүх химийн шинжилгээнд цусанд этилийн спирт илрээгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 111-113 хуудас/,
- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай: “...Талийгаач Х.Ү-ий биед тархины битүү гэмтэл, няцралт, хуйхан доор хатуу хальс доор цус хуралттай шингэнтэй, тархины суурь хэсэгт цус хуралттай, их тархины гадаргууд цус хуралттай, баруун шууны яс хугарсан, зүүн дунд чөмөгний доод хэсэгт хугаралттай, духны хэсэгт шархтай, зүүн гарын бугалганы урд хэсэгт, зүүн ба баруун шилбэний урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд болно. Талийгаач Х.Ү нь тархины хүнд хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаач Х.Ү архаг хууч өвчин үгүй. Талийгаач Х.Ү-ий шүүх химийн шинжилгээнд цусанд этилийн спирт илрээгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 121-123 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 212 дугаартай: “...Иргэн А.Б-гийн биед тархины битүү гэмтэл, зүүн бугалганы хугаралттай, зүүн дунд чөмөгний дээд хэсгээр сэлтэрхийтэй хугаралттай, доод хэсгээр хөнгөн хугаралттай, тархины доргилттой, бүсэлхийн зөөлөн эдийн бэртэл зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрлөхөд удаан алдах болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 заалтыг агуулах, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 145 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 213 дугаартай: “...Иргэн А.А-ийн биед баруун дунд чөмгөний хугаралттай, тархины доргилттой, зүүн шилбэний ясны хугаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрлөхөд удаан алдах болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 заалтыг агуулах, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 149 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 214 дугаартай: “... Иргэн Ш.А-ийн биед баруун дунд чөмгөний хугаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрлөхөд удаан алдах болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 заалтыг агуулах, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 153 дугаар хуудас/,
- Авто тээврийн төвийн техникийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай: “...Зил-131 маркийн 0839 БӨА улсын дугаартай 383613 арлын дугаартай 1989 онд үйлдвэрлэсэн, Монголд 2002 онд орж ирсэн, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн оршин суугч БЛ73012554 дугаарын регистртэй, 98559878 утасны дугаартай Т овогтой К-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн урд буфер хугарч салж унасан, зүүн урд далавч /крыло/ урд хэсгээр дотогш хумигдан хэв гажсан, капот мушгирч хумигдсан, зүүн урд оврын гэрэл, дохионы гэрэл хагарсан, урд нүүр гажиж хэв алдсан зэрэг эвдрэл гэмтэл гарсан байна. Эвдэрсэн эд, анги, агрегатыг засвар хийж хэвийн байдалд оруулах боломжтой. Зил-131 маркийн 0839БӨА улсын дугаартай автомашинд гарсан эвдрэл гэмтэл Зам тээврийн осолд орсны улмаас үүссэн байна. МNS54598:2011 Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандартыг шалгуур болгон МNS85011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар" стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженер 2017 оны 05 дугаар сарын 26-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. Тухайн зам тээврийн осолд орохоос өмнө бүрэн бус байсан эсэхийг тогтоох боломжгүй. Зил-131 маркийн 0839БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормосны систем нь зам тээврийн осолд орохоос өмнө бүрэн ажиллагаатай байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Зил-131 маркийн 0839БӨА улсын дугаартай автомашинд зам тээврийн осол гарахад нөлөөсөн техникийн эвдрэл гэмтэл байхгүй. Зил-131 маркийн 0839БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормосны систем нь зам тээврийн осолд орох үед болон осолд орохын өмнө бүрэн ажиллагаатай байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Уг тээврийн хэрэгслийг Цагдаагийн газрын түр саатуулах хашаанд үзэж, гадна талбайд зөөврийн тормоз шалгагч ВРАКЕСНЕК ВРК-СН16 багажаар шалгаж үзэхэд тормозны систем бүрэн ажиллаж тормозны удаашрал стандарт шаардлага хангаж байв.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 213-214 дүгээр хуудас/,
- Авто тээврийн төвийн техникийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай: “... УАЗ-З362 маркийн 8917БӨА улсын дугаартай 100179460 арлын дугаартай, 2001 онд үйлдвэрлэсэн, Монголд 2002 онд орж ирсэн, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2 дугаар багийн оршин суугч БИ57012554 дугаарын регистртэй, З овогтой Б-ы эзэмшлийн тээврийн хэрэгсэл бусадтай мөргөлдсөний улмаас кузов зүүн урд хэсгээр бүрэн эвдэрсэн, буфер- хугарч салж унасан, бүх шилнүүд хагарч бутарсан, урд дохионы гэрэл, оврын гэрлүүд хагарсан зэрэг эвдрэл гэмтэл гарсан байна. Эвдэрсэн эд, анги, агрегатыг засвар хийж хэвийн байдалд оруулах боломжгүй. УАЗ-3962 маркийн 8917БӨА улсын дугаартай автомашинд гарсан эвдрэл гэмтэл Зам тээврийн осолд орсны улмаас үүссэн байна. МNS54598:201.1 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий' шаардлага” стандартыг шалгуур болгон МNS55011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженер 2017 оны 05-р сарын 15-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. Тухайн зам тэврийн осолд орохоос өмнө бүрэн бус байсан эсэхийг тогтоох боломжгүй. УАЗ-3962 маркий 8917БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормосны систем нь зам тээврийн осолд орохоос өмнө бүрэн ажиллагаатай байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. УАЗ-З362 маркийн 8917БӨА улсын дугаартай автомашинд зам тээврийн осол гарахад нөлөөсөн-техникийн эвдрэл гэмтэл байхгүй. УАЗ-Э962 маркийн 0839БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормосны систем нь зам тээврийн осолд орох үед болон осолд орохын өмнө бүрэн ажиллагаатай байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Уг тээврийн хэрэгслийг Цагдаагийн газрын түр саатуулах хашаанд үзэхэд автомашиныг гэмтлийн улмаас асааж шалгах боломжгүй байна. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал гараагүй болно.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 219-220 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.К-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 46 настай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож хуулийн хариуцлага хүлээж байгаагүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надаас болж ийм гэмт хэрэг гарлаа. Харамсалтай зүйл боллоо. Өөрийнхөө мал, хөрөнгөө худалдаж хохирогч нарын хохирлыг барагдуулсан. Хохирогч нараас дахин уучлалт гуйж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-60, 154 дүгээр хуудсууд болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Т.К нь дээрх гэмт хэргийг согтуугаар үйлдсэнээ өөрөө хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 28 минутад шүүгдэгч Т.К-ын “согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл” болон Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай “...Т.К-оос авсан цус шинжилгээнд тэнцэнэ. Т.К-ын цусанд 2,4% промилли этилийн спирт илрэв. Т.К нь тухайн үед дунд зэргийн согтолттой байжээ” гэх химийн шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Т.К-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож З.Б, Х.Ү нарын амь насыг хохироож, иргэн С.А, А.Б, А.А нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Т.К нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-д оршуулгын зардалд 6.000.000 /зургаан сая/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д оршуулгын зардал болон фургон машины үнэ 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч А.А-д эмчилгээний зардалд 5.970.000 /таван сая есөн зуун далан мянга/ төгрөг, хохирогч А.Б-д эмчилгээний зардалд 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг, хохирогч Ш.А-т эмчилгээний зардалд 500.000 /таван зуун мянга/ төгрөг нийт 37.970.000 /гучин долоон сая есөн зуун далан мянга/ төгрөг төлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлсөн байна. Энэ нь шүүгдэгч Т.К-ын өөрийн мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., Б.Б, хохирогч С.А, А.Б, А.А нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. Иймд шүүгдэгч Т.К-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, Б.Б болон хохирогч А.А, А.Б, А.А нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О болон түүний өмгөөлөгч Х.З нар нь “...Талийгаач Х.Ү-ий тэтгэврийн зээл 5 сая орчим төгрөг үлдсэн тул түүнийг төлүүлж зээлийг хаамаар байна. Мөн сэтгэл санааны хохирол 15 сая төгрөг нэхэмжилж байна. Иймд шүүгдэгч Т.К-оос нийт 20 сая төгрөг гаргуулж өгнө үү” гэснийг өнөөдрийн шүүх хуралдаанаар хамт шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь шүүхээс сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй бөгөөд амь хохироход хууль ёсны төлөөлөгчид олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг шууд зааж өгөөгүй тул шийдвэрлэх боломжгүй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Аавын оршуулгын зардал болон фургон машины үнийг шүүгдэгч Т.К бүрэн төлж барагдуулсан. Одоо тэр талаар нэхэмжлэх зүйл байхгүй. Харин сэтгэл санааны хохирол хэдэн төгрөг нэхэмжлэх эсэхээ одоо хэлж мэдэхгүй байна. Ээжээсээ асууж зөвлөлдөж байж болно.” гэв. Иймд дээрх нэхэмжлэлийг өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Орал, Б.Бнарыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хохирогч С.А, А.Б, А.А нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Т.К-оос нэхэмжлэх эрхтэй бөгөөд мөн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
- Шүүгдэгч Т.К-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.К-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол, хор уршгийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшсэн, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.К урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд түүний согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл хэдий ч урьдаас төлөвлөж хүнийг тээврийн хэрэгслээр дайрч алах, эрүүл мэндэд нь хохирол учруулах зэрэг санаа зорилго байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх үндэслэлд хамаарууллаа. Мөн шүүгдэгч Т.К нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, Б.Б болон хохирогч С.А, А.Б, А.Анарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн зардлыг бүрэн төлсөн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн өгсөн мэдүүлэг зэргээс түүнийг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, ...үеэс хугацааг тоолно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.К-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, уг хугацааг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.К нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.К нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тул хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө шүүгдэгч Т.К-ын эзэмшлийн 1989 онд үйлдвэрлэгдсэн Зил-131 маркийн 0839 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, нас бие гүйцсэн 5 морийг тус тус битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирүүлсэн шүүгдэгч Т.К-ын иргэний үнэмлэх, 01152749 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, 799889 дугаартай жолоочийн үнэмлэх, №01525827 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, З.Б-ы гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бержан нь фургон машины үнийг шүүгдэгч Т.К-оос гаргуулж авсан болох нь түүний өөрийн мэдүүлэг болон шүүгдэгч Т.К-ын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч С овгийн Т-н К-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож З.Б, Х.Ү нарын амь насыг хохироосон, хохирогч С.А, А.Б, А.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.К-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.К-д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.К-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассаныг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Т.К-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Т.К нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, Б.Б болон хохирогч А.А, А.Б, А.А нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оралын нэхэмжилж буй хохирогч Х.Ү-ний цалингийн зээл 5.000.000 /таван сая/ төгрөг, сэтгэл санааны хохирол 15.000.000 /арван таван сая/ төгрөг нийт 20.000.000 /хорин сая/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., Б.Б нарыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж сэтгэл санааны хохирол болон бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Хохирогч А.А, А.Б, А.А нар нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох шүүгдэгч Т.К-ын эзэмшлийн 1989 онд үйлдвэрлэгдсэн Зил-131 маркийн 0839 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, нас бие гүйцсэн 5 морийг тус тус битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирүүлсэн шүүгдэгч Т.К-ын иргэний үнэмлэх, 01152749 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, 799889 дугаартай жолоочийн үнэмлэх, №01525827 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, З.Б-ы тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.К-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ