| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0110/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/115 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч М.О,
Иргэний нэхэмжлэгч М.Н,
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С,
Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813001270093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс казак, И овгийн А-н Т, 1987 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ой зүйч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Алтай суманд монтёроор ажилладаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суудан, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар БА**********
Шүүгдэгч А.Т-ийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Т нь Цахилгаан шугам сүлжээний газрын сум хариуцсан монтёроор ажиллах хугацаандаа тус сумын иргэн Р.С-аас 6 дугаар сарын цахилгааны төлбөр 26360 төгрөг, 7 дугаар сарын 26150 төгрөг, 8 дугаар сарын 10459 төгрөг нийт 62969 төгрөгийг, иргэн Х.Н-ы цахилгааны төлбөр гэх 2016 оны 10 дугаар сарын 21129 төгрөг, 11 дүгээр сарын 9412 төгрөг нийт 30541 төгрөг, иргэн Б.Д-ийн 2016 оны 05 дугаар сарын цахилгааны төлбөр 15795 төгрөг, 6 дугаар сарын 22176 төгрөг, 7 дугаар сарын 19561 төгрөг нийт 57532 төгрөгийг, иргэн Н.Х-оос цахилгааны төлбөр гэх 2016 оны 1 дүгээр сарын төлбөр 11500 төгрөг, 2 дугаар сард 9500 төгрөг, 3 дугаар сард 9600 төгрөг, 4 дүгээр сард 9600 төгрөг, 8 дугаар сард 10000 төгрөг, 9 дүгээр сард 6500 төгрөг, 10 дугаар сард 10000 төгрөг, 11 дүгээр сард 10100 төгрөг, 12 дугаар сард 10400 төгрөг нийт 87200 төгрөгийг, иргэн Ш.Ц-гийн цахилгааны төлбөр 2017 оны 2 дугаар сарын 5962 төгрөг, 3 дугаар сард 6589 төгрөг, 4 дүгээр сард 8787 төгрөг, 5 дугаар сард 8472 төгрөг, 9 дүгээр сард 8488 төгрөг нийт 38298 төгрөг, иргэн Ө.А-ээс 2017 оны 11 дүгээр сарын цахилгааны төлбөр гэх 20536 төгрөг, иргэн Х.К-аас 2017 оны 4 дүгээр сарын цахилгааны төлбөр 12028 төгрөг, 5 дугаар сард 9623 төгрөг, 6 дугаар сард 11611 төгрөг, 11 дүгээр сард 9138 төгрөг, 12 дугаар сард 6209 төгрөг нийт 48609 төгрөг, иргэн Н.Х-гоос 2017 оны 1 дүгээр сарын цахилгааны төлбөр 12000 төгрөг, 2 дугаар сард 9800 төгрөг, 3 дугаар сард 14900 төгрөг, 4 дүгээр сард 8700 төгрөг, 8 дугаар сард 9300 төгрөг, 9 дүгээр сард 8300, 10 дугаар сард 12900, 11 дүгээр сард 9900 төгрөг, 12 дугаар сард 13200 төгрөг нийт 99000 төгрөг, иргэн М.С-ээс 2017 оны 5 дугаар сарын цахилгааны төлбөр 21443 төгрөг, 6 дугаар сард 42262 төгрөг нийт 63705 төгрөг тус тус бэлэн болон бэлэн бус хэлбэрээр 2016 оны 1 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл үргэлжилсэн үйлдлээр нийт 508390 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Т-ийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Т нь Цахилгаан шугам сүлжээний газрын сум хариуцсан монтёроор ажиллах хугацаандаа тус сумын иргэн Р.С-аас 6 дугаар сарын цахилгааны төлбөр 26360 төгрөг, 7 дугаар сарын 26150 төгрөг, 8 дугаар сарын 10459 төгрөг нийт 62 969 төгрөгийг, иргэн Х.Н-ы цахилгааны төлбөр гэх 2016 оны 10 дугаар сарын 21129 төгрөг, 11 дүгээр сарын 9412 төгрөг нийт 30541 төгрөг, иргэн Б.Д-ийн 2016 оны 05 дугаар сарын цахилгааны төлбөр 15795 төгрөг, 6 дугаар сарын 22176 төгрөг, 7 дугаар сарын 19561 төгрөг нийт 57532 төгрөгийг, иргэн Н.Х-оос цахилгааны төлбөр гэх 2016 оны 1 дүгээр сарын төлбөр 11500 төгрөг, 2 дугаар сард 9500 төгрөг, 3 дугаар сард 9600 төгрөг, 4 дүгээр сард 9600 төгрөг, 8 дугаар сард 10000 төгрөг, 9 дүгээр сард 6500 төгрөг, 10 дугаар сард 10000 төгрөг, 11 дүгээр сард 10100 төгрөг, 12 дугаар сард 10400 төгрөг, нийт 87200 төгрөгийг, иргэн Ш.Ц-гийн цахилгааны төлбөр 2017 оны 2 дугаар сарын 5962 төгрөг, 3 дугаар сард 6589 төгрөг, 4 дүгээр сард 8787 төгрөг, 5 дугаар сард 8472 төгрөг, 9 дүгээр сард 8488 төгрөг нийт 38 298 төгрөг, иргэн Ө.А-ээс 2017 оны 11 дүгээр сарын цахилгааны төлбөр гэх 20536 төгрөг, иргэн Х.К-аас 2017 оны 4 дүгээр сард цахилгааны төлбөр 12028 төгрөг, 5 дугаар сард 9623 төгрөг, 6 дугаар сард 11611 төгрөг, 11 дүгээр сард 9138 төгрөг, 12 дугаар сард 6209 төгрөг нийт 48609 төгрөг, иргэн Н.Х-оос 2017 оны 1 дүгээр сарын цахилгааны төлбөр 12000 төгрөг, 2 дугаар сард 9800 төгрөг, 3 дугаар сард 14900 төгрөг, 4 дүгээр сард 8700 төгрөг, 8 дугаар сард 9300 төгрөг, 9 дүгээр сард 8300, 10 дугаар сард 12900, 11 дүгээр сард 9900 төгрөг, 12 дугаар сард 13200 төгрөг нийт 99 000 төгрөг, иргэн М.С-ээс 2017 оны 5 дугаар сарын цахилгааны төлбөр 21443 төгрөг, 6 дугаар сард 42262 төгрөг нийт 63705 төгрөг тус тус бэлэн болон бэлэн бус хэлбэрээр 2016 оны 1 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл үргэлжилсэн үйлдлээр нийт 508390 /таван зуун найман мянга гурван ер/ төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Иргэний нэхэмжлэгч Т.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... А.Т 2015 онд Алтай сумыг хариуцсан монтёр ажилтнаар манай байгууллагад орсон юм. Тэгээд хоёр гурван жил ажиллаад хэд хэдэн удаа сахилгын зөрчил гаргаж 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас халагдсан байсан. А.Т шүүхэд гомдол гаргасан ба шүүхээс дахин ажилд томилох тухай шийдвэр гарсан юм. Тэгээд манай газрын дарга цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. А.Т нь 2016 онд Р.С, Х.Н, Б.Д нараас цахилгааны төлбөрийн мөнгийг авч төлөөгүй нь тухай жилийн шалгалтаар тогтоогдсон, Мөн 2017 онд X.К, Ш.Ц, М.С, Ө.А нараас цахилгааны төлбөрийн мөнгийг бэлэн авч хийгээгүй байна. Иргэн А.С-аас 60000 төгрөг бэлэн авч тоолуур хийнэ гээд аваад явсан байна. Иргэн Н.Х гэдэг хүний 2 жилийн цахилгааны төлбөрийн мөнгийг бэлэн авч хувьдаа ашигласан асуудал гаргасан байна. Тэгээд цагдаад хандсан болно” гэх мэдүүлэг /хх-ийн 50-60 дугаар хуудас/
Гэрч Р.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрөө А.Т-т мөнгө өгч байгаагүй, харин 2016 онд манай гэрт 100000 төгрөгийн цахилгааны төлбөр гарсан байсан. Тэгээд би хүү болох С Мөнхтулгатай чи цахилгааны төлбөрийг хийхгүй юм уу гээд асуухад С.М би А.Т-т 2 хонь өгсөн. А.Т төлнө гэсэн юм. Хэзээ, хаана, яаж хонь өгсөн талаар би мэдэхгүй С.М мэдэж байна. Би өөрөө 2017 оны 10 дугаар сард Улаанбаатар яваад 2018 оны 02 дугаар сард ирсэн юм. Тухайн цахилгааны мөнгийг төлсөн эсэхийг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/
Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А. надаас цахилгааны мөнгийг би зохицуулна гээд 2017 оны 09 дүгээр сард 25000 төгрөг бэлэн авсан, дараа нь дэлгүүрээс ирж 32000 төгрөгөөр эд зүйл авсан юм. Тэгээд би цахилгааны мөнгийг төлсөн байх гээд явж байхад 2018 оны 01 дүгээр сард аймгийн ЦШСГазрын байцаагч нар ирж шалгалт хийж надад утсаар залгаж танд төлөх мөнгө байгаа юм байна гээд ярьсан юм. Тэр үед А.Т надад ирээд намайг шалгаж байна. Цахилгааны мөнгийг өөрөө хийнэ гээд хэлээд гарын үсгийг зурчих гэсэн. Тэгээд байж байхад аймгаас ирсэн хоёр монтёр манай гэрт ирсэн. Тэгээд надад “Чамд төлөх 90000 төгрөг байна. Хэзээ төлөх юм бэ” гэсэн юм. Тэгээд би “57000 төгрөгийг А.Т төлөх ёстой. Үлдсэн мөнгийг би өөрөө төлнө” гэсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/
Гэрч X.К-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надаас 2017 оны 04 дүгээр сард би гэрт байхад надад мөнгө хэрэгтэй боллоо гээд 16000 төгрөгийг А.Т авсан юм. Мөн манай дэлгүүрээс 40000 төгрөгийн бараа авсан байна. Тэгээд бид нар тэр мөнгийг цахилгааны төлбөр болгож төлчих гэсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/
Гэрч Ш.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надаас 2017 оны 10 дугаар сард А.Т ирж цахилгааны мөнгө болох 35600 төгрөгийг авч явсан юм. Тэр өдөр би хөдөө явахаар болж явж байхад тааралдаад цахилгааны мөнгө гээд бэлэн өгсөн байсан. 2017 оны 4, 5, 9 дүгээр сарын мөнгө байсан. Дараа нь 2018 оны 01 дүгээр сард аймгийн төвөөс байцаагч нар ирж “Танд төлөх 35600 төгрөг байна” гэсэн юм. Тэгээд би А.Т-т өгсөн гээд хэлсэн. Дараа нь 2018 оны 03 дугаар сард А.Т-ийн эхнэр ирж танд өгөх А.Т-ийн 35600 төгрөг байна. Таны цахилгааны төлбөрийн мөнгө гээд надад өгөөд явсан. Би тухайн үед банкинд хийсэн болно. Эхнэр нь надад та өөрийн нэр дээр төлчих гэсэн. Тухайн үед мартсан байна гээд хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/
Гэрч Ө.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сард А.Т-ийн малыг нядалж ажил хийж өгсөн юм. Тэгээд надад 20000 төгрөг өгөх ёстой байсан. Тэр үед би цахилгааны төлбөр бас гарсан болохоор тэр мөнгийг цахилгааны төлбөр болгож төлчих гэсэн. Дараа нь аймгаас байцаагч нар ирж надаас цахилгааны мөнгө 20000 төгрөг гээд асуусан ба тэр үед би “А.Т төлөх ёстой. Надад авах ёстой мөнгө байгаа” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 03 дугаар сард А.Т ирээд 20000 төгрөгийг надад өгөөд чи өөрөө очоод банкинд хийхгүй бол болохгүй юм байна гээд өгсөн. Би тухайн үед банкинд очиж хийсэн болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/
Гэрч Н.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би анх суманд 2016 онд нүүж ирээд цахилгааны төлбөрийн мөнгийг А.Т-т өгдөг байсан. Тухайн үед надад банкинд тушаа гэж хэлээгүй. Тэгээд 2017 онд гарсан цахилгааны мөнгийг бас А.Т-т өгсөн. 2018 оны 01 дүгээр сард аймгийн төвөөс ирсэн байцаагч нар надад 186000 төгрөгийн төлбөр байна гээд асуусан юм. Тэр үед би “А.Т-т 2 жилийн мөнгө өгсөн. Дэвтэр нь энд байна” гээд төлбөрийн дэвтрийг үзүүлсэн болно. Тэр хүмүүс миний дэвтрийг авч явсан. Ямар ч байсан тухайн үед дэвтэрт тэмдэглэл хийж мөнгө авсан гээд гарын үсэг зураад явдаг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/
Гэрч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Т 2016 оны 11 дүгээр сард надаас хоёр хонь авч манай гэрт гарсан цахилгааны төлбөр болох 100000 төгрөгийг төлөхөөр болсон юм. Тэгээд 2016 онд ирсэн шалгалтын хүмүүс миний нэр дээр 100000 төгрөгийн төлбөр бичсэн байна. Дараа нь 2017 оны сүүлд А.Т-т би уулзаж миний 2016 оны цахилгааны төлбөр болон 100000 төгрөгийг төлсөн үү? гэж асуухад надад А.Т “2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 70000 төгрөгийг хийсэн байгаа. Үлдсэн мөнгийг өөрөө хийх болно” гэсэн юм. Одоо надад 2016 оны цахилгааны төлбөртэй холбоотой ямар ч маргаан байхгүй. Үлдсэн 30000 төгрөгийг төлөх байх. Болохгүй бол би өөрөө төлнө. Яагаад гэвэл А.Т бид хоёр найзууд болохоор бид нар нэг нэгэндээ тооцоо хийж явдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/
Э.Гэрч Х.Н-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын үед А.Т манай дэлгүүрээс 30000 төгрөгийн хүнсний барааг зээлээр авсан юм. Тэгээд тухайн үед би цахилгааны төлбөрийн мөнгө болгож хийчих гэсэн юм. Тэгээд тухайн үед миний мөнгийг хийгээгүй байсан ба 2017 оны 9 дүгээр сарын үед надад 30000 төгрөгийг авч ирж өгсөн байсан. Тэгээд би 2017 оны 09 дүгээр сарын 21-ний үед 30000 төгрөгийг төлсөн болно. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Би цахилгааны төлбөрийг банкинд тушааж байгаа. Тухайн уед А.Т зээлээр бараа авсан болохоор цахилгааны төлбөрийн мөнгө болгож хийчих гэсэн юм. Тухайн үед мөнгө шилжүүлсэн баримт надад байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 онд тус сумын иргэн Р.Салаа гэдэг хүнд нэг хаалга хийлгэхэд хаалганы үнэ болох 70000 төгрөгийг цахилгааны төлбөрийн мөнгө болгож хийчих гэсэн юм. Тэгээд уг мөнгийг хийж чадаагүй явж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн. Мөн Х.Н-ы 30000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, Б.Досымбекийн 57000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 23-ний өдрүүд тус тус хийсэн байсан. 2016 оны 11 дүгээр сард Х.Н-ы дэлгүүрээс хүнсний бараа авсан ба 30000 төгрөг гарсан байсан. Тэр үед Х.Н надад цахилгааны төлбөрийн мөнгө болгож төлчих гэсэн юм. Тэр үед надад мөнгө байхгүй болоод явж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн. Мөн Б.Д-ээс 2016 онд дэлгүүрээс 60000 төгрөгийн бараа авсан байсан ба дараа нь цахилгааны төлбөрийн мөнгө болгоод 2017 оны 08 дугаар сарын 23-нд Б.Досымбекийн төлбөрийг хийсэн. Харин 2017 онд би Х.К-аас бас хүнсний бараа авсан байсан ба 50000 төгрөгийн зээл байсан. Тухайн үед Х.Кн цахилгааны төлбөрт тооцоо болгож хийчих гэсэн. Тухайн үед хийж чадаагүй явж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн. Мөн Ш.Ц-гээс тэр жил бас бэлэн мөнгө авч зарцуулсан ба сүүлд нь миний эхнэр уг мөнгийг буцааж өгсөн байсан. Тэр мөнгийг Ш.Ц 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр банкинд хийсэн байна. Мөн Ө.Аманкелди гэдэг залуу надад ажил хийж өгсөн ба хөлсний 20000 төгрөгийг цахилгааны төлбөрт хийчих гээд тохирсон байсан. Тухайн үед би уг мөнгийг мартсан байсан ба дараа нь шалгалтын хүмүүс ирж Ө.А-ид 20000 төгрөг байна гэхэд би төлөх ёстой гэж хэлсэн. Уг мөнгийг Ө.А-ид буцааж өгсөн байсан ба 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хийсэн байна. М.С-кийн ээж болох Т.А-ээс 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бэлэн 85600 төгрөг авсан байсан. Үүний 40000 төгрөгийг хийсэн мөнгө шилжүүлсэн баримт нь байгаа үлдсэн мөнгийг 2018 оны 04 дүгээр сарын 27-нд хийсэн. Тухайн үед шалгалтаар тогтоогдсон байсан ба би хүлээн зөвшөөрсөн. Н.Х-гийн 186000 төгрөгийг бэлэн авсан нь үнэн. Тухайн үед ЦШСГ-ын баазад бүртгүүлээгүй мөнгө авсан нь үнэн. Миний буруу байсан. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Аймгийн төвөөс ирсэн дотоод аудитын шалгалтаар тогтоогдсон юм. Уг мөнгийг хувьдаа ашигласан нь үнэн болно. Би уг мөнгийг бас 2018 оны 04 дүгээр сарын 27-нд хийсэн. Би тэр үед хүмүүсээс авсан мөнгийг бүрэн төлсөн юм. ...Би 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Алтай сумыг хариуцсан цахилгаан шугам сүлжээний байцаагчаар ажилд орсон. Одоо хүртэл ажлаа хийж байгаа. Зарим хүмүүсээс бага бага хэмжээгээр мөнгө авч байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж өгсөн. ...Би зарим үед хүнс бараа авч байсан. Тухайн үед байшин барьж байсан ба зарим хүмүүсээс бэлнээр мөнгө авч байсан. Банк нь зарим үед хаалттай байдаг. Би өөрөө заримдаа банканд тушаахаа мартсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Иргэний нэхэмжлэгч М.Н-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хуулийн дагуу шалгагдаж 508390 төгрөгийн хохирол гарсан тухай яллах дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч А.Т нь уг мөнгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан учир ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Хөрөнгө завших гэмт хэрэг нь “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж буй үйлдэл бөгөөд шүүгдэгч А.Т нь бэлэн болон бэлэн бус хэлбэрээр 2016 оны 1 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл үргэлжилсэн үйлдлээр нийт 508390 /таван зуун найман мянга гурван зуун ер/ төгрөгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж хохиролгүй болгосон болох нь мөнгө тушаасан баримт, шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.Т урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч А.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуульд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна. Уг албадлагын арга хэмжээг шүүхээс хорих ялыг тэнссэн 1 жилийн хугацаанд хэрэгжүүлж хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Т нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж байна.
Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул түүний гэр бүлийн дундын өмч 5 насны хар зүсмийн эм үхэр 1 ширхэг, хар зүсмийн бяруу 1 ширхэг, хар алаг зүсмийн бяруу 1 ширхэг, хургатай хонь 4, 6 насны 9 тооны хонь эм хонь, 3 насны 3 тооны борлон, 4 насны 4 тооны ямааг тус тус битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Т-ийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт А-н Т-ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч А.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч А.Т-т шүүхээс тэнссэн хугацаанд “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Тэнссэн хугацаанд шүүгдэгч А.Т-т хяналт тавьж шүүхээс хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч А.Т-ийн гэр бүлийн дундын өмч 5 насны хар зүсмийн эм үхэр 1 ширхэг, хар зүсмийн бяруу 1 ширхэг, хар алаг зүсмийн бяруу 1 ширхэг, хургатай хонь 4 ширхэг, 6 насны 9 тооны хонь эм хонь, 3 насны 3 тооны борлон, 4 насны 4 тооны ямааг тус тус битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч А.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Т-ийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ