Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01664

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01664

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/02734 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Ж.Гт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 3,686,663 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Өгөөмөр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.а. Б хотхоны 000 дүгээр байр, 1109 тоот хаягт оршин суух, хариуцагч Ж.Г нь 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртлэх хугацааны орон сууцны халаалт, усны төлбөр, ашиглалтын зардал, дулааны төлбөр, гаражийн ашиглалтын төлбөр, хог татан зайлуулах төлбөр, агуулахын төлбөр, ашиглалт үйлчилгээний төлбөрт нийт 3,686,663.41 төгрөг төлөөгүй.

1.б. Иймд хариуцагчаас ус, дулаан хэрэглэсний төлбөр 2,620,763 төгрөг, ашиглалт үйлчилгээний төлбөрт 1,065,900 төгрөг, нийт 3,686,663 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.а. Эрчим хүчний тухай 28 дугаар зүйлийн 28.1, Эрчим хүчний зохицуулах хорооны 292 дугаар тогтоолоор баталсан аж ахуйн харилцааны дүрмийн 2.1, 2.3-т зааснаар дулаанаар зохицуулалтаа хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондоо гэрээ байгуулах ёстой. Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт тус тус зааснаар ус дулааны төлбөр гэрээгүй учраас төлөхөөс татгалзаж байгаа.

2.б. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн лавлагаагаар нэхэмжлэгч нь СӨХ-ны үйл ажиллагаа эрхэлдэггүй, ашиглалт үйлчилгээний хэвийн үйл ажиллагааны талаар бүртгэлгүй. Нэхэмжлэгч нь аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, 1,065,900 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ж.Гөөс нийт 3,686,663.41 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гөөс улсын тэмдэгтийн хураамж 73,936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.а. Нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дулаан түгээх, цахилгаанаар хангах эрхтэй болсон мэтээр дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Б ХХК нь дээрх зөвшөөрлүүдийг 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр авсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн зөвшөөрлүүдийг авснаас хойш буюу үйлчилгээ үзүүлэх эрхтэй болсон үеэс төлбөрийг тооцох ёстой байсан атал үүнийг харгалзан үзээгүй.

4.б. Иргэний хуулийн 147, 148 дугаар зүйлд зааснаар СӨХ-ны талаар тодорхой дурдсан байхад СӨХ-ны үйл ажиллагаа эрхэлдэггүй компанийг төлбөр нэхэмжлэх эрхтэй, үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.в. Нэхэмжлэгч Эмиралд дунд мандал ХХК гэсэн нэрээр ашиглалтын төлбөрийг тогтмол авч байсан. Б СӨХ байгуулагдсан талаар хариуцагчид мэдэгдээгүй, төлбөрийг нэг банкны нэг дансаар төлбөр нэхэмжилж байсан нь хариуцагчид эргэлзээ төрүүлсэн үйлдэл болсон. Энэ нь хариуцагчийг санаатай төлбөр төлөөгүй байсан мэт ойлголтыг төрүүлж байна.

4.г. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Б ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг зөрчиж СӨХ-ны үйл ажиллагаа эрхэлж байсныг шүүх харгалзаагүй. Иймд усны төлбөр 484,849.20 төгрөг, дулааны төлбөрийг тусгай зөвшөөрөл авсан хугацаанаас хойшх хугацааных буюу 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын хүртэлх төлбөр 272,847.69 төгрөг, нийт 757,696.89 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 2,928,966.52 төгрөгийг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.а. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун болон Эмералд резиденс гэх хоёр хотхоны үйл ажиллагааг авч явдаг. Кристал таун хотхоны оршин суугчид нь Кристал таун Дунд мандал гэх нэртэй дансаар ашиглалт үйлчилгээний зардал, орон сууцны конторын мөнгийг төлдөг. Нөгөөх нь Эмералд Дунд мандал гэх нэртэйгээр мөнгөө төлдөг. Кристал таун Дунд мандал болон Эмералд Дунд мандал гэх нэртэй хоёр компани биш. Данс эзэмшигчийн нэр дээр нь Б ХХК гэж байгаа. Ажигана хунчир ХХК нь барилгын захиалагч компани бөгөөд тус компани нь Ж.Гт орон сууц, дулаан автозогсоол, агуулахыг худалдсан. Үүнээс хойших үйл ажиллагаа буюу орон сууцны контор ашиглалтын үйл ажиллагааг бид үргэлжлүүлж байгаа.

5.б. СӨХ-ны төлбөр 65,000 төгрөг бөгөөд уг төлбөрийг 2009 онд анх тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл авч байгаа. Мөнгөө төлөөгүй, хариуцлагагүй оршин суугчдын өмнөөс улсад урьдчилж төлдөг байсан. Оршин суугчдын өмнөөс дулаан, ус, бохир ус, цахилгааны төлбөрийг сар бүр төлж байсан. Цахилгаан шат, хог тээвэр зэргийг тухайн хариуцсан байгууллагатай сар бүр гэрээ байгуулж ажилладаг. Бид оршин суугчдад үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг нэхэмжилж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ж.Гт холбогдуулан ус, дулаан хэрэглэсний төлбөрт 2,620,763 төгрөг, ашиглалт үйлчилгээний төлбөрт 1,065,900 төгрөг, нийт 3,686,663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ ...Б хотхоны 000 дүгээр байр, 1109 тоот хаягт оршин суух, хариуцагч Ж.Гөөс 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны орон сууцны ус, дулаан хэрэглэсний болон ашиглалт үйлчилгээний төлбөр гаргуулна гэж тодорхойлсон.

2.а. Хариуцагч шаардлагын үндэслэлийг ...дулаанаар зохицуулалтаа хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондоо гэрээ байгуулаагүй, тухайн байгууллага СӨХ-ны үйл ажиллагаа эрхэлдэггүй, ашиглалт үйлчилгээний хэвийн үйл ажиллагааны талаар бүртгэгдсэн бүртгэл байхгүй гэж татгалзан мэтгэлцсэн.

3. Хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ээр Б хотхоны 000 дүгээр байр, 1109 тоот хаягт байрлах орон сууц, 1-3А дугаар, 1-3Б дугаар автомашины зогсоолын эзэмшигч болох нь орон сууц худалдах-худалдан авах гэрээ, авто зогсоол худалдах-худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байхаас гадна хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны хугацааны ус, дулаан хэрэглэсэн төлбөрийг эрх бүхий этгээдэд төлөөгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /2 хх.19-20/

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь, орон сууц өмчлөгч бүр өөрийн өмчлөлийн орон сууцны болон орон сууцны бус зориулалттай талбайн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэргийн төлбөрийг эрх бүхий байгууллагад харин дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын төлбөрийг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх буюу сууц өмчлөгчдийн холбооны шаардах эрхийн үндэслэлд хамаарах заалт юм.

5. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээгээр зохицуулна.

5.а. Талуудын хооронд ус, дулаан хэрэглэхтэй холбоотой гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

5.б. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болох-оор заасан.

5.в. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй учир гэрээний үүрэг үүсээгүй. Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2,620,763 төгрөг шаардах эрхтэй. Учир нь хариуцагч 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны ус, дулаан хэрэглэсэн төлбөрийг эрх бүхий этгээдэд төлөөгүй, уг төлбөрийг нэхэмжлэгч эрх бүхий этгээдэд төлсөн үйл баримт тогтоогдсон. Иймд ус, дулааны төлбөрт 2,620,763 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

5.г. Харин ашиглалт, үйлчилгээ засварын зардалд 1,065,900 төгрөг нь хариуцагч хариуцах ёстой төлбөр, зардал гэж үзэх үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй байна.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/02734 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Гөөс 2,620,763 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,065,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 73,936 гэснийг 56,882 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,813 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН